Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/07

 

К.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/257 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч К.А-т холбогдох эрүүгийн 2413000000207 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч К.А-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор М.Парида, шүүгдэгч К.А-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс *****, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ********* төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ** хүнтэй, *********** багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1/9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, мөн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан,  Х овогт К.А- /РД:**********/.

 

2. Шүүгдэгч К.А- нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны орой Баян-Өлгий аймгийн Толбо сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ ****БӨН улсын дугаартай "УАЗ-31514" загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” дахь заалтыг зөрчсөний улмаас Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэд хохирогч W-, Y-нар болон хохирогч М.Х-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаар яллах дүгнэлтээр К.А-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн  2024/ШЦТ/257 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч Х овогт К.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.А-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч К.А-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын давж заалдах гомдлын агуулга:  

5.1. Шүүгдэгч К.А- намайг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “УАЗ-31512-31514” загварын ****БӨН улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаж, зорчигч БНХАУ-ын иргэд W-, Y-болон хохирогч М.Х- нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдсон гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

5.2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/257 дугаартай “Шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.А- намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурван/ жилийн хугацаагаар хасаж, 3/гурван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох шийдвэр гаргасан болно.

5.3. Шүүгдэгч К.А- миний бие 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн ****БӨН улсын дугаартай УАЗ-31512-31514 загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.7\а\ дахь заалтад заасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 0,9 промиль хэмжээтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоодож, осол гарган зорчигч гурван иргэний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон юм.

5.4. Шүүгдэгч К.А- би үйлдсэн гэмт хэргийг анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч нарыг эмчлүүлэх, эмчилгээний зардлыг хувиасаа төлөх, эмчлүүлэх хугацаанд хоол цайгаар үйлчлэх, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогч нараас уучлалт хүсэх, эмнэлгээс гарсны дараа БНХАУ-ын хоёр иргэнийг өөрийн гэр оронд байлгаж, сувилуулж байгаад, бүрэн эдгэрсний дараа БНХАУ-ын нутаг дэвсгэрт өөрийн зардлаар тав тухтай унаагаар хүргэн өгч, гэмт хэргийн хохирол хор уршгийг бүрэн арилгасан болно.

5.5. Хохирогч М.Х-ыг эмчилж сувилах болон хэвтэн эмчлүүлж, хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны олох байсан орлогыг тооцож, өөрийнх нь нэхэмжилсэн 5.000.000 /таван сая/ төгрөгийг бүрэн гүйцэд төлж өгч барагдуулсан ба эмчилгээний явцад эд хөрөнгийн болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлж, өөрийн зүгээс бүх талын тусалцаа үзүүлж байлаа. Хохирогч гомдолгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн юм.

5.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж, 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй, байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно” гэж хуульчилсан байна.

Хуулийн эдгээр заалтаар шүүгдэгч К.А- миний холбогдож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

5.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлохдоо “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд эрүүгийн хариуцлага “хүнлэг” байх жамтай билээ.

5.8. Шүүгдэгч К.А- би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, Эрүүгийн хариуцлага хүлээхийг зөвшөөрч байгаа боловч шүүх ял шийтгэл ногдуулахад хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийг арилгасан явдал, гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалгүй үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”, хохирогч нарт эмнэлгийн тусламж үзүүлсэн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирол, хор уршгийг арилгасан, гэмт хэргийг илчилсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх үндэслэл, мөн гэмт хэргийг “болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн”, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч К.А- би өөрөө архаг хууч өвчтэй, байнгын эмнэлгийн хяналтад байдаг, хоёр дахь шатлалын эмнэлэгт жилд хэд хэдэн удаа хэвтэн эмчлүүлж, сувилуулдаг, хөдөлмөрийн чадварын 50%-ийг алдсан хууч өвчтэй, гэр бүлийн хүн А.З нь мөн тахир дутуугийн тэтгэмж авдаг, хөдөлмөрийн чадварыг 60%-аар алдсан “Тархины шигдээс” бүхий хууч өвчтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн “хүнлэг” зарчимд нийцүүлэн тохируулж, хэргийн болон хэрэгтний хувийн байдлыг харгалзан “зорчих эрхийг хязгаарлах” ялаас өөр төрлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна.

5.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж, хувийн байдал, гэмт хэрэг шуурхай шалгахад дэмжлэг үзүүлсэн нөхцөл, байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эсхүл хариуцлагаас чөлөөлж болохоор зааж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн учруулсан хохирлоо төлсөн нөхцөлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ авахаар хууль тогтоогч зохицуулсан байгаа.

5.10. Шүүгдэгч К.А- надад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, болгоомжгүй гэмт хэргийг анх удаа үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, хохирогч нар гомдолгүй гэж мэдүүлсэн зэргийг харгалзан үзэхээс гадна миний эрүүл мэндийн байдлыг үндэслэж надад оноох ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой бөгөөд хэргийн болон хэрэгтний хувийн байдалд тохирох юм.

5.11. Иймд шүүгдэгч К.А- миний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн ангилал, болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон явдал, хөдөлмөрийн чадвараа 50%-аар алдсан, 2 дахь шатлалын эмнэлгийн хяналт, эмчилгээнд хамаардаг нөхцөл зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/257 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3 дахь хэсгүүдэд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнцэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

6.1. Шүүгдэгч К.А- нь  2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр согтуурсан үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ****БӨН улсын дугаартай, “УАЗ-31514” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, осол гаргаж, зорчигч БНХАУ-ын иргэд W-, Y-болон хохирогч М.Х- нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулан, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон.

6.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхой хуульчилсан. Үүнд,  Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан.

6.3 Тэгээхээр шүүгдэгч К.А-ийн тухайн үед үйлдсэн гэмт хэрийн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлын талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон. Мөн прокурорын яллах дүгнэлтээ урьд ял шийтгэлтэй байсан эсэх талаар тодорхой заасан.

6.4 Иймд шүүгдэгчийн үйлдлээс болж БНХАУ-ын иргэд W-, Y- хохирогч М.Х- нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Прокурорын зүгээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын гаргасан давж заалдах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад  “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол” гэж заасан. Харин шүүгдэгч К.А- нь 3 хүний биед хүнд хохирол учруулсан байхад хохирол арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна.

6.5 Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч К.А-т оногдуулсан ял нь түүний үйлдсэн хэрэгт зөв тохирсон тул анхан шатны шүүхээс онгогдуулсан ялыг  хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч К.А-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын хамтран гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэв.

 

8. Шийтгэх тогтоол “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

9. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх зөрчил тогтоогдоогүй.

 

10. Шүүгдэгч К.А- нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны орой Баян-Өлгий аймгийн Толбо сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ ****БӨН улсын дугаартай УАЗ-31514 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” дахь заалтыг зөрчсөний улмаас Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэд хохирогч W-, Y-нар болон хохирогч М.Х-ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

11. К.А-ийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч уг үйлдлийн улмаас гурван хүний биед хүнд гэмтэл учруулсан болгоомжгүй үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар зүйлчилж, түүнд мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримталж, тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь хууль ёсны хийгээд шударга ёсны зарчимд нийцсэн буюу ял шийтгэл тохирсон, анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг хуульд зааснаар харгалзаж үзсэн байна.

 

12. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан “...шүүгдэгч К.А- надад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, болгоомжгүй гэмт хэргийг анх удаа үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, хохирогч нар гомдолгүй гэж мэдүүлсэн зэргийг харгалзан үзэхээс гадна миний эрүүл мэндийн байдлыг үндэслэж надад оноох ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой бөгөөд хэргийн болон хэрэгтний хувийн байдалд тохирох юм...” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

13. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын хэрэгт хамаарах тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдсан буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан.

Анхан шатны шүүх шүүгдэгч К.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нараас нэхэмжилсэн хохирол төлбөргүй боловч түүний гэмт хэрэг үйлдсэн байдал, гурван хүний биед хүнд гэмтэл учирсан байдал, шүүгдэгч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэхгүйгээр, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцсэн, шударга ёсны зарчмыг хангасан байна. Иймээс ял шийтгэлийг хөнгөрүүлэхтэй холбогдуулан гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14. Давж заалдах гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлүүд тогтоогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/257 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.А-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

                                    ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ