Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/08

 

 

А.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.А-д холбогдох эрүүгийн 2413000000312 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор М.Парида, шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Я.Сьезд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн,  **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ******* төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, ************ оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш овогт А.А- /РД:************/.

 

2. Шүүгдэгч А.А- нь 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 09 дүгээр баг, Цагааннуур тосгоны нутаг дэвсгэр, “Зээгтийн даваа” гэх газарт өөрийн эзэмшлийн **-**БӨҮ улсын дугаартай “Toyota prius XW20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож уруудаж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс тухайн тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдож, зорчигч буюу бага насны хүүхэд М.З-ийн амь нас хохирч, хохирогч М.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч Я.Е-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 259 дүгээр яллах дүгнэлтээр А.А-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн  2024/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч Ш овогт А.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 09 дүгээр баг, Цагааннуур тосгоны нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

4.5. Шүүгдэгч А.А-д оногдуулсан 3 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч А.А-ийн давж заалдах гомдлын агуулга:  

5.1. Шүүгдэгч А.А- би Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/276 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.А- намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих" гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн явдалд гомдолтой байна. Учир нь 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гарсан авто осол нь жолооч А.А- миний буруутай үйл ажиллагаанаас болсныг нарийвчлан тогтоож чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал би архи дарс уугаагүй, автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй, өөрийн **-**БӨҮ улсын дугаартай “Toyota prius XW20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автомашинд гэнэтийн гэмтэл гарч машины тоормосны систем ажиллаагүй болсны улмаас гарсан гэж үзэж байна.

5.3. Иймд давж заалдах шатны шүүхээс уг эрүүгийн хэрэгт шүүгдэгч А.А- миний буруутай ажиллагаа байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж өгөхийг хүсье.

5.4. Хэрвээ давж заалдах шатны шүүхээс намайг гэм буруугүй гэж үзвэл цагаатгах, гэм буруутай гэж үзвэл надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан 3 жил, 6 сарын хугацааг багасган 1 жилээр тогтоож өгөхийг хүсье.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

6.1. Шүүгдэгчийн хувьд 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан гэж үзэж байна. Нэгдүгээрт, гэм буруугийн асуудал дээр эргэлзээтэй байна гэдэг зүйлийг ярьж байна. Гэм буруугийн хувьд  нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч А.А-ийн хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн. Тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн гол үндэслэл нь хурд хэтрүүлсэн гэж буруутгасан, хурд хэтрүүлсэн талаар гэрч нарын мэдүүлэг байна. Мөн тухайн зам тээврийн ослын улмаас үүссэн хохирол, хор уршиг байна.

6.2. Мөн шүүгдэгч нь тухайн машиныг хоёр жилийн өмнө нь авсан. Тухайн хугацаанд машиныг зохих хугацаанд үзлэгт оруулж байсан. Үүнд, хэвийн, ямар нэгэн доголдол байхгүй гэдгийг дурдсан.  Иймд тухайн тээврийн хэрэгсэлд үйлдвэрийн шинжтэй алдаа байхгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна.

6.3.Шүүгдэгч А.А-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүрэн нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн гэм буруугийн асуудал дээр санал нийлж байна.

6.4. Эрүүгийн хариуцлагын хувьд миний бие энэ хэрэгт хяналт тавиад, яллах дүгнэлт үйлдсэн ч гэсэн анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор өөр прокурор оролцсон. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгчийн хувьд анхны хүүхдийг алдсан, зам тээврийн осол өөрийнхөө буруутай үйлдлийн улмаас алдсан, эх хүний хувьд эрүүгийн хариуцлага хүлээсэн ч гэсэн дотроо шаналж байгаа гэдгийг та бүхэн нүдээрээ харж байгаа. Мөн шүүгдэгч өөрөө эрүүл мэндийн хувьд давхар хохирсон ба 5 сартай жирэмсэн. Иймд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг өөрчлөх асуудал дээр,  шүүгдэгчийн өмгөөлөгчтэй санал нийлж байна. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй боловч өнөөдөр давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн болохоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгч А.А-ийн хувьд хориглох заалт байхгүй гэж үзэж байна.  Иймд анхан шатны шүүхийн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд өөрчлөлт оруулах асуудал дээр өмгөөлөгчтэй санал нэг байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.А-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх зөрчил тогтоогдоогүй.

 

9. Шүүгдэгч А.А- нь 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг, Цагааннуур тосгоны нутаг дэвсгэр, “Зээгтийн даваа” гэх газарт өөрийн эзэмшлийн **-** БӨҮ улсын дугаартай “Toyota prius XW20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож уруудаж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс тухайн тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдож, зорчигч буюу М.З-ийн амь нас хохирч, хохирогч М.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч Я.Е-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  тус тус учруулж гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон, хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байна.

 

            10. Шүүгдэгч А.А- нь “... 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гарсан авто осол нь жолооч А.А- миний буруутай үйл ажиллагаанаас болсныг нарийвчлан тогтоож чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал би архи дарс уугаагүй, автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй, өөрийн **-**БӨҮ улсын дугаартай “Тоуота prius ХМ20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автомашинд гэнэтийн гэмтэл гарч машины тоормосны систем ажиллаагүй болсны улмаас осол гарсан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс уг эрүүгийн хэрэгт шүүгдэгч А.А- миний буруутай ажиллагаа байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж өгөхийг хүсье. Хэрвээ давж заалдах шатны шүүхээс намайг гэм буруугүй гэж үзвэл цагаатгах, гэм буруутай гэж үзвэл надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан 3 жил 6 сарын хугацааг багасган 1 жилээр тогтоож өгөхийг хүсье.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

10.1. Анхан шатны шүүх, шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, гурван жил, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулсан нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор боловч шүүгдэгчийн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба  бусдад төлөх хохирол төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, энэ агуулгаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

 

Шүүгдэгч А.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь өөрөө олон тооны гэмтэл авсан бөгөөд 20-21 долоо хоногтой /5 сартай/ жирэмсэн гэх хувийн байдлыг нь харгалзан үзэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын ял шийтгэлийг хөнгөрүүлэхтэй холбоотой хэсгийг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ. Харин тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй “тээврийн хэрэгсэл нь техникийн шинжтэй үйлдвэрийн эвдрэл, гэмтлийн улмаас хөдөлгөөнд оролцох явцад гэнэт унтарсан, би өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авсан, миний буруутай үйл ажиллагаанаас болж уг осол гарсныг нарийвчлан тогтоож чадаагүй” гэж үзэж давж заалдах гомдол гаргасан учраас түүний өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

            10.2 Шүүгдэгч А.А- нь 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр баг, Цагааннуур тосгоны нутаг дэвсгэр, “Зээгтийн даваа” гэх газарт өөрийн эзэмшлийн **-** БӨҮ улсын дугаартай “Toyota prius XW20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож уруудаж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс тухайн тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдож, зорчигч буюу бага насны хүүхэд М.З-ийн амь нас хохирч, насанд хүрээгүй хохирогч Я.Е-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч М.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан  гэмт хэрэг үйлдсэн нь:

-Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч А.Сайпилмүлик 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэргийн шинжтэй мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-07 дахь тал/,

-Зам тээврийн ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 08-11 дэх тал/,

-Бага насны хүүхэд М.З-ийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-16 дахь тал/,

-**-** БӨҮ улсын дугаартай “Toyota prius XW20” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,

- Хохирогч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

- Гэрч О.Я-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,

-Шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай “1.“Toyota prius XW20” загварын **-** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд …зам тээврийн ослын улмаас их хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн байна. 2. Шинжилгээнд хүргүүлсэн “Toyota prius XW20” загварын **-** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсоны улмаас бүх эд ангиудад эвдрэл гэмтэл үүсэж тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжгүй болсон байна. Тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлүүд нь уг автомашин онхолдсоны улмаас үүссэн байна. 3. “Toyota prius XW20” загварын **-** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүй, бүх эд ангиудад их хэмжээний эвдрэлтэй байна. 4. “Toyota prius XW20” загварын **-** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2024 оны техникийн хяналтын үзлэгт ороогүй, үзлэгт орох хугацаа нь дуусаагүй 3 хоног үлдсэн байсан байна. 5. “Toyota prius XW20” загварын **-** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал энэ осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй. 6. “Toyota prius XW20” загварын **-** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормос, жолооны механизм, гэрэлтүүлэх хэрэгслүүд нь ажиллагаатай эсэхийг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

-Шинжээчийн  2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 678, 681, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай  дугаартай дүгнэлтүүд /хавтаст хэргийн 90-91, 108-109, /,

159-161 дэх тал/ зэрэг нотлох баримтууд бүрэн тогтоогджээ. Иймээс шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын “тээврийн хэрэгсэл нь техникийн шинжтэй үйлдвэрийн эвдрэл, гэмтлийн улмаас хөдөлгөөнд оролцох явцад гэнэт унтарсан, би өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авсан, миний буруутай үйл ажиллагаанаас болж уг осол гарсныг нарийвчлан тогтоож чадаагүй” гэсэн хэсэг хууль зүйн болон бодит үндэслэлгүй болно.

           

11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 09 дүгээр баг, Цагааннуур тосгоны нутаг дэвсгэр, “Зээгтийн даваа” гэх газарт **-** БӨҮ улсын дугаартай “Toyota prius XW20” загварын тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон нь  автомашинд гэнэтийн гэмтэл гарч машины тоормосны систем ажиллаагүй болсны улмаас осол гарсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй, шүүгдэгч А.А-ийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

12. Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын “…ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар” гаргасан давж заалдах гомдлыг хангаж, бусад хэсгийн хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

 1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “...8 жилийн хугацаагаар” гэснийг “…5 жилийн хугацаагаар” гэж,  “3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар” гэснийг “1 /нэг/ жилийн хугацаагаар” гэж, 5 дахь заалтын “…3 жил 6 сарын…” гэснийг “…1 жилийн…” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтын хэвээр нь үлдээж, шүүгдэгч А.А-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

                                    ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ