Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01446

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01446

 

 

У СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01532 дугаар шийдвэртэй, У СӨХ-ны нэхэмжлэлтэй, М.Цд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 3 787 306 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Янжмаа, өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, хариуцагч М.Ц, өмгөөлөгч В.Гэрэлт-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч У СӨХ-ны төлөөлөгч Д.Янжмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал С.Цэрэндорж засварын материалыг хямд үнээр бэлтгэж СӨХ-ны засвар үйлчилгээг чанартай хийхээр тохиролцсон тул М.Цтай гэрээ байгуулж орцуудаа засвар хийлгэ гэсний дагуу 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр М.Цтай 74 дүгээр байрны 1-4 дүгээр орцны хана, тааз, шалны заслын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр тохиролцож, гэрээ байгуулсан.

Хийж гүйцэтгэх ажлын нийт хөлс 8 248 000 төгрөг гэж тохиролцсон бөгөөд урьдчилгаанд 9 дүгээр сарын 02-ны өдөр 3 000 000 төгрөг, мөн сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг тус тус өгсөн байдаг. Ингээд 2,3,4 дүгээр орцны таван давхарт хагас дутуу замаск татсан өөр ямар ч ажил хийгээгүй. М.Цгийн гарган өгсөн санхүүгийн баримт болон хийсэн ажлын тайлан, гаргаж өгсөн тооцоо нь огт хийсэн ажилд нийцэхгүй байсан.

М.Цгийн гүйцэтгэсэн ажлыг МСӨХДЗ-д хүсэлт гарган шалгуулахад барилгын инженер М.Ц нь гэрээний үүргээ биелүүлээгүй, төсвөөр засварын ажил хийгээгүй, засварын ажилд авсан 4 000 000 төгрөгөөс хийсэн ажлыг хасч 3 787 306 төгрөгөөр хохироосныг илрүүлж удирдах хяналтын зөвлөлийн төлбөрийн актыг гаргасан.

М.Цгийн хийгээгүй ажлыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ш.Гантулгатай дахин засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 1 750 000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн. Засварын материалыг хаалганы цоожийг эвдэн авч явсан. Иймд Иймд М.Цгаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 3 787 306 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 оны 8 дугаар сард МСӨХДЗ-н гүйцэтгэх захирал С.Цэрэндоржтой бизнесийн үйл ажиллагаа явуулж хамтран ажиллахаар тохиролцон засварын ажлын төсөл боловсруулан Улаанбаатар хот дахь СӨХДЗөвлөлийн харъяа орон сууцны байруудын их дунд засварын ажлуудыг нэгдсэн бригадтай төвлөрсөн материал хангамжтайгаар хэрэгжүүлэхээр үйл ажиллагаа эхэлсэн.

Улаанхуран СӨХ-ны 74 дүгээр байрны орцны засварын төсөвт ажлын төсвийг МСӨХДЗөвлөлийн төсөвчин, нягтлан бодогч, гүйцэтгэх захирал нарын хүсэлтээр тэргүүлэх төсөвчнөөр гаргуулсан. Төслийн эхний үе шатны ажил байсан учраас 74 дүгээр байрны засварын ажлын төсөв 2 орц хийх төсөвт өртөгөөр 4 орцны ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажлаа эхэлсэн. Бид 4 орцны хана, таазны хуулалт хусалт нөхөөс шавардлага, тэгшилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн ба үүнийг хийсэн ажлын төсвийн гүйцэтгэлээр тодорхойлно.

Би алдагдалтай ажилласан. Шинжээчийн дүгнэлтээр хийсэн ажлын гүйцэтгэл нь 9 000 000 гаруй төгрөгийн өртөгтэй гарсан нь үнэн байна. И.Жаргалсайхан төсөвчний гаргасан төсвөөс нээх хол зөрүүгүй байна. Д.Янжмаа дарга мөнгө байхгүй, одоо ямар ажил үлдсэн гэхээр нь эмульс тавина гэхэд манайх засвар хийж байсан тэр ажлыг өөрсдөө хийж чадна гэж хэлсэн тул би явсан. Нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Цгаас 2 091 761 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 1 695 545 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийддвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У СӨХ нь хариуцагч М.Цгаас 6 174 306 төгрөг гаргуулахаар шаардсанаас 2 387 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 738 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Цгаас улсын тэмдэгтийн хураамжид 75 547 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У СӨХ-нд олгож, шинжээчийн зардалд нэхэмжлэгч У СӨХ-ноос 268 200 төгрөг, хариуцагч М.Цгаас 331 800 төгрөг гаргуулж улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Ц давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. У СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Янжмаа бид нарыг ажил хийгээгүй, материал авч, ажлаа хаяж явсан мэтээр гүтгэн шүүхэд нэхэмжлэл гарган, холбогдох нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Бид 2 орцны төсөвт өртгөөр 4 орцонд засварын ажлыг хийсэн. Энэ нь бүх шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэр, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа болно. Тухайлбал, Барилгын төсөвчдийн холбооны шинжээч, тэргүүлэх төсөвчин Б.Амгалангийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан дүгнэлтэд заагдсан төсөвт өртгийн гүйцэтгэлийн төсвөөр нотлогддог. Уг дүгнэлтэд төсөвт өртгийн нэгдсэн товчооны үнийн дүн болох 9 767 821 төгрөг гэж заасан байгаагаас харагдана.

Шүүх Монгол Улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 тоот тушаалаар баталсан Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмийн 2.4-т дурдсан заалтыг удаа дараа зөрчиж, талуудын тайлбарт үндэслэн зардал гарсан эсэх талаар удаа дараагийн дүгнэлтээр тогтоосон төсвийг гүйцэтгэлийн багцыг задлах байдлаар дүгнэлт хийсэн нь хууль тогтоомжийг зөрчсөн, нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна.

Мөн захиалагч буюу нэхэмжлэгч тал нь ажлын гүйцэтгэлийг хүлээн аваагүй байхад ажлыг орхин явсан гэдэгтэй санал нийлэхгүй бөгөөд ажил цаашид явагдах боломжгүй болсныг удаа дараа хэлж байсан. Захиалагч үлдсэн ажлыг бид өөрсдийн хүчээр хийх боломжтой юм байна, нарийн ажлууд дууссан байна гэж хэлсний дагуу бид ажлаа дуусгавар болгосон бөгөөд багаж, техникээ хадгалж байсан зоорийн өрөөний түлхүүрийг тус СӨХ-ны гүйцэтгэх захиралд гардуулан өгснөөр бид ажлыг орхин явсан.

Бидний хийсэн ажлын гүйцэтгэл ямар хэмжээнд хийгдсэн болох нь хэрэгт авагдсан Ш.Гантулгатай байгуулсан Засварын ажил гүйцэтгэх гэрээ-ний зүйл заалтаас харагдана. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч У СӨХ нь хариуцагч М.Цд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 3 787 306 төгрөг, зээлийн хүүд төлсөн 637 000 төгрөг, дутуу хийсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 1 750 000 төгрөг, нийт 6 174 306 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа багасгаж гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 3 787 306 төгрөг нэхэмжилснийг хариуцагч М.Ц эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн засварын ажил гүйцэтгэх гэрээгээр М.Ц нь 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд У СӨХ-нд харъяалагдах 74 дүгээр байрны 1-4 орцны хана, тааз, шалны засал чимэглэлийн ажлыг хийж гүйцэтгэх, У СӨХ нь ажлын хөлс, материалын үнэд 8 248 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөр 3 300 000 төгрөг өгсөн болох нь хэрэгт авагдсан завсарын ажил гүйцэтгэх гэрээ, талуудын тайлбараар нотлогдож байна. /хх-6/ Дээрх үйл баримтад гэрээний талууд маргаангүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймээс гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлсон байна.

Зохигчид гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээ цуцалсан үндэслэлийн талаар маргажээ.

Хариуцагч М.Ц гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, гүйцэтгэсэн ажлаа нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх ба үүргээ гүйцэтгээгүй шалтгаанаа ... нэхэмжлэгч мөнгө байхгүй, үлдэх ажлыг өөрсдөө дуусгана гэсэн ... гэж тайлбарлах боловч уг үйл баримтаа баримтаар нотлоогүй байна. Үүний улмаас нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, түүнд төлсөн ажлын хөлсөө хохиролд тооцон нөхөн төлүүлэхээр шаардсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт нийцнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлж, хариуцагч М.Цгийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, зардал, ажлын хөлс зэргийг тодорхойлон, түүний төсөвчин Ө.Энхтогтохоор хийлгэсэн төсвийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 1 208 239 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймээс давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмийн 2.4-т заасныг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байгааг зөвтгөн, мөн найруулгын хувьд зохих өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/01532 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 гэснийг 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3, 4 дэх заалтыг 2, 3 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД