Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/00838

 

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/00838

 

 

 Б.Баттулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00351 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Баттулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинд 10 953 587 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Баттулга

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 237 тоот тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, намайг урд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг тооцон олгохыг даалгасан шийдвэр гарсан. Намайг ажилд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 206 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 5 сар 15 хоногийн цалин болох 3 765 393 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Цагдаагийн ерөнхий газраас надад 36 сарын тэтгэмжийг олгохдоо дутуу олгосон учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2014 оны 12 дугаар сарын 05-наас ажилд томилогдсон 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалинд 10 953 872 төгрөгийг гаргуулахаар мөн нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 245 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Тахарын ерөнхий газрын даргын 499 дүгээр тушаалын Б.Баттулгад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Баттулгыг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаалд тогтоож, түүний ажлаас халагдсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохыг Тахарын ерөнхий газрын даргад даалгасан. Тахарын ерөнхий газар татан буугдаж, түүний зарим чиг үүргийг цагдаагийн байгууллага хэрэгжүүлэхээр болсон бөгөөд Б.Баттулга цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлт гаргасныг хүлээн авч, Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын гуравдугаар газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/170 тоот тушаалаар түүнийг Обьект хамгаалах нэгдүгээр хэсэгт харуулын цагдаагаар 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс томилж, Цагдаагийн дэд ахлагч цол олгосон. Тэрээр шүүхийн шийдвэрт заагдсан цалинг цагдаагийн байгууллагаас нэхэмжлэхгүй тухай хүсэлтээ бичгээр гаргаж цагдаагийн байгууллагад орж ажилласан бөгөөд цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж өгнө үү гэсэн өргөдөл гаргасан тул 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б/189 тоот тушаалаар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон тэтгэвэрт гаргаж, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн. Мөн Б.Баттулгатай холбоотой явагдаж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өөрийнх нь хүсэлтээр дуусгавар болсон учраас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Цагдаагийн ерөнхий газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй хэнцэх хэмжээний олговорт 10,953,872 төгрөг гаргуулах тухай Б.Баттулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,420 төгрөгийг улсын төвсийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөв дүгнэж чадаагүй. Нэхэмжлэгч Б.Баттулга нь ЦЕГ-т холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 245 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин болох 3 765 085 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улмаар хариуцагч байгууллага 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 10 953 872 төгрөгийг олгоогүй учраас 10 953 872 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 14 718 957 төгрөгийг нэхэмжилсэн байхад шүүх 10 953 872 төгрөгийг нэхэмжилсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

245 дугаар шийдвэр, 237 тоот тогтоолоор нэхэмжлэгчийн ажлаас халагдсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Тахарын Ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ хугацааны нөхөн олговор нь 10 953 872 төгрөг болсон ба хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж мөнгийг олгох үүрэгтэй байсан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад Тахарын Ерөнхий газар татан буугдаж, ажлын чиг үүрэг ЦЕГ-т шилжин ирсний дагуу энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг хариуцагч байгууллагад оногдсон. ЦЕГ нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулахдаа 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2016 оны 4 дүгээр сарын 1 хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох боломжгүй, харин нэхэмжлэгчийг цагдаагийн орон тоонд ажилд авч болно тэгээд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоё, чи энэ мөнгөө авахаас татгалз гэж тулгасан байдаг. Нөгөө талаас хариуцагч байгууллага 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 35 852 358 төгрөгийн тэтгэмж олгогдохоор цалингийн тооцоо хийж, цэргийн албан хаагчийн тэтгэвэр өндөр тогтоогдоно гэхээр нь тухайн үед нэхэмжлэгч зөвшөөрөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгасан байсан. Гэтэл хариуцагч байгууллага нь Б.Баттулгыг сүүлийн 2 жил ажил хийгээгүй, цалин хөлс аваагүй байдлаар тодорхойлж, тохирсон мөнгөний дүнгээр 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олголгүйгээр, 23 251 451 төгрөг олгосон тул Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу авах ёстой цалин хөлстэй тэнцэх нөхөн олговроо авахаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн 36 сарын тэтгэмжийг бодохдоо шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэл болгохгүйгээр ажилгүй байсан гэж үзэж нэхэмжлэгч Б.Баттулгад 38 752 418 төгрөг олгохоос 23 251 451 төгрөгийг олгосон нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн боловч энэ дүгнэлтийн дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэж чадаагүйд гомдолтой байна. Хэрвээ хариуцагч байгууллага нь 245 дугаар шийдвэр, 237 тоот тогтоолыг цаг хугацаанд биелүүлсэн бол нэхэмжлэгч 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс 2016 оны 9 дүгээр сарын 15 хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хүртэлх хугацаанд ажилдаа ороод, цалин хөлсөө авах боломжтой байсан. Гэтэл шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байх ба ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Баттулга нь Цагдаагийн Ерөнхий газарт холбогдуулж 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 765 393 төгрөг гаргуулахаар, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 953 872 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлж нийт 14 719 265 төгрөг нэхэмжилж байгаа, эсхүл нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 10 953 872 төгрөг нэхэмжилж байгаа эсэхийг тодруулалгүй сүүлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Нөгөө талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 245 дугаар шийдвэрээр ....Б.Баттулгын ажлаас халагдсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс энэхүү шийдвэр хүчинтэй болох хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих ёсоор тооцож олгохоор шийдвэрлэж, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон ба төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх байгууллагад өргөдөл гаргаагүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болгосон үйл баримтыг шүүх зөв дүгнэж чадаагүй байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын аль хэсэг нь хамаарч байгаа, шүүхээр шийдвэрлэгдээгүй шаардлага байгаа эсэхийг шүүх ялгалгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, шийдвэр биелэгдсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон алдаа гаргажээ.

Түүнчлэн нэхэмжлэгч дээрх шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор тооцох дундаж цалингаа хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байхад шүүх тодруулаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй асуудлаар буюу 36 сарын тэтгэмжийг хариуцагч байгууллага зөв бодсон эсэх асуудлыг дүгнэсэн нь буруу байна.

 

Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүх өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00351 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Баттулгын төлсөн 265 420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ