Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/09

 

 

 

А.С- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.С-, цагаатгагдсан этгээд М.Х- нарт холбогдох эрүүгийн 2313003680356 дугаартай, 3 хавтастай хэргийг шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, цагаатгагдсан этгээд М.Х-, түүний өмгөөлөгч С.Алтай, С.Нургайып, шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч А.Серикжан, Я.Сьезд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу, орчуулагч А.Ахмерей нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр **** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл **  хүнтэй, ************багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Т овогт М.Х-, /РД:************/.

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс *****,  **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл **, ************багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Ш овогт А-ын С- /РД:**********/.

 

3. Цагаатгагдсан этгээд М.Х-, шүүгдэгч А.С- нар бүлэглэж, согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хөх хад” гэх газарт хохирогч Ц.Б-ын малын хашаанаас 8 тооны ямаа хулгайлж, 920.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

4. Холбогдсон хэргийн талаар:

4.1. Прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 259/а дугаар яллах дүгнэлтээр А.С-, М.Х- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн  2024/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолоор:

5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т овогт М.Х-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Х-ийг цагаатгаж,

5.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш овогт А.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.С-ыг “Бусдын олон тооны мал хулгайлахаар завдах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д 2 (хоёр) жил, 4 (дөрөв) сар хорих ял шийтгэж,

5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

5.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ы энэ хэрэгт цагдан хоригдсон 63 (жаран гурав) хоногийг түүний эдлэх хорих ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын агуулга:  

6.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

6.2. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байгаа үндэслэлүүд: Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван зургаадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг(§16.3, §1б.5)~ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-ын 1-т “...мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай заавал харьцуулна” гэжээ. Хохирогч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...хулгайлж байгаад баригдсан, тухайн үед би С-ыг үйлдэл дээр барьчихсан гэснээр, гэрч З.У- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...М- бид хоёр очиж тусалж тэр хүнийг явуулахгүй барьж гэрийн гадаа авч ирсэн, тэгээд манай нөхөр цагдаагийн байгууллагад хандахад нэлээн сандраад би хүнд худалдагдаж танай хотонд орчихлоо уучлаарай гэж хэлсэн”  гэснээр, насанд хүрээгүй гэрч Б.М- өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...тэгээд аав дээр очиж ээж бид хоёр тусалж тэр хүнийг явуулахгүй гэрийн гадаа ойртуулан авч ирсэн” гэснээр, яллагдагч А С- 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...тэр үед би маш их согтсон байсан болохоор М.Х- намайг тэр газар орхиод явсан, ...би өөрөө нэлээд согтсон байсан тул зарим үйл явдлыг санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд Б-ын гэрт байсан бөгөөс Б- намайг чи миний хотноос ямаа хулгайлж байгаад баригдсан биз дээ одоо сумаас цагдаа дуудсан байгаа болохоор хүлээж бай гэж хэлсэн" гэснээр мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул хохирогч, гэрч, насанд хүрээгүй гэрч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож шүүгдэгч А.С-ыг хохирогч Ц.Б-ын малын хашаанаас 8 тооны ямааг хулгайлахыг завдсан гэсэн шүүхийн дүгнэлт учир дутагдалтай байна.

6.3. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

6.4. Түүнчлэн шүүгдэгч А.С-ыг хохирогч Ц.Б-ын малын хашаанаас 8 тооны ямааг хулгайлахыг завдсан гэсэн үйлдэл холбогдол нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мал амьтанд үзлэг хийх ажиллагаанд хавсаргах зураг, хэрэг учралын газрын схем зураг, хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

6.5. Мөн түүнчлэн хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан нотлох баримт 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тус хэрэгт нэгдмэл сонирхолтой Алтанцөгц сумын цагдаагийн алба хаагч Э.Гантөмөр нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан нь хуульд нийцсэнгүй. Энэхүү мөрдөн шалгах ажиллагаанд цагдаагийн алба хаагч нар хөндлөнгийн гэрчээр оролцсоныг хохирогч Ц.Б- шүүх хуралдаанд мэдүүлж баталсан болно.

6.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 

7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

7.1. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотой тайлбар гаргая. Тус хэрэгт мөрдөгчийн зүгээс хийлбэл зохих мөрдөн шалгах ажиллагааг хангалттай хийсэн.    Шүүгдэгч А.С-ы өмгөөлөгч А.Серикжаны зүгээс 8 тооны ямааг хэдийгээр яаж, авч гаргасан нь тогтоогдоогүй гэж байна. Үүнийг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хоёрдугаарт, тухайн 8 тооны малыг шилжүүлж байсан нөхцөл байдлыг харсан гэрч, хохирогч байдаггүй.

7.2. Дараагийн асуудлын хувьд гэрч, хохирогч нар нэг хашаанаас нөгөө хашаа руу ямаа шилжүүлж байсан үйл баримтын  талаар хараагүй, энэ нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй гэдэг зүйлийг ярьж байна. Гэрч, хохирогчийн хувьд болсон зүйлийг бүрэн, гүйцэт харах үүрэгтэй хүн биш, харин харсан зүйлээ үнэн зөвөөр мэдүүлэг үүрэгтэй хүмүүс байна. Тухайн нөхцөл байдлын хувьд 8 тооны ямааг шилжсэний дараа хохирогч, гэрч нарын хувьд харсан нөхцөл байдал тогтоогддог.

7.3. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хашаанаас гараагүй малыг хулгайлсан гэж үздэг юм уу гэдэг асуудлыг ярьж байна. Тухайн мал хашааж байгаа хашаанаас  нөгөө хашаа руу шилжүүлсэн гол зорилго хулгайлах зорилгоор тухайн малыг нэг хашаанаас нөгөө хашаа руу өөрийнхөө морь байгаа газарт шилжүүлсэн гэж үзэж байна. Хохирогчийн өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь өмнөх хувийн таарамжгүй харилцааны улмаас өс хонзон санаж ингэж мэдүүлж байгаа гэж шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хэлж байна. Хэрвээ хохирогч бусдын гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлж гүтгэсэн бол энэ талаар хэн аль нэг нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй байна гэдэг зүйлийг хэлэх нь зүйтэй байх.

7.4. 8 тооны ямаа биш, 5 тооны ямаа байна гэдэг асуудлыг ярьж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон  хэргийн газарт үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бусад нотлох баримтуудаас тухайн газраас 8 тооны ямааг хулгайлсан болох нь нотлогдон тогтоогддог. 

7.5. Цагаатгагдсан этгээд М.Х-ийн хувьд  өмнө нь тус хэрэг анхан шатны шүүхээр шийдэгдээд, М.Х-, А.С- нар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэсэн боловч хэргийн оролцогч нарын зүгээс  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхээс тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар тухайн хэргийг дахин зөвтгөж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн боловч тухайн хэргийг хүлээн авсан шүүгчийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд М.Х-ийг шууд гэрчилсэн нотлох баримтууд байхгүй гэж үзээд, түүнийг үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс М.Х-ийг ялласан үндэслэл нь  хохирогчийн мэдүүлгийг үндэслэж, мөн хэргийн газарт үзлэг хийсэн нөхцөл байдлыг үндэслэж түүний ялласан. Хэдийгээр өнөөдөр  тухайн шийдвэртэй холбоотой гомдол, эсэргүүцэл гаргаагүй боловч анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

7.6. Анхан шатны шүүхээс энэ хэргийг өмнө нь 2  удаа хянан хэлэлцэж, шүүхийн шийдвэр гарч байсан. Эхний шийдвэр нь хоёр шүүгдэгчийг хоёулынхныг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Тухайн хэргийг анхан шатны шүүх дахин хянаж, М.Х-ийг цагаатгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн хоёр шүүгч хоёр өөр байдлаар энэ хэргийг шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс энэ хэрэгт хэдийгээр эсэргүүцэл гаргаагүй ч гэсэн хэрэгт нотлох баримтын хүрээнд яллагдагч нар гэмт хэрэг үйлдсэн  нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох М.Х-ийн хувьд шууд нотлох баримт байхгүй, дамжвал нотлох баримтаар түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэж байгаа боловч тухайн нөхцөл байдал нь энэ нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын талаар шүүгдэгч А.С-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч болон цагаатгагдсан этгээдийн хувьд бүхэлд нь хянаж үзлээ.

 

9. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүх хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

10. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар, тухайлбал хохирогч Ц.Б-оос 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 04-12 дахь тал, 248-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 01-12 дахь тал/, хохирогч Ц.Б-, гэрч З.У-, насанд хүрээгүй гэрч Б.М- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч А.С- нь мал хулгайлах зорилгоор хохирогч Ц.Б-ын малын хашааны хойд хэсгийн модыг салгаж, тухайн зайгаар 8 тооны ямааг хулгайлж  хашаанаас гаргасны дараа дахин хулгай хийх зорилгоор Ц.Б-ын малын хашаан дотор явж байхад нь хохирогч Ц.Б- мэдэж, А.С-ыг үйлдэл дээр нь барьж авсан нь хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

11. Анхан шатны шүүх шүүгдэгч А.С-ы үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж прокурорын яллах дүгнэлтэд зааснаас хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль ёсны зарчимд нийцсэн бөгөөд шүүгдэгч А.С-ы үйлдэл холбогдол тогтоогдсон учраас түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдлыг тогтоох, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмуудад тус тус нийцсэн байна.

 

12. Шүүгдэгч А.С-ы согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хөх хад” гэх газарт орших хохирогч Ц.Б-ын малын хашаанаас 8 тооны ямаа буюу олон тооны малыг хулгайлахыг завдсан буюу түүний 8 тооны ямааг малын хашааны хойд хэсгийн модыг салгаж, тухайн зай завсраар 8 тооны ямааг гаргаж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах, хохирогч Ц.Б-ын шүүгдэгч А.С-ы үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон нөхцөл байдлын улмаас А.С- нь хулгайлсан ямааг өөрийн мэдэлд бүрэн шилжүүлж чадаагүй буюу тухайн гэмт хэрэг төгсөөгүй учраас, А.С-ы хууль бус дээрх үйлдлийг олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан төрөл хэмжээний дотор хоёр жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

13. Хохирогч Ц.Б-од мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийн талаар тайлбарлан  сануулж, баримтжуулсны дараа тэрээр шүүгдэгч А.С-ы үйлдэл холбогдлыг шууд зааж, болсон үйл явдлын талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн, хохирогчийн уг мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар, тухайлбал хэрэг учрал болсон газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, малын им тамга, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, А.С-ы яллагдагчаар өгсөн “...нэг мэдэхэд Б-ын гэрт байсан бөгөөд Б- намайг чи миний хотоноос ямаа хулгайлж байгаад баригдсан, одоо сумаас цагдаа дуудсан байгаа болохоор хүлээж бай гэж хэлсэн” гэх, мөн гэрч З.У-, насанд хүрээгүй гэрч Б.М- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед эх сурвалжаа шууд зааж мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байгаа учраас шүүгдэгч А.С-ы “хохирогч өс хонзонгийн сэдлээр худал мэдүүлсэн” гэсэн агуулгатай давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

14. Түүнчлэн шүүгдэгч А.С- нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөрт шилжих шөнө, шөнийн  01 цагийн орчимд, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хөх хад” гэх газарт орших хохирогч Ц.Б-ын 8 тооны ямааг малын хашааны хойд хэсгийн модыг салгаж, тухайн зай завсраар 8 тооны ямааг гаргаж, дахин мал хулгайлахаар малын хашаан дотор явж байхад нь хохирогч Ц.Б-ын шүүгдэгч А.С-ы үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон нь гэрч, хохирогч нарын А.С-ы тухайн үеийн үйлдэл холбогдлын талаар шууд зааж мэдүүлсэн мэдүүлгүүдээс гадна 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас хэргийн 4-12 дахь тал/, хэрэг учрал болсон газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 248-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 01-12 дахь тал/ зэргээр хангалттай тогтоогдсон учраас шүүгдэгч А.С-ы өмгөөлөгчийн “шүүгдэгч А.С-ы 8 тооны ямааг хулгайлахыг завдсан гэх үйлдэл холбогдол нь 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Мал, амьтанд үзлэг хийх ажиллагаанд хавсаргах зураг, хэрэг учрал болсон газарт нөхөн үзлэг хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

15. Мөрдөн шалгах ажиллагааны үед, 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу А.С-ы бусдын олон тооны малыг хулгайлахыг завдсан үйлдэл болж өнгөрсний дараа буюу маргааш нь хохирогч Ц.Б-ын хулгайлах гэмт хэрэгт өрсөн малын хувийн онцлог шинж тэмдэг, им тамгыг тодорхойлох зорилгоор Мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэлээр “хулгай орсон гэх Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, Хөх хад гэх газарт иргэн Ц.Б-ын хашаанд байгаа бог малд үзлэг хийсэн. Түүний хашаанд нийт 128 ямаа, 169 хонь байсан бөгөөд нэг бүрчлэн тоолж, уг малын им, тамгыг шалгаж үзэхэд зөв талын чихэнд шуурхай имтэй, буруу талын чихэнд урьд талаас нь малтмал имтэй байв. Үзлэгийг цааш нь үргэлжлүүлж, хулгайлж авч явах гэж байсан гэх 8 тооны ямаанд үзлэгийг тусдаа хийхэд, ... бүгд зөв талын чихэнд шуурхай имтэй, буруу талын чихэнд урд талаас малтмал имтэй байсан” нь тогтоогджээ.

Энэхүү үзлэгийн тэмдэглэл нь шүүгдэгч А.С-ы бусдын 8 тооны ямааг хулгайлахыг завдсан үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдлыг тогтоохгүй, харин шүүгдэгчийн хулгайлахыг завдсан 8 тооны ямааны им, тамга нь хохирогчийн бусад бог малын им тамгатай тохирч байгааг илэрхийлэх бөгөөд хохирогч Ц.Б-ын “Тэгээд манай малын хашааг тойрч харж шалгахад 8 тооны ямаа хашааны хойд хэсэгт гадаа байсан. Тухайн үед хашааны хойд хэсгийг нягталж шалгаж үзэхэд малын хашааны улиас модыг эвдэж зааг гаргаж тэрүүгээр малыг гаргасан байдалтай байсан юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх, гэрч З.У-ын “Тэгээд хүү болох Б.М- бид хоёр очиж тусалж тэр хүнийг явуулахгүй барьж гэрийн гадаа авч ирж манай малын хашааг тойрч харж нягталж шалгахад 8 тооны ямаа хашааны хойд хэсэгт гадаа байсан. Тухайн үед хашааны хойд хэсгийг дахиж шалгаж үзэхэд малыг хашааны зүүн талын улиас модыг эвдэж тэрүүгээр гаргасан байдалтай байсан”, насанд хүрээгүй гэрч Б.Мөнгөнтулгын мэдүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэрэг учрал болсон газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлттэй /1 дэх хавтаст хэргийн 9 дэх тал, зураг №7/ харьцуулан дүгнэвэл шүүгдэгч А.С- нь бусдын 8 тооны ямаа буюу олон тооны бог малыг хулгайлахыг завдсан нь хөтөлбөргүй тогтоогдон тул өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Прокуророос цагаатгагдсан этгээд М.Х-ийг шүүгдэгч А.С-тай бүлэглэж, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө хохирогч Ц.Б-ын 8 тооны бог малыг хулгайлсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, түүний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн  “олон тооны мал хулгайлж”, “бүлэглэж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан хохирогч Ц.Б-оос 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэмт хэргийн талаар гаргасан гомдол мэдээлэлд “манай малын хашаанд хашсан байсан бог малаас 8 тооны ямааг үл таних морьтой хоёр залуу хулгайлж авч явах гэж байсан” гэж, түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “асуудал болсон үед миний үйлдэл дээр нь барьж авсан хүн бол Ногооннуур сумын 3 дугаар багийн иргэн А.С- гэх хүн байсан. Харин тухайн үед зугтаж явсан хүнийг М.Х- гэдэг ба, түүнийг А.С- өөрөө хэлж өгсөн, ... ...тухайн үед харагдах орчин хязгаарлагдмал боловч сарны гэрэлтэй байсан би хашаагаа тойроод гараад ирэхэд надад баригдсан А.С- нь мориндоо мордож амжилгүй баригдсан. Хамт явсан хүн бараан хар хээр зүсмийн нас гүйцсэн морьтой байсан. Тэр хүн саравчтай малгайтай байсан” гэх, гэрч З.У-ын “Тухайн үед хүү бид хоёр бас хашаа тойрч гүйж очтол хоёр морьтой хүн байсан ба нэг нь мориндоо мордсон зугтаж байхыг харсан. Харин нөгөө нэг хүн нь манай нөхөртэй ноцолдож байсан юм” гэх, насанд хүрээгүй гэрч Б.М-ын “Тухайн үед ээж, бид хоёр хагас дутуу хувцсаа өмсөж аавынхаа араас гүйж очиход аав нэг хүнтэй ноцолдож байсан ба түүний цаана бас нэг морьтой хүн цаашаа давхиад зугтаж явж байсныг харсан” гэх мэдүүлэгт тухайн гэмт хэргийг хоёр хүн үйлдсэн талаар баримтат мэдээлэл тусгагджээ.

 

17. Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг дэх баримтат мэдээллээр хохирогчийн 8 тооны бог малыг хоёр хүн хулгайлахыг завдсан гэх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад лавшруулан шалгахад, хоёр дахь хүн нь М.Х- мөн эсэх нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдоогүй, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэгт А.С- нь бусдын малыг хулгайлахыг завдах үйлдлийг бусадтай бүлэглэж үйлдсэн талаар эх сурвалжаа шууд зааж мэдүүлээгүй, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь, нэг бүрчлэн, нягт нямбай харьцуулан үзэхэд М.Х- нь шүүгдэгч А.С-тай бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлахыг завдсан гэх үйл баримт тогтоогдоогүй, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд нь М.Х-ийг гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцоход хүрэлцээгүй, хангалтгүй учраас М.Х-ийн “Тухайн өдөр би гэрийнхээ ойролцоо мал хариулж явсан юм. Тэр үед цаг оройхон байсан байх 17 цагийн орчимд байсан, манай сумын иргэн А.С- нь тааралдсан бөгөөд бид хоёр ойр зуурын юм ярилцаж байгаад С- надад “...чи саяхан болсон “Адуучин” тэмцээнд 1 дүгээр байранд орсон биз дээ, ганц шил архи хийхгүй юм уу...” гэсэн. Тэгээд ойролцоо дэлгүүр байдаг болохоор тухайн газраас нэрийг сайн санахгүй байна 0,5 литрийн 1 шил архи, С- мөн 0,5 литрийн 1 шил архи авч бид хоёр голын эрэг, модон дотор суугаад, тухайн 2 шил архийг хувааж уусан. Тэгээд цаг нэлээд орой болж гадна харанхуй болсон байсан бөгөөд С- ч нэлээд согтсон. Би С-ыг явъя гэж хэлэхэд С- нь би голын цаад талд гарч айлд очиж хононо, би маргааш адуу хайх ёстой гэж хэлээд явахгүй болохоор нь би С-ыг тухайн архи ууж байсан газарт орхичхоод гэр рүүгээ харьсан юм. Голын цаад тал бол Алтанцөгцийн газар нутаг юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 98-100 дахь тал/,

түүний эхнэр, гэрч К.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай нөхөр М.Х- хулгай хийсэн гэж хэлээд байгаа өдөр А.С-тай тааралдаж, модон дотор архи хувааж уусан гэж надад хэлсэн бөгөөд тэр орой миний мэдэж байгаагаар М.Х- нь 17-18 цагийн үед, гадаа гэгээтэй байхад гэртээ ирээд хоол, цайгаа идэж уугаад унтаж амарсан. Тухайн өдөр манай нөхөр М.Х- дахин гэрээсээ гараагүй” гэсэн /2 дахь хавтаст хэргийн 200-201 дэх тал/ мэдүүлгүүдийг үндэслэж, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч М.Х- нь бусадтай бүлэглэж, 8 тооны ямааг хулгайлахыг завдсан гэх үйлдэл холбогдол хөтөлбөргүй тогтоогдоогүй учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гэм буруугийн зарчмыг хангасан байна гэж дүгнэв.

 

18. Анхан шатны шүүх М.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл хийсэн эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд  нотлогдон тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч А.С-, М.Х- нарт холбогдох эрүүгийн 2313003680356 дугаартай, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс М.Х-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

19. Иймд шүүгдэгч А.С- болон түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлээр өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдоогүй учраас хэвээр нь баталж, давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            20. Шүүгдэгч А.С-д анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор хоёр жил, дөрвөн сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, бусдын олон тооны бог малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан нөхцөл байдал, бодитой хохирол, хор уршиг учраагүй нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдлээ гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэрэгжүүлсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журам, эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх шударга ёсны зарчмыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/301 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.С- болон түүний өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК