2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/09051

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/09051

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ****** дүгээр хороо, ********дугаар байр, ****** тоотод байрлах, *******ХХК /РД:******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********* дүүрэг, ********* дугаар хороо, хайрхан *, ***** тоотод байрлах, ** ХХК /РД:****/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээг цуцалсанд тооцож, гэрээний үүрэгт 213,740,038 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, багаж, тоног төхөөрөмжийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т,

гэрч ***********,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2007 онд үүсгэн байгуулагдаж 2012 оноос Усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих, сэргээн засварлах, шинэчлэх ажлыг чанарын өндөр түвшинд хийж, гүйцэтгэсээр ирсэн юм.

"******" ХХК болон "*****" ХХК нар нь 2024 оны 07 сарын 03-ны өдөр №МMС-БН 04/24 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Тус ажил гүйцэтгэх гэрээгээр "Толгойт дэд төв Баруун Нарангийн үерийн хамгаалалтын Д-2.1 сувгийн L=771 м барилга угсралтын ажил"-ыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. "Толгойт дэд төв Баруун Нарангийн үерийн хамгаалалтын Д-2.1 сувгийг 711м урттай барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Ингэхдээ гэрээний хугацааг 2024 оны 07 сарын 06-ны өдрөөс 2024 оны 11 сарын 20-ны өдрийн дотор багтаан хийхээр болсон. Мөн тус ажлыг төлбөрийг нийт 60,000,000 төгрөг байхаар тохиролцсон ба урьдчилгаа төлбөрт 45,000,000 төгрөг, үлдсэн 15,000,000 төгрөгт Toyoto Ist автомашиныг бартераар шилжүүлэхээр болсон. Ингээд ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг 2024 оны 07 сарын 04-ний өдөр "*********" ХХК-ийн ***** ХХК-ийн Банкны******тоот данснаас 60,000,000 төгрөгийг "*********т" ХХК-ийн ********* Банкны ********** тоот данс руу шилжүүлсэн. 2024 оны 07 сарын 06-ны өдөр ******* У*** улсын дугаартай Toyoto Ist автомашиныг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн байдаг. Гэтэл "*******" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас хойш нэг ч ажил хийж гүйцэтгээгүй тул ажлын гүйцэтгэлийг удаа, дараа шаардсан боловч янз, янзын шалтаг шалтгаан тоочсоор байсан тул 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ цуцалж байгаагаа хариуцагч талд мэдэгдсэн.

Иймд 2024 оны 07 сарын 03-ны өдрийн №ММС-БН 04/24 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г цуцалсан мэдэгдлийг манай компаниас 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүргүүлсэн.

Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ бол Улаанбаатар хотын Толгойт дэд бүтцийн ажлын бага хэсэг ажил бөгөөд манай компани тухайн төслийн зөвхөн далангийн ажлыг "*******" ХХК-аар туслан гүйцэтгүүлэхээр тохиролцсон гэрээ юм. Тухайн ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч компани зохих ёсоор биелүүлж хугацаатай ажлаа хийж дуусгасан бол дараах хохирол, алданги учрахгүй байсан гэж үзэж байгаа. Манай компани 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр TPF-A гэрээний дугаартай, Баруун Нарангийн үерийн хамгаалалтын барилга угсралтын ажлын гэрээний хугацааны хоцрогдлын алдангийг TPF гэрээний дугаартай Толгойт дэд төвийн хамгаалалтын барилга угсралтын үнийн өсөлтийн дүнд дүйцүүлэн тооцуулах хүсэлтийг төслийн захиалагчид гаргасан. Үүнтэй холбогдуулан TPF-A багцын хувьд тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон бөгөөд одоогийн байдлаар барилга угсралтын ажил 28 хувьтай байсан. Энэ нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар байгаа. Гэрээнд заасны дагуу батлагдсан графикийн ажил дуусах хугацаанаас эхэлж алданги тооцсон ба 2023 оноос 2024 оны өвлийн ажил зогсолтыг оруулалгүйгээр 2024 оны 11 дүгээр сараас эхлэн өвлийн зогсолтоор бодож алданги тооцож үзэхэд нийт алдангийг тухайн ажилбараас шалтгаалан 40-147 хоног болж байна гэж үзсэн. Үүнээс гүйцэтгэгчээс шалтгаалсан гэдэг маань "*****" ХХК болох манай туслан гүйцэтгэгчээр орж ажилласан компаниас 154,740,038 төгрөгийн алданги, гүйцэтгэгчээс шалтгаалаагүй 196,000,000 төгрөгийн алданги байгаа. Иймд хариуцаж "***" ХХК-аас гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид 153,740,038 төгрөгийн хохирол учирсан.

Иймд хариуцагчаас гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 60,000,000 төгрөг, алдангид 153,740,038 төгрөг, нийт 213,740,038 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. "****” ХХК-ийн зүгээс 2024 оны 07 сарын 03-ны өдрийн NoММС-БН 04/24 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний дагуу “******” ХХК- аас урьдчилгаа төлбөрт 60,000,000 /жаран сая/ төгрөг хүлээн авсантай маргахгүй. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс "******т" ХХК-ийн зүгээс огт ажил хийгээгүй мэтээр нэхэмжлэлд бичсэн нь үндэслэлгүй юм. Манай компанийн зүгээс гэрээ байгуулагдсанаас хойш 44 метр далангийн ажил, үүнээс гадна 72 метр ул бетон цутгах ажил, уг 72 метр ул бетонд орох арматурын бэлдцийн ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Иймд 60,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөх үндэслэлгүй бөгөөд өөрсдийн хийсэн ажлыг үнэлүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авах болно.

Хоёр. Нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 153,740,038 төгрөгөөр ихэсгэсэн билээ. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү ихэсгэсэн шаардлагын үндэслэлээ Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөлтэй холбоотой “TFP-A”гэх дугаар бүхий гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй улмаас 153,740,038 төгрөгийг алданги төлөх үүрэг хүлээсэн. Уг алданги тооцох шалтгаан нь манай "******" ХХК-аас шалтгаалсан гэж тайлбарлаж уг мөнгийг хариуцагчаас нэхэмжилжээ. Энэхүү мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь уг 153,740,038 төгрөгийг алданги нь зөвхөн манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон талаарх баримтгүй бөгөөд уг төсөлд туслан гүйцэтгэгчээр нилээдгүй олон компани ажиллаж байгааг дурдах нь зүйтэй. Мөн уг алдангийг төлүүлэх талаарх эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэр хавтаст хэрэгт байхгүй болно гэжээ.

3. Хариуцагч “********” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

            ...Нэхэмжлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хийж гүйцэтгэж байхдаа ашиглаж байсан Арматурын 1 ком багаж /дотроо 4 ширхэгтэй буюу тасдагч, матагч, сунгагч, хом матагч/, Cute  брэндийн багаж, Ханч пум 32 ширхэг, 4*4 хэмжээтэй 380 вольтын кабелийн 40 метр утас, 1 ширхэг самбар зэргийг нэхэмжлэгчийн эзэмшилд үлдээсэн бөгөөд нэхэмжлэгч нь тэдгээрийг өнөөдөр хүртэл өгөхгүй байна. Иймд манай компанийн Арматурын 1 ком багаж /дотроо 4 ширхэгтэй буюу тасдагч, матагч, сунгагч, хом матагч/, Cute  брэндийн багаж, Ханч пум 32 ширхэг, 4*4 хэмжээтэй 380 вольтын кабелийн 40 метр утас, 1 ширхэг самбар зэргийг хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан багажуудыг манайх хүлээж аваагүй, манайд үлдээгээгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

5. Нэхэмжлэгч талаас шүүхэд ажил гүйцэтгэх гэрээ /хх7-9/, 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 3919 дугаартай Худалдах худалдан авах гэрээ /хх10-11/, шилжүүлгийн баримт дансны хуулга /хх-12-14/,2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх-71-71/, 2025 03 дугаар сарын 11-ний өдрийн №29/25 дугаартай албан бичиг /хх-73/, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 30г1-3/2056 тоот албан бичиг /хх-20/ зэрэг нотлох баримтуудыг хэрэгт өгсөн байна.

6. Хариуцагч талаас хэрэгт фото зураг /112-120/ нотлох баримтаар өгсөн байна.

7. Шүүх хариуцагч талын хүсэлтээр нэхэмжлэгчээс Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөртэй байгуулсан TPF-A дугаартай гэрээг /хх-121-146/нотлох баримтаар цуглуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********ХХК нь хариуцагч ***** ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээг цуцалсанд тооцож, гэрээний үүрэгт 213,740,038 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан багаж, тоног төхөөрөмжийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг: Гэрээний дагуу ажлын хөлсний төлбөрт шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

            Хариуцагчтай 2024 оны 07 сарын 03-ны өдөр №МMС-БН 04/24 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж "Толгойт дэд төв Баруун Нарангийн үерийн хамгаалалтын Д-2.1 сувгийн L=771 м барилга угсралтын ажил"-ыг хийж гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсөнд 60,000,000 төгрөгийг, Toyoto Ist автомашиныг шилжүүлсэн боловч хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, ажлыг хөлсийг буцаан шаардаж байна гэх агуулгаар тайлбарласан.

            2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

            Манай компанийн зүгээс гэрээний дагуу 44 метр далангийн ажил, үүнээс гадна 72 метр ул бетон цутгах ажил, уг 72 метр ул бетонд орох арматурын бэлдцийн ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг тул хийсэн ажлын хөлсийг авах эрхтэй гэх агуулгаар тайлбар гаргажээ.

3. Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1 Талууд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр №МMС-БН 04/24 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, хариуцагч нь "Толгойт дэд төв Баруун Нарангийн үерийн хамгаалалтын Д-2.1 сувгийн L=771 м барилга угсралтын ажил"-ыг 2024 оны 11 сарын 20-ны өдрийн дотор багтаан хийж гүйцэтгэхээр, нэхэмжлэгч нь ажлын хөлс болох 303,480,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

3.2 Улмаар нэхэмжлэгч гэрээний дагуу ажлын урьдчилгаа хөлсөнд 60,000,000 төгрөгийг, мөн Toyoto Ist маркийн автомашиныг хариуцагч талд шилжүүлжээ.

 

4.Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй, харин хариуцагч нь гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэсэн эсэх, нэхэмжлэгч нь ажлын хөлсийг буцаан шаардах эрхтэй эсэх талаар маргаж байна. 

5.Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд талууд уг гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй гэх үндэслэлээр ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг буцаан шаардаж байна.  Харин гэрээний дагуу ажлын хөлсөнд тооцон шилжүүлсэн Toyoto Ist маркийн автомашиныг буцаан шаардаагүй.

6.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагч******** ХХК-ийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч нь 2024 оны 11 сард талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзсан гэж тайлбарласныг хариуцагч тал үгүйсгээгүй тул нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан татгалзал дээрх хуульд нийцсэн гэж үзнэ.

7.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж,  мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй гэжээ.

Хариуцагч нь гэрээний дагуу 44 метр далангийн ажил, үүнээс гадна 72 метр ул бетон цутгах ажил, уг 72 метр ул бетонд орох арматурын бэлдцийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж татгалзлаа тайлбарлаж байгаа боловч тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн талаар ямар нэгэн нотлох баримтыг хэрэгт өгөөгүй байна.  

            Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон *********** мэдүүлэхдээ ...нэхэмжлэгч компанид ерөнхий инженерээр ажилладаг байсан бөгөөд хариуцагч ********* ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу Толгойт дэд төв Баруун Нарангийн үерийн хамгаалалтын талбайд газар шорооны тэгшилгээ, ул бетоны ажлыг хийж гүйцэтгэсэн боловч тус ажлыг хүлээлгэж өгөөгүй, тухайн ажилтай холбоотой акт, бичиг баримтыг өгөөгүйгээс гадна тус ажил нь чанарын шаардлага хангаагүй, доголдолтой байсан гэж мэдүүлсэн. 

            Дээрх байдлаас дүгнэвэл хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу доголдолгүй ажлын үр дүнг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

            Иймд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. 

 

            Хоёр:Нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд  153,740,038 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

           

            1.Нэхэмжлэгч “М************” ХХК нь Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөртэй 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр  TPF-A гэрээний дугаартай “Толгойт дэд төв Баруун Нарангийн үерийн сувгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээнд заасан ажлаас хариуцагч талтай 771м барилга угсралтын ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан бөгөөд уг ажил нь TPF-A гэрээний дагуу хийж гүйцэтгэх эхний ажил байсан. Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний улмаас манай компани Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн өмнө хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсноос алдангид 153,740,038 төгрөгийг төлөх болж, гэрээнээс төлбөрөөс нөхөн тооцуулж хохирсон гэж тайлбарласан.

            2.Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөртэй TPF-A гэрээг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан бол үүнээс  11 сарын дараа буюу 2024 оны 07 сарын 03-ны өдөр хариуцагч ********т ХХК-тай маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

 

            Мөн хариуцагч ********ХХК нь TPF-A гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил дээр ганцаараа туслан гүйцэтгэгчээр ороогүй, өөр олон компани байсан гэх тайлбарыг гаргаснаас гадна шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ******* нь  тус TPF-A гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил дээр ******** ХХК-аас гадна  “Мөнх тулгат уулс” ХХК туслан гүйцэтгэгчээр ажилласан гэж мэдүүлсэн.

            3.Дээрх байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч ******* ХХК нь TPF-A гэрээний дагуу тус гэрээний захиалагч талд алдангид 153,740,038 төгрөг төлөх үүрэгтэй болсонд хариуцагч ***** ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

            Өөрөөр хэлбэл хариуцагч **********ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн TPF-A гэрээний дагуу алданги төлөх үүрэгтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

            4.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 153,740,038 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна. 

 

            Гурав: Арматурын 1 ком багаж /дотроо 4 ширхэгтэй буюу тасдагч, матагч, сунгагч, хом матагч/, Cute  брэндийн багаж, Ханч пум 32 ширхэг, 4*4 хэмжээтэй 380 вольтын кабелийн 40 метр утас, 1 ширхэг самбар зэргийг хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

           

            Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ажил гүйцэтгэхдээ ашиглаж байсан дээрх багаж, эд зүйлийг нэхэмжлэгчийн эзэмшилд үлдээсэн боловч нэхэмжлэгч нь буцаан өгөхгүй байгаа гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлээ тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагчаас тухайн багаж эд зүйлийг үлдээгээгүй, бидэнд хүлээлгэж өгөөгүй гэх агуулгаар тайлбарлаж мэтгэлцсэн. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

            Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн өмчлөлийн Арматурын 1 ком багаж /дотроо 4 ширхэгтэй буюу тасдагч, матагч, сунгагч, хом матагч/, Cute  брэндийн багаж, Ханч пум 32 ширхэг, 4*4 хэмжээтэй 380 вольтын кабелийн 40 метр утас, 1 ширхэг самбар зэрэг нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа гэх үйл баримт тогтоогдоогүй, хариуцагч нь энэ талаар ямар нэгэн нотлох баримтыг хэрэгт өгөөгүй байна. 

            Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэв.

 

            Дээрх үндэслэлүүдээр хариуцагч ******** ХХК-аас 60,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч **********ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 153,740,038 төгрөгийн нэхэмжлэлийг болон арматурын 1 ком багаж /дотроо 4 ширхэгтэй буюу тасдагч, матагч, сунгагч, хом матагч/, Cute  брэндийн багаж, Ханч пум 32 ширхэг, 4*4 хэмжээтэй 380 вольтын кабелийн 40 метр утас, 1 ширхэг самбар зэргийг хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйл 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******ХХК-аас 60,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 153,740,038 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан арматурын 1 ком багаж /дотроо 4 ширхэгтэй буюу тасдагч, матагч, сунгагч, хом матагч/, Cute  брэндийн багаж, Ханч пум 32 ширхэг, 4*4 хэмжээтэй 380 вольтын кабелийн 40 метр утас, 1 ширхэг самбар зэргийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,387,600 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,450 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “********” ХХК олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭНХЗАЯА