| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/04154/И |
| Дугаар | 192/ШШ2025/09212 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/09212
| 2025 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 192/ШШ2025/09212 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ****** дүгээр хороо,*, ******а, *********** тоот хаягт байрлах, *****ХХК /РД:2656329/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, **** дугаар хороо, ***** дугаар байр, *** тоот хаягт байрлах, **** ХХК /РД:6695288/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаанд гаргасан тайлбартаа:
“***” ХХК нь “****” ХХК-тай 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр веб сайт хийж гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээгээр хариуцагч “******” ХХК, “******” ХХК-ийн веб сайтыг 150 хоногийн хугацаанд нийт 47,500,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон байсан. “****” ХХК тээвэр зуучлалын, ложистикийн үйл ажиллагаа эрхэлдэг компани учраас тухайн компанийн үндсэн үйл ажиллагаа, борлуулалт, тайлан баримт, үнэ, архив, хүний нөөц, одоо хүний нөөцийн удирдлага болон ложистикийн үйл ажиллагаатай холбоотой бүхий мэдээллүүдийг веб сайтаа тусгахаар тохирсон байсан байсан.
Нэхэмжлэгч талаас гэрээний дагуу 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөр 25,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн байдаг. Гэрээнд заасан 5 сарын хугацаа дуусахад хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч талд веб сайтыг хийж өгөөгүй байдаг. Ингээд нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад хариуцагч байгууллагаас 03 дугаар сарын 21-ний өдөр хүсэлт ирүүлсэн бөгөөд уг хүсэлтдээ бид нар 50 хоногийн дотор хийж гүйцэтгэе. Та нар гэрээний үлдэгдэл төлбөрөөсөө 12,500,000 төгрөгийг шилжүүлээд өгөөч. Бид энэ төлбөрийг авсны дараа 50 хоногийн дотор хийж гүйцэтгэж өгье гэдэг. Нэгэнт ажил эхэлчихсэн учраас энэ хүсэлтийг хүлээж аваад дахин нэмэлт хугацаа олгоод 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 12,500,000 төгрөг шилжүүлж өгсөн боловч ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, хүлээлгэж өгөөгүй. Улмаар 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дахин нэг удаа нэмэлт хугацаа олгосон боловч энэ хугацаандаа мөн ажлыг бүрэн дуусгаагүй байдаг. Ийм учраас “*****” ХХК нь “***” ХХК-тай байгуулсан веб сайт хийж гүйцэтгэх гэрээнээсээ татгалзаад тус гэрээний дагуу шилжүүлсэн 37,500,000 төгрөгийг гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
2. Хариуцагч “******” ХХК нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч талаас 2023 оны 07-р сарын 25-ны өдрийн "*********" гэрээ хуулбар хувь /хх11-20/, 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн "Ажил гүйцэтгэх хугацааг өөрчлөх тухай" 24/049 тоот /хх21-22/, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн "Хүсэлт гаргах тухай" 24/093 тоот /хх-23/, 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн "Төлбөр нэхэмжлэх тухай 24/149 тоот /хх-24/, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай" 24/184 тоот албан бичиг /хх-25/, "********" ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 01/358 тоот албан бичиг /хх-26-27/ зэрэг нотлох баримтуудыг хэрэгт өгсөн байна.
3. Хариуцагч талаас хариу тайлбар нотлох баримт хэрэгт өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*****” ХХК-д холбогдуулан 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “**” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, хариуцагч “*******” ХХК-аар веб сайт хийлгэхээр харилцан тохиролцож, гэрээний үнэд 37,500,000 төгрөгийг төлсөн боловч тус компани веб сайт хийж өгөөгүй тул гэрээнээс татгалзаж, 37,500,000 төгрөгийг буцаан шаардаж байна гэх агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагч “******” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гардан авч, хэргийн материалтай танилцсан байх бөгөөд шүүхээс түүнд зохигчийн эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар ямар нэгэн тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
4.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Талууд 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Веб сайт хийж гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, хариуцагч “Вэбтон” ХХК нь нэхэмжлэгч талд Веб сайтыг 60 хоногт багтаан хийж өгөх, нэхэмжлэгч “Азийн зам” ХХК нь ажлын хөлсөнд 47,500,000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцжээ.
4.2 Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу хариуцагч талд ажлын хөлс болох 25,000,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, 12,500,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус тус шилжүүлж, хариуцагч талд нийт 37,500,000 төгрөгийг шилжүүлжээ.
5. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар тайлбар нотлох баримтыг ирүүлээгүй тул талуудын хооронд дээрх гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж үзнэ.
6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ажлын үр дүнг гэрээгээр тохиролцсон хугацаанд хийж гүйцэтгээгүй тул 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 24/049 дугаартай албан бичиг, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 24/093 дугаартай албан бичгээр гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч уг хугацаанд ажлыг хийж гүйцэтгэн үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр гэрээнээс татгалзсан гэж тайлбарлсныг хариуцагч тал баримтаар үгүйсгэж чадаагүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээнд заасан ажлыг тохирсон хугацаанд хийж гүйцэтгэж, нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
7.Иймд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд шилжүүлсэн 37,500,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь дээрх хуульд нийцэж байна.
8.Дээрх үндэслэлээр хариуцагч “***********н” ХХК-аас 37,500,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “******” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “******” ХХК-аас 37,500,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “***********” ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 345,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА