Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/10

 

Х.Н-ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Н-ад холбогдох эрүүгийн 2313000120325 дугаартай, 4 хавтастай хэргийг шүүгдэгч Х.Н-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Х.Н-, түүний өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн,  яс үндэс ****, ****оны ** дүгээр сарын **ий өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ****** мэргэжилтэй, ам бүл ** хүнтэй, ***** хамт Баян-********************* тоотод оршин суух хаягтай, *********** ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Х.Н- /РД:************/.

 

2. Шүүгдэгч Х.Н- нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эхнэр Б.А-ын ХААН банк дахь ***********дугаар дансаар сэлбэг дугуйны үнэ гэж 1.800.000 төгрөгийг “П” ХХК-иас шилжүүлэн авч, сэлбэг дугуйг нийлүүлэхгүйгээр хувьдаа зарцуулж, завшин өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ. 

 

3. Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 230 дугаар яллах дүгнэлтээр Х.Н-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн  2024/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч Б овогт Х.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-ад оногдуулсан 6000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг сануулж,

4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

4.6. Шүүгдэгч Х.Н- нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

4.7.  Иргэний хуулийн 497 дүгээр 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Н- нь хохирол, хор уршигт 1,800,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж,

4.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан эд мөрийн баримтаар хураагдсан 1,780,000 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч Х.Н-, түүний өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын агуулга:  

5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

5.2. Хэрэгт цугларсан гэрч X.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт ".. Тухайн 1,800.000 төгрөгийн тухайд гэвэл Ногооннуур сумын Засаг дарга Е- нь залгаад манайд нийлүүлсэн ковшийн запас дугуй байхгүй байгаа та яаралтай өгөөрэй гэсэн тэгэхээр нь би А- руу залгаад дугуй нийлүүлээгүй юм уу надаас нэхэж байна гэхэд А- нь надад би запас дугуйг Х.Н-аас авахаар болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд чамд дугуй олдохгүй байгаа юм уу гэж утсаар яриад дуусаад, Капитрон банкнаас гарч байтал үүдэнд нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгч Х.Н- надтай үүдэнд таарсан. Тэгэхээр нь би түүнд чи А-д дугуй өгөх гэж байгаа юм уу гэж асуусан тэгэхэд Х.Н- нь тиймээ гэсэн тэгээд Х.Н-ын дансыг асуухад Х.Н- надад данс өгсөн тэгэхээр нь би түүнийг утсан дээрээ тэмдэглэж аваад буцаж банк руу ороод 1,800,000 төгрөгийг К.Н-ын өгсөн данс руу шилжүүлсэн" гэснээр, /ХХ-ийн 223-р тал/ Капитрон банкнаас олгосон харилцах дансны хуулганы 25-р мөрд: “.. 2021.07 21 1.800,000.00 П-ээс запас дугуйны үнэ шилжүүлэв” гэснээр /ХХ-ийн 17- р тал/

            Хавтаст хэргийн 49-р талд авагдсан баримтад ‘ ..П ХХК-аас запас дугуйн үнийг иргэн Б.А-, Х.Н- нарт өгсөн учраас дугуйны үнэ болох 1,800.000 төгрөгийг Х.Н-аас бэлэн авсан нь үнэн болно. Х.Е- 2021.08.01 99053713” гэснээр,

Гэрч Х.Е- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт ‘'...Х.Н-аас Ковш-50 загварын тракторын шүдний мөнгө гэж 1,6 сая төгрөг авсан шиг санагдаж байна. тухайн мөнгийг бэлнээр аваад одоо надад бэлнээр байгаа” гэснээр, /ХХ-ийн 51 52 дахь тал/

Гэрч Х.Н- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: "...Е- өөрөө бичиг үйлдэж гарын үсэг зурж өгсөн. Би түүнд мөнгө орсон даруйд тэр онд нь мөнгийг өгсөн байгаа. Би дээр танд хэлсэн тус сумын Засаг дарга, ард иргэдэд шаардсан учраас би дугуйны мөнгийг Б-ээс авч өгсөн” гэснээр /ХХ-ийн 59-60-р тал/,

5.3. Ногооннуур суманд нийлүүлсэн Ковш-50 автомашиныг хүлээн авсан комиссын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн актын 3 гэсэн хэсгийн хүснэгтэд: “..Дугаартай, 5 дугуй шинэ, механик, дөрвөн хэлхээ маш сайн" 1ХХ-ийн 8-р тал/ гэсэн зэрэг нотлох баримтуудыг харьцуулж үзвэл шүүгдэгч Х.Н- нь тендерт огт хамааралгүй байтлаа албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эхнэр Б.А-ын ***********тоот дансаар сэлбэг дугуйг нийлүүлэхгүйгээр хувьдаа зарцуулж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэсэн шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болсон. Өөрөөр хэлбэл шүүх хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

5.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/255 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Н-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

6.1. Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг би үйлдээгүй, түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн шинжгүй гэдэг зүйлийг ярьж байна. Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй, өөрт хамааралгүй нь зүйлд албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу бий болгосон. Ямар давуу байдал бий болгосон гэхээр  эхнэрийнхээ дансаар дамжуулж сэлбэг дугуйн мөнгө болох 1,800,000 төгрөг авсан боловч тухайн мөнгө нь  дээрх данснаас гараагүй, тухайн мөнгийг авсан цаг тухайд нь өгөөгүй үйл баримт хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсонд.

 Тодруулбал, гэрч Е-ын мэдүүлэг байна. Үүнд, “надад мөнгө авчиж өгсөн тухайн мөнгийг би тоолж аваагүй боловч дараа нь тоолж үзэхэд 1,780,000 төгрөг байсан, “уг мөнгийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өгсөн” гэж хэлээрэй гэж надад хэлсэн. Үнэндээ тухайн мөнгийг 8 дугаар сарын 01-ний өдөр өгсөн” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөхдөө тус тус мэдүүлсэн байдаг.

6.2. Иймд Х.Н-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эргэлзээгүйгээр бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 255 дугаартай  шийтгэх  тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргаж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын талаар шүүгдэгч Х.Н- болон түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүх хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

9. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан хийгээд прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Н- нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус аймгийн Ногооннуур сумаас сонгогдсон төлөөлөгчийн хувьд Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газарт Ковш-50 маркийн хүнд механизм авах саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж хэлэлцүүлэн, улмаар тус аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга  хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тухайн ажлыг 140.000.000 төгрөгийн төсөвт өртгөөр тусгуулж батлуулан, тус барааг нийлүүлэхээр тендерт шалгарсан “П” ХХК-ийн дансанд 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 130.080.000 төгрөг орсны дараа тус төсөл, тендерт огт хамааралгүй атлаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эхнэр Б.А-ын ХААН банк дахь ***********дугаар дансаар тухайн хүнд механизмын нөөц сэлбэг дугуй нийлүүлэх нэрийдлээр 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авч, хувьдаа зарцуулсан нь нотлогдож, тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

10. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36 дэх заалтад "төсвийн ерөнхийлөн захирагч" гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг, мөн зүйлийн 4.1.38 дэх заалтад "төсвийн шууд захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20 дахь хэсэгт зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч байх бөгөөд Сангийн сайдын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 3.3.1-3.3.5 дахь заалтад зааснаар ОНХНС-аас олгох ОНХС-ийн шилжүүлгийг хууль, журамд заасны дагуу үнэн зөв тооцоолж сум, дүүргийн ОНХС-д хуулийн хугацаанд шилжүүлэх, ОНХС-ийн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, Сум, дүүргийн ОНХС-ийн хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлэх цаашид авах арга хэмжээг зохион байгуулах нь тухайн шатны аймаг, нийслэлийн Засаг даргын чиг үүрэг байхаар хуульчилсан байна.

 

Гэтэл шүүгдэгч Х.Н- нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж, 37.1.2 дахь заалтад “өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх хууль бус, шударга бус байдалтай эвлэрэхгүй байх” гэж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтад “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж, 7.1.7 дахь заалтад “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэж, 6.3 дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувьд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтад “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” гэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлж, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд Ковш-50 маркийн хүнд механизм авах саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж хэлэлцүүлэн, тус аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга  хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын 3.10-д “Ногооннуур суманд Ковш-50 нийлүүлэх ажил” гэж 140.000.000 төгрөгийн төсөвт өртгөөр тусгуулж батлуулсан боловч тус барааг нийлүүлэхээр тендерт шалгарсан “П” ХХК-ийн дансанд 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 130.080.000 төгрөг орсны дараа тус төсөл, тендерт огт хамааралгүй атлаа тухайн хүнд механизмын нөөц сэлбэг дугуйг бүрэн нийлүүлээгүй гэх шалтгаанаар тус компанийн ерөнхий захирал ажилтай Х.Б-ээс буюу “П” ХХК-ийн данснаас “запас дугуйны үнэ” гэж 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эхнэр Б.А-ын ХААН банк дахь ***********дугаар дансаар 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа зарцуулсан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу албан тушаалын байдлаар урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй байх тул “анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй” гэх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

11. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Х.Н-ын дээрх хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, тухай гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна.

 

12. Шүүгдэгч Х.Н- нь “П” ХХК-ийн данснаас “запас дугуйны үнэ” гэж 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эхнэр Б.А-ын ХААН банк дахь ***********дугаар дансаар 1.800.000 төгрөгийг шилжүүлж авч, хувьдаа зарцуулсны дараагаар, мөрдөгчийн тогтоолоор 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас хойш, мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 4 дүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга ажилтай Х.Е-тай уулзаж, түүнд 1,800,000 төгрөгийг Х.Н-аас бэлэн хүлээлгэж өгсөн талаар баримт үйлдэж хүлээлгэн өгөхдөө баримтын огноог “2021.08.01” гэж үйлдсэн нь гэрч Х.Е-ын мэдүүлэг, тухайн баримт, /2хх-ийн 49, 52 дахь тал/, мөрдөгчөөс эд зүйлийг хураан авсан тухай 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон. Тодруулбал, шүүгдэгч Х.Н- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумаас сонгогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сэлбэг дугуй нийлүүлэх нэрийдлээр 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “П” ХХК-ийн данснаас өөрийн эхнэр Б.А-ын ХААН банк дахь ***********дугаар дансаар 1.800.000 төгрөгийг шилжүүлж хувьдаа зарцуулснаар уг гэмт хэргийг төгссөнд тооцох бөгөөд тухайн мөнгөн хөрөнгийг 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын эхэн хүртэл хугацаанд хувьдаа зарцуулсан атлаа түүний дээрх хууль бус үйлдэл холбогдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа эхэлмэгц 2023 оны 4 дүгээр сард Ногооннуур сумын Засаг даргад бэлнээр хүлээлгэж өгсөн үйлдэл нь түүний үйлдсэн албан тушаалын байдлаар урвуулан ашиглах гэмт хэргийг үгүйсгэх, гэм буруутай этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

13. Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Х.Н-аас түүний Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргад бэлнээр хүлээлгэж өгсөн гэх 1,780,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт хураан авсан байхад шүүхийн шатанд Орон нутгийн хөгжлийн сангийн дансанд дахин 1,800,000 төгрөгийг нөхөн төлүүлсэн нь хуульд нийцээгүй байна.

 

14. Шүүгдэгч Х.Н-аас Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга Х.Е-ад 2023 оны 4 дүгээр сарын эхээр бэлнээр хүлээлгэж өгсөн 1,780,000 төгрөг нь түүний албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сэлбэг дугуй нийлүүлэх нэрийдлээр 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “П” ХХК-ийн данснаас өөрийн эхнэр Б.А-ын ХААН банк дахь ***********дугаар дансаар шилжүүлэн авсан буюу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө мөн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар хуульчилсан.

Хураан авсан хөрөнгийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тул мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 14:30 цагт хойшлуулшгүйгээр явуулж, хожим прокурорын тогтоолоор хүчинтэйд тооцуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга Х.Е-аас /шүүгдэгч Х.Н-аас Х.Е-ад бэлнээр өгсөн/ хураан авсан, хэрэгт хавсаргасан 1,780,000 төгрөгийг давж заалдах шатны шүүхийн энэ магадлал хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Баян-Өлгий аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 100020052400 тоот дансанд оруулж, шүүгдэгчийн шүүхийн шатанд зохих дансанд илүү төлсөн 1,780,000 төгрөгийг тухайн данснаас гаргуулж, буцаан олгох нь хууль ёсны зарчимд нийцэх учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн зохих хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, 8 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан 1,780,000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 100020052400 тоот дансанд оруулсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч Х.Н- болон түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцож Баян-Өлгий аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 100020052400 тоот дансанд төлсөн 1,800,000 төгрөгөөс илүү төлсөн 1,780,000 /нэг сая долоон зуун наян мянга/ төгрөгийг тухайн данснаас буцаан гаргуулж Х.Н-ад олгож, үлдсэн 20,000 төгрөгийг хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК