Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/01692

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Т нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/02220 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Т хариуцагч Э ХХК -д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 17 267 387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.Тунгалаг нь 2019 оны 04 сарын 05-ны өдөр Э ХХК -ийн 53-26 УНТ улсын дугаартай Улиастай-Дэнжийн 1000-ын чиглэлд зорчигч тээвэрлэлт хийдэг нийтийн тээврийн автобусанд зорчиж явсан. Гэтэл Монгол 3 дугаар сургууль орчимд автобусны жолооч огцом хүчтэй гэнэт тоормосолсны улмаас Д.Тунгалаг автобусан дотор хүчтэй савж унасан. Жолооч нь 2-3 буудал газар явсны дараа түүн дээр ирсэн ба тэндээс Д.Т нөхрийг дуудаж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд биеийн байдал маш муу хүргэгдсэн. Соронзон томограф \MRI\-ын шинжилгээгээр бүсэлхийн бүх түвшинд нугалам хоорондын диск дегенератив өөрчлөлтөд орсон, бүсэлхийн Л3\Л4, Л4\Л5, Л5\C1 нугаламуудын түвшинд нугалам хоорондын диск арагш нугасны суваг руу тархмалаар цүлхийсэн, 2 талын форанимал зай нарийссан. Мэдрэлийн гарах ёзоор шүргэсэн. Нугасны сувагт нарийсал үүссэн. Сээрний тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээгээр C1-C7-н түвшинд буюу сээрний болон бүсэлхийн түвшинд хийгдсэн томограммууд дээр Т11-р нугалмын их бие шахагдсан хугаралтай, уг нугаламын их биеийн арын хана бүрэн бүтэн байдлаа алдсан. Энэ түвшинд АР хэмжээ-1, 1 см болж багассан. С5-р нугалмын баруунаас урагш баруун ар хана руу үргэлжилсэн хугаралтай, С6-р нугаламын баруун Ламина урд хэсэгт хугаралтай, мөн уг нугалмын баруун хэсэг, баруун урд хана руу үргэлжилсэн хугаралтай гэсэн онош тавигдсан.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас 2019 оны 04 сарын 11-ний өдөр 190901458 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллагаа явуулсан. Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2019 оны 09 сарын 20-ны өдрийн 1185 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр Д.Тунгалагт хүнд зэргийн хохирол учирсан гэсэн. Гэвч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 94 дугаартай тогтоолоор дээрх хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэж, хэргийг хаасан юм.

Дээрх ослын улмаас Д.Тунгалаг одоо хүртэл хүний асаргаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа бөгөөд хүү П.Болор-Эрдэнийг ажлаас нь урт хугацааны цалингүй чөлөө авхуулж асруулж байгаа болно. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу Э ХХК -ийн 53-26 УНТ улсын дугаартай автобусны жолооч Ц.Амарбаатарын үйлдэл, тээврийн хэрэгсэл ашиглалтын улмаас надад учирсан гэм хор, хохирлыг түүний ажил олгогч бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшигч Э ХХК хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу 1 сарын хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 320 000 төгрөг буюу 12 сарын хугацаанд 3 840 000 төгрөг нэхэмжилж байна. Иймд шинжилгээний зардал 1 862 800 төгрөг, эм тарианы зардал 1 362 587 төгрөг, эмнэлгийн хэрэгслийн зардал 1 062 000 төгрөг, хөдөлгөөн заслын эмчээр 3 сарын турш хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгэсэн ажлын хөлс 1 340 000 төгрөг, сахиурын зардал 2 800 000 төгрөг, олох ёстой байсан орлого 1 сарын хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 320 000 төгрөг буюу 12 сарын хугацаанд 3 840 000 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохирол 5 000 000 төгрөг, нийт 17 267 387 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Д.Тунгалаг нь 2019 оны 04 сарын 05-ны өдөр Э ХХК -ийн Улиастай-Дэнжийн 1000 чиглэлд явдаг 53-26 УНТ улсын дугаартай Хьюндай 540 маркийн автобусанд зорчин явж байсан. Тухайн үед автобусны жолооч Ц.Амарбаатар нь автобусыг зогсоох үйлдэл хийх үед хүчтэй тоормосолсны улмаас Д.Тунгалаг автобусан дотор унаж гэмтэл авчээ. Энэ асуудлыг Д.Тунгалагаас гаргасан гомдлын дагуу Сүхбаатар Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэрэг бүртгэх тасаг хүлээн авч хэрэг бүртгэлтийн 190901458 тоот хэрэг нээж шалгасан байдаг. Э ХХК -ийн эзэмшлийн Хьюндай 540 маркийн 53-26 УНТ улсын дугаартай автобусны жолооч Ц.Амарбаатар нь 2019 оны 04 сарын 05-ны өдөр Улиастай- Дэнжийн 1000 чиглэлд явахдаа Монгол 3 дугаар сургуулийн урд явах үед автобусны урд явж байсан тээврийн хэрэгсэл гэнэт тоормослох үед жолооч нь аюул, саад бий болсон үед зогсох арга хэмжээг авч тээврийн хэрэгслээ зогсоосон бөгөөд техникийн шинжээчийн 426 дугаартай дүгнэлтээр Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй болохыг тогтоосон. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 94 дугаартай тогтоол гарч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй, гэм буруугүй болохыг тогтоосноор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг тогтоолоор жолооч Ц.Амарбаатарын хувьд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрээр нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулаагүй, харин Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг бүрэн зогсоож зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан гэмт хэргийн шинжгүй гэм буруугүй хэмээн үзсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК -д холбогдох гэм хорын хохиролд 17 267 387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 297 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Д.Т зорчиж явсан тээврийн хэрэгслийн жолооч огцом тоормос гишгэснээс болж түүний биед хүнд гэмтэл учирсантай маргахгүй гэж дүгнэсэн атлаа өмчлөгчийн буруугаас гэм хор учирсныг нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйл нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэм буруутай эсэхээс үл хамаарч хохирлыг нөхөн төлөх талаар тусгайлсан зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн цагаас эхлэн өөрийн хүсэл зоригоос үл хамааран бусдад аюул учруулах боломжтой өөрөө явагч тээврийн хэрэгсэл буюу аюултай объект гэж үздэг. Тиймээс тухайн аюултай объектыг эзэмшиж, өмчилж байгаа этгээд өөрийн буруутай эсэхээс үл хамаарч хохирлыг нөхөн төлөх хуулийн зохицуулалттай. Э ХХК нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч гэдэгтэй маргадаггүй. Хэрэгт тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдаагүй боловч энэ талаар анхнаасаа маргаагүй. Тээврийн хэрэгслийн ашиглалт гэх ойлголт нь тухайн тээврийн хэрэгсэл мотороо асаагаад замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн цагаас эхлээд яригдана. Тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад Д.Тунгалаг унаж нуруу, хүзүү нь хугарсан. Мөн хамгаалах хэрэгслээс барьж явсан гарын булчин урагдаж хүнд гэмтэл авсан үйл баримт хангалттай тогтоогдсон. Хэрэв тухайн тээврийн хэрэгслийг жолооч огцом тоормос гишгээгүй байсан бол зорчигчид хүнд гэмтэл учрахгүй байсан. Тээврийн хэрэгслийн жолооч эрүүгийн хэрэгт гэм буруугүй боловч иргэний эрх зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх ёсгүй. Шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Анхан шатны шүүх тухайн харилцааг зохицуулсан тусгайлсан зохицуулалт буюу Автотээврийн тухай хуулийг огт хэрэглээгүй. Автотээврийн тухай хуулиар зорчигч тээвэр, ачаа тээврийн харилцааг нарийвчлан зохицуулсан. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагад 11 үүргийг онцгойлон заасан. Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1-д ...зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаанд аюул, хохирол учруулахгүй байх гэж, 10.2.2-т ачаа, зорчигчийг тав тухтай, аюул осолгүй тээвэрлэх гэж 10.2.21 тээвэрлэлтийн ажил үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх гэж тус тус заасан. Гэтэл хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй байхад шүүх энэ хуулийг хэрэглээгүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй гэх үндэслэлээр иргэний хариуцлагаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй.

Энэ хэрэг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр болсон ба Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.2 дахь хэсэгт зааснаар тээвэрлэгч нь тухайн тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой дүрэмд заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 201 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм 2020 онд хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн. Тус дүрмийн 6.1-д ...тээвэрлэгч нь зорчигч болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, ачаа тээшинд учирч болзошгүй хохирлыг даатгалын байгууллагаар даатгуулна гэж заасан. Хэрэв дүрэмд заасан үүргээ биелүүлж зорчигчоо даатгуулсан бол миний үйлчлүүлэгч Э ХХК -тай маргахгүйгээр даатгалын байгууллагаас хохирлоо нэхэмжлэх байсан. Гэтэл хариуцагч компани дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд дүрэмд заасан хариуцагч заасан хүлээхгүй гэж дүгнэсэн атлаа энэ дүрмийг хэрэглээгүй. Дүрмийн 6.1-д заасан тээвэрлэгч нь зорчигчоо даатгуулах үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй. Хэрэв шүүх энэ дүрмийг үндэслэн хариуцагчийг хариуцлагаас чөлөөлж байгаа бол энэ дүрмийг бүхэлд нь хэрэглэж даатгалд даатгуулсан эсэхийг дүгнэх ёстой байсан.

Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д зааснаар жолооч нь хөдөлгөөний эрчим, хөдөлгөөний нягтрал, цаг агаарын нөхцөл, замын байдал зэргийг харгалзан өөрийн хурдыг тохируулж явах ёстой. Хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд тухайн зорчигч хамгаалах хэрэгслээс барьж байсан бөгөөд зорчигчийн буруу байхгүй гэсэн дүгнэлттэй. Хамгаалах хэрэгслээс барьж явсан зорчигчийн гарын булчинг урагдтал тоормос гишгэсэн нь огцом тоормос гишгэснийг харуулж байна. Мөн зорчигчийн нуруу 2 үеэрээ, хүзүү хугарсан. Эдгээр үйл баримтыг шүүх үндэслэл болгоогүй. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч н.Амарбат эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөнтэй маргахгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт мөрдөгч магадалгаа гаргадаг. Мөрдөгч магадалгаа гаргахдаа хэрэгт авагдсан баримтад тулгуурлаж эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж гаргадаг. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зөвшөөрдөг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, тусгай мэдлэг шаардсан асуудлаар шинжээч дүгнэлт гаргадаг. Эрүүгийн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь гэмт хэрэг мөн эсэх асуудлаар дүгнэсэн болохоос иргэний хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч гэм буруутай эсэхээс үл хамааран хариуцлага хүлээнэ гэх заалтыг хэрэглэхгүй юм бол энэ талаар зохицуулалт байх шаардлагагүй. Хэрэв гэм буруутай тохиолдолд тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцлага хүлээх юм бол эрүүгийн хэрэгт шалгагдаж гэм буруутай нь тогтоогдоод эрүүгийн хариуцлага хүлээж, хохирлоо төлүүлэх боломжтой. Энэ тохиолдолд жолоочийн гэм буруутай нь тогтоогдоогүй эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн учраас иргэний журмаар нэхэмжлэл гаргасан. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасныг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Д.Тунгалаг нь хариуцагч Э ХХК -д холбогдуулан гэм хорын хохирол гэж шинжилгээ хийлгэсэн зардал 1 862 800 төгрөг, эмнэлгийн хэрэгслийн зардал 1 062 000 төгрөг, эм, тарианы зардал 1 362 587 төгрөг, хөдөлгөөн заслын эмчилгээний зардал 1 340 000 төгрөг, сахиурын зардал 2 800 000 төгрөг, олох ёстой байсан орлого 3 840 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг, нийт 17 267 387 төгрөгийг нэхэмжилжээ. /хх 1-4, 95-96/

 

Хариуцагч Э ХХК нь түүний эзэмшлийн 5326 УНТ улсын дугаартай Улиастай-Дэнжийн 1000 чиглэлийн автобусыг 2019 оны 04 сарын 05-ны өдөр тус компанийн жолооч Ц.Амарбаатар жолоодон явахдаа огцом тоормосолсны улмаас нэхэмжлэгч Д.Т биед хүнд гэмтэл учирсан үйл баримтын талаар маргадаггүй боловч эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлтээр жолооч Ц.Амарбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй болох нь тогтоогдсон учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт учирсан гэм хор түүний буруугаас болоогүй нь нотлогдсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

Анхан шатны шүүх дээрх маргааныг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн автобусны жолооч Ц.Амарбаатарын гэм буруу тогтоогдоогүй үндэслэлээр Д.Т нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь талуудын хооронд үүссэн маргаан нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын маргаан байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах зохицуулалтыг хэрэглэн зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд зөв болно. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийн зохицуулалт нь тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж замын хөдөлгөөнд оруулсан жолоочийн гэм буруу тогтоогдсон байхыг шаарддаггүй. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүргийг хүлээх агуулгатай юм.

 

Иймд нэхэмжлэгчийн зорчин явсан тээврийн хэрэгслийн жолооч Ц.Амарбаатар огцом зогсолт хийсний улмаас зорчигч буюу нэхэмжлэгч Д.Т эрүүл мэндэд хохирол учирсан тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч Э ХХК нь нэхэмжлэгч Д.Т эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээнэ.

 

Үүнээс гадна зорчигч тээврийн үйлчилгээ бусдад үзүүлж буй тээврийн хэрэгслийн жолооч нь огцом зогсолт хийх нөхцөл байдал үүсгэхгүйгээр хөдөлгөөнд оролцох, хурдаа тохируулан явах учиртай бөгөөд тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотойгоор зорчигч Д.Тунгалаг унаж, хүнд гэмтэл авахгүй байсан болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь нийт 1 862 800 төгрөгийн шинжилгээ хийлгэсэн, 1 062 000 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл авсан болох нь тогтоогдсон ба эдгээр зардал нь 2019 оны 04 сарын 05-ны өдөр Улиастай-Дэнжийн 1000 чиглэлийн автобусанд зорчиж явахдаа авсан хүнд гэмтэлтэй шалтгаант холбоотой байх тул холбогдох шаардлагыг хангах нь зүйтэй. /хх 13-26/

 

Харин эм, тарианы зардал 1 362 587 төгрөг, хөдөлгөөн заслын эмчилгээний зардал 1 340 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хэрэгт өгсөн баримтад заагдсан эм, тариаг хэрэглэх, хөдөлгөөн заслын эмчилгээг хийлгэх шаардлагатай талаар эмчийн заавар, жор авагдаагүй байх тул гэм хорын хохиролтой шууд шалтгаант холбоотой хохирлыг нотлох баримт гэж үзэж хариуцагчаас гаргуулах боломжгүй байх тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Д.Т биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд хохиролд хамаарах бөгөөд цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд гэмтлийн эдгэрлээс хамаарна хэмээн дүгнэсэн байх тул асаргаа сувилгаа болон хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас баримтаар нотлогдож буй хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Тунгалаг нь бусдын асаргаанд орж, 8 сар гаруй хугацаанд хэвтрийн дэглэмтэй байсан, өөрийн хүү П.Болор-Эрдэнийг ажлаас нь урт хугацааны цалингүй чөлөө авхуулж 4 сар асруулсан хэмээн тайлбарлаж байна. Гэтэл хэрэгт авагдсан П.Болор-Эрдэнийн нийгмийн даатгалын дэвтрээс үзэхэд /хх 145/ П.Болор-Эрдэнэ нь 500 000 төгрөгийн цалинтай бөгөөд 2019 оны 09, 10 сард цалин хөлс аваагүй буюу ажил хийгээгүй болох нь тогтоогдож байх тул 500 000 х 2 сар = 1 000 000 төгрөгийг гаргуулахаар тооцов. Мөн гэмтэл авсан 2019 оны 04 сарын 05-ны өдрөөс 2020 оны 01 сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хөдөлмөрийн чадвар алдсаны хохиролд 2 923 200 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд заасан тохиолдолд мөнгөн хөрөнгөөр нөхөн төлөх талаар заасан. Сэтгэл санаанд учирсан хохирлыг гэм хорын буюу эрүүл мэндэд учруулсан хохиролтой холбоотойгоор эдийн бус хохирлыг мөнгөөр нөхөн төлөх талаар хуулиар зохицуулаагүй учраас сэтгэл санаанд учирсан хохирол гэх 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч Э ХХК -аас гэм хорын хохиролд нийт 6 848 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тунгалагт олгож, үлдэх 10 419 387 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/02220 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК -аас гэм хорын хохиролд нийт 6 848 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 419 387 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244 297 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 125 418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тунгалагт буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 297 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР