| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2413000000335 |
| Дугаар | 2025/ДШМ/11 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/11
Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Б-д холбогдох эрүүгийн 2413000000335 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгч Т.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Т.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******** төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **хүнтэй, ***** хамт амьдардаг, ************** багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Т.Б- /РД: ***********/ нь 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутын орчимд хөрш зэргэлдээ байх хохирогч Р.Т-ийн гэрт орж, улмаар түүнд “Аавын би өвдөөд Улаанбаатар хот уруу онгоцоор нисэх болсон, би яаралтай эмнэлэг орж, эмчээр гарын үсэг зуруулах шаардлагатай боллоо” гэж хэлэн, хохирогч Р.Т-ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн **-**БӨҮ улсын дугаартай, “Тоуoya ist" загварын тээврийн хэрэгслийн залилан авч, хохирогч Р.Т-д 3500000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
2. Прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 265 дугаартай яллах дүгнэлтээр Т.Б-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолоор:
3.1. Шүүгдэгч Б овогт Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийг эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 1(нэг) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Б-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 4 (дөрөв) сар, 26 (хорин зургаа) хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн. шүүгдэгч Т.Б-ийн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 (хоёр) жил, 6 (зургаа) сар, 26( хорин зургаа ) хоногоор тогтоож,
3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүнийг одоо оршин сууж байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож,
3.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
3.6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б-ээс гэмт хэргийн хор уршигт 250.000 (хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулж, хохирогч Р.Т-д олгож, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэх эсэхээ илэрхийлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Т.Б-ийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/284 тоот дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай. Миний бие Т.Б- нь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4.2. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж үзээгүй юм.
4.3. Би үйлдсэн хэргийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх дүгнээгүй.
4.4. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.
4.5. Шүүгдэгч Т. Б- надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосон юм.
4.6. Т.Б- миний ар гэр, хүүхэд маань Алтанцөгц сум Баян-Өлгий аймгийн дэвсгэрт оршин суудаг байдлыг харгалзан үзээгүй.
4.7. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024\ШЦТ\284 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:
5.1. Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 284 дүгээр шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байна. Учир нь анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр 2 дахь хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргаж байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
6. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Б-ийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэв.
7. Шийтгэх тогтоол “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.
8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх зөрчил тогтоогдоогүй.
9. Шүүгдэгч Т.Б- нь 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутын орчимд хөрш зэргэлдээ байх хохирогч Р.Т-ий гэрт орж, улмаар түүнд “Аавын бие өвдөөд Улаанбаатар хот уруу онгоцоор нисэх болсон, би яаралтай эмнэлэг орж, эмчээр гарын үсэг зуруулах шаардлагатай боллоо” гэж хохирогч Р.Т-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн **-**БӨҮ улсын дугаартай, “Тоуоta ist” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, хохирогч Р.Т-д 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.
10. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг тайлбарлан зүйлчилж, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...хувийн байдал, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялаа эдлээж байх хугацаанд дахин гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлөөгүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон” зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Т.Б-д зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмыг хангасан, ял оногдуулах нийтлэг журмыг зөрчөөгүй байна.
Тодруулбал, шүүгдэгч Т.Б- нь “...хохирогч Р.Т-ий гэрт орж, улмаар түүнд “Аавын бие өвдөөд Улаанбаатар хот уруу онгоцоор нисэх болсон, би яаралтай эмнэлэг орж, эмчээр гарын үсэг зуруулах шаардлагатай боллоо” гэж хэлэн, хохирогч Р.Т-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн **-**БӨҮ улсын дугаартай, “Тоуоta ist” загварын тээврийн хэрэгслийг залилан авч, хохирогч Р.Т-ийг хуурч, итгэлийг нь урвуугаар ашиглаж, мэхлэн тээврийн хэрэгслийг нь залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтаар зүйлчилж, түүнд мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримталж, тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор нэг жил хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь хууль ёсны хийгээд шударга ёсны зарчимд нийцсэн буюу гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг хуульд зааснаар харгалзаж үзсэн байна.
11. Шүүгдэгч Т.Б-ийн гаргасан “...би үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх дүгнээгүй, ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, надад ял оногдуулахдаа Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосон. Миний ар гэр, хүүхэд маань Алтанцөгц сумын нутаг дэвсгэрт оршин суудаг байдлыг харгалзан үзээгүй...” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ял эдлэх хугацаанд дахин гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлөөгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцсэн, шударга ёсны зарчмыг хангасан байна. Иймээс ял шийтгэлийг хөнгөрүүлэхтэй холбогдуулан гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Давж заалдах гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлүүд тогтоогдоогүйг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ