Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/01958

 

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/01958

 

 

Ц.Нармандахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01667 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Нармандахын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Алтай констракшн ХХК-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд Ц.Нармандахыг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Золзаяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Алтай констракшн ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалгын 84 тоот гэрээ байгуулан, уг гэрээгээр Алтай констракшн ХХК-ийн хэрэгжүүлж буй Саруул хотхоны Б блокийн 5 дугаар байрны 20 тоот 72.6 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулж, Алтай констракшн ХХК нь уг орон сууцыг 2015 оны 01 дүгээр улиралд захиалагчид хүлээлгэн өгөхөөр, захиалагч миний бие орон сууцны барилгын нийт үнэ 137 940 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

Дээр дурдсан гэрээнд 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, өмнө захиалсан байсан орон сууцыг Саруул хотхоны В блокийн 6 дугаар байрны 62 тоот 80.4 м.кв талбай болгож, орон сууцны нийт үнэ 152 760 000 төгрөг болж өөрчлөлт оруулж, гэрээний бусад нөхцөл нь үндсэн гэрээний нөхцөлтэй адил байхаар тохиролцсон.

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 84 тоот нэмэлт гэрээ байгуулж, Алтай констракшн ХХК нь гэрээний дагуу хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний хариуцлага тооцож, миний үлдэгдэл төлбөрөөс 614 000 төгрөгийн алданги тооцон хасаж, 2 жилийн хугацаанд автомашины зогсоолыг үнэ төлбөргүй ашиглуулахаар харилцан тохиролцож, орон сууц ашиглалтанд орох үед 26 000 000 төгрөгийг төлж орон сууцны түлхүүр хүлээн авч, үлдэгдэл төлбөр 2 000 000 төгрөгийг түлхүүр хүлээн авснаас хойш 6 сарын дараа төлж барагдуулах, захиалагчийг төлбөр тооцоо 100 хувь төлж барагдуулсан тохиолдолд гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхөөр, ашиглалтад орох хугацаа 2016 оны 4 дүгээр улирал дуустал сунгахаар харилцан тохиролцсон.

Гэрээнд заасны дагуу Алтай констракшн ХХК-д байрны урьдчилгаанд 124 146 00 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тушаасан. Үүнээс хойш байр ашиглалтад орсны дараа 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үлдэгдэл төлбөр 28 000 000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Дээрх захиалсан орон сууцандаа 2017 оны 01 сард нүүж орсон бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Алтай констракшн ХХК нь одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байна.

Иймд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Саруул хотхон, 116 дугаар байр, 62 тоот 80.4 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд Ц.Нармандахыг өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд тусгасан байна, мөн зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан өмчлөгчөөр тогтоолгох, эсхүл тогтоох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг манай компани шийдвэрлэх боломжгүй, холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн эрх бүхий байгууллагад хандахаар асуудал байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Ц.Нармандахыг Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон, 116-р байрны 62 тоот хаягт байрлах 80.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд Ц.Нармандахыг өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгч, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Ц.Нармандахын нэр дээр гаргуулахыг Алтай констракшн ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 918,680 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Алтай констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 918 680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нармандахад буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй бөгөөд энэ талаараа шүүхэд мэдэгдэж хүсэлт гарган холбогдох баримтыг хүргүүлсэн.

Анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх хуралдаан дээр гаргасан, нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх хүсэлтээ дэмжиж буйгаа илэрхийлсэнтэй холбогдуулан уг хүсэлт гаргасан нотлох баримтуудыг Төрийн банкнаас гаргуулах, уг нотлох баримтыг ирүүлэх хүртэл шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буй талаар захирамж уншиж сонсгосон болно. Гэтэл тус иргэний хэрэгт Алтай Констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Б.Мөнхчимэг надад шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааныг хийж, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй хэмээн хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон бүхий л эрхийг зөрчин түүний эзгүйд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй гэрээнүүдийг гарган ирүүлээгүй бөгөөд өөрт нь байхгүй гэх шалтгаанаар Алтай Констракшн ХХК-иас гаргуулах хүсэлт гаргаж, Алтай Констракшн ХХК-иас гарган өгөх боломжгүй талаар 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, хүсэлт гаргасан нотлох баримтуудыг Төрийн банкнаас гаргуулахаар захирамжилсан бөгөөд үүнээс хойшхи хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын баримт бичгүүдтэй болон нотлох баримтуудтай танилцах нөхцөл боломжоор хангаагүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй асуудлаар шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх үзэл санааг зөрчиж байгаа нь мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Нармандах нь хариуцагч Алтай констракшн ХХК-д холбогдуулан, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхон, 116 дугаар байрны 62 тоот хаягт байрлах 80.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.Нармандах болон Алтай констракшн ХХК-ийн хооронд 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхон орон сууцны хорооллын Б блокын 5 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхрын 20 тоот 72.6 м.кв талбай бүхий орон сууц, гэрээний үнэ нь 137 940 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон ба уг гэрээнд 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрчлөлт оруулж, гэрээний зүйлийг мөн байрны 62 тоот 80.4 м.кв талбай бүхий сууц, гэрээний үнийг 152 760 000 төгрөг болгож, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 152 760 000 төгрөгөөс 614 000 төгрөгийн алдангийг хасч тооцохоор харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан харилцааг гэрээний нэршлээс үл хамаарч гэрээгээр харилцан хүлээх үүргийг тодорхойлох замаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн зөв болжээ.

 

Нэхэмжлэгч буюу худалдан авагч Ц.Нармандах нь гэрээний үнэ болох 152 146 000 төгрөгийг төлж гэрээний үүргийг биелүүлсэн нь Улаанбаатар хотын банк болон Хаан банкны баримтаар тогтоогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлйн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Нармандах гэрээний зүйл болох орон сууцыг 2017 оны 01 сард эзэмшилдээ шилжүүлэн авсан үйл баримтын талаар маргаагүй гэж анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Хариуцагч буюу худалдагч Алтай констракшн ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр шилжүүлэх учиртай.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага найруулгын хувьд алдаатай боловч анхан шатны шүүх түүний шаардлагыг хуульд заасны дагуу тодруулахдаа алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг гэрээний талын аль аль нь гүйцэтгэх боломжтой хэдий ч бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг хариуцагч тал бүрдүүлж өгөх юм.

 

Холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийг илэрхийлэх замаар улсын бүртгэлийг хийлгүүлэх боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үнийг төлсөн нэхэмжлэгч нь уг орон сууцны өмчлөгч болох тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч хариуцагч нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэхгүйгээс гадна нэхэмжлэгчийг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргах хууль зүйн боломжгүй тул энэ агуулгаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн шүүх тодорхойлох нь зөв юм. Энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах нь зөв боловч эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг даалгах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүх оруулав.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу Алтай констракшн ХХК-иас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн ба мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгасан байна. Иймд энэ өдрийн захирамжаар нотлох баримтыг Төрийн банкнаас гаргуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрээ өөрчилсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч талд шуудангаар 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн нь хэргийн 84 дэх талд баримтаар авагдсан шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогджээ. Уг мэдэгдэх хуудаст хариуцагчийн хаягийг шүүхэд тодорхойлж өгсөн Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, Твин тауэр-1, 7 давхар, хариуцагч Алтай констракшн ХХК, төлөөлөгч Б.Мөнхчимэгт гэж нэр заан хүргүүлсэн байна. Иймд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байхаас гадна хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01667 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Ц.Нармандахыг Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхон, 116 дугаар байрны 62 тоот хаягт байрлах 80.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд Ц.Нармандахыг өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Алтай констракшн ХХК-д даалгасугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Алтай констракшн ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 918 680 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА