Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/12

 

Ш.Х-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/285 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ш.Х-д холбогдох эрүүгийн 1913003190173 дугаартай, 6 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Я.Сьезд, Н.Нарантуяа нарын тус тус давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Дорждэрэм, шүүгдэгч Ш.Х-, түүний өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ******* төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл ** хүнтэй, ********хамт амьдардаг, ************** оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ж овогт Ш.Х- /РД:***********/ нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр А/481 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгох” тухай захирамж гаргаж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “Ж-” ХХК-д тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт урсах Ховд голын дэргэд хайрга олборлох зөвшөөрөл олгон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаар яллах дүгнэлтээр Ш.Х-д дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  2024/ШЦТ/285 дугаар шийтгэх тогтоолоор:   

3.1. Шүүгдэгч Ж овогт Ш.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 4 сарын хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

4. Шүүгдэгч Ш.Х-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Ш.Х- нар бид Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 2024\ШЦТ\285 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч гэх Ш.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага тооцож байгаа явдлыг зөвшөөрөхгүй байна.

4.3. Шүүгдэгч Ш.Х-ыг цагаатгах нотлох баримтууд: Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолоор анх “Ж-” ХХК-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ба Ш.Х-ын үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээгээгүй нөхцөл байдал \1-р х.х-ийн 1-р талд\  Гэрч М.М-ийн мэдүүлэгт “...Аймгийн Засаг даргын орлогч Ш.Х-ын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А\481 дугаар захирамжийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өлгий сумын 4 дүгээр багт хамаарах захирамжид заасан солбицолд заасан газраас 28 камаз машин хайрга ачсан ба бид хайрга ачиж байхад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох хүмүүс ирж аймгийн Засаг даргын орлогч Ш.Х-ын 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А\481  дүгээр захирамж хууль бус гэж бидний үйл ажиллагааг зогсоосон юм. Тэрний дараагаар буюу 2019 оны 8 дугаар сарын дунд үед тухайн талбайн зарим хэсэгт нь нөхөн сэргээлт хийж 30 камаз хайрга ачиж Өлгий сумын шинээр тавьж буй замын ажилд хэрэглэсэн болно. Манай “Ж-” ХХК нь тухайн талбайгаас нийт 58 камаз буюу 1044 м.Куб хайрга олборлож Өлгий сумын зам засварын ажилд зарцуулсан болно. Манай компани зүгээс зам засварын ажилд хайрга хэрэгтэй байна, шийдвэрлэж өгөөч гэж аймгийн Засаг даргын орлогч амаар хүсэлт тавьж шийдвэрлэсэн ба ямар нэгэн байдлаар бичгээр хандсан зүйлийн талаар би сайн мэдэхгүй байна. ... Манай “Ж-” ХХК 2019 онд 58 камаз буюу 1044 м.куб хайргыг авч үүнээс 971,6 м.кубыг уг авто замын ажилд ашиглаж манай компанийн хашаанд 72,4 м.куб хайрга байгаа” гэснээр, гэрч Б.К-ий мэдүүлэгт “...Манай “Ж-” ХХК-ийн зүгээс аймгийн Засаг даргын орлогчид албан ёсоор бичгээр хүсэлт тавьсан асуудал байхгүй зөвхөн биеэр уулзаж Өлгий сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хайрга олборлож Өлгий сумын зам засварын ажилд зарцуулах шаардлагатай байна гэж амаар хүсэлт тавьсны үндсэн дээр захирамж гаргуулан хайрга олборлосон нь үнэн. Дээрх “Ж-” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.К, ерөнхий инженер М.М- нарын гэрчээр өгсөн байцаалтын агуулга нь тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай хуучин барилгын трестийн ашиглаж байсан хайрганы карьераас Өлгий хот доторх 18 км хатуу хучилттай автозамыг шинээр барих, өргөтгөн засварлах ажилд шаардагдах хайрга ашиглаж, тус газарт нөхөн сэргээлт хийх талаар аймгийн удирдлагад удаа дараа хүсэлт тавьж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

4.4. Уг хэрэгт гэрчээр Ш.Х-ыг асуусан анхны тэмдэглэлд Ш.Х- нь уг гэмт хэргийг санаатайгаар үйлдээгүй, нийтийн ашиг сонирхлын үүднээс шийдвэр гаргасан гэж дэлгэрэнгүй мэдүүлсэн байдал \1-р х.х-ийн 17-18-р талд\. Түүнчлэн Ш.Х- нь яллагдагчаар мэдүүлэг өгөхөд өөртөө холбогдуулж буй гэмт хэргийг үйлдээгүй тухай дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн нөхцөл байдал \2-р х.х-ийн 142-144-р талд\

4.5. Гэрч А.Г-ы мэдүүлэгт “Асуулт: Та 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Ж-” ХХК-нд Өлгий сумын нутаг дэвсгэрт орших эзэнгүй орхигдсон хайрга олборлох карьерт нөхөн сэргээлт хийх явцад овон, товон ирмэгийг стандартын дагуу тэгшлэхэд гарсан хайргыг зам засварын ажилд ашиглах талаар 1-01\938 албан тоот өгсөн байна. Энэ ямар учиртай юм бэ?  гэхэд, хариулт: би “Ж-” ХХК-нд ямар нэгэн газраас хайрга олборлох талаар ямар нэгэн шийдвэр гаргаж өгөөгүй, харин Өлгий сумын 4 дүгээр багт байгаа хуучин карьерын нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэж овон, товон стандартын дагуу тэгшлэх явцад гарсан хайргыг зам шинээр тавих ажилд ашиглаж болох талаар албан тоотоор үүрэг болгосон юм“ гэжээ. \1- х.х-ийн 19-р талд\

4.6. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Өлгий сумын төвд шинэ баригдаж байгаа 10,4 км хатуу хучилттай авто замын трасст баригдсан айлын хашаа байшин, гэрлэн дохионы шон, сурталчилгааны самбар, гэрэлтүүлгийн багана, шугамыг буулгуулах ажлын хэсэг байгуулах тухай” А\284 дугаартай захирамжийн 1 дэх хэсэгт Өлгий сумын төвд шинээр баригдаж байгаа 10,4 км хатуу хучилттай авто замын трасст баригдсан айлын хашаа байшин, гэрлэн дохионы шон, сурталчилгааны самбар, гэрэлтүүлгийн багана, шугамыг буулгах ажлын хэсгийн ахлагчаар Ш.Х-ыг томилсон нөхцөл байдал. \1-р х.х-ийн 29-30-р талд\

4.7. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019.08.08-ны өдрийн 1-01\938-р албан бичигт “Ж-” ХХК-ний захирал Б.К- Танаа. “Аймгийн Засаг даргын шийдвэрээр  танай байгууллагыг Өлгий сумын нутаг дэвсгэрт орших эзэнгүй орхигдсон хайрганы карьерт нөхөн сэргэлт хийх явцдаа овон, товон ирмэгийг стандартын дагуу тэгшлэхэд гарсан хайргыг замын тээн байгуулалтын ажилд ашиглах талаар чиглэл өгсөн боловч хэрэгжилт нь хангалтгүй байна. Иймд дээрх шийдвэрийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж, орхигдсон талбайн нөхөн сэргээлт хийж гүйцэтгэн, Өлгий хот доторх 10,4 км хатуу хучилттай автозамыг шинээр барих, өргөтгөн засварлах ажлыг хугацаанд дуусгаж ашиглалтад оруулахыг үүрээ олгож байна. Засаг дарга А.Г-” гэжээ.

4.8. Ш.Х-ын дансны депозит дансны хуулгаар эргэлзээтэй гүйлгээ хийгдэж байгаагүй нь тогтоогдсон.

4.9. Яллагдагч Ш.Х-ын 2020.05.08-ны өдрийн Баян-Өлгий аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Паридад гаргасан хүсэлт \2-р х.х-ийн 18-22-р талд\, Монголын Өмгөөлөгчдийн болон Хуульчдын холбооны гишүүн, хуульч-өмгөөлөгч Б.Даваажаваас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 67 тоотоор, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 тоотоор Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Баярмагнайд гаргаж байсан хүсэлтүүд \2-р х.х-ийн 243-246-р талд\, яллагдагч Ш.Х-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нараас 2022.03.09-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Баярмагнайд гаргасан “Яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгуулах тухай” хүсэлт \3-р х.х-ийн 133-136-р талд\, яллагдагч Ш.Х-аас Монгол улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын Тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд 2022 оны 03 дугаар 16-ны өдөр гаргасан гомдол. Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Саруултөгөлдөрөөс 2023.07.25-ны өдрийн 48 дугаартай албан бичгээр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Хуланд гаргасан Яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай“ хүсэлт, яллагдагч Ш.Х-аас 2023.07.27-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын Тэргүүн зөвлөх Ц.Ариунболдод гаргасан гомдол \4-р х.х-ийн 246-248-р талд\, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Саруултөгөлдөрөөс 2023.08.08-ны өдөр “Монгол улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд гаргасан “Яллагдагчаар татах тухай тогтоол хүчингүй болгуулах тухай“ 52 дугаартай гомдол,  \4-р х.х-ийн 239-242-р болон 5-р х.х-ийн 5-9-р талд\ Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Н.Нарантуяагаас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт.

4.10. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Паридагын 2020.07.10-ны өдрийн 5\94 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд “...Хэргийг шалгах явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ш.Х-ын үйлдэлд хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг буюу төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн болон төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулсан зэрэг бусад хор уршиг учруулсан үйлдэл тогтоогдохгүй байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн хэрэг бүртгэлтийн 191300319 дугаартай хэргийг хаасугай” гэжээ.

4.11. Б.К-ий иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэгт: “Асуулт: Та Баян Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутгаас хайрга авах талаар хэнд анх санал тавьж байсан вэ? Та 2019 оны 06 дугаар сарын сүүлээс 07 дугаар сарын эхэн хүртэлх хугацаанд хайргыг Ш.Х-ын захирамжаар авсан бол 2019 оны 08 дугаар сард авсан хайргыг хэний зөвшөөрлөөр авч байгаа юм вэ? Ш.Х- нь захирамждаа 7 хоногийн хугацааг заасан байхад та 08 дугаар сард аваад байгаа хайргыг хаанаас хэний ямар зөвшөөрлөөр авч байсан вэ? хариулт: Тухайн үед буюу 2019 оны 06 дугаар сард Баян-Өлгий аймгийн Засаг дарга Г-д хайрга авах хүсэлтээ албан ёсоор илэрхийлж байсан. Ингээд 2019 оны 06 дугаар сард 4 дүгээр  багийн нутгаас хайрга авах зөвшөөрлийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Х- нь өгсөн байдаг бөгөөд тухайн үед аймгийн Засаг дарга өвчтэй байсан учраас орлогч дарга нь захирамж гаргаж байсан байдаг. Харин 8 сард хайрга авах зөвшөөрлийг аймгийн Засаг дарга А.Г-ы албан тоотоор авч байсан. Бид нар 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хайрга авахдаа хуучин ашиглаж байсан карьераас нөхөн сэргээлт хийх журмаар хайрга авч байсан” гэжээ.

4.12. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022.03.02-ны өдрийн 104 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” “Ш.Х- Танаа” гэсэн албан бичигт: “Таны Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирүүлсэн хүсэлтийг судлан үзээд дараах хариуг хүргүүлж байна. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Усны сан бүхий газар” гэж нуур цөөрөм, тойром гол мөрөн, горхи, булаг шанд, усан сан, рашаан, намаг мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг ойлгоно. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх,ашигт малтмал хийх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж тус тус заасан. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 11.1.4-т “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэж зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн• иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарч байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд удаа дараа оруулсан боловч аймгийн иргэдийн Хурлаас Ховд голд хамгаалалтын бүс тогтоох тухай шийдвэр гаргаагүй болно. Дарга К.Болат” гэжээ.

4.13. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хар нуур Ховд голын сав газрын захиргааны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128 дугаартай Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Даваажав хаягласан албан бичигт. Таны гаргасан хүсэлттэй танилцлаа. Таны хүсэлтэд дурдагдсан Өлгий сумын нутаг дэвсгэрт байршилтай хуучин барилга трестийн ашиглаж   байсан хайрганы карьер нь Өлгий сумын 4 дүгээр багийн нутгаар дамжин урсах  Ховд голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд орохгүй байна. Учир нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс нь эргээс 50 метрээс доошгүй, 22.3-т заасан энгийн хамгаалалтын бүс нь эргээс 200 метрээс доошгүй байхаар заасан юм. Түүнчлэн мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал усны харилцааны талаар бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд Баян-Өлгий аймгийн усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоохыг тус газраас Аймгийн иргэдийн хуралд удаа дараа оруулсан боловч тодорхой шийдвэр гараагүй болно. Дарга Р.Энхсүрэн” гэжээ.

4.14. Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1\430 дугаартай “Ж-” ХХК-д хаягласан  албан бичигт:   “Танай байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг судлан үзээд дараах хариуг хүргүүлж байна. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс нь голын эргээс 50 метрээс доошгүй, 22.3-т заасан энгийн хамгаалалтын бүс нь эргээс 200 метрээс доошгүй байхаар заасан байна. Мөн Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.5-д зааснаар голын голдирол болон бусад хүчин зүйлээс хамааруулан дээр дурдсан хэмжээг нэмэгдүүлж тогтоон зураглал нь Хар нуур, Ховд голын сав газрын захиргаа, үүнийг баталгаажуулах нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаар байна. Одоогийн байдлаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталгаажуулсан усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээлэл тус газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Иймээс түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхацсан эсэх талаарх лавлагааг дээр дурдсан байгууллагуудад хандаж авна уу” дарга А.Энхманлай" гэжээ.

4.15. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Ж-” ХХК-ны захирал Б.К-д хаягласан “Хариу хүргүүлэх тухай” 01 \106 дугаартай албан бичигт: “Танай компани 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 45 тоот албан бичгийн хариуг үүгээр хүргүүлж байна. 2019 онд аймгийн хэмжээнд хайрга олборлох, ашиглах тусгай зөвшөөрөлтэй талбай болон хуулийн этгээд байхгүй байсан учраас Өлгий хотын доторх 10,4 км хатуу хучилтай авто замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн А\481 тоот захирамж гарч, “Ж-” ХХК-д Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс долоо хоногийн хугацаатай эзэнгүй орхигдсон хуучны барилга трестийн ашиглаж байсан хайрагны карьераас 3,21 га талбайд хайрга ашиглуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ захирамжийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр танай компани тухайн талбайд олборлолт хийх бэлтгэл ажлаа хангах зорилгоор техник тоног төхөөрөмжүүдийг байршуулахтай зэрэгцэж барилгын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байсан “А” ХХК, “М” “Э” ХХК, “Му” ХХК-иуд болон ард иргэд зөвшөөрөлгүйгээр шөнийн цагаар 30-40 орчим тээврийн хэрэгслээр давхар хайрга олборлосон байна. Иймээс Мэргэжлийн хяналтын газрын удирдлага болон холбогдох улсын байцаагчид, Өлгий сумын Засаг дарга холбогдох мэргэжилтнүүдийн хамт маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн өглөөний 10:00 цагаас танай компани олборлолтын үйл ажиллагааг өдрийн 14:00 цаг орчимд газар дээр нь очиж таслан зогсоосон тул зөвшөөрлийн дагуу төлөвлөсөн хэмжээгээр хайрга авч чадахгүй. Мөн замын бүтээн байгуулалтын барилгын гүйцэтгэлийн ажлын явц, түүхий эд материалын хомсдолоос болж удаашралтай байсан тул “Ж-” ХХК-д аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1-01\938 дугаар албан бичгээр тухайн талбайд нөхөн сэргээлт хийж, овон, товон ирмэгийг стандартын дагуу тэгшлэхэд гарсан хайргыг замын ажилд ашиглахаар өгсөн чиглэлийн дагуу нөхөн сэргээлт хийх явцад зөвшөөрөлгүй бусад аж ахуйн нэгж, иргэд хайрга олборлож эхэлсэн тул холбогдох улсын байцаагчид уг үйл ажиллагааг дахин зогсоосон. Танай компани болон бусад аж ахуйн нэгж, иргэдийн хайрга олборлосон тус талбайд “Ж-” ХХК нь өөрийн зардлаар 11362 м.куб талбайд техникийн нөхөн сэргээлт хийж Өлгий сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэж өгсөн байна. Нөхөн сэргээлт хийсэн тухай актыг хавсаргав, хавсралт 2 хуудастай,  дарга Х.Бауыржан” гэжээ.

4.16. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2022  оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 110 дугаартай тогтоолын үндэслэх хэсэгт “...Гэтэл Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг дарга К.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Ж-” ХХК-ийн захирал Б.К-тэй “Карьер ашиглах тухай” гэрээ байгуулсан, улмаар “Ж-” ХХК нь уг гэрээг үндэслэн Улаанхус сумын 9 дүгээр багийн нутаг “Улаан эрэг” гэх газраас хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал буюу шороо, хайргыг олборлож, авто замын ажилд ашигласан нь үйл баримтаар тогтоогджээ. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг дарга К.Б-ын дээрх хууль бус үйлдэл нь албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаар урвуулан хэтрүүлсэн гэж үзэж болохоор байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлд заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон”- гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл К.Б-ын үйлдэлд өөрт нь олгогдоогүй эрхийг эдэлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч эрх мэдлээ албан эрх ашгийн эсрэг эрх хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилготой ашигласан, мөн өөртөө болон “Ж-” ХХК”-д давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэдийгээр Улаанхус сумын Засаг дарга К.Б-ын үйлдэл нь хууль бус байх боловч олгосон зөвшөөрөл нь сум, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, иргэдийн эрх ашигт нийцсэн байх тул түүнийг бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв. Иймд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг дарга К.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй байна" гэжээ.

4.17. Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 06 дугаар 22-ны өдрийн 91 дүгээртэй "Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 91 дүгээр тогтоолд "...Дээрх баримтуудаас дүгнэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ж-” ХХК нь 2019 оны 6, 8 дугаар сард тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга олборлосон болох нь тогтоогдсон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “ашигт малтмал гэж геологийн хувьсгал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрсдийн хуримтлалыг ойлгоно” гэж заасан бөгөөд ашигт малтмалын төрөл зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр хайх, ашиглах олборлосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг хангахаар байна. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмал гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрагны зориулалттай барилга чулууны хуримтлалыг ойлгоно” гэж заасны дагуу хайргыг түгээмэл тархацтай ашигт малтмалд хамааруулахаар байна. Иймд “Ж-” ХХК-ийн тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга олборлосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна. Харин “Ж-” ХХК, түүний захирал Б.К-ий дээрх үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчих” зөрчлийн хэргийн шинжтэй гэж дүгнэлээ. Дээрх хэргээс зарим яллагдагчид холбогдох “Ж-” ХХК-ийн захирал Б.К- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутгаар дамжин урсах Ховд голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээс 2019 оны 6, 8 дугаар саруудад тусгай зөвшөөрөлгүйгээр хайрга олборлон ашиглаж, байгаль орчинд 20,883,202 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэжээ.

4.18. “Ж-” ХХК-ний 2019 оны 04 дүгээр 15-ны өдрийн “Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г- Танаа” гэсэн 36 дугаартай албан бичигт ‘Тус компани нь Өлгий хотын төвд 18 хэсэг газарт шинээр баригдаж байгаа 10,4 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлэн энэ оны 10-р сард багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Уг замын барилгын ажилд ашиглах хайрга, дайрга материал олдохгүй байгаа учир Толбо сум, Харсайр голын төмөр бетон гүүрний баруун талд мөн Бугат сум, Цэргийн хар толгойн зүүн талд тус бүр 100 га газраас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх шаардлагатай байна. Иймд зохих журмын дагуу тус газруудад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгож өгнө үү. Холбогдох материалуудыг хавсаргав” гэжээ.

4.19.“Ж-” ХХК-ны 2019 оны 04 дүгээр 29-ний өдрийн “Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г- Танаа” гэсэн 43 тоот, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан  Танаа гэсэн 44 “Хүсэлт тавих тухай” албан бичгүүдэд: “Тус аймгийн Бугат сумын Хатуу багийн Алтанцөгц сум рүү явах замын доод тал буюу Хатуу голын баруун талаас 80,75 га газарт Ашигт малтмал, газрын тос газраас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар албан бичиг ирүүлсэн байна. Таны 2019 оны 12-р сарын 10-ны өдрийн 1-01\1308 тоот албан бичгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэх талаар АИТХ-ын дарга Д.Бауыржанд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байна. Баян-Өлгий аймагт хайрганы карьер, тусгай зөвшөөрөлтэй нэг ч байгууллага байхгүй тул аймгийн хэмжээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудад ашиглах хайрга олдохгүй, ажил хийх боломжгүй болоод байна. Иймд Хатуу голын баруун талаас 80,75 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх асуудыг яаралтай  ИТХ-р хэлэлцүүлж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож бидний ажилд гүн туслалцаа үзүүлэхийг хүсье. Хүндэтгэсэн, Ерөнхий захирал Б.К-” гэжээ.

4.20. Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдааны 2019 оны 05 дугаар 13-ны өдрийн “Хайгуул хийлгэх тухай” 07 дугаартай тогтоолд “Хайгуул хийлгэх тухай Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дахь заалт, мөн 22 дугаар зүйлийн 1.16 дахь заалтыг тус тус үндэслэн багийн Иргэдийн Нийтийн хурлаас ТОГТООХ нь: Нэг. Хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар Ж- ХХК-д Хатуу багийн Алтанцөгц сум руу явах замын доод тал буюу Хатуу голын баруун талаас 80,75 га газар хайгуул хийхийг зөвшөөрсүгэй, Хоёр. Уг тогтоолд хяналт тавьж ажиллахыг багийн Засаг дарга \Т.Серик\-дүүрэг болгосугай. Дарга Б.Аманбек” гэжээ.

4.21. Ашигт малтмал, геодези зураг зүйн газрын 2019 оны 05 дугаар 08-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г-д хаягласан “Дүгнэлт хүргүүлэх тухай” 7\3511 дугаартай албан бичигт: "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасны дагуу түгээмэл  тархацтай ашигт малтмалын хайгуулын   тусгай зөвшөөрөл хүссэн дараах өргөдлүүдийн талбай нь тусгай хэрэгцээ, нөөцөд авсан ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна. Үүнд: Бугат сумын нутагт. “Ж-” ХХК-ийн Хатуу нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА- 83000022-01-NЕ бүртгэлийн дугаартай 86,78 га талбай, Буянт сумын нутагт: -“Ж-” ХХК-ийн Хар сай нэртэй түгээмэл- тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-83000022-01-NЕ бүртгэлийн дугаартай 61,38 га талбай Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг” гэжээ.

Ашигт малтмал, геодези зураг зүйн газрын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн  “Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Ш.Х- Танаа гэсэн 7\4999-р бичигт “Танай 2018 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 2-01\631 тоот албан бичгийн хариуг хүргүүлж байна. Монгол улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 03 дугаар тогтоолоор Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолын 1 дэх заалтад “ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэсэн өөрчлөлт оруулсан. Дээр дурдсан Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01\1309 тоот албан бичгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан чиг үүргүүдээ хэрэгжүүлэх ажиллах талаар тус агентлаг чиглэл өгсөн байна. Иймд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагууд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10,11 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллах боломжтой болсныг үүгээр уламжилж байна. Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дашзэвэг гэжээ.

4.22. Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын тосны газрын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г- Танаа” гэсэн 7\4462 дугаартай “Тодруулга хүргүүлэх тухай” албан бичигт: "Монгол улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 03 дугаар тогтоолоор Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолын 1 дэх заалтад “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэсэн өөрчлөлт оруулсан. Иймд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагууд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллах боломжтой болсныг үүгээр уламжилж байна. Мөн танай аймагт хэрэгжиж буй Монгол Улсын Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн 2-р төсөл-ийн CW1-3 багц болох Хашаатын даваанаас Баян-Өлгий аймгийн Толбо сум хүртэлх 60 км авто замын барилгын ажилд ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг тухайн орон нутагтаа олборлох үйл ажиллагаа явуулахад тус газрын зүгээс татгалзах зүйлгүй болно. Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дашзэвэг” гэжээ.

4.23. Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018.07.03-ны өдрийн “Авто зам, гүүрний барилгын ажлыг эрчимжүүлэх тухай” 26 дугаартай албан даалгаварт: Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан нийслэлийг аймгийн төвүүдтэй холбох зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг үндэслэн ДААЛГАХ нь: 1. Улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар 2018 онд хэрэгжиж буй авто зам, гүүрийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлэн хэрэгжилтийг хангах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн төв, Төсөл хэрэгжүүлэх нэгжүүд, хөндлөнгийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд, гүйцэтгэгч байгууллагуудад дарга  арга хэмжээ авч ажиллахыг даалгасугай.

- Барилга угсралтын ажлыг батлагдсан нарийвчилсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгүүлэн ажлын явц, удааширсан төлөвлөгөөний биелэлт тасарсан тухай бүрт нь шалтгааныг тогтоож ажлыг эрчимжүүлэх хоцрогдлыг нөхөн талаас шаардлагатай арга хэмжээ авч ажиллах,

- Авто зам, замын байгууламжийг батлагдсан зураг төсөв стандарт нормын дагуу чанартай гүйцэтгүүлэхэд онцгой анхаарч гэрээт хугацаанд ашиглалтад оруулах,

- Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, газар олгох, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, газар чөлөөлөх зэрэгтэй холбоотой асуудлыг орон нутагтай хамтарч шуурхай шийдвэрлэх гэжээ.

4.24. Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018.07.03-ны өдрийн “Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-уул, Дорнод, Завхан, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт гэсэн“ 01 \3211 дугаартай “Дэмжлэг хүсэх тухай’’ албан бичигт: “Монгол улсын Засгийн газрын 2016- 2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийслэлийг аймгийн төвүүдтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлын хүрээнд зам, гүүрийн барилгын ажлыг эрчимжүүлэх, гэрээт хугацаанд багтаан ашиглалтаар оруулахтай холбоотойгоор орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас дараах асуудлуудаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүсч байна. Үүнд. 1.Авто зам, замын байгууламжийн барилга угсралтын ажилтай холбоотойгоор газар түр эзэмших, түгээмэл тархацтай материал ашиглах, ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, хүлээн авахад орон нутгийн оролцоотойгоор шийдвэрлэгдэх аливаа асуудлыг зам, гүурийн бүтээн байгуулалтын ажилд саад учруулахгүйгээр шуурхай шийдвэрлэж байх, 2.Орон нутаг болон улсын чанартай авто зам, гүүрийн барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа дотоод, гадаадын компаниудын ажилчдад хууль, нийгмийн дэг журам сахиулах, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх Сайд Ж.Бат-Эрдэнэ” гэжээ.

4.25. Дээрх дэлгэрэнгүй дурдсан бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн шинжлэн судалж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2,3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжтой хэлбэртэй байна”,  2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан байна. Гэтэл шүүгдэгч гэх Ш.Х- нь уг үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдохгүй байна. Ш.Х- нь өөрөө хүсэж санаатайгаар гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна.

4.26. Шүүгдэгч гэх Ш.Х-ын үйлдэлд өөрт нь олгогдоогүй эрхийг эдэлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эрх, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилготой ашигласан, мөн өөртөө болон “Ж-" ХХК-д давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэдийгээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Ш.Х-ын үйлдэл нь хууль бус байх боловч 5 хоногийн хугацаатай олгосон гэх зөвшөөрөл нь Баян-Өлгий аймаг, Өлгий сум буюу орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, иргэдийн эрх ашигт нийцсэн байх тул түүнийг бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Тухайлбал, аймгийн Засаг даргын орлогч Ш.Х-ын уг шийдвэрийн үр дүнгээр дараах бүтээн байгуулалтын ажил хийгдсэн гэж үзэж байна. Аймгийн төвийн авто замын өргөтгөл, шинэчлэлт, 10,4 км \Баян-Өлгий, Өлгий  сум\ барилга урсалтын ажлын төсөв. Төсөвт өртөг нь 7,949,749,173 төгрөг. Тухайлбал : Баян-Өлгий аймаг Өлгий хотын дотор шинээр төлөвлөж буй болон өргөтгөл, шинэчлэлт хийгдэх 10,4 км авто зам, Төсөвт өртгийн нэгдсэн товчоо:1-1 хэсэг Адуунчулуу-3 гудамжны 0,54 км авто зам, төсөвт өртөг нь 303,564,704 төгрөг, 1-2 хэсэг Эх нялхас-1 гудамжны 0,56 км авто зам, төсөвт өртөг нь 365,430,203 төгрөг, 1-3 хэсэг А.Самбуу-19 гудамжийг Зам гуүр-1 гудамжтай холбох 0,21 км авто зам, төсөвт өртөг нь 126,679,424 төгрөг, 1-4 хэсэг Амгалан-14, Амгалан-15 гудамжуудыг дайран гарсан 0,67 авто зам, төсөвт өртөг нь 417,913,976 төгрөг, 1-5 хэсэг Яармаг-1 гудамжны 0,63 км авто зам. Төсөвт өртөг нь 360,887,506 төгрөг,1-6 хэсэг. Ажилчид-2 гудамжны 0,6 км авто зам, төсөвт өртөг нь 406,283,072 төгрөг, 1-7 хэсэг Антен-1 гудамжны 0,17 км авто зам, төсөвт өртөг нь 106,637,430 төгрөг, 1-8 хэсэг Бөөний бараа баазаас ХДТеатрын урд зам хүртэлх 0,16 км авто зам, төсөвт өртөг нь 100,726,923 төгрөг, 1-9 хэсэг А.Жамила-1 гудамжны 0,1 км авто зам, төсөвт өртөг нь 74,351,975 төгрөг, 1-10 хэсэг Уурхайчид- 1 гудамжны 0,85 км авто зам, төсөвт өртөг нь 746,820,625 төгрөг,1-11 хэсэг М.Хашхынбай-2 гудамжны 1,76 км авто зам, 1,342,510,716 төгрөг, 1-12 хэсэг Антен-16 гудамжны 0,91 км авто зам, төсөвт өртөг нь 902,640,485 төгрөг, 2-1 хэсэг С.Сурахбаяр-1 гудамжны 0,76 км авто зам, төсөвт өртөг нь 581,365,336 төгрөг, 2-2 хэсэг С.Зуха-1, А.Жамила-1 гудамжуудыг дайран гарсан 0,79 км авто зам, замын шинэчлэлт, төсөвт өртөг нь 635,575,933 төгрөг, 2-3 хэсэг Х.Көримбай-1 гудамжны 0,39 км авто замын шинэчлэлт, төсөв өртөг нь 395,395,064 төгрөг, 2-4 хэсэг Ш.Ногай-1, А.Көбеү-1 гудамжуудыг дайран гарсан 0,43 км авто замын шинэчлэлт, төсөв өртөг нь 245,509,929 төгрөг, 2-5 хэсэг Ж.Хожаберген-1 гудамжны 0,55 км авто замын шинэчлэлт, төсөвт өртөг нь 424,968,146 төгрөг, 2-6 хэсэг А.Жылхышы-1 гудамжны 0,35 км авто замын шинэчлэлт, төсөв өртөг 314,767,023 төгрөг, С.Сурахбаяр-1 гудамжны 0,76 км авто замын 4-н замын уулзварт хийгдэх гэрлэн дохио суурилуулах ажлын төсөв, төсөвт өртөг нь 97,720, 801 төгрөг, нийт дүн 7,949,749,173 төгрөг гэжээ.

4.27. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 2024\ШЦТ\285 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Х-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн давж заалдах гомдолд:

5.1. Өмгөөлөгч би эрүүгийн 1913003190173 дугаартай Ш.Х-д холбогдох хэрэгт шүүгдэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр 29-ний өдрийн 2024/ШЦТ/285 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

5.2. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, энэ хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4 дэх заалт, 39.8 дугаар зүйлд заасныг тус тус ноцтой зөрчин хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийг Монгол Улсын хүчин төгөлдөр хуулиудыг хэрэгжүүлэхээс гадна гэмт хэргийн шинжийг тодруулах үүднээс Олон улсын гэрээ, конвенцод заасан Авлигын  эсрэг хуулийн гэмт хэргийн шинжийг хэрхэн заасан байдлаар хэрэглэхэд анхаарахгүй шүүхийн шийтгэх тогтоол гарахад нөлөөлөхүйц алдаатай дүгнэлт хийсэн.

5.3. Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх талаар хуулиар тогтоосон журмыг чанд мөрдөж, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг баталгаатай эдлүүлэх болон шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангах үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шийдвэрлэхдээ мөрдөгч прокурорын зүгээс энэ хуулийн шаардлагад нийцээгүй ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоох шийдвэр гаргасан атлаа өөрийн гаргасан шийдвэрээ хэрэгцээгүй байхад алдаатай тогтоолоор хүнийг ялласан.

5.4. Шүүх тогтоолын 19 дэх заалтдаа /17 хуудаст/ Ш.Х-ын дээрх үйлдэл нь идэвхтэй  ухамсартай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт хэргийн субьектив болон обьектив шинжийг хангасан байна гэж дүгнэсэн атлаа тогтоолын 21 дэх талд: -гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн албан тушаалын үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж дүгнэлээ гэж гэмт хэргийн шинж байхгүй байсан талаар дүгнэж 2 өөр тайлбар хийсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйл, 2.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байдаг. Тэгвэл улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ  “Нийтийн албаны эрх ашгийн төлөө болон Засаг даргаас өгсөн үүргийн хүрээнд тухайн шийдвэрийг гаргасан гэж үзэх дүгнэлтүүд нь үндэслэлгүй байна. Нийтийн эрх, ашиг сонирхлын төлөө гаргасан гэж үзэж байгаа үндэслэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүй бөгөөд харин түүний эрх зүйн байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарч байна” гэж дүгнэсэн. Энэ нь улсын яллагч хэрэгт хамааралтай өөр этгээдийн үйлдэл хэрэгжих явцад шүүгдэгч гарын үсэг зурснаар уг гэмт хэрэг төгссөн гэж дүгнэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэж байгаагаа ухамсарлаагүй нь хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно гэж үзсэн дүгнэлт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдээгүй болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

5.6. Өмгөөлөгч би шүүхийн шатнаас ажиллагаанд оролцсон бөгөөд ЭХХШТХ-ийн 33.1 дүгээр зүйлийн 6.14, 6.15 дахь хэсэгт зааснаар хэрэгт шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй хийгдэх ажиллагаануудыг хийлгэх үүднээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан боловч хэргийг шүүх рүү дутуу үйл баримтаар хэлэлцүүлнэ гэж буцаасан ч шүүх хурлын мэтгэлцээний үед шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Тийм учраас 2024 оны 01 дүгээр 22-ний өдрийн 2024/ШЭ/37 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хянан хэлэлцэхийг хойшлуулж, уг захирамждаа 5 хавтаст хэрэг 1018 хуудас бүхий баримт дээр хэрэг танилцаад шүүгдэгчээс гаргасан 17 хуудас нотлох баримтыг цагаатгах талын баримтаар тооцуулан гаргаж өгсөнтэй холбоотойгоор гэрч Г-ы үйлдэл холбогдол оролцоог дахин тогтоох, иргэний хариуцагчийн зөрчлийн асуудлыг хэрхэн  шийдвэрлэсэн, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, хэрэгт хамааралтай талаас холбогдох нөхцөл байдалд дүгнэлт өгч, учирсан хохирол, хор уршгийг чухам аль этгээд ямар хэмжээгээр хариуцах эсэхийг тогтоох нь зүйтэй гэж нэмэлт ажиллагаанд буцаасан. Гэтэл энэ шүүгчийн захирамж огт биелэгдээгүй байхад хэрэг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Дээрх болон гэрч Г-ыг шүүх хуралдаанд оролцуулах тухай шүүгчийн захирамж гарсан хүчинтэй байхад оролцох эсэх талаар тодруулаагүй, иргэний хариуцагч “Ж-” ХХК болон уг компани хууль ёсны этгээдээр хэргийн оролцогчоор томилогдсон этгээд, төлөөлөгч хуралд оролцуулахгүйгээр их хэмжээний хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн ба өмгөөлөгч миний хэрэг доторх нотлох баримтуудаас процесс ноцтой зөрчсөн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нотлох баримтаас хасуулах тухай хэрхэн шийдсэн тогтоолд тайлбарлаагүй, тогтоох хэсгийн 7 дахь заалтад тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээснээр шүүгдэгч Ш.Х-д ямар нэгэн хохирол, хор уршиг аргилгуулах тухай шийдвэр байхгүй мөн тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй атлаа  **** БӨН улсын дугаартай “Land cruiser-200п загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн зэрэг засварлах боломжгүй ноцтой алдаанууд байна гэж үзэж давах гомдол гаргав.

            5.7.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дах заалтад зааснаар 2024/ШЦТ/285 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын орлогч прокурорын 2021 оны 11 дүгээр 08-ны өдрийн 50 дугаартай Ш.Х-ын эзэмшлийн **** БӨН улсын дугаартай “Land cruiser-200” загварын тээврийн хэрэгслийг “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

6.1. Хэргийн үйл баримтын талаар  хангалттай тайлбарласан. Хамгийн гол асуудал нь Засаг даргын орлогч Ш.Х- орлогч даргын хувьд захирамж гаргасан. Тухайн захирамжийг үндэслэн “Ж-” ХХК нь хайргыг олборлосон. Тухайн захирамжийг нийтийн эрх ашгийг төлөө гаргасан гэж тайлбарлаж байна. Миний бие тус хэрэгт анхан шатны шүүх хуралдаан томилолтоор оролцсон. Энэ байр суурь дээр би ямар дүгнэлттэй байсан гэхээр энэ үйлдэл нь нийтийн эрх ашгийг төлөө байж болно, гэхдээ хууль дээдлэх ёстой,  мөн гаргасан шийдвэр нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал биш байна.  Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд хуульд заагаагүй нөхцөл байдал байж болохын гэсэн дүгнэлтээ гаргасан. Миний бие энэ дүгнэлт байр сууринд хэвээрээ байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна.

6.2. Мөн уг зөвшөөрөл яаж олгогдох байсан гэхээр тодорхой маягтын дагуу бичгээр хүсэлт гаргах ёстой. Мөн тухайн компанид ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байх ёстой.  Иймд тухайн компани нь үндсэн хэд хэдэн шалгаруулалтыг хангаагүй. Тендерийн материалаас харахад хайргыг “Ж-” ХХК нь 0,7 километр газрын цаанаас татаж зөөвөрлөнө гэж тусгаж, зохих төсвийг нь оруулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х-, түүний өмгөөлөгч Я.Сьезд, Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

9. Шүүгдэгч Ш.Х- нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр А/481 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгох” тухай захирамж гаргаж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “Ж-” ХХК-нд тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт урсах Ховд голын дэргэд хайрга олборлох зөвшөөрөл олгон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйл баримт нь:

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 217-232 дахь тал/,

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Ш.Х-ын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгох тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 27, 33-34 дэх тал/,

- Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/482 дугаартай “Тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс албан тоотод заагдсан солбилцлоос хууль бусаар хайрга олборлож байсан үйлдэлд шалгалт хийж илэрсэн зөрчлийг таслан зогсоосон бөгөөд зөрчлийн хэрэг нээгээгүй” гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шөгений мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаартай захирамжид “...шаардагдах хайрга ашиглаж...” гэж бичсэн нь өөрийнх нь албан үүрэг, эрх хэмжээнд хамаарах асуудал биш байна. Хайрга ашиглах, олборлох зөвшөөрлийг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компани нь судалгаа хийсний үндсэн дээр Ашигт малтмалын газарт хайрга олборлох тухай саналаа хүргүүлдэг. Уг саналыг хянаж үзээд ямар нэгэн хууль тогтоомж зөрчигдөөгүй болбол тухайн аймгийн Засаг даргад зөвшөөрөл олгохыг уламжилдаг. Манай аймагт 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд хайрга олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй нэг ч компани байгаагүй. Мөн “Ж-” ХХК нь хайрга олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл байхгүй. Мөн “Ж-” ХХК-нд нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөл ч байхгүй. Уг хууль бус захирамжийн улмаас байгаль орчинд 41,616,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 197-200 дахь тал/,

- Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... “Ж-” ХХК-ийн хайрга олборлосон газар нь ямар нэгэн хайгуул хийх зөвшөөрлөөр нөөц нь тогтоогдоогүй, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гараагүй байхад аймгийн Засаг даргын орлогч дур мэдэн захирамж гаргаж “Ж-” ХХК-нд давуу байдал үүсгэж, хайрга олборлох шийдвэр гаргасан юм. “Ж-” ХХК нь уг талбайгаас хагас өдрийн турш хайрга олборлосон байхад нь бид очиж үйл ажиллагааг нь зогсоосон ба хэдэн тонн хайрга олборлосон эсэхийг тогтоох боломж байгаагүй ба энэ талаар надад мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 6, 33 дахь тал/,

- Гэрч С.З-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өлгий сумын 04 дүгээр баг Ховд голын хамгаалалтын бүсээс “Ж-” ХХК хайрга ачиж байна гэх мэдээллийн дагуу миний бие Өлгий сумын байгаль хамгаалагч А.Дамысбек, Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Бауыржан нарын хамт очиж уг газраас “Ж-” ХХК-ийн хайрга олборлож байгаа асуудлыг таслан зогсоож ажилласан ба энэ үеэр “Ж-” ХХК-ийн захирал ажилтай Б.К- ирж “манай компани энэ газраас хайрга олборлох талаар аймгийн Засаг даргын захирамж гарсан учир бид хайрга олборлож байна” гэж хэлээд үргэлжлүүлэн хайрга олборлох талаар бидэнд танилцуулан хайрга олборлосон...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 07 дахь тал/,

- Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Аймгийн Засаг даргын орлогч Ш.Х-ын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаар захирамжийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өлгий сумын 04 дүгээр багт хамаарах захирамжид заасан солбицолд заасан газраас 28 камаз машин хайрга ачсан ба бид хайрга ачиж байхад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын холбогдох хүмүүс ирж аймгийн Засаг даргын орлогч Ш.Х-ын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаар захирамж хууль бус гэж бидний үйл ажиллагааг зогсоосон юм. Тэрний дараагаар буюу 2019 оны 08 дугаар сарын дунд үеэр тухайн талбайн зарим хэсэгт нь нөхөн сэргээлт хийж 30 камаз хайрга ачиж Өлгий сумын шинээр тавьж буй замын ажилд хэрэглэсэн болно. Манай “Ж-” ХХК нь тухайн талбайгаас нийт 58 камаз буюу 1044 м.куб хайрга олборлож Өлгий сумын зам засварын ажилд зарцуулсан болно...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 8, 207-209, 2 дахь хавтаст хэргийн 106 дахь тал/, 

- Гэрч Б.К-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай “Ж-” ХХК-ийн зүгээс аймгийн Засаг даргын орлогчид албан ёсоор бичгээр хүсэлт тавьсан асуудал байхгүй зөвхөн биеэр уулзаж Өлгий сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хайрга олборлож Өлгий сумын зам засварын ажилд зарцуулах шаардлагатай байна гэж амаар хүсэлт тавьсны үндсэн дээр захирамж гаргуулан хайрга олборлосон нь үнэн. Энэ талаар миний бие Засаг даргын орлогч Ш.Х-тай уулзаж хүсэлт тавьсны дагуу дээрх захирамж гаргаж өгсөн. “Ж-” ХХК-нд одоохондоо хайрга олборлох тусгай зөвшөөрөл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15, 184-185 дахь тал/,

- Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/84 дугаартай “1.Шинжилгээ хийсэн талбай нь тогтоолоор өгөгдсөн солбилцолд үндэслэн тооцоход 3297 м кв буюу 0,33 га талбай байх бөгөөд булж тэгшилсэн байдалтай байсан болно. 2.Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбай нь Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаартай захирамжаар олгогдсон талбайтай хэсэгчилсэн давхцалтай байна. Тайлангийн 4-р хуудас. 3. Тухайн газарт голын голдирол өөрчлөөгүй байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайд хамаарч байна. Тухайн газарт эдэлбэр газар болон газрын хэвлийд хохирол учруулсан байна. 4. Тухайн газарт урьд өмнө элс, хайрга олборлох үйл ажиллагаа явагдаж байсан байна. Ямар байгууллага, ямар зөвшөөрлөөр олборлож байсныг тогтоох боломжгүй байна. Тайлангийн 5 дугаар хуудас. 5. Тус газарт ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд хуулиар хориглосон талбайд хамаарч байгаа учир тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талбай байна. 6. “Ж-” ХХК-ийн эвдсэн талбайн хэмжээ нь 3297 м кв буюу 0,33 га байх бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 20,883,202 төгрөг болж байна. 7. Тус талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 1,258,939 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 45-73 дахь тал/ зэрэг хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.  

 

10. Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч ажилтай, шүүгдэгч Ш.Х- нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан нийтийн албан тушаалтан мөн бөгөөд тэрээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхийг аймгийн Засаг даргад олгосон байхад энэ талаар мэтсээр байж, хайрга олборлох тусгай зөвшөөрөлгүй “Ж-” ХХК-аас гаргасан хайраг олборлох тухай саналыг хүлээн авч, улмаар өөрт хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгох тухай” захирамж гаргаж, уг захирамжийн хэрэгжилтийн дүнд байгаль орчинд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

11. Шүүх шүүгдэгч Ш.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил дөрвөн сарын хугацаагаар хасаж, 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөж байсан хууль, ял оногдуулах нийтлэг зарчмыг хангасан гэж үзэв.

 

12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Х-, түүний өмгөөлөгч Я.Сьезд, Н.Нарантуяа нар “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 2024\ШЦТ\285 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Х-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 32.5 дугаар зүйлийн1 дүгээр хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. Шүүгдэгч Ш.Х-д холбогдох эрүүгийн хэргийн үйл баримт, түүнд ач холбогдолтой бусад нөхцөл байдлуудын талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж шинжлэн судлахад:

- “Ж-” ХХК нь 2018 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвийн авто замын өргөтгөл, шинэчлэлт, 10,4 км замын 8,000,000,000 төгрөгийн тендер шалгаруулалтад оролцож, шалгарч, ажлын төсөвтөө тус компани нь хайрга татах зайг 5 км гэж тусгасан,

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр А/284 дугаартай захирамжаар Өлгий сумын төвд шинээр баригдаж байгаа 10,4 км хатуу хучилттай авто замын трасст баригдсан айлын хашаа байшин, гэрлэн дохионы шон, сурталчилгааны самбар, гэрэлтүүлгийн багана, шугамыг буулгуулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын орлогч Ш.Х-ыг томилсон,

- Тухайн үед тендерт шалгарсан “Ж-” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй байсан,

“Ж-” ХХК нь 2019 оны 4 дүгээр сараас эхлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргад хайрга буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох хүсэлтээ албан бичгээр илэрхийлж, биечлэн уулзсан ба тус аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/481 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт байршилтай хуучин барилга трестийн ашиглаж байсан хайрганы карьераас Өлгий хот доторх 18 км хатуу хучилттай автозамыг шинээр барих, өргөтгөн засварлах ажилд шаардагдах хайрга ашиглаж, улмаар тус газрын нөхөн сэргээлтийг ажлын 7 хоногт багтаан хийж дуусгахыг гүйцэтгэгч “Ж-” ХХК-нд зөвшөөрч, “Ж-” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглах, нөхөн сэргээлт хийх талбайн солбицлыг хавсралтаар баталж, хяналт тавьж ажиллахыг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Өлгий сумын Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт тус тус үүрэг болгож” шийдвэр гаргаж, уг шийдвэр болон албан бичгийн дагуу “Ж-” ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус тус 3297 м кв буюу 0,33 га газарт хайрга олборлож, байгаль орчинд 20,883,202 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал хөтөлбөргүй тогтоогджээ. 

 

13. Шүүгдэгч Ш.Х- нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 13.1-д заасан хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана” гэж,  14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад  “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх” гэж, хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ” гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй” гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана” гэж заасныг,

- Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасныг,

- Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтад “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасныг,

- Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3 дахь заалтад “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь заалтад  “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,

- Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 дахь заалтад  “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3 дахь заалтад “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”-г хориглоно  гэж заасныг тус тус зөрчиж Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа байдлыг далимдуулан 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр А/481 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл олгох” тухай аймгийн Засаг даргын захирамж гарган, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй “Ж-” ХХК-д тус аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт урсах Ховд голын усны сан бүхий газрын талбайн солбицолд хайрга олборлох зөвшөөрөл олгосон нь эрх, мэдэл, албан тушаалын байдлаар урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл болжээ.

 

14. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл хуульд заасан процесс ажиллагааг явуулалгүйгээр түгээмэл тархацтай, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу гаргаагүй байхад, төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлгүй “Ж-” ХХК-д Ховд голын усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн захирамж гаргасан шүүгдэгчийн үйлдэл нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж бусдад давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан учраас шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Шүүгдэгчийн шүүх хуралдааны явцад болон давж заалдах гомдолд дурдсан нийтийн албаны эрх ашгийн төлөө болон Засаг даргаас өгсөн үүргийн хүрээнд тухайн шийдвэрийг гаргасан “…хэрвээ би энэ шийдвэрийг гаргаагүй бол аймгийн төвд 18 км авто зам тавигдахгүй байсан…” гэх тайлбар, мэдүүлэг нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд тооцогдох, эсхүл шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл болохгүй. Нийтийн эрх ашигт нийцсэн гэх төрийн албан хаагчийн аливаа үйлдэл, үйл ажиллагаа нь хууль ёсны байх зарчим болон  шударга процессоор үнэлэгдсэний эцэст зөвтгөгдөх бөгөөд энэ талаар гаргасан шүүгдэгчийн тайлбар, мэдүүлэг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх үндсэн зарчимд нийцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

 16. Иймд шүүгдэгч Ш.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил дөрвөн сарын хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэм буруутай этгээдийн үйлдсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг хангасан, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй учраас тэдгээрийн “хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

 

17. Шүүгдэгч Ш.Х-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын “шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох тухай” хүсэлтийг тус давж заалдах шатны шүүх хуралдаанаар, оролцогчийн тайлбар, үндэслэл болон прокурорын саналыг сонсох зэргээр хэлэлцүүллээ.

Прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн саналыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, түүнийг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжаар “яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгоор Ш.Х-д 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн түүнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч Ш.Х-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын хүсэлт, түүний үндэслэл, хүсэлтэд хавсаргасан баримт материалууд, мөн тус шүүх хуралдаанд гаргасан прокурорын санал зэргийг тал бүрээс нь дүгнэж үзээд, Ш.Х-д урьд авсан дээрх төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдоогүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Иймд Ш.Х-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх” зорилгоор “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” тухай хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь мөн хуулийн зорилтод нийцсэн, уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох талаар хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр нь үргэлжлүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/285 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Х-, түүний өмгөөлөгч Я.Сьезд, Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Х-д урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ