| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 201201000026 |
| Дугаар | 2025/ДШМ/312 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/312
2025 03 12 2025/ДШМ/312
С.Б-эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Энх-Оюун,
хохирогч Г.Б, С.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Намнансүрэн,
яллагдагч С.Б-ийн өмгөөлөгч Г.Цэрэнжамц, Г.Должинсүрэн, О.Баярбаясгалан,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/2306 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Энх-Оюуны бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар эсэргүүцлийг үндэслэн С.Б-эд холбогдох эрүүгийн 201201000026 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
.... овгийн ...-ийн Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ..... мэргэжилтэй, “Н к” ХХК-ийн ... ажилтай, ам бүл .., .... тоотод оршин суух, /РД:........................./,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрхлэхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 300,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;
Яллагдагч С.Б нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Г.Б-д барьж байгаа барилга дээр нь 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж өгнө, “Н к” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлээд өгчих гэж хуурч, Г.Б-ийн зөвшөөрлөөр 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Д.Б-ын 100 хувийн хувьцаа эзэмшиж байсан “Н к” ХХК-ийг “Компани, түүний үндсэн хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, улмаар өөрийгөө захирлаар нь томилуулж, компанийн 100 хувийн хувьцаа болон 1,000,000 төгрөгийн хөрөнгийг шилжүүлэн авч, залилан хохирогч Г.Б-д “Н к” ХХК-д 100 хувийн хувьцаа болон 1,000,000 төгрөгийн хөрөнгийн хохирол учруулсан,
мөн хохирогч С.Б-гээс “мөнгө зээлээч БНХАУ-ын хөрөнгө оруулагч нараас 14-нөөс 21 хоногийн дотор мөнгө орж ирэхээр мөнгийг чинь буцаан өгнө” гэж хуурч, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны салбараас 2 удаагийн үйлдлээр нийт 449,325,000 төгрөгийг өөрийн хүү болох Б.Б-гийн үүсгэн байгуулсан “А” ХХК-ийн Хаан банкны 50........... дугаар бүхий дансаар, “барилгын ажил зогсох гээд байна, хэдэн төгрөг ч хамаагүй зээлээс, удахгүй өгнө” гэж хуурч, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны салбараас 77,870,000 төгрөгийг, өөрийн хүү болох Б.Б-гийн үүсгэн байгуулсан “А” ХХК-ийн Хаан банкны 50........... дугаар бүхий дансаар, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “манай хүү орон сууц барьж байгаа, манайд байр захиалах бол метр квадратыг нь 950,000 төгрөгөөр захиалж болно, чи ирж үзээд захиалахгүй юм уу” гэж хуурч, улмаар хохирогч С.Б-тэй “Орон сууц захиалах гэрээ” байгуулан 30,000,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш г” ХХК-ийн оффис дээр “А” ХХК-ийн Хаан банкны 50........... дугаар бүхий дансаар тус тус шилжүүлэн авч, залилан хохирогч С.Б-д нийт 557,195,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч шалгаж тогтоох шаардлагатай байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн нотлоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно..”. гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг..” гэж тус тус заажээ.
Хэргийн материалтай танилцахад, яллагдагч С.Б-эд холбогдуулан хохирогч Г.Б-ийг залилсан гэх үйлдэлд нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 201201000026 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогооолоор 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан буюу их хэмжээний хохирол учруулсан гэж яллагдагчаар татсан байна. Уг 2015 оны Эрүүгийн хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон бөгөөд энэхүү хохирогч Г.Б-ийг залилсан гэх үйл баримт нь 2012 оны 04 дүгээр сард болсон бөгөөд гэмт хэрийг тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх хэдий ч мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн /аль хөнгөн ялтай/ хуулийг буцаан хэрэглэх шаардлагатай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тохирох зүйл ангиар зүйлчлэх шаардлагатай.
Хохирогч Г.Б-ийн “...Би Б-ыг “Н к” ХХК-нийг С.Б-эд өгөхөөр болж Сэлэнгэ аймаг руу явуулан бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн тэгтэл тэр “Н к” ХХК-ийн блансанд бүртгэлтэй байсан 1. “С Н” ХХК-ийн бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй үйлдвэрийн объект, 2. “Н к” ХХК-ийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 700 мкв, 1600 мкв, 900 мкв зэрэг 550 айлын орон сууцны “Сэлэнгэ 888” хотхон барих газар, 3. Уг газарт 8 давхар хүртэл баригдсан карказ, 4. Байшин кран, 5. Краз кран, 6. 5 блок барилгын бүрэн зураг, 7. Цахилгаан дулаан цэвэр бохир усны техникийн нөхцөлүүд, 8. Барилгын зөвшөөрөл, 9. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тамга тэмдэгийн хамт нийт 3,2 тэрбум төгрөгийн эд зүйлүүд хүлээлгэн өгсөн, ингээд С.Б “Н к” ХХК-ийг авсан..” гэх мэдүүлэг /7 хх 219/,
мөн хэрэгт хохирогч Г.Б-ийн эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд 15,300,000 төгрөгийн эд зүйлийн үнэлгээг тус тус тогтоосон байна. /29 хх 20-24/,
Хэдийгээр прокурорын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 366 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчөлт оруулах тухай тогтоол болон прокурорын яллах дүгнэлтэд яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулгад “...яллагдагч С.Б нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж хохирогч Г.Б-д барьж байгаа барилга дээр нь 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж өгнө, “Н к” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлээд өгчих гэж хуурч Г.Б-ийн зөвшөөрлөөр 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Д.Б-ын 100 хувийн хувьцаа эзэмшиж байсан “Н к” ХХК-ийг компани түүний үндсэн хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг байгуулан улмаар өөрийгөө захирлаар нь томилуулж, компанийн 100 хувийн хувьцаа болон 1000,000 төгрөгийн хөрөнгийг шилжүүлэн авч, залилан хохирогч Г.Б-д “Н к” ХХК-ний 100 хувийн хувьцаа болон 1,000,000 төгрөгийн хөрөнгийн хохирол учруулсан...” гэж тусгажээ.
Хохирогч Г.Б-ийн мэдүүлэгт дурдагдсан эд хөрөнгүүдийг хэрхэн үнэлсэн зарим эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон 15,300,000 төгрөгийн хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцсон эсэх нь тодорхойгүй хохирлыг тогтоох шаардлагатай байхад зөвхөн компанийн 100 хувийн хувьцаа буюу 1,000,000 төгрөгийн хөрөнгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй бөгөөд 1 ширхэг хувьцааг хэдэн төгрөгөөр үнэлсэн эсэх, тухайн “Н к” компанийн блансанд бүртгэлтэй байсан эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул хохирогч Г.Б-д тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэр хэмжээг зөв нарийвчлан тогтоох шаардлагатай тул дахин шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нарийн тогтоож гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнээс шалтгаалан хэргийн зүйчлэл өөрчлөгдөх эсэхийг анхаарах хэрэгтэй.
2. Хохирогч С.Б-ийн хохирсон хэргийн тухайд:
Прокурорын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 224 дүгээр яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 557,195,000 төгрөгийг төлөх төлбөртэй гэжээ.
Яллагдагч С.Б-ийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтэд дурдсан “С к” ХХК-ийн захирал Б.Б нь яллагдагч С.Б-ээс 497.000.000 төгрөгийг авч тус мөнгийг төлөөгүй байсан бөгөөд яллагдагч С.Б түүнээс авлагатай байсан тул тухайн компаний өмчлөлийн 5 га газар, Б.Б-ын “С к” ХХК-ийн 67 хувийг С.Б-ийн өмнөөс хохирогч С.Б-д төлөх хохиролд тооцон шилжүүлж, бие биедээ өр төлбөргүй болсон эсэх, мөн тухайн 5 га газрыг Б.Б нь хохирогч С.Б-гээс буцаан авч барьцаанд байсан газрыг С.Б-эд мэдэгдэлгүйгээр Мөнгөнхуяг гэх хүний нэр дээр шилжүүлсэн гэх нөхцөл байдал байгааг шалгаж, тухайн Б.Б-ын үйлдэл нь залилах гэмт хэрийн шинж байгаа эсэх, түүнчлэн Б.Б-ыг яллагдагч С.Б-ийн хохирогч С.Б-г залилсан гэх эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар тогтоох зэрэг ажиллагааг явуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.
Учир нь, Б.Б-ын гэрчээр өгсөн “...2021 оны 11 дүгээр сард С.Б-ийн оффис дээр хүрээд ир гэхээр нь би яваад очтол С.Б бас тэнд байсан. Тэнд С.Б С.Б хоёр маргалдаад байсан. Тэгээд С.Б энэ эмэгтэй надаас өрөө нэхэж ирлээ та өрөө төл гэсэн. Тэгэхээр нь би надад байгаа 5 га газар байгаа, тэрийг зарж байж мөнгө өгч чадна гэж хэлсэн. Тэр үед С.Б-ийн компанийн нягтлан бодогч Бямбажав гэж эмэгтэйд өөрийн “И” ХХК-ийн 40 хувийг, миний өөрийн төсөл сонгон шалгаруулалтаар авсан байсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 20 га газрыг “Стар мираж” компанийн 67 хувийн хамт байсан. Тэгээд тэр зүйлүүдээс Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 5 га газрыг “С м” компанийн 67 хувийн хамт С.Б-ийн нэр дээр шилжүүлэхээр болж Хан-Уул дүүргийн “Мишээл экспо”-гийн нэг цэгийн үйлчилгээн дээр очиж нэрийг нь шилжүүлж өгсөн. Тухайн газрыг би 750,000,000 төгрөгөөр үнэлж байсан. Тэр үнэлгээгээр тооцож С.Б-д шилжүүлсэн. Тэрнээс хойш 2022 оны 07 дугаар сард С.Б над руу утасдаад “энэ газрыг зарахыг хүлээх юм бол би тэсэхгүй юм байна. Тийм болохоор та энэ газраа буцааж ав би өөрөө Б-тэй учраа олно гээд миний нэр дээр шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /34 хх 90-92/ зэргээс үзэхэд Б.Б яллагдагч С.Б нарын хооронд өр төлбөрийн асуудал байсан эсэх, яллагдагч С.Б-ийн өмнөөс хохирогч С.Б-д тухайн 5 га газрыг “Смар мираж” компанийн 67 хувийг шилжүүлж, яллагдагч С.Б хохирогч С.Б нарын хооронд харилцан тохиролцож дээрх 5 га газар, компанийн 67 хувийг шилжүүлэхдээ сайн дурын үндсэн дээр гэрээ хийж хохиролд тооцуулахаар гэрээ хийж шилжүүлсэн эсэх, Б.Б нь өөрийн нэр дээр 5 га газраа шилжүүлэн авсан эсэх /газрын гэрчилгээний хуулбар/, мөн “С м” компанийн 67 хувийг хохирогч С.Б-гээс Б.Б нь буцаан шилжүүүлсэн эсэх, эсвэл яллагдагч С.Б-ээс авах хохиролдоо тооцож шилжүүлээгүй эсэх, мөн хэн эзэмшиж байгаа эсэхийг бүрэн дүүрэн тодруулсаны эцэст уг үйл баримт, болон үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Тухайлбал, хохирогч С.Б болон Б.Б нараас дахин мэдүүлэг авч тодруулах, улсын бүртгэлээс хуулийн этгээдийн лавлагааг хэрэгт хавсаргах, тухайн Б.Б-ын үйлдэл нь С.Б-ийг залилах гэмт хэрийн шинж байгаа эсэх, түүнчлэн Б.Б-ыг яллагдагч С.Б-ийн хохирогч С.Б-г залилсан гэх эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар тогтоох, тухайн 5 га газар, Б.Б-ын “Стар мираж” компанийн 67 хувь нь ямар үнэлгээтэй хэдэн төгрөгт багтаан өр төлбөрт шилжүүлж байсан эсэхийг шалгаж, үнэлгээ тогтоох зэрэг ажиллагааг явуулах нь зүйтэй.
Мөн яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан гэрч Оюун нь С.Б-ээс 40,000,000 төгрөгийг бэлнээр зээлж 150,000,000 төгрөг болгож хохирогч С.Б-д өгчихнө гэж тохиролцсон эсэх энэ талаар гэрч О болон хохирогч С.Б нарыг гэрчээр асуух, гэрч О-ны дансны хуулгыг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оын 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гаргуулан авч үзлэг хийж хэрэгт хавсаргах, иргэний хариуцагч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-ын хохирогч С.Б-ийн зуслангийн газарт буулгасан гэх 40 тонн контейнерийг үнэлж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжтой эсэхийг тогтоох зэрэг хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэв.
Мөн яллагдагч С.Б-эд холбогдуулан хохирогч Г.Б-ийг залилсан гэх үйлдэлд нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 201201000026 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогооолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт мөн хохирогч С.Б-г залилсан гэх үйлдэлд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 2202002740291 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэх яллагдагчаар татах прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан боловч дээрх хэргүүдийг нэгтгэсэн талаарх прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй зөвхөн Прокурорын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 366 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчөлт оруулах тухай тогтоолоор... хохирогч Г.Б-д их хэмжээний хохирол учруулсан гэснийг “...хохирогч Г.Б-д “Н к” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон 1,000,000 төгрөгийн хөрөнгийн хохирол учруулсан...” гэж өөрчилсөн тогтоол хэрэгт хавсаргасан байгааг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэрэгт нотолбол зохих ажиллагааг хангалттай бүрэн явуулж, гэмт хэргийн улмаас хэн хохирсон, ямар хэжмээний хохирол учирсан зэргийг тогтоох бүхий л ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь зүйтэй байх тул яллагдагч С.Б-эд холбогдох эрүүгийн 201201000026 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч С.Б-эд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сиди, 1 ширхэг флашийг хэргийн хамт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Р.Энх-Оюун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. С.Б-эд холбогдуулан хохирогч Г.Б-ийг залилсан гэх үйлдэлд нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 201201000026 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоолд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлахгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Уг хэргийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ улсын яллагч дээрх хуулийн ерөнхий ангийг зөвтгөөд дүгнэлтээ гаргах бүрэн боломжтой. Улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэх боломжтой буюу шүүх хуралдааны явцад залруулах боломжтой ажиллагаа байна.
Мөн Г.Б-ийн зөвшөөрлөөр Д.Б нь С.Б-эд 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хийж “Н к” ХХК-ийг шилжүүлэн өгсөн. Тус гэрээнд эд хөрөнгийн талаар дурдагдаагүй зөвхөн ХХК-ийн эрхийг шилжүүлэн өгч, дүрмийн сангийн 1,000,000 төгрөгийн хөрөнгийг эрх хүлээн авагчид шилжүүлэхээр тусгасан. Тиймээс зөвхөн компанийн эрх шилжүүлсэн үйлдэл залилах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой.
2. Хохирогч С.Б-ийн хохирсон хэргийн тухайд:
Яллагдагч С.Б гэрч Б.Б нарын хоорондын өр авлагын асуудлаа тохиролцсоноор Б.Б-ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 га газрыг С.Б-ийн хохирогч С.Б-д хохирол төлөхөөр өгсөн боловч газар нь зарагдаагүй, С.Б нь хохирлын мөнгөө гаргаж авч чадаагүй тул газрыг эзэмшигч Б.Бт буцаан өгсөн байдаг. Энэ талаар хохирогч С.Б нь мэдүүлсэн. Тиймээс Б.Б нь энэ хэрэгт бусдыг залилсан эсхүл энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдах, тухайн 5 га газар эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх үндэслэлгүй юм. Харин яллагдагч С.Б гэрч Б.Б нарын хоорондын өр авлагын асуудал хэвээр үлдсэн нь энэ хэрэгт хамааралгүй гэж дүгнэхээр байна.
3. Хохирогч Б-гийн зуслангийн хашаанд байрлах 40 тонны контейнерыг яллагдагч С.Б нь мөнгө зээлсэн төлбөртөө тус хашаанд байрлах Хаусыг нь засаж өгөхөөр доторх эд зүйлийг нь хийх зорилгоор тус 40 тонны контейнерыг хашаанд нь байрлуулсан бөгөөд өр төлбөртөө өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, хохирогч С.Б нь тус 40 тонны контейнерыг өр төлбөртөө авах талаар мэдүүлээгүй байх тул тус контейнерт хөрөнгийн үнэлгээ хийлгэх үндэслэлгүй байна.
4. Мөн яллагдагч С.Б-эд холбогдуулан хохирогч Г.Б-ийг залилсан гэх үйлдэлд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 201201000026 дугаартай хэрэгт хохирогч С.Б-г залилсан гэх үйлдэлд 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 2202002740291 дугаартай хэргийг нэгтгэсэн талаарх прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй, зөвхөн ял өөрчилсөн тогтоол хэрэгт хавсаргасан байна гэж тус захирамжид тусгасан байна.
Прокуророос “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” тогтоол гарч тус эрүүгийн хэргүүд нэгтгэгдэн мөрдөн байцаалт явуулах боломж бүрдэхээс гадна тус байгууллагын цахим бүртгэлд прокурорын шийдвэрийг үндэслэн хэргийг нэгтгэдэг болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 165 дугаартай “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” тогтоолоор С.Б-эд холбогдох эрүүгийн 201201000026 дугаартай хэрэгт эрүүгийн 2202002740291 дугаартай хэргийг нэгтгэсэн боловч тогтоол хэрэгт авагдаагүй зөрчил байгаа хэдий ч нэгтгэгдсэнээс хойш прокурор яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолоор хэрэг нэгтгэгдсэн талаар дурдаж, үйлдлийг нэгтгэн ял сонсгосон болно.
Нөгөөтээгүүр, яллагдагч С.Б-эд холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэсэн тогтоол хэрэгт авагдаагүй нь яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэл, яллагдагчийн эрх зүйн байдал дордохгүй, түүний эрхийг ноцтой зөрчөөгүй болно. Тус байгууллагын архиваас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 165 дугаартай прокурорын “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” тогтоолыг гаргуулан шүүх хуралдааны явцад гарган өгөх боломжтой.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/2306 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч С.Б, Г.Б нарын өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, Г.Б-ийг хохирогчоор тогтоосон асуудлын тухайд хэлэхэд, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Тэгэхдээ яллах дүгнэлтэд яагаад 1.000.000 төгрөг гэдэг асуудал хөндөгдөөд байгаа, хохирлын асуудлыг яагаад ойлгомжгүй тодорхойгүй байдлаар оруулж ирсэн гэдэг асуудал хөндөгдсөн. Үүн дээр хамгийн анх хуучин хуулиар 2012 онд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. Тэр нь хэрэгт авагдсан байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар татсан. Уг хэрэг хаагдсан байж байгаад сэргэсэн. Сэргэсэн цаг хугацаанд 2017 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр хэрэгжээд эхэлсэн үед сэргэсэн тул хуучин хууль хэрэглэх үү, шинэ хууль хэрэглэх үү гэдэг асуудал үүссэн. Уг асуудал үүссэнтэй холбоотой хэргээ сэргээгээд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолоо үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаад эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн. Түүнээс биш 2020 онд үүсгээд байгаа асуудал байхгүй. Өмнөх 2012 онд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, хэрэг сэргээгээд 2017 оны Эрүүгийн хуулиар татаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт хоёулаа их хэмжээний хохирол гэж дурдсан. Бүх хохирлын асуудал анхнаасаа гомдол дээр дурдагдаад гомдолд дурдсан хохирлуудыг тогтоох үүднээс мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаагаа бүхэлд нь энэ хохирлуудыг тогтоох ажиллагааг хийгээд ирсэн. Яллах дүгнэлтийг хэзээ үйлдсэн гэхээр шүүхэд шилжүүлэхээс өмнө буюу 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үйлдсэн байдаг. Уг яллах дүгнэлтийг үйлдэхээс 7 хоногийн өмнө эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан байдаг. Өөрчлөлт оруулахдаа 1.000.000 төгрөг болгоод оруулсан. Яагаад шүүх рүү хэргийг шилжүүлэхийн 7 хоногийн өмнө яарч сандраад 1.000.000 төгрөгөөр гэж яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулсан болох нь анхаарал татсан. Яригдах ёстой асуудал. Шүүгчийн захирамжид энэ талаар дурдсан. Яллах дүгнэлтийг бүхэлд нь харахад 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулна гэж хэлээд бүх компанийн эд хөрөнгийг шилжүүлж авч байгаа агуулга байдаг. 1.000.000 төгрөг гээд дүгнэж байгаа шинж, яллах дүгнэлт хоорондоо шууд зөрчилдөж байдаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй. Прокурорын тайлбар үндэслэлгүй байна. ...” гэв.
Хохирогч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийг шударга шийдвэрлүүлэхийн тулд би 13 дахь жилээ явж байна. Прокурорын шатанд бүх өргөдөл, гомдлоо гаргасан. Прокурор хэт нэг талыг барьж байна гэж зохих төрийн удирдлага болон өөрөө ч суулт, өлсгөлөн зарлаж прокурорын байгууллагын үүдэнд очиж юуны төлөө тэмцсэн бэ гэхээр би 1.000.000 төгрөгийн төлөө тэмцээгүй. Би өөрийнхөө бүтээн байгуулсан компанийнхаа хохирсон 6,9 тэрбум төгрөгөө алдсан талаар гомдол гаргасан. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Прокурор субъектив байдлаар хандсан. Өөрөөр хэлбэл, прокурор бусдад давуу байдал үүсгэж байна. Ял завших боломж олгож байгаад харамсаж байна. 6,9 тэрбум төгрөг нэмэх нь миний газар дээр 5 блок байшин бариад 555 айлын орон сууцыг барьж Б зараад 25,9 тэрбум төгрөгийг олсон. Үүнийг тогтоох ёстой байсан. Олох ёстой байсан орлогыг тогтоох байсан. Энэ бүх зүйлийг прокурор шалгахгүй оруулж ирж байгаад гомдолтой байна. Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс яллаж байж хувийн субъектив байдлаар ханддаг, бусдад давуу байдал үүсгэж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг болно. Энэ талаар гомдлоо гаргасан. ...” гэв.
Хохирогч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2020 оноос 2025 оны хооронд Бэд маш их мөнгөөр залилуулж, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө маш их хохирсон. Би Б-т мөнгөө шилжүүлж өгөөгүй. Бэд өөрийн гараар шилжүүлж өгсөн. Би Бээс л мөнгөө авна. 20 тонны контейнерийг манай хашаанд тавьсан байгаа. Тэр контейнер хоосон байгаа. Уг контейнерийг буцаагаад аваарай гэж хэлмээр байна. Би тэрийг ашиглаагүй. Засвар хийнэ гэж бас л залилан хийсэн. Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. Үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч С.Б-ийн өмгөөлөгч Г.Цэрэнжамц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийлгэх хүсэлт гаргасан. Түүний дагуу шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулаад прокуророос эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийнх нь хүрээнд яллагдагч Б-ийн өмгөөлөгч би дараах тайлбарыг гаргаж байна. Хэргийн үйл баримтыг прокуророос дүгнэж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Н к” ХХК-ийн хувьцаа болон 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Өмнөх хэргийг нь хянаж байсан прокурор нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хохирогчийн өмгөөлөгч хэлж байна. 2012 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар татсан. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргээр зүйлчлэгдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчлэхийн тулд уг хоёр хуулийн эргэлзээ заагийг гаргахын тулд заавал энэ хуулийг буцаан хэрэглэх юм уу. Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх юм уу, эсхүл 2015 оны хуулийг хэрэглэх юм уу гэдэг дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаж байж, энэ нөхцөл байдлыг тогтоож байж энэ нөхцөл байдлаар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй байна гэж үзэх юм бол сая эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах байсан. Гэтэл энэ хууль зүйн дүгнэлтийг хийхгүйгээр шууд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Мөн прокурор анх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар татсан. Гэтэл энэ нь өөрөө их хэмжээний хохирол буюу 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээний байж энэ хэргийн зүйлчлэл рүү орно. Гэтэл яг тэр прокурорын үүсгэсэн тогтоолыг харахад “Н к” ХХК-ийг залилсан гэмт үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар татсан. Өөрөөр хэлбэл, хохирол тодорхойгүй байхад нь шууд хүндрүүлсэн зүйл ангиар татсаг шалтгаан нь юу байх уу гэхээр хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болохоор автоматаар хөөн хэлэлцэх хугацаа нь 5 жил болсон. Хохирол тодорхойгүй байхад нь шууд хүндрүүлсэн зүйл ангиар татсан. Шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрх бүхий байгууллага, төрийн байгууллага мөрдөх байгууллага уг хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэд хэдэн маргаантай асуудлууд гарсан. Тэр нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад талууд тал талаасаа мэтгэлцээд явсан. Түүний үндсэн дээр шүүх хэргийг буцаах нь үндэслэлтэй гэж үзсэн. Хохирлын тухайд гэвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаар зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болсон. Өөрөөр хэлбэл, 1.000.000 төгрөгийн хохирол яригдаж байна. Өмнө нь хохирогчийн өмгөөлөгч хохирогч нарын яриад байгаа Б-ийг залилсан гэмт хэрэг дээр яригдаад байгаа шиг агуулга шүүх хуралдааны явцад болоогүй. Өөрөөр хэлбэл, “Н к” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нь 1.000.000 төгрөгөөр авчихаад 5 блок байр бариад, компанийн бүх эд хөрөнгийг нь авсан юм шигээр яриад байдаг. Хохирогч сая шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “хуулийн этгээд дээр эд хөрөнгийн бүртгэл байгаагүй” гэж байна. Хуулийн этгээд дээр эд хөрөнгийн бүртгэл байхгүй бол хуулийн этгээдээ дагаж шийдвэр нь шилжиж орж ирэх боломжгүй. Хоёрдугаарт, тухайн тэр газар дээр 5 блок байр бариад 29 тэрбум төгрөгийн барилга барьсан гэж байна. Уг компанийг анх зүгээр аваагүй. Уг компанийг 500 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татсан атлаа яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн бэ гэдгийг би хүртэл ойлгохгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь зогсоод байна уу, тасраад байна уу, үргэлжлээд байна уу. Б-г залилсан хэргийн тухайд хэлэхэд нийт 3 удаагийн үйлдлээр 500 гаруй сая төгрөг залилсан байна гэж үзсэн. Батбаатар компанийг Б-гээс буцааж шилжүүлж авсаныхаа дараа мөрдөн байцаалтад очиж мэдүүлэг өгөхдөө “Б намайг шахсан” гэж мэдүүлсэн гэлээ. Өөрөөр хэлбэл, Б Б-аас 500 гаруй сая төгрөг авах ёстой. Батбаатар нь Б-эд өгч чадахгүй болохоор Бийн Баасансүрэнд өгөх мөнгийг Б Б-эд өгөх өрөндөө оролцуулаад Бэд өргүй болоод газар шилжүүлж өгөөд 3 тал гурвуулаа тохиролцоод гэрээгээ байгуулаад компанийн эрхийг шилжүүлсэн. Тал талдаа өргүй болсон. Ингээд асуудал ахиад буцсан болохыг яллагдагч хэргийн материалтай танилцахдаа мэдсэн. Бид ганцхан хүсэлтийг өгсөн. Хэрвээ Б гэдэг хүн Б-эд өгөх ёстой 500 гаруй сая төгрөгийнхөө оронд өгсөн газрыг Б авахгүй гээд Б-т буцаагаад өгсөн бол Б нь Б-эд өгөх ёстой мөнгөө өнөөдөр өгөөгүй байж тэр газрыг буцаагаад Б-эд өгөх ёстой байсан. Энэ хүрээнд шалгах асуудал байгаа гэж үзэж байна. Б Б шахсан гэж мэдүүлсэн. Хэрвээ Б шахаж байсан бол Б 2020 оноос хойш 5 жилийн хугацаанд яагаад гомдол гаргахгүй байсан юм бэ. Заналхийлэх гэмт хэрэг мөн юм уу. Батбаатар газрыг шилжүүлж аваад өөр хүн рүү шилжүүлсэн. Б нь Б-д өртэй Б-аас ч мөнгө авч чадаагүй. Дээрээс нь шүүх хуралдааны тэмдэглэлд бид нарын хэлсэн үг болгон тусгагдаад явж байгаа. Б Б-эд өр авлагын асуудалгүй болсон байна тийм учраас авчихлаа гэдэг агуулгаар шүүх бүрэлдэхүүнд ойлгуулаад байна. Б Б-аас одоо хүртэл 500 гаруй сая төгрөгөө авах гээд гомдол гаргаад явж байгаа. Гэтэл Б нь Ба-ыг айлгаж байгаад хүчээр гэрээ байгуулж компанийг нь өгсөн мэтээр ярьж байна. Яагаад Батбаатар Бэд өртэй байж тэр газраа Б-эд өгөхгүйгээр Б өөрөө буцааж аваад өөр хүн рүү шилжүүлсэн юм бэ. Нэгтгэх асуудлын тухайд хэлэхэд, мөрдөгчөөс эрүүгийн хэргийг нэгтгэх тухай саналаа прокурорт гаргасан бөгөөд тогтоол хэрэгт байдаг. Нэгтгэсэн тогтоол нь байдаггүй. Прокурор хэргийг нэгтгэсэн гэж хэлээд байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэхээр хэргийг яг нэгтгэсэн үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Прокурорын байгууллага цахимдаа нэгтгэж байж ажиллагаа явуулдаг учраас тогтоол нь ирээгүй тул тусгайлан гаргах санал байхгүй. Контейнерийн тухайд анхнаас нь контейнерийн хохирлыг тогтоож өгнө үү гэх миний хүсэлтүүд хэрэгт зөндөө байгаа. Хариу мэдэгдэх хуудас дээр “тэнд контейнер байгаа нь тогтоогдохгүй байна” гэсэн байдаг. Хохирогч сая байгаа гэж хэллээ. 4-5 жил хэрэглээгүй асуудал байгаа тул үнэлгээ гаргуулаад явах нь зөв байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч С.Б-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. 1 дэх заалтын хүрээнд хохирогч Г.Б-той холбоотой үйлдэл дээр ямар нэгэн ажиллагаа хийгдэх ёсгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Учир нь, уг үйлдэл дээр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Шинэ хууль хэрэгжсэнээс хойш буюу 2015 оны 07 дугаар сарын 01-нээс хойш анх татсан нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол юм. Өөрөөр хэлбэл, анх үйлдэгдсэн гэх цаг хугацаанаас хойш 10 жилийн дараа яллагдагчаар татсан. Иймд Г.Б хохирсон гэх үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гарч байгаа нь өөрөө хууль бус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн гэж үзсэн.
2 дахь заалтын хувьд Б-гийн үйлдэл дээр Батбаатарыг иргэний хариуцагчаар татах гэсэн асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгийн хурал дээр миний бие тавьсан. Өр авлагын харилцаа анх Баасансүрэн Б хоёрын хооронд үүссэн боловч Б Б хоёрын хооронд өр авлагын харилцаа байсан. Б-ийн барьцаанд байсан газрыг Б “би барьцаанд авъя” гэж гурвуулаа уулзаад шилжүүлээд авсан. Шилжүүлж авсаныхаа дараа Бэд мэдэгдэхгүй Батбаатарт шилжүүлж өгсөн. Б буцаагаад Б-т шилжүүлж байгаа үйлдэл нь хууль бус, цаана нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Батбаатар энэ үйлдэлдээ хариуцлагаа хүлээж иргэний хариуцагчаар татагдах ёстой. 3 дахь заалтын хувьд нэгтгэсэн тогтоол хавтас хэрэгт байхгүй байгаа бол нэгтгээгүй л гэж үзнэ. Иймд нэгтгэсэн тогтоолыг хэрэгт заавал хавсаргах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. ...” гэв.
Яллагдагч С.Б-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын хүрээнд энэ хэрэгт хохирогч Г.Б-ийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд 35 хавтас хэрэг бүрдсэн байдаг. 4 удаа гомдол гаргасан. Уг гомдлуудыг бүгдийг прокуророос хэрэгсэхгүй болгосон. Тус тусдаа хүчин төгөлдөр байдаг. Би Должинсүрэн өмгөөлөгчтэй санал нэг байна. 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр залилуулсан гэх гомдол дээр 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол юм. Хамгийн сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 153 дугаар тогтоолоор Бэд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр байхад яг энэ агуулгаар дахин гомдол гаргасан нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж хуульчилсан. Үүнийг зөрчсөн байна. Дараагийн асуудал гэвэл Г.Б яагаад гомдол гаргаад яваад байгаа юм бэ. Г.Б хохирогч мөн үү гэдэг асуудал яригдана. “Н к” ХХК-тай Г.Б ямар ч хамааралгүй. Хавтас хэрэгт авагдсан гэрчилгээнүүдийг харахад Г.Б гэх хүний эзэмшилд байгаа гэсэн нэг ч бичиг баримт байхгүй. Гэтэл Г.Б гэх хүн хохирогчоор тогтоогдсон. Үүн дээр давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Эрүүгийн хэргийг нэгтгэсэн тогтоол хэрэгт байдаггүй. 31 дүгээр хавтас хэргийн 171 дүгээр хуудаст Бийг Б гэх хүнийг залилсан гэх үйлдэлд татсан тогтоол байдаг. 28 дугаар хавтас хэргийн 239 дүгээр хуудаст 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн яллагдагчаар татсан тогтоол байна. Уг тогтоолыг нэгтгэсэн прокурорын тогтоол хэрэгт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна”, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ” гэж заасан. Эдгээр заалтын хүрээнд гаргасан прокурорын нэг ч тогтоол байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн үйл явдал юм. Энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй. Б-тэй холбоотой асуудал дээр мөнгөний зарцуулалтыг шалгах шаардлагатай. Тэгж байж гэмт хэргийн сэдэлт санаа зорилго тодорхой болно. Б барилга барих үйл ажиллагаанд зарцуулна гэж мөнгө авсан. Уг мөнгөө барилга барихдаа зарцуулсан. Б юунд мөнгөө зарцуулсан болохыг тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоох шаардлагатай. Мөнгөний зарцуулалтыг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй байж шууд яллагдагчаар татсан. Уг ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байх тул шүүгчийн захирамжид нэмж оруулж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх С.Б-эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Нийслэлийн прокурорын газраас С.Б-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Г.Б-д барьж байгаа барилга дээр нь 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж өгнө, “Н к” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлээд өгчих гэж хуурч, Г.Б-ийн зөвшөөрлөөр 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Д.Б-ын 100 хувийн хувьцаа эзэмшиж байсан “Н к” ХХК-ийг “Компани, түүний үндсэн хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, улмаар өөрийгөө захирлаар нь томилуулж, компанийн 100 хувийн хувьцаа болон 1,000,000 төгрөгийн хөрөнгийг шилжүүлэн авч, залилан хохирогч Г.Б-д “Н к” ХХК-д 100 хувийн хувьцаа болон 1,000,000 төгрөгийн хөрөнгийн хохирол учруулсан,
мөн хохирогч С.Б-гээс “мөнгө зээлээч БНХАУ-ын хөрөнгө оруулагч нараас 14-нөөс 21 хоногийн дотор мөнгө орж ирэхээр мөнгийг чинь буцаан өгнө” гэж хуурч, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны салбараас 2 удаагийн үйлдлээр нийт 449,325,000 төгрөгийг өөрийн хүү болох Б.Б-гийн үүсгэн байгуулсан “А” ХХК-ийн Хаан банкны 50........... дугаар бүхий дансаар, “барилгын ажил зогсох гээд байна, хэдэн төгрөг ч хамаагүй зээлээс, удахгүй өгнө” гэж хуурч, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкны салбараас 77,870,000 төгрөгийг, өөрийн хүү болох Б.Б-гийн үүсгэн байгуулсан “А” ХХК-ийн Хаан банкны 50........... дугаар бүхий дансаар, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “манай хүү орон сууц барьж байгаа, манайд байр захиалах бол метр квадратыг нь 950,000 төгрөгөөр захиалж болно, чи ирж үзээд захиалахгүй юм уу” гэж хуурч, улмаар хохирогч С.Б-тэй “Орон сууц захиалах гэрээ” байгуулан 30,000,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш г” ХХК-ийн оффис дээр “А” ХХК-ийн Хаан банкны 50........... дугаар бүхий дансаар тус тус шилжүүлэн авч, залилан хохирогч С.Б-д нийт 557,195,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамждаа нэг бүрчлэн тодорхой үндэслэлүүдээр дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлэг, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/2306 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Р.Энх-Оюуны бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч С.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР