Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2018/0268

 

2018 оны 05 сарын 09 өдөр                           Дугаар 221/МА2018/0268                               Улаанбаатар хот

Б.В-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Ц.Цогт, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0169 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.В-гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0169 дүгээр шийдвэрээр: ”Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/152 дугаар захирамжийн Б.В-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Б.В-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл шүүх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-ийг эш татсан ба уг заалтад “... энэ хуульд заасан зориулалт” гэсэн байхад гэрээнд заасны дагуу буюу Газрын тухай хуульд огт байхгүй “ил зогсоол”-ын зориулалтаар ашигласангүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, гэрээнд заасны дагуу ашиглаагүй хэмээн үзэж байгаа юм бол зөрчил хэзээнээс хэзээ хүртэл үргэлжилсэн талаарх баримт хэрэг дотор огт байхгүй байхад зөрчил гаргасан гэж байгаа нь буруу юм. Ил зогсоол гэдэг үгийн талаар аль ч хуульд заагаагүй байдаг тул захиргаа нь анхнаасаа буруу зориулалт зааж, газар эзэмшүүлчихээд газар эзэмшигчийг буруутгаж байгаа нь буруу бөгөөд эерэг үйлчлэлтэй уг актыг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Шугам сүлжээний бүсэд давхардуулан газар олгосон гэх үндэслэлийг дүүргийн Засаг дарга захирамждаа дурдаагүй тул энэхүү акт нь зорилгодоо нийцэж гараагүй, шүүхээс нэхэмжпэгч нь маргаан бүхий газрын төлбөрөө 2012 оноос хойш төлөөгүй гэж дүгнэсэн үндэслэлгүй бөгөөд газрын төлбөрөө жил болгон төлж байсан ба үүнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хурал дээр тайлбар хэлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/152 дугаар захирамжаар “газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жилийн хугацаагаар ашиглаагүй” үндэслэлээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, 2012 оны А/163 дугаар захирамжийн Б.В-д холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсон” бөгөөд нэхэмжлэгч Б.В тухайн захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

       Иргэн Б.В-д анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 85 дугаар захирамжаар тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 6004/0299 дугаар бүхий 500 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар “ил зогсоол”-ын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/168 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгасан боловч тэрээр тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2/141 дүгээр албан бичгээр маргаан бүхий газарт 2005-2007, 2010, 2013-2015 оны агаар, сансрын зураг болон нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2017 оны архивын зурган мэдээлэлтэй давхцуулсан зураг болон шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

       Энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтны Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон, 2012 оны А/163 дугаар захирамжийн Б.В-д холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсоныг буруутгах үндэслэлгүй. Үүнээс гадна нэхэмжлэгч тухайн эзэмшиж байсан газрын төлбөрөө 2012 оноос хойш төлөөгүй, цэвэр, бохир усны хамгаалалтын зурвастай болон инженерийн шугам сүлжээтэй давхацсан нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2/417, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09/637 дугаар албан бичгүүдээр тогтоогджээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт хууль бус байхаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдвол шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгох учиртай. Энэ тохиолдолд дээрх байдлаар нэхэмжлэгч газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй, газрыг хуульд заасан хугацаагаар бодитойгоор ашиглаагүй нь баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

      Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой, зөв баримтлаагүй алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0169 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                ШҮҮГЧ                                                    Э.ХАЛИУНБАЯР

                                                                ШҮҮГЧ                                                    Ц.ЦОГТ

                                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.БАТБААТАР