Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 829

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Г.М

 Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн

 бүртгэлийн газар /хуучнаар/

 Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: П.З

Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэн П.Зад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-******* тоот хаягт байрлах 300 м.кв газар эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн холбогдох хэсэг, мөн хаягт байрлах 30 м.кв орон сууцыг П.Зын нэр дээр бүртгэсэн Ү- дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, Г.М миний нэр дээр уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэх, газрыг надад эзэмшүүлсэн захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн засаг даргад даалгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, З.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлдээ: “...Миний бие Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-******* тоот хаягт байрлах 134 м.кв хэмжээтэй, нэгж талбарын дугаартай газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, Чингэлтэй дүүргийн газрын албанаас дугаартай гэрчилгээ олгосон.

Үүний дагуу миний бие уг газар дээр байрлах байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг авах гээд 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн байгууллагад хандахад, миний нэр дээр байсан уг газар болон байшинг Газрын тухай хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухайхуулийг зөрчиж, газар эзэмших эрхийг маань хүчингүй болгож, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг П******* овогтой Зын нэр дээр гаргасан байсан.

Дээрх шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ямар учир шалтгааны улмаас миний хууль ёсоор 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг маань надад огт мэдэгдэлгүйгээр П.Зын нэр дээр шилжсэн талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргад өргөдөл гаргаж, хандахад тус дүүргийн Засаг даргаас надад эзэмшүүлсэн газар нь П.Зын газартай давхацсан гэж үзээд миний газрыг хүчингүй болгосон байна.

Энэ талаар миний бие холбогдох төрийн байгууллагуудад хандаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахыг хүссэн боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, захиргааны хэргийн шүүхэд хандахыг зөвлөсөн хариуг сүүлд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргаж, надад 28-ны өдөр гардуулж өгсний дагуу шүүхэд хандахаар шийдсэн.

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-******* тоот хаягт байрлах уг газар дээр миний бие нөхөр, хүүхдүүдийн хамт 1994 оноос хойш амьдарч байсан бөгөөд манай нөхрийн ажлын газраас уг байшин, газрыг талийгаач нөхөрт маань өгсөн тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.1-т “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэж тус тус заасныг ноцтой зөрчиж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна.

Иймд иргэн П.Зад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-******* тоот хаягт байрлах 300 м.кв газрыг эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн холбогдох хэсэг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-******* тоот хаягт байрлах 30 м.кв орон сууцыг П.Зын нэр дээр бүртгэсэн Ү- дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г.М миний нэр дээр уг хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт, мөн хаягт байрлах газрыг надад эзэмшүүлэх захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус даалгаж өгнө үү” гэжээ

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн  хариу тайлбартаа: “...Иргэн П*******ийн З нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-******* тоот хаягт байрлах газын гэрчилгээг сунгуулахаар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасны дагуу

дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дугаар захирамжаар 300 мкв газрын гэрчилгээг сунгасан байна.

Иргэн П.Зын тус хороонд оршин суудаг тухай Хорооны Засаг даргын тодорхойлолт, П.Зын нэр дээрх 186******* дугаар бүхий нэгж талбарын дугаартай газрын мэдээллийн сангийн зурагийг үндэслэн дүүргийн Засаг даргын захирамжаар газрын гэрчилгээг сунгасан тул иргэн Г.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ. 

Хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамж, 1 дүгээр байр 3

тоот, хаягтай ЗОм.кв орон сууцны зориулалтай 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр иргэн П.З/ *******/-ийн өмчлөлд бүртгэхдээ анх Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2015 оны 03 сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоол бүхий цэнхэр гэрчилгээ болон бусад нотлох баримтыг үндэслэсэн бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж өмчлөх эрхийн ******* дугаартай гэрчилгээг 2015 оны 04 сарын 08-ны өдөр олгосон байна.

Өнөөдрийн байдлаар дээрх орон сууц нь П.Зын өмчлөлд бүртгэлтэй хэвээр байх бөгөөд ямар нэгэн үүрэг ноогдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байна.

Дээрх эд хөрөнгийн хувийн хэрэг нотлох баримтыг судалж үзэхэд уг орон сууцыг иргэн П.Зын өмчлөлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж журмын дагуу бүртгэгдсэн байна.

Иймд иргэн Г.Мгийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд П.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...П.З би Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, Нуурын ******* тоот сууцыг өөрийн хамаатны дүү болох Б*******аас 400 ам.доллараар худалдан авсан бөгөөд тухайн үед худалдах, худалдан авах гэрээ хийлгүй аман гэрээ хийж тус байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

Дээрх сууцны эзэмшигч байсан Б******* нь манай дүү Б*******ын унаж явсан Бенз-190 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж улмаар Б*******ын машинд 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор Б*******аас 400.000 төгрөг гаргуулан Б*******т олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Ийнхүү 1998 оны 10 дугаар сарын 05-ны өдөр албадан гүйцэтгэж Б*******ын байрыг албадан суллаж, дээрх сууцны түлхүүрийг Б*******т хүлээлгэн өгсөн. Харин Б******* нь энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу авах байсан 400.000 төгрөгийн оронд Б*******ын эзэмшлийн сууцыг гаргуулан авч өөрийн эзэмшилдээ хууль ёсны дагуу шилжуүлэн авсан билээ.

Би Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, Нуурын ******* тоот сууцыг хууль ёсны дагуу худалдан авсан бөгөөд холбогдох төрийн захиргааны байгууллагуудад хандаж газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч байсан.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт нь ямар ч үндэслэлгүй байх тул энэхүү хэрэг маргааныг холбогдох хуульд заасны дагуу үнэн зөвеөр шийдвэрлэн өгч шударгаар өмчилж байгаа миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шнижлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Г.Мгийн нэхэмжлэлийн шаардлыгыг дараахь байдлаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Иргэн П.Зад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-******* тоот хаягт байрлах 300 м.кв газар эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн холбогдох хэсэг, мөн хаягт байрлах 30 м.кв орон сууцыг П.Зын нэр дээр бүртгэсэн Ү- дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, Г.М миний нэр дээр уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэх, газрыг надад эзэмшүүлсэн захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн засаг даргад даалгуулах” шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Чингэлтэй дүүргийн засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн дүүргийн засаг даргын 2015 оны А/24 дүгээр захирамжийн давхцаж буй газартай холбогдох хэсэг болон П.Зын нэр дээр хийсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг  хүчингүй болгуулах, уг газрыг эзэмших эрх олгосон захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн засаг даргад, уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг өөрийн нэр дээр бүртгэхийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт тус тус даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2000 онд П.З газар эзэмших хүсэлт гаргасан нь тогтоогдохгүй байна... эзэмшүүлсэн захирамж шийдвэр байхгүй...үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй байхад шууд П.Зын нэр дээр хийж гэрчилгээ олгосон нь хууль бус...” гэж хариуцагч болон гуравдагч этгээд нар “...2000 онд П.Зад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байхад Г.Мд 2014 онд газрыг давхардуулж олгосон нь хууль бус...П.З нь үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч тул орчны газар нь үл хөдлөх эд хөрөнгөө дагаж явах ёстой...гэж тодорхойлон маргаж байна.

1.“Иргэн П.Зад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-******* тоот хаягт байрлах 300 м.кв газар эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг газрыг надад эзэмшүүлсэн захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн засаг даргад даалгуулах” шаардлагын тухайд:

Хэрэгт нотлох баримтаар авсан,  2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар бүхий Газар эзэмших гэрчилгээнд “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 300 ам.дөрвөлжин метр газрыг 15 жилийн хугацаатайгаар иргэн П.Зад эзэмшүүлэхээр олгов” гэж бичин Чингэлтэй дүүргийн засаг дарга тамга дарж гарын үсгээ зурсан байна. 

Гэвч уг гэрчилгээг гарах үндэслэл болгосон нотлох баримтууд, тухайлбал иргэн П.Заас Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж газар хүссэн хүсэлт, газрын тойм зураг холбогдох бусад баримтууд бий эсэх талаар архивын газруудаас лавлагаа гаргуулах ажиллагааг шүүхээс хийсэн боловч “байхгүй” гэсэн хариу ирүүлсэн, шүүхээс хийсэн үзлэгийн явцад ч 2000 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргаас иргэн П.Зад газар эзэмшүүлэх захирамж гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Газрын тухай хуулийн /1994 оны/ 30 дугаар зүйлийн 30.1-д “иргэн газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад...гаргана”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “...иргэн...-д газар эзэмшүүлэх эсэх тухай шийдвэрийг...тухайн шатны Засаг дарга гаргана...”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “энэ хуулийн 31.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн... засаг даргын томилсон албан тушаалтан...эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зохицуулсан байна.

Үүнээс үзвэл иргэн П.Зад олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Газрын тухай хуулийн дээр дурдсан зүйл заалтуудыг зөрчсөний дээр уг гэрчилгээг хууль зүйн дагуу гарсан, үнэн бодит болохыг дэмжих нотлох баримтууд байхгүй ингэснээр түүнийг эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичиг гэж үзэхээргүй, илт хууль бус захиргааны акт байна. Түүнчлэн уг гэрчилгээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн чухам аль хэсэгт хамаарах газрыг олгосон нь тодорхойгүй, утга агуулгын илэрхий алдаатай болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Тус дүүргийн газрын албанд гаргасан П.Зын өргөдөл /огноогүй/, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус хороонд шилжин ирсэн тухай тодорхойлолт зэргийг үндэслэн Чингэлтэй дүүргийн засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дугаар бүхий “Газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай” захирамжаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-******* тоот хаягт орших П.Зын газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгахаар шийдвэрлэн уг захирамжийн 2 дахь заалтаар П.Зад газар эзэмшүүлсэн 2000 оны ******* дугаар гэрчилгээг хүчингүйд тооцжээ. 

Уг захирамж нь хууль ёсны хүчин төгөлдөр эрхийн актад үндэслэж гараагүй, өөрөөр хэлбэл иргэн П.Зад газар эзэмших эрх зохих ёсоор үүсээгүй байхад уг эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, ингэснээр Чингэлтэй дүүргийн засаг даргын, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дугаар бүхий “Газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай” захирамж нь бүхэлдээ Газрын тухай хуулийн /2002 он/ 37 дугаар зүйлд заасан “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах” заалтыг зөрчсөн, хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна. 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дугаар бүхий “Газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай” захирамжийг гаргахаас өмнө буюу 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Засаг дарга А/08 дугаар бүхий “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамж гаргаж нэхэмжлэгч Г.Мд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-******* тоот хаягт орших 134 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэн Гэр бүлийн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр олгожээ.

Ингэснээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшиж буй газар 131 м2 хэмжээгээр давхацсан нь Газрын харилцаа геодези зураг зүйн газраас ирүүлсэн Газрын кадастрын мэдээллийн сан дахь 2014 оны сансрын зургаар тогтоогдож байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “2000 онд иргэн П.Зын эзэмшиж байсан газар дээр 2014 онд Г.Мд давхцуулж газар олгохоор шийдвэрлэсэн, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамж нь хууль бус” гэсэн тайлбар хийж байх боловч уг захиргааны актын талаар бие даасан шаардлага гаргаж маргаагүй болно.

Иймд иргэн П.Зыг маргаж буй газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй,  Чингэлтэй дүүргийн Засаг даргаас П.Зад олгосон, 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар гэрчилгээ болон тус дүүргийн Засаг даргын 2015 оны А/24 дүгээр захирамж нь нэхэмжлэгч Г.Мгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул дээрхи захиргааны актуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Харин нэхэмжлэгч Г.Мгээс гаргасан “газрыг надад эзэмшүүлсэн захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн засаг даргад даалгуулах” шаардлагын тухайд: 

П.Зад 300 м2 газар эзэмшүүлэхээр олгосон гэрчилгээ болон түүний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан Засаг даргын захирамжийг шүүх хүчингүй болгосноор Г.Мгийн хууль ёсоор эзэмшиж буй 134 м2 газрын давхцал арилах ба Г.М нь анхнаасаа 134 м2 газар эзэмших хүсэлт гаргасан, захиргааны байгууллагаас татгалзсан эс үйлдэхүй байхгүй тул П.Зын эзэмшиж байсан 300 м2 газрыг Г.Мд олгохыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд Г.Мгийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

2.“Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-******* тоот хаягт байрлах 30 м.кв орон сууцыг П.Зын нэр дээр бүртгэсэн Ү- дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Г.М миний нэр дээр уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгуулах” шаардлагын тухайд:

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-******* тоот хаягт байрлах 30 м.кв орон сууц хашааг нэхэмжлэгч Г.Мгийн нөхөр Г.Б******* нь 1998 онд зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Л.Б******* гэгчид  учруулсан хохирлын төлбөрт Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор хураан авахаар шийдвэрлэгдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг байрыг албадан чөлөөлж хохирогч Л.Б*******ын эзэмшилд шилжүүлсэн, хэргийн оролцогчдын хэн аль нь уг асуудлын талаар маргахгүй байна.  

Харин нэхэмжлэгчээс “үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй байхад шууд П.Зын нэр дээр хийж гэрчилгээ олгосон нь хууль бус” гэж марган П.Зын нэр дээр бүртгэсэн Ү- дугаартай улсын бүртгэлийг  хүчингүй болгуулах, өөрийн нэр дээр бүртгэхнийг даалгуулах шаардлага гаргаж байх боловч уг бүртгэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй, хариуцагч захиргааны байгууллагаас бүртгэлийг хуульд заасан журмын дагуу хийсэн болох нь тогтоогдож байна. Тухайлбал:  

П.Заас 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-******* тоот  хаягт орших 30 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр  мэдүүлэг гаргаж түүндээ 2014 оны 12 дугаар сарын 25-нд Төрийн өмчийн хорооноос олгосон 471 дугаартай Орон сууц эзэмших эрхийн бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос олгосон 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар бүхий “орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ” зэрэг баримтыг хавсарган ирүүлжээ. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг эдгээр баримтууд нь хангасны дээр мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсныг үндэслэн хариуцагчаас дээрхи үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг П.Зын нэр дээр Ү- дугаарт бүртгэж 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ******* дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн  Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Орон сууц хувьчлах товчооны 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлээс үзвэл Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Усны аж ахуйн байрны 23-******* тоот орон сууцыг иргэн П.З эзэмших эрхийн бичгийн дагуу эзэмшиж байгаад хувьчлан авахаар хүсэлт ирүүлснийг үндэслэн хувьчлалд хамруулахаар шийдвэрлэсэн, энэ асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

Иймд П.Зыг уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, түүнд олгосон гэрчилгээг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул “Г.М миний нэр дээр уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн /1994 он/ 30 дугаар зүйлийн 30.1, 31, 32 дугаар зүйл,  Газрын тухай хуулийн /2002 он/ 37 дугаар зүйл,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Мгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр, 2015 оны А/24 дүгээр захирамжийн давхцаж буй газартай холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “П.Зын нэр дээр хийсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг  хүчингүй болгуулах, уг газрыг эзэмших эрх олгосон захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн засаг даргад, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг өөрийн нэр дээр бүртгэхийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт тус тус даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 35100 (гучин таван мянга нэг дуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114-.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Н.ДУЛАМСҮРЭН