Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 619

 

                                                                       

 

 

 

 

 

 

М.Мандуулд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Ц.Сүхбат,

            Шүүгдэгч М.Мандуул, түүний өмгөөлөгч Б.Болортуяа,

            Хохирогч Д.Түвшинбат,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сүхбатын бичсэн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлээр М.Мандуулд холбогдох эрүүгийн 201625020528 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Мөнхбаярын Мандуул, 1993 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Инженер физикийн ангийн 4 дүгээр дамжааны оюутан, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хорооллын, 69 дүгээр байрны 92 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УШ93032417/,

 

М.Мандуул нь 2016 оны 2 дугаар сарын 5-ны шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр байрын гадаа нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.Түвшинбатыг зодож, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Мандуулын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан хэргийн санаа зорилго, сэдэлтийг бүрэн тогтоож ирүүлэх шаардлагатай. Танхайн сэдэлтээр эсвэл тодорхой шалтгаантай маргааны улмаас энэ хэрэг үйлдэгдсэн эсэхийг нарийвчлан шалгаж тодруулах.

Хохирогч Д.Түвшинбат анх цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлд “...зодохдоо архины шилээр толгой руу цохисон. ...эрүүний доод хэсэгт гүрээний судсанд ойрхон хагарсан, шилээр зүссэнээс цус их алдсан...” /хх-ийн 3/, анх удаа өгсөн тайлбарт “...бүгд нийлээд зодож байтал нэг нь миний толгой руу шилээр цохисон. ...хүзүүг шилээр зүсэж, цус их хэмжээгээр гарсан...” /хх-ийн 4/, хохирогчоор байцаагдсан тэмдэглэлд “...миний толгой руу нэг хатуу зүйлээр цохичих шиг болсон. Гэхдээ би юугаар цохисныг анзаарч хараагүй...” /хх-ийн 11/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Түвшинбат “...Мандуул намайг архины шилээр цохисон нь үнэн...” гэх зэрэг байдлаар тогтвортой мэдүүлсэн байна. Мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлд заасан хариуцлагыг сануулсан байх бөгөөд хохирогч Д.Түвшинбатын дээрх удаа дараагийн мэдүүлэгт дурдагдсан “зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн” гэх байдалд дүгнэлт хийлгүй ирүүлсэн нь буруу байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн бий эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай.

Хэрэгт авагдсан гол нотлох баримт болох хяналтын камерын бичлэгт
үзлэг хийсэн тэмдэглэл болон уг бичлэгээс үзэхэд хохирогч Д.Түвшинбат идэвхтэй
үйлдэл ажиглагдах бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнийг Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт холбогдуулан шалгаж, улмаар
дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Дээрх бичлэгээс үзэхэд хохирогч Д.Түвшинбат нь биеэ хамгаалах шинжтэй үйлдэл хийхээс илүүтэй шүүгдэгч М.Мандуултай харилцан маргалдаж зодолдох, цохиж унагах, 0.75 литр архитай шилээр цохихоор далайх, түүн рүү чиглүүлэн шидэж хагалах зэргээр хийж байгаа үйлдэл нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлон догшин зан авир гаргаж, үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Д.Түвшинбатын үйлдлийг сайтар шалгаж тогтоох шаардлагатай. Нөгөөтэйгүүр Д.Түвшинбатын үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэг буюу “...нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагаа хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал...” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, М.Мандуулын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч “...хацар, баруун гуянд зулгаралт, хацар, баруун тохойнд зулгаралт гэмтэл...” учирсан болохыг тогтоосон бөгөөд прокуророос энэхүү үйлдэлд Д.Түвшинбатыг “оролцоогүй” буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзнэ.

Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний аль нэг шинж үгүйсгэгдсэн талаар дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуулийг зөв хэрэглэх үндэслэл болно.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд IPhone 5 загварын гар утас байсан эсэх талаар маргалддаг бөгөөд энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор тухайн дугаар бүхий гар утаснаас хэрэг болох үед дуудлага хийсэн байдлыг холбогдох байгууллагаас тодруулах. Мөн тухайн гар утас хэрэг учрал болох үед Д.Түвшинбатын биед байсан эсэхийг бусад нотлох баримтаар зайлшгүй шалгаж тогтоох нь иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан М.Мандуулд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч М.Мандуулд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хамт хүргүүлж, прокурор энэ захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Сүхбат бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан хэргийн санаа зорилго, сэдэлтийг бүрэн тогтоож ирүүлэх шаардлагатай. Танхайн сэдэлтээр эсвэл тодорхой шалтгаантай маргааны улмаас энэ хэрэг үйлдэгдсэн эсэхийг нарийвчлан шалгаж тодруулах” гэжээ. Хохирогч Д.Түвшинбатын “...тэр залуутай хамт явсан танихгүй залуу хажуунаас орж ирээд “чи муу одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлэхээр нь зөрүүлээд би түүнд хандан “2 хүн хоорондоо юм ярьж байхад 3 дахь илүү шүү” гэж хэлсэн чинь зөрүүлээд нэг юм хэлээд хэд хэдэн удаа нүүр рүү цохисон чинь манай доод айлын залуу тэр залууг тэврээд барьсан...” /хх-ийн 11/, гэрч Б.Энхбилигтийн “...Тэгтэл Мандуул хажуу талаас орж ирээд Түвшинбат ах руу “юу болсон бэ хөгшөөн” гэж хэлсэн чинь Түвшинбат ах “чам шиг чацгатай харьцдаг нь би биш” гэж хэлсэн чинь тэр 2 маргалдсан. Мандуул түрүүлээд түүнийг цохиод тэр хоёр хоорондоо цохилцоод ирсэн, маргалдаж муудалцах ямар нэгэн шалтгаан байхгүй, учир нь тэр хоёр нэг нэгнийгээ танихгүй. Тухайн үед Түвшинбат ах “чамтай харьцаагүй байна” гэхэд Мандуул “чи юу гээд байгаа юм” гээд хоорондоо маргалдаж зодолдсон...” /хх-ийн 13/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг /хх-ийн 7-8/ зэргээс үзэхэд яллагдагч М.Мандуул нь уг гэмт хэргийг хувийн таарамжгүй харьцааны улмаас үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэдийгээр яллагдагч М.Мандуул нь “...Энэ ах өмнө нь миний найз Энхбилигтийн аав Болдыг орцных нь үүдэнд заамдаж авч байсан болохоор тийм зүйл болох болов уу гэж бодоод би түүнийг түрүүлээд нэг удаа цохисон...” /хх-ийн 29/ гэх мэдүүлгүүд байх боловч гэрч Л.Болдын “...Түвшинбаттай нэг л удаа маргалдахад орцны үүдэнд 2 гараараа миний куртикны захнаас угзарч татаад тавьж байсан. …гараараа куртикны захнаас бариад угзарч татаж байсныг би зөвхөн өөрийн хүү Энхбилигтэд “Түвшинбат гэдэг нөхөр хэл ам хийгээд намайг доромжлоод орцны үүдэнд намайг заамдаж авсан” гэж хэлж байсан, Мандуулд огт ярьж байгаагүй...” /хх-ийн 67/. Энэ талаар тухайн үед хохирогч Д.Түвшинбат, яллагдагч М.Мандуул нарын хооронд маргаан болсон талаар хохирогч Д.Түвшинбат, гэрч Б.Энхбилигт нар нь энэ талаар мэдүүлэг өгөөгүй юм. Иймд хэргийн санаа зорилго, сэдэлтийг бүрэн тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Түвшинбат анх цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлд “...зодохдоо архины шилээр толгой руу цохисон, ...эрүүний доод хэсэгт гүрээний судсанд ойрхон хагарсан, шилээр зүссэнээс цус их алдсан...” /хх-ийн 3/, анх удаа өгсөн тайлбарт “...бүгд нийлээд зодож байтал нэг нь миний толгой руу шилээр цохисон, ...хүзүүг шилээр зүсэж, цус их хэмжээгээр гарсан...” /хх-ийн 4/ гэж тайлбар өгсөн байдаг боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 11 дүгээр бүлэг буюу нотлох баримтын бүлэгт анх цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, тайлбар зэрэг нь нотлох баримтаар нэр заагдаагүй бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнөх гомдол, мэдээллийг шалгах ажиллагаа тул анх гаргасан өргөдөл, тайлбарыг шүүхээр хэрэг, маргааны хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж байна. Харин хохирогч Д.Түвшинбатад мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлд заасан хариуцлагыг сануулан байцаалт авахад “...миний толгойн хэсэг рүү нэг хатуу зүйлээр цохичих шиг болсон. Гэхдээ би юугаар цохисныг анзаараагүй...” /хх-ийн 11/, шүүхийн хэлэлцүүлэгт “Таны толгойн дээр хатуу зүйлээр цохихыг та харсан уу гэх асуултанд хараагүй ч толгой дээр хагарч байгаа байдалтай дууг би сонссон” гэх мэдүүлэг зэргээс авч үзвэл хохирогч Д.Түвшинбат нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бөгөөд хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт заасан “хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй” гэж зааснаар яллагдагч М.Мандуулыг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй буюу яллагдагчийг хүндрүүлж яллах үндэслэлгүй байна. Мөн Д.Түвшинбат нь хохирогч байхад шүүгчийн захирамжид “...шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Түвшинбат...” гэж бичсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг зөрчиж, шүүгдэгчээс гадна хохирогчийг холбогдуулж шалгах талаар дурджээ. Прокурор хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн нотлох үүрэгтэй бөгөөд дээрх Д.Түвшинбатын үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэсэн нь прокурорын эрх хэмжээний хүрээнд хийгдсэн хууль ёсны ажиллагаа юм. Дээрх шийдвэрт гаргасан өмгөөлөгч Б.Болортуяагийн гомдлыг дээд шатны прокуророос хянаж, прокурорын шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. /хх-ийн 87/

            Хуульд хэргийг зөвхөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу хяналтын прокурор яллагдагч М.Мандуулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байх тул энэ хүрээнд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй юм. Хэрэгт хохирогч Д.Түвшинбатын Iphone 5 загварын гар утас алга болсон талаар мэдүүлж байгаа боловч тухайн утсыг 250.000 төгрөгөөг үнэлж, нийт хохиролдоо оруулж тооцоход шүүгдэгч, хохирогч нараас хохирлын талаар маргадаггүй, цаашид шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Тухайн үед хохирогч Д.Түвшинбатын Iphone 5 загварын гар утас байсан эсэхийг тодруулах зорилгоор гар утаснаас хэрэг болох үед дуудлага хийсэн байдлыг холбогдох байгууллагаас тодруулах шаардлагагүй гэж үзэж байгаа бөгөөд ярианы билл буюу задаргаанд тухайн утаснаас залгасан болон гаднаас ирсэн дуудлага байхаас тус дуудлагыг ямар загвар, маркийн утаснаас хийж байгаа талаар мэдээлэл гарах боломжгүй юм.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү…” гэв.

Хохирогч Д.Түвшинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагагүй гэж үзэж байна...”  гэв.

Шүүгдэгч М.Мандуул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хэрэгт дахин нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хэрэгтэй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Өөр тайлбар байхгүй…” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Би прокурорын хяналтын шатанд хохирогч Д.Түвшинбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолтой танилцаад дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч яллах дүгнэлт үйлдэгдсэний дараа надад хариу өгсөн. 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр надад хариу өгсөн. Шилээр цохисон гэх хохирогчийн мэдүүлэг тогтвортой байсан гэж шүүх үздэг. Хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадахгүй байгаа учраас шилээр цохисон гэдэг нь тогтоогдох боломжгүй гэж улсын яллагч тайлбартаа хэлсэн. Д.Түвшинбатын хувьд CD бичлэгт үйлдэл нь тодорхой харагдаж байгаа учраас түүний үйлдлийг шалгах нь зүйтэй гэж үзэж байна…” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгчийн захирамжид прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мандуулд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, хэргийн бүрдэл хангагдаагүй, шалгаж тогтоох ажиллагаа бүрэн биш хийсэн гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Үүнээс гадна, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийхийн зэрэгцээ дараах ажиллагааг нэмж гүйцэтгэвэл зохино. Үүнд:

 

1. Хавтаст хэрэгт авагдсан Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “…”uuganbayr.avi” бичиглэлтэй эхний бичлэгийг тоглуулахад …саарал өнгийн богино куртиктэй эрэгтэй өврөөсөө архины шил мэт зүйлийг гарган ирж хар өнгийн урт куртиктэй эрэгтэйг цохих ба архины шил мэт зүйл газар унаж хагарч байгаа нь харагдлаа. …Бичлэгийн 05 минут 59 секундэд үл таних эрэгтэй хүн ирэх ба хар саарал өнгийн урт куртиктэй эрэгтэй түүнийг түлхэж холдуулахад саарал өнгийн богино куртиктэй эрэгтэй хар өнгийн урт куртиктэй эрэгтэйн нүүр хэсэгт нь цохих үед тэр 2 хоорондоо барьцалдаж цохилцож байлаа…” гэж тусгагджээ. /хх-ийн 7/

 

Дээрх байдлаас дүгнэхэд үзлэг хийсэн тэмдэглэл нь гэмт хэрэг гарсан байдал, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг олох, гэмт хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулахаас илүүтэй таамагласан шинжтэй, ерөнхий байдлаар хийгдсэн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулалгүй орхигдуулсан байна.     

 

Эд мөрийн баримтаар тооцож хураан авсан CD дэх ”uuganbayr.avi” гэх бичиглэлтэй  бичлэгт бүхэлд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар зөвшөөрөгдсөн бүхий л арга хэрэгслийн дагуу тодорхой багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан дахин үзлэг хийж, зарим дараах зүйлийг илүү нарийн шалгаж тодруулах нь зүйтэй. Тухайлбал:

 

-Бичлэгийн 00:40-00:49 секундэд саарал өнгийн богино куртиктэй эрэгтэй хүний баруун гартаа барьж байгаа зүйл шилтэй архи мөн эсэх, уг зүйлээр хар өнгийн урт куртиктэй эрэгтэйг хэрхэн, хаана нь ямар байдлаар хэдэн удаа цохисон болохыг нарийвчлан тогтоох,

 

-Бичлэгийн 06:00-06:18 дахь секундын хооронд хар өнгийн урт куртиктэй эрэгтэй хүний баруун гарт байгаа цагаан өнгийн /2 удаа уг цагаан зүйл бутарч унана/ зүйл чухам юу болох, уг зүйлийг хэрэглэж саарал өнгийн богино куртиктэй эрэгтэйг цохисон эсэх, хэрэв уг зүйлийг хэрэглэж цохисон тохиолдолд хэдэн удаа, хаана нь яаж цохисон, түүнчлэн тухайн үед саарал өнгийн богино куртиктэй эрэгтэй хар өнгийн урт куртиктэй эрэгтэйг хэрхэн, хэдэн удаа хаана нь цохиж байгааг тодруулах.    

 

2. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2067 тоот шинжээчийн дүгнэлтэд “…баруун сарвуу гөлтгөнөн боолттой, баруун чихний дэлбэн, баруун хацар, шанаа, толгойн орой, дагз хэсэгт олон тооны улаан, ягаан өнгийн зулгаралтуудтай, зүүн зулайд 1.5х0.1 см оёдол тавигдсан, эрүүний зүүн доор 2х0.1 см хоёр ширхэг оёдол тавигдсан зүсэгдсэн шархтай. Эрүүний шархны эргэн тойронд олон тооны зулгаралтуудтай. Хүзүүний баруун урд дунд 3х2 см, 4х1 см улаан, ягаан өнгийн цус хуралттай. Үүдэн дээд зүүн 1 дүгээр шүд унасан, буйл хонхор, буйланд улаан, хүрэн өнгийн цус хуралттай. 2016 оны 2 дугаар сарын 6-ны ГССҮТ-н баруун сарвууны рентген зурганд: алганы 5 дугаар шивнүүр яс хөндлөн зөрөө багатай хугаралтай харагдана…” гэсэн байна. /хх-ийн 17/

 

Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч Н.Туяа “…Тухайн үед хохирогч над дээр ирэхдээ оёдол тавиулаад ирсэн байсан. Оёдол тавиулаад ирэх юм бол хоёр шархны ирмэг нь тэгш хэмтэй болсон байдаг. Ер нь бол оёдол тавиулаагүй ирээд хоёр шархны ирмэг нь барзгар байвал няцарсан шарх, тэгш байвал зүсэгдсэн шарх болдог юм. Оёдол тавиулаад ирэхэд шархных нь ирмэг нь тэгш хэмтэй болсон байсан учир үүнийг зүсэгдсэн шарх гэж үзнэ…” гэж мэдүүлжээ.

Гэтэл хэрэгт хохирогч Д.Түвшинбатын зүүн зулай болон эрүүний зүүн доор учирсан шарх тухайн үед ямар байдалтай байсан, тэдгээрийг ямар эмнэлэгт хэрхэн эмчилж оёдол тавьсан, түүнчлэн баруун сарвууны рентген зураг авахуулсан талаарх өвчтөний түүх байгаа эсэхийг шалгаж, хэрэв өвчтөний түүх байгаа тохиолдолд хэрэгт хавсаргах.  

 

3. Хохирогч Д.Түвшинбатад учирсан баруун сарвууны алганы 5 дугаар шивнүүр ясны далд хугарал ямар хүчин зүйлийн үйлчлэлээр буюу өөрөө бусдыг цохиход, эсхүл бусдад цохиулсны улмаас үүссэн болохыг шалгаж тогтоох нь зүйтэй. 

 

Дээрх байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн зорилт, зарчимд нийцэх юм.

 

Иймд прокурор Ц.Сүхбатын бичсэн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Үүнээс гадна анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “шинжээч эмч Н.Туяа”-г “А.Туяа” гэж бичсэн нь ноцтой алдаа биш боловч цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: