Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/311

 

           

 

 

  2025           03             12                                          2025/ДШМ/311         

 

Ш.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,

хохирогч Г.Н,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/1296 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор К.Чимгээгийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлээр Ш.Б-д холбогдох эрүүгийн 2206 01919 0890 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.... овгийн ........-ийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны ........ төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ... мэргэжилтэй, “.........” ХХК-ийн .. ажилтай, ам бүл .., ...-ийн хамт .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............/;

Шүүгдэгч Ш.Б нь фэйсбүүк цахим орчинд “Орос дүнзэн байшин-Оros dunzen baishin” гэх нэртэй цахим хаягаар “Орос дүнзэн байшин-Оros dunzen baishin гэх нэртэй пэйж хуудас ажиллуулж, Дүнзэн хаусны захиалга авч эхэллээ, 45-60 хоногт баригдана, иж бүрэн зураг үнэ төлбөргүй, та газраа бэлд, бид цогцоор нь шийдэж байна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон “Г т” ХХК-ийн захирал Г.Н-тэй харилцаж, 2020 оны 06 сард Оросын холбооны улсаас байшингийн мод Монгол Улсад орж ирнэ, наадмын өмнө 12 ширхэг орос дүнзэн байшингийн түлхүүр гардуулж өгнө хэмжээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 50 хувийн урьдчилгаа болох 350.000.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг өөрийн Хаан банкинд эзэмшдэг ............. дугаарын дансаар шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ш.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Б-ыг 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь шүүхээс оногдуулсан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Б-аас 36.039.100 төгрөгийг гаргуулж Г.Н-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ш.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор К.Чимгээ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Б-ын үүсгэн байгуулсан “Д Э” ХХК нь 2017 оноос хойш татварын тайлан гаргаагүй, борлуулалтын орлогогүй байсан болох нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3/720 дугаартай албан бичгээр тогтоогдсон, нийгмийн даатгал төлдөггүй, тогтвортой орлого олдоггүй болох нь мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ш.Б-ын Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, /орлого, зарлагын дэлгэрэнгүй түүвэр, зарцуулалт, хохирлын тооцоо/ зэрэг баримтаар тогтоогдсон. Мөн Ш.Б-ын нэр дээр эд хөрөнгө байдаг талаарх баримт огт байхгүй, дээрх асуудлуудаар хүсэлт гаргаж байгаагүй атал, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргаж өгсөн эх сурвалж нь тодорхойгүй /ажил гүйцэтгэх гэрээ/, нотлох баримтын эс сурвалжийг магадлаагүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй баримтыг үндэслэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үндэслэлгүй дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэснийг, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэснийг тус тус зөрчиж, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан. Гэтэл шүүхээс шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирлын тодорхой хувийг буюу 2 тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр тооцож хохирогчид шилжүүлсэн боловч үлдэгдэл төлбөр болох 36,039,100 төгрөгийг хэзээ, ямар эх үүсвэрээр төлөх нь тодорхойгүй, энэ талаарх баримт байхгүй байхад шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, торгох ял оногдуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “гэм буруугаа хүлээж, хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй” бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэхээр хуульчилсан байхад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Тайж овгийн Шийрэвийн Баттулгыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу “Албан тушаалын байдлаа ашиглаж” залилах гэмт хэрэг үйлдсэн гэсэн зүйлчлэлээр эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэл гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/1296 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. Хохирол төлбөрт 30.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, төлбөрийг барагдуулсан гэж бид харилцан тохирсон. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Б-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй танилцсан. Шүүгдэгч Ш.Б нь хохирогч Г.Н-д “Орос улсаас дүнзэн байшин оруулж ирнэ” гэж хэлээд мөнгө авсан үйлдэл нь анхных нь бизнес ажил байсан. Анх удаа болохоор алдаатай оноотой зүйл байсан. Шүүгдэгч Ш.Б-ын хувьд өнөөдрийг хүртэлх хугацаанд яг энэ бизнесээ үргэлжлүүлээд хийгээд явж байгаа. Уг бизнесээ нотолж анхан шатны шүүхэд гэрээ хэлэлцээрийнхээ талаарх баримтыг гаргаж өгсөн. Мөн 11 дүгээр сараас хойш 2-3 сарын хугацаанд 30.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн нөхцөл байдал байгаа. Анхан шатны шүүх хохирлоо төлөхөө илэрхийлсэн гэж үзээд шүүгдэгч Ш.Б-д торгуулийн ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Прокурорын эсэргүүцэлд дурдсан 2 дахь асуудал нь анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Ш.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж залилсан гэдэг зүйлийг бичсэн байсан. Үүнийг алдаад бичсэн гэж үзсэн. Үндэслэх хэсэгт тодорхой байгаа тул заавал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр давж заалдах шатны шүүх ялыг хүндрүүлэхгүйгээр, мөн зүйлчлэлийг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулах боломжтой гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасан хүчингүй болгох шаардлагыг хангахгүй байгаа тул давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулаад шийдвэрлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өөрчлөлт оруулаад шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Ш.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Ш.Б нь фэйсбүүк цахим орчинд “Орос дүнзэн байшин-Оros dunzen baishin” гэх нэртэй цахим хаягаар “Орос дүнзэн байшин-Оros dunzen baishin гэх нэртэй пэйж хуудас ажиллуулж, Дүнзэн хаусны захиалга авч эхэллээ, 45-60 хоногт баригдана, иж бүрэн зураг үнэ төлбөргүй, та газраа бэлд, бид цогцоор нь шийдэж байна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон “Г т” ХХК-ийн захирал Г.Н-тэй харилцаж, 2020 оны 06 сард Оросын холбооны улсаас байшингийн мод Монгол Улсад орж ирнэ, наадмын өмнө 12 ширхэг орос дүнзэн байшингийн түлхүүр гардуулж өгнө хэмжээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 50 хувийн урьдчилгаа болох 350.000.000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг өөрийн Хаан банкинд эзэмшдэг ............. дугаарын дансаар шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулж залилсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх 12-15/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 17-22/,

 Орос дүнзэн байшин - Оrоs Dunzen baishin фэйсбүүк пэйж хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 23-26/,

сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 27-28/,

хохирогч Г.Н-ийн “...манай байгууллага Налайх дүүргийн Горхи Тэрэлж гэх газар 12 ширхэг орос дүнзэн байшин бариулахаар болж фэйсбүүкээр Орос дүнзэн байшин гэх пэйж хаягаар холбогдож “Д Э Ю” ХХК дээр очиж уулзсан. Тэгээд ярилцаж байгаад манайхаас тухайн газарт захиалга өгсөн. 2020 оны 06 дугаар сард бүх байшин Монголд орж ирээд наадмаас өмнө бүх түлхүүрээ гардуулж өгнө гэж тохиролцсон. ... тэгээд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 3 удаагийн гүйлгээгээр 12 ширхэг байшингийн 50 хувийн урьдчилгаа гэж 350.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. ... Тэгээд байж байхад 2020 оны 06 дугаар сард байшингууд орж ирнэ тэр хооронд бид нар сууриа хийж байя гээд хийж эхэлсэн. Гэтэл хийж байсан байшингийн хундаам суурьнууд нь чанарын шаардлага хангахгүй нурж, унаж байсан. Мөн 06 дугаар сард орж ирнэ гэсэн байшингууд нь орж ирэхгүй алга болсон. Тэгээд Ш.Б-аас асуухаар 2020 оны 06 дугаар сарын сүүлээр Оросын хил дээр манай бүх байшингууд ирчихлээ гэж хэлсэн боловч 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл алга болсон. Тэгээд манайхаас тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Тэгээд би өөрөө Ш.Б-ын захиалга өгсөн гэх Оросуудтай холбогдоход 3 том байшингийн урьдчилгаа 60 хувь гэж манай байгууллагаас авсан 350.000.000 төгрөгнөөс 1.800.000 рубль шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл 9 байшинг огт захиалга өгөөгүй байсан. ...Ш.Б нь манай захиалгыг авчихаад мөн 2 өөр хүнээс давхар захиалга аваад манайхаас авсан мөнгөөрөө тухайн 2 байшингийн захиалга өгсөн байсан. ...Оросоос мод орж ирэхгүй гэдгийг мэдэж Ш.Б-ын дансанд байсан 150.000.000 төгрөгийг буцааж авсан. ... Ш.Б нь уулзаж байхад манайх Орос улсаас маш олон дүнзэн байшин оруулж ирж барьсан туршлагатай компани, мөн Русскый дом гэх компанид өмнө нь ажиллаж байсан гэсэн боловч бүгд худлаа байсан. Манайх анхны захиалагч нар нь байсан гэдгийг сүүлд нь мэдсэн. ... нийтдээ 700.000.000 төгрөгөөр нийт 12 ширхэг байшин барихаар тохирсон байсан. 1мкв нь 800.000 төгрөгөөр тохирсон. Нэг байшин нь тэдэн төгрөг гэсэн зүйл бол байгаагүй. Мкв-р нь түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр тохирсон байснаас нэг л музейн байшин болох 80 мкв байшингийн торхийг хүлээж авсан. Би Бд 344.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 6.000.000 төгрөгийг нь би Б-ийн дансанд шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс 150.000.000 төгрөгийг 2020 оны 07 дугаар 22-ны өдөр буцааж авсан. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 40.000.000 төгрөгийг Б надад өөрийн унаж явсан Тоёота харриер маркийн машиныг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж, энэ мөнгөнөөсөө надад 38.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2020 оны 10 дугаар сард 3.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Нийт 191.500.000 төгрөгийг буцааж өгсөн байна. ...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлж 31.860.900 төгрөгийн ажлыг тооцохоор болж 126.639.100 төгрөгийг надад 2021 оны 03 дугаар сарын 15-ны дотор буцааж өгөхөөр болж тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажсан байгаа. Үүнээс хойш 2021 оны 10 дугаар сард музейн байшингийн торхыг гүйцээж газар дээр нь авчирч өгөөд Б өөрсдийн хүмүүсээр барьж өгсөн. Энэ байшингийн торхны үнэ 25.600.000 төгрөг болсон, барьсан ажлын хөлс нь 10.000.000, торхыг Орос улсаас авчирсан тээврийн зардалд нь 10.000.000 төгрөгийг би өөрөө тооцооноос хасая гэж Б-д хэлсэн. Ингээд Б манай компанид 81.039.100 төгрөгийг төлөхөөр үлдсэн. ... би Д-т Тэрэлжид баригдаж байгаа хаусны суурийг нураахад ...нийт 13.500.000 төгрөгийг Дандар гэх хүний Хаан банкны 5126028257 тоот дансанд шилжүүлсэн. Миний нийт нэхэмжилж байгаа 81.839.100 төгрөг дээр 13.500.000 төгрөг нэмэгдэж нийт 95.339.100 төгрөгний хохирол болж байна. Үүнээс Ш.Б-ын үлдээсэн гэх модны үнэлгээний 5.000.000 төгрөгийг хасахад 90.339.100 төгрөгийг би бодит хохирол болгон гаргаж байна. ...” /1 хх 49-50, 52-55, 4 хх 32-33/,

гэрч А.О-ын “...Баруун 4 замын тэнд Ш.Б, Б хоёр оффис түрээсэлж, модон байшингийн ажил хийх гэж байгаа гэж байсан. Удаагүй Ө аварга захиалга өгсөн гээд хамтарч ажиллая гэсэн санал надад тавьсан. Тэгээд Ө аварга Архангай аймгийн Батцэнгэл сумын рашааны ойролцоо амралтын газар барих гэж байгаад больсон. Тэгээд газар хайж явж байгаад Ө аваргын эгч Н нь тэрэлжид нэг газар олсон гээд тэнд байшингаа барихаар болсон. Тэгээд тэрэлжид нийт 12 байшин барихаар болсон. Тэгээд Оросоос орж ирэх ёстой байсан мод нь орж ирэхгүй удаад он дамжсан. ...Ш.Б нь тэрэлжид нийт 12 байшингийн суурь хийсэн. Тэндээс 9 жижиг байшингийн суурь гологдож, захиалагч тал бүгдийг нь хуулж аваад өөрсдөө дахиж өөр хүмүүсээр шинээр 9 байшингийн суурь цутгуулсан. ...9 жижиг байшингийн суурь яагаад гологдсон гэхээр бид нар өөрсдөө гараар зуурсан болохоор маркийг нь тааруулж чадаагүйн улмаас хүний хөл хүрэхэд үйрч унаад дээр нь байшин барих боломжгүй байдалд хүрсэн. ... Н эгчээс захиалга авахын өмнө бол модон байшин барьж байгаагүй, энэ захиалга анхных байсан. Н эгчийн дараа Зүүн салаанд нэг захиалга авсан, бас Бэлх сэлэхэд нэг захиалга авсан. ...Сэлх, Зүүн салаа, тэрэлжийн модыг Орос улсаас хамт захиалга өгсөн гэж санагдаж байна. ...Сэлхэд байшин бариулж байсан Баагий гэх хүний байшингийн урьдчилгаанд бодож өгсөн хар өнгийн Тоёота Харриер маркийн машин байсан. Энэ машиныг 60.000.000 төгрөгний урьдчилгаанд бодож авсан гэж хэлж байсан. Сэлхийн байшингийн суурийн ажлыг Н эгчээс урьдчилгаанд авсан мөнгөөр хийсэн гэж хэлж байсан. ...” /1 хх 62-63/,

гэрч Г.Ө-ын “...Би Архангай аймагт амралтын газар байгуулах зорилготой байсан. Б гэх хүнийг Орос улсаас дүнзэн байшин оруулж ирдэг гэсэн компанийн сурталчилгаа, танилцуулгын дагуу 2020 оны хавар Ш.Б гэх хүнтэй баруун 4 замд очиж уулзаж байсан. Би өөрөө Архангай аймагт амралт, сувилал, бэлтгэлийн бааз байгуулах зорилготой байсан. Тухай үед газрын асуудал шийдэгдлээ гэж байхад иргэний журмаар өөр хүний газартай давхцсан гээд цаг хугацаа шаардсан ажил гарсан. Тэгээд Б гэх хүн Орос улс руу дүнзэн байшингаа захиалсан гэж хэлсэн. ...Архангай аймгийн газрын асуудал шийдэгдээгүй байсан учир хүмүүсийн 12 ширхэг дүнзэн байшин Орос улсын хил дээр ирсэн байна гэхээр нь манай төрсөн эгч Г.Н нь Тэрэлжид амралт байгуулахаар болж тухайн 12 ширхэг дүнзэн байшинг авахаар Ш.Б-тай тохирсон. ...энэ үйл ажиллагаа надтай огт хамааралгүй явагдсан зүйл байгаа юм. ...би мөнгө шилжүүлээгүй, манай эгч Г.Н урьдчилгаа мөнгө шилжүүлсэн гэсэн. Би бол тухайн үедээ тэгээд орхисон. ...” /1 хх 67-69/,

гэрч Б.Б-ийн “...2020 онд Ш.Б надад би Орос улсаас дүнзэн мод оруулж ирэх гэж байна, таньдаг хүмүүс байна. Ар гүнтэд 2 айлын газар байна тэрэн дээр байшин бариад зармаар байна, энэ дээр пэйж үүсгээд маркетинг менежментийн туслалцаа хэрэгтэй байна, чи найздаа туслаад өгөөч гэсний дагуу хоёр айлын газар дээр видео контент маркетингийн ажлууд хийж эхэлсэн. Тэрний дагуу Ш.Б дээр Н эгч ирсэн юм шин байна лээ. ...Н гэх хүн Ш.Б-тай эхлээд утсаар холбогдсон байсан. Тэгээд надтай ирж уулзахдаа Архангай аймагт амралтын газрын байшин барих зураг төсөл үзүүлсэн. Тэгээд бид нар ажпын зургийг өөрчлөхөөр болсон. Тэгээд дөрвөлжин хэлбэртэй байсныг нь арга билиг хэлбэртэй бөөрөнхий болгож өөрчилсөн. Тэгээд зургаа зураад үзүүлсэн чинь нөгөө хүмүүст маш их таалагдсан. Тэгээд тэр зургийн дагуу байшин барих үгүйгээ хоорондоо тохиролцож байгаад шийдэхээр болсон. Тэгээд нэг их удалгүй Н эгчийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах оффис руу нүүсэн. ...Н эгчийн захиалсан байшингаас миний мэдэхийн 1 байшингийн мод орж ирсэн. ...Ш.Б нь Н эгчийн байшинг барьж байхдаа өөр 2-3 газар давхар байшингийн захиалга аваад барьж байсан. ...Ш.Б бид хоёр социологич мэргэжилтэй. ... Ш.Б-ын унаж байсан Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгсэл нь бартераар орж ирсэн машин байсан. Н эгчийн байшингийн захиалга авсан цагаасаа хойш Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгсэл унаж эхэлсэн. ...энэ зургийг Ш.Б, бас тайвнаа бид 3 хамт сууж байгаад хийж байсан. ...” /1 хх 71-73/,

гэрч С.Д-гийн “...намайг очиход 1-2 байшингийн хундам цутгаж эхэлсэн байсан. Зуурагч авчираад битоноо зуурч байсан. Тэгээд би та нар ямар нормоор хийж байгаа юм гэсэн чинь бид нар өөрсдөө мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь чанартай юм хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд үг авахгүй байсан болохоор нь нэг их харьцаагүй. ...би 2 удаа очсон. Намайг эхлээд очиход хундамаа цутгаж эхлээгүй, газраа ухаж байсан. Дараа нь 2 дахь удаагаа очиход байшингийн хундамыг цутгах гээд бетоноо зуурч байсан. Тэгэхээр нь би орц найрлагаа яаж хийж байна гээд асуусан чинь бид нар өөрсдөө мэдэж байна гэж хэлж байсан. Би хяналт тавьж, хундам цутгасан зүйл байхгүй. ...” /1 хх 198-199/,

гэрч Н.Б-гийн “...би “Т к” ББСБ-д 2015 оноос хойш эдийн засагч, нягтлан бодогчоор ажиллаж байна. Ш.Б гэгч нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай ББСБ-д өөрийн эзэмшлийн 2014 оны “Тоёота Харриер” маркийн .... УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаатай сарын 3 хувийн хүүтэй, сард 1.200.000 төгрөгийн төлөлт хийхээр барьцаалан 40.000.000 төгрөгийн зээл авсан юм. Ингээд Ш.Б нь зээл авснаас хойш нэг ч зээлийн төлөлт хийхгүй 7 сар гаруй яву 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зээлийн төлөлтийн 4.160.000 төгрөгийг шилжүүлсэн. ... Ш.Б нь 1 жилээс дээш зээлийн төлөлт хийгээгүй тул Монгол бакны зээлийн мэдээллийн санд муу ангилалд орж барьцаа хөрөнгийг хураах эрх үүсдэг ба Ш.Б-ын барьцаанд тавьсан 2014 оны “Тоёота Харриер” маркийн .... УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 03 дугаар сард хураан авч зээлийн хүүг 1 хувь болгож, үүргийн гүйцэтгэлийг харьцаа хөрөнгөөр хангуулах зорилгоор тухайн тээврийн хэрэгслийг бусдад 53.000.000 төгрөгөнд худалдаж Ш.Б-ын зээлийг хаасан. Тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдахын тулд урд, хойд гупер, хормой, багажны хойд талын хэсгийг янзлуулах, түлхүүр хувилуулах, баттерейг янзлуулахад нийт 3.000.000 төгрөг гарсан. ...” /3 хх 72/,

гэрч С.Дэлгэрхүүгийн “...Г.Н над руу яриад Тэрэлжид хаус барьж байсан хүмүүс нь алга болчихлоо, чи туслаад өгөөч, бэлэн суурь хийсэн байгаа, тухайн суурин дээр нь хаус барих хүн олоод өгөөч гэж хэлэхээр нь 2020 оны 07 дугаар сард хамтран ажилладаг Д-ын хамт Г.Н-ийн Тэрэлжид баригдаж байгаа гэх хаусны газар дээр нь очиход Г.Н байсан. Барилгын компаниар хийлгуулсэн гэх нийт 9 ширхэг хаусны суурь цутгасан байсан. Тухайн суурийг нь Д-ын хамт очиж шалгахад гар хүрэхэд бутарч унаж, үйрсэн, тухайн хөрсний шороог нь бетонтой хамт цутгаад суурь хийсэн байсан. Суурь хийх наад захын стандарт шаардлагыг хангаагүй, өнгөн хөрсөө хийгээгүй, төмөр хийгээгүй, элс, хайрга, дайрга байхгүй. Зүгээр л байгалийн шороог цементтэй зуурч хийсэн байсан. Бороо ороход суурь нь нураад унах аюултай байсан. Хөрсний шороог бетонтой зуурч хийж болохгүй ба бороонд амархан нуралт үүсэх аюултай байдаг. Ингээд би Г.Н-д уг суурь нь чанарын шаардлага хангахгүй суурь байна, би энэ суурин дээр нь барилга барихгүй, шинэ цементийн суурь цутгаж байж хийнэ гэж хэлэхэд яаанаа уг суурийг хийлгүүлэхэд аймар их мөнгө зарсан шдээ гэж хэлж байсан. Тэгээд суурийг нурааж, хамтран ажилладаг Дандар шинээр 9 ширхэг хаусны суурийг цутгаж хүлээлгэн өгсөн. ...тухайн Н-д 9 ширхэг хаусны бохирын шугамыг хийж өгсөн гэх компанийн бохирын шугамыг шалгахад хөрсөн доор 50 орчим см зориулалтын бус хоолойг хийж гүйцэтгэсэн ба би тухайн бохирын хоолойг нь зориулалтын хоолойгоор сольж хийсэн. Тухайн зориулалтын бус хоолой нь өвөл амархан хөлдөж хагардаг, ачаалал даахгүй, гадна талын ил шугамын хоолой байсан. ...” /3 хх 93/,

гэрч Ц.Д-ын “...би 2020 оны 07 дугаар сарын дундуур санаж байна. “Э Д Э” ХХК-ийн захирал Д-ийн хамт Тэрэлж рүү очиж Г.Н гэх хүнтэй очиж уулзсан юм. ...суурийг нь очиж үзэхэд чанарын шаардлага хангахгүй, гараараа дарж үзэхэд сул шороо бутарч, үйрч унаж байсан. Ямар ч бэхжилтгүй байсан. Тэгээд би Н гэх эмэгтэйд тухайн хаусны суурийг хийх үедээ хяналтын хүн тавихгүй яасан юм бэ, ямар ч чанаргүй, стандартгүй, бетоны марк гэх зүйл огт байхгүй байна гэж хэлсэн. Тухайн хаусны суурь нь сууриас гарсан шороог нь цементтэй зуурч шороо голдуу суурь хийсэн байсан. Уг нь бол хайрга, дайрга хийх ёстой байснаас ямар ч хайрга, дайрга хийгээгүй, шороо голдуу цементэн суурь харагдаж байсан. Тэгээд би 9 хаусны чанарын шаардлага хангахгүй суурийг холдуулан тухайн суурин дээр нь шинээр стандартын дагуу төмөр армотур зангидаж шинэ суурь хийсэн. ... миний хувьд барилгын инженер болохоор тухайн чанаргүй хийгдсэн хаусны суурийг хараад, хүрч үзээд л мэдсэн юм. ...” /3 хх 96/,

гэрч Б.Б-ийн “...Ш.Б нь 2020 оны 05 дугаар сарын сүүлээр компанийн нэр дээр Тэрэлжид байрлалтай амралтын газрын 12 ширхэг хаус 2 ширхэг ресторан, саун барих захиалга авсан гэж надад хэлж байсан ба тухайн үед ажилд нь компанийн үндсэн ажилтан болж орсон. ...ингээд Ш.Б нь өөрийн үндсэн компанийн ажилтан намайг оруулаад 4-5 хүн ажиллаж байсан ба туслах ажилтнууд гээд хөлсөөр ажил хийдэг 7-10 гаруй хүн орж гараад маш олон хүн солигдсон. ...миний хувьд программистын мэргэжилтэй боловч мужааны мэргэжил давхар эзэмшсэн. Гэрчилгээ уг нь авч байсан, одоо хайгаад олохгүй байна. ...би Ш.Б-ын санхүүгийн асуудалд оролцдоггүй, яг хэдэн төгрөгөөр захиалга авсан талаар би огт мэдэхгүй, зүгээр л өдөр болгон бүрэн цалингаа авч байсан. ...” /3 хх 99/,

гэрч Н.Э-ын “...дээрх Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн цогцолбор газрын Эрээний адаг гэх газарт амралтын нэгдсэн цэвэр, бохир шугамтай 12 ширхэг орос дүнзэн байшин барихад барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл шаардлагатай юм. Уг ажлыг хийж гүйцэтгэх барилгын БА-2.1 зөвшөөрөлтэй компани хийж гүйцэтгэх ёстой юм. Барилгын ажил гүйцэтгэх зураг нь магадлалаар баталгаажсан байх ёстой. Ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрлийг Нийслэлийн эрх бүхий байгууллагаас гаргуулсны үндсэн дээр материалыг бүрдүүлж тусгай ажил гүйцэтгэх компанийн түсгай зөвшөөрөл холбогдох баримгыг шаарддаг. ...амралт сувиллыи газар барихад тусгай зөвшөөрөл шаардлагатай ба Арга билэг амралтын газрыг барихад барилгын тусгай зөвшөөрөл шаардлагатай. ...” /4 хх 53-54/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №БЗД2-23-026 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 74-76/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5/3741 дүгээр: “... Д Э Ю” ХХК /6163947/-ийн улсын бүртгэлийн лавлагааг хавсралтаар хүргүүлэв.” гэх албан тоот /1 хх 99-101/,

Гаалийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03-2/2505 дугаар: “...Шийрэв овогтой Баттулгын регистрээр гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдээллийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх байдлаар мэдүүлгийн сангаас гаргаж хавсралтаар хүргүүлэв. ...” гэх албан тоот /1 хх 103/,

.... овогтой Б /РД:......./-ын эзэмшлийн Хаан банкны ........, .......... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 110- 133/,

“Т к” ББСБ-ын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БГ Й/20/10/620 дугаар зээлийн барьцааны гэрээ, зээлийн гэрээ /1 хх 162-165/,

“Т к” ББСБ-ын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ФГ/10/10/620 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ /1 хх 166-167/,

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №/2020/05/01 дугаартай Д Э Ю ХХК-ийн захирал Ш.Б, иргэн Г.Ө нарын хооронд Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээ /1 хх 250, 2 хх 6/,

сидинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /12 хх 89/,

2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Д Э Юу” ХХК, “Г т” ХХК- ийн тооцоо нийлсэн акт /2 хх 125-130/,

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 3/720 дугаар: “...тус татварын хэлтэст бүртгэлтэй .......... регистртэй “Д Э” ХХК нь 2017 оноос хойш татварын тайлан гаргаагүй, борлуулалтын орлогогүй, татварын өр төлбөргүй байна. ...” гэх албан тоот /2 хх 170/,

Барилга, хот байгуулалтын яамны Барилга хөгжлийн төвийн 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2/579 дүгээр: “...Налайх дүүргийн Горхи-тэрэлжийн цогцолборт газрын “Эрээний адаг” нэртэй амралтын газрын 12 ширхэг барилга нь төрөл бүрийн зориулалттай олон нийтийн барилгад хамаарах тул Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т -энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5- д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ...” гэж заасны дагуу дээрх барилгын ажлыг барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэнэ. ...” албан тоот /3 хх 83/,

Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Н.О-ын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр баталсан бүртгэлийн 1272 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” /иргэн Г.Э-аас хохирогч Г.Н нь “Г т” ХХК-ийн хувьцааг худалдаж авсан /3 хх 131/,

Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Н.Оюунжаргалын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр баталсан бүртгэлийн 1273 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ /3 хх 132/,

хохирогч Г-ийн Н-ийн эзэмшлийн Хаан банкны ......... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх 134-136, 4 хх 35-37/,

“Г т” ХХК-ийн ......... регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, /2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Г.Н-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн/ /3 хх 137/,

Аваргын гараа-амралын бааз байгуулах төсөл /3 хх 144-250, 4 хх 1-24/,

Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Ш.Б-ын Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, /орлого, зарлагын дэлгэрэнгүй түүвэр, зарцуулалт, хохирлын тооцоо /4 хх 55-73/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №БЗД2-24-981 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлан /4 хх 108-118/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ш.Б нь фэйсбүүк цахим орчинд “Орос дүнзэн байшин-Оros dunzen baishin” гэх нэртэй цахим хаягаар “Орос дүнзэн байшин-Оros dunzen baishin” гэх нэртэй пэйж хуудас ажиллуулж, Дүнзэн хаусны захиалга авч эхэллээ, 45-60 хоногт баригдана, иж бүрэн зураг үнэ төлбөргүй, та газраа бэлд, бид цогцоор нь шийдэж байна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэн Г.Н-тэй харилцаж, 2020 оны 06 сард Оросын холбооны Улсаас байшингийн мод Монгол Улсад орж ирнэ, наадмын өмнө 12 ширхэг орос дүнзэн байшингийн түлхүүр гардуулж өгнө хэмжээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 50 хувийн урьдчилгаа болох 350.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Прокурор К.Чимгээ “...Ш.Б нь нийгмийн даатгал төлдөггүй, тогтвортой орлого олдоггүй болох нь мөрдөгчийн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, мөн Ш.Б-ын нэр дээр эд хөрөнгө байдаг талаарх баримт огт байхгүй, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргаж өгсөн эх сурвалж нь тодорхойгүй /ажил гүйцэтгэх гэрээ/, нотлох баримтын эс сурвалжийг магадлаагүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй баримтыг үндэслэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үндэслэлгүй дүгнэсэн нь үндэслэлгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаагүй, мөн Ш.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу “Албан тушаалын байдлаа ашиглаж” залилах гэмт хэрэг үйлдсэн гэсэн зүйлчлэлээр эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэл гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.

Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг юм.

Залилах гэмт хэргийн гол шинж нь гэмт этгээд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг болно.

Шүүгдэгч Ш.Б нь фэйсбүүк цахим орчинд “Орос дүнзэн байшин-Оros dunzen baishin” гэх нэртэй цахим хаягаар “Орос дүнзэн байшин-Оros dunzen baishin гэх нэртэй пэйж хуудас ажиллуулж, Дүнзэн хаусны захиалга авч эхэллээ, 45-60 хоногт баригдана, иж бүрэн зураг үнэ төлбөргүй, та газраа бэлд, бид цогцоор нь шийдэж байна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон “Г т” ХХК-ийн захирал Г.Н-тэй харилцаж, 2020 оны 06 сард Оросын холбооны улсаас байшингийн мод Монгол Улсад орж ирнэ, наадмын өмнө 12 ширхэг орос дүнзэн байшингийн түлхүүр гардуулж өгнө хэмжээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 50 хувийн урьдчилгаа болох 350.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулж залилсан нь энэ хүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар торгох ял оногдуулсаныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргаж өгсөн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргаж өгсөн нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан, эх сурвалжгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх нь хэсэг болон тогтоох  хэсгийн 1 дэх заалтаар “шүүгдэгч Ш.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж дүгнэсэн атлаа, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс техникийн шинжтэй алдаа гаргасан гэж дүгнэн зөвтгөн өөрчилж, шийтгэх  тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ...” гэсэн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Ш.Б нь хохирогч Г.Н-д шийтгэх тогтоолоор оногдуулахаар заасан хохирол болох 36.039.100 төгрөгийн хохирлоос 30.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/1296 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.   

2. Шүүгдэгч Ш.Б нь хохирогч Г.Н-д 30.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ГАНБААТАР

 

                                 ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ 

 

                                 ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР