Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/361

 

 

 

 

 

  2025             03            20                                       2025/ДШМ/361

 

 

 И.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч И.Д,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/111 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2405017882033 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.  

.... овгийн ...-ийн Д, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ... мэргэжилтэй, “Т г” ... ажилтай, ам бүл .., ...-ийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................./;

Шүүгдэгч И.Д нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр,
Энхтайваны өргөн чөлөө ..-.. байрны .. давхарт .. тоотхаягт байрлах эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Т г” нэртэй эмнэлгийг хариуцан ажиллах явцдаа Эрүүл мэндийн технологи, эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд М№4621:2008 стандартын Эх барих эмэгтэйчүүдийн өвчний үе дэх оношилгоо, эмчилгээний үйлдлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүйгээс 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө ..-.. байрны .. давхарт .. тоотхаягт байрлаж эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Т г” эмнэлгээр үйлчлүүлсэн өвчтөн Б.С-ийн биед үзлэг хийж, улмаар бэлэг эрхтний өгсөх замын халдвартай үед нь умайн хөндийд ерөндөг тавьсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт
холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: И.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч И.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д-гийн эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д-гийн эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хохирогч Б.С нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шиидвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч И.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч И.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний гэм буруутай үйлдэлд дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн боловч прокурорын яллах дүгнэлт, өмгөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзээгүй нь шүүхийн шийдвэр, оногдуулсан эрүүгийн хариуцлагыг дахин эргэн харах нь зүйтэй гэж үзэж байна.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд хэрхэн яаж бодитой дэмжлэг үзүүлж оролцсон эсэх нь тогтоогдохгүй байгаа тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Учир нь би өөрөө мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн саад учруулахгүй оролцсоноо нотлох, энэ талаарх баримтаа хавтаст хэрэгт авахуулах боломжгүй. Миний зүгээс эхнээсээ гэм буруугаа хулээн зөвшөөрсөн болно.

Мөрдөгчийн дуудсан цаг бүрт хариуцлагатайгаар очиж, өөрийн зүгээс гаргаж өгөхийг шаардсан баримт материалыг хугацаа алдалгүй гаргаж өгч байсан.

Миний хувийн байдлын тухайд, би 2007 онд ЭМШУИС-ийг хүний их эмчээр төгсөж хүний их эмч мэргэжил эзэмшсэн, 2010-2012 онд Эх барих эмэгтэйчүүдийн эмчээр нарийн мэргэжлийг эзэмшиж, “Өргөө амаржих газар”-т ажиллаж байгаад хувиараа “Т г” эмнэлгийг байгуулан 2018 оноос хойш ажиллуулж эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг.

Хохирогч Б.С 2021 оноос хойш манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч юм. Б.С-эд бэлэг эрхтний өгсөх замын халдвартай үед нь оношилгоог дутуу хийж, ерөндөг тавьсны улмаас үйлчлүүлэгчээ хохироосон үйлдэлдээ харамсаж байна.

Миний бие нь орон сууцны зээлд сард 3.300.000 төгрөг төлдөг, нөхөр Б.Нямдаваа нь хувийн хэвшлийн байгууллагад ажилладаг боловч цалин хөлс нь гэр бүлийн ахуйн хэрэгцээнд хүрэлцдэггүй, үр хүүхдээ тэжээж, өр зээлээ төлөх зайлшгүй шаардлагатай байгаа тул эмчлэх эрх хассан шүүхийн шийтгэх тогтоолын дагуу өөрөө эмчилгээ үйлчилгээ хийхгүй “Т г” эмнэлэгтээ өөр эмч аваад ажиллуулж байгаа бөгөөд өөрөө аж ахуй, арын албандаа ажиллаж үйл ажиллагаагаа доголдуулахгүй явуулах хүсэлтэй байна.

Манай эмнэлэг нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат Н тауэрийн ... тоотод байрлах байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа болно. Багаж ариутгалд хүргэж өгөх, шинжилгээ лабораторид өгөх гэх мэт өдөр бүр гадуур хөөцөлдөх, гүйцэтгэх ажил их байдаг бөгөөд би өөрөө эдгээр ажлыг хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай байдаг юм. Гэтэл зорчих эрхийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглон хязгаарласан нь ажил хийх, зээлээ төлөх, амьдралаа залгуулах, бага насны хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх нөхцөл бололцоогүй болгож байна. Ажлын байрны түрээсийн гэрээг урт хугацаагаар хийсэн тул үйл ажиллагааны орлогоор түрээсийн төлбөр, татвар хураамжаа төлөх, бусад урсгал зардал гэх мэт эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэл үүсгэхээр байна.

Мөн миний ээж Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багт оршин суудаг малчин Н.Я нь зүрх судас, нуруу нугасны хүнд эмгэгтэй асаргаа сувилгаа топмол хийгддэг тул зуны амралтын үеэр, шаардлагатай үед очиж асрах, эмчилгээ хийлгэх, бага насны хүүхдүүдээ зуны амралтаар нь Увс аймаг авч явах зэрэг амьдралын зайлшгүй шаардлага гардаг байдлыг харгалзан үзэхийг хичээнгүйлэн хүсэж байна.

Иймд дээрх үндэслэл, шалтгаануудыг болон хохирогч Б.С нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлж байсан, урьд ял шийтгэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн хийсэн үйлдэлдээ харамсан дүгнэлт хийснийг минь харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч И.Д-гийн гэм буруутай нь хангалтай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч И.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль ёсны үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх И.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч И.Д нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө ..-.. байрны .. давхарт .. тоотхаягт байрлах эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Т г” нэртэй эмнэлгийг хариуцан ажиллах явцдаа Эрүүл мэндийн технологи, эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд М№4621:2008 стандартын Эх барих эмэгтэйчүүдийн өвчний үе дэх оношилгоо, эмчилгээний үйлдлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүйгээс 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Т г” эмнэлгээр үйлчлүүлсэн өвчтөн Б.С-ийн биед үзлэг хийж, улмаар бэлэг эрхтний өгсөх замын халдвартай үед нь умайн хөндийд ерөндөг тавьсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /хх 3-4/,

хохирогч Б.С-ийн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 25-нд жирэмсэн болсон гэдгээ мэдээд, Мөнгөнхүлэг гэх залуугаас жирэмсэн болсон байсан тул цаашдаа хамт амьдармааргүй санагдаад хүүхдээ авхуулахаар шийдээд энэ оны 02 дугаар сарын 25-ны өдөр баруун 4 замын баруун талд байрлах “Т г” эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж үзүүлэхэд надад эмийн аргаар үр зулбуулах эм санал болгоод би тухайн эмийг авч хэрэглэсэн. Тухайн эмнэлэгтээ эмчилгээ хийлгэж байгаад жирэмснээс хамгаалах охидын спирал 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тавиулсан. Спирал тавиулсан цагаас хэвлийгээр өвдөөд байсан тул 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлж чадахгүй байхаар нь түргэний эмнэлэг дуудаж Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд 11 хоног хэвтэн эмчлүүлсэн. ...Мөнгөнхүлэг гэх залуугаас жирэмсэн болсон, намайг жирэмсэн болсныг мэдсэн. Мөнгөнхүлэг болон хэн нэгэн намайг үр хөндүүл гэж тулган шаардаагүй. Би М-т хэлэлгүйгээр зулбуулах эм уусан. ...Тухайн эмийн нэрийг надад хэлээгүй. Надад 6 ширхэгтэй эм өгсөн. Эхний өдөр 1 ширхгийг уугаарай гэж хэлээд дараагийн өдөр 5 ширхэгтэй эмийг нэг дор бүгдийг нь уугаарай гэж зааж өгсөн. ...Д гэх эмчээс авч хэрэглэсэн. ...Намайг тухайн эмийг авч хэрэглэж байгааг хэн нэгэн мэдээгүй. Д эмчээс эм авч байхад эмч бид хоёр л байсан. ...180.000 төгрөгөөр авч хэрэглэсэн. ...Биеийн байдал их сулавтар, эмнэлгийн хяналтад байгаа. ...Надад буруу эмчилгээ хийсэнд гомдолтой байна.

...Зулбаснаас хойш жаахан үтрээний үрэвсэлтэй байна гээд эм, лаа бичиж өгч тэрийг нь уусан. Тэрийг нь уусны дараа жаахан намдаад буцаад сэдрээд байсан. Тэгээд 04 дүгээр сарын 01, 02-ны өдөр хавьцаа сарын тэмдэг ирээд 3 хоногийн дараа Д эмчид очиж үзүүлж жирэмснээс хамгаалах спирал тавиулсан. Үүнээс хойш 04 дүгээр сарын 09-ний өдөр бие өвдөөд түргэн дуудаж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж үзүүлээд яаралтай хагалгаанд орох ёстой гээд маргааш өдөр нь хагалгаанд орсон. Үрийн хоёр суваг нь идээлээд гэдэс рүүгээ орчихсон байна гэж хэлээд хагалгаа хийлгэсэн. Үр зулбуулах эм уусан, жирэмснээс хамгаалах спиралыг би өөрөө шийдээд тавиулсан. Эмийг Д эмч санал болгож би өөрөө уусан.

...Надаас эмнэлэг ямар ч шинжилгээ аваагүй, спирал тавиулахад бол заавал шинжилгээ авах, тавих явцад үтрээнээс шингэн зүйл гарах гэж байна гээд Д эмч  надад үрэвслийн эсрэг лаа бичиж өгөөд спиралаа тавьж өгсөн. ...Эмчилгээний зардал гарсан, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...Миний хувьд хагалгаанд орж эрүүл мэндээрээ хохирч, эмчилгээ хийлгэхэд дараах зардлууд гарсан. Би өөрөө эрүүл мэндийн даатгал төлдөггүй учраас эмчилгээний зардлаа өөрөө төлсөн. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд эмчилгээний төлбөр 3.940.000 төгрөг, ор хоногийн төлбөрт 370.000 төгрөг, манай ээж Д.О Хөвсгөл аймгаас ирж намайг сахисан, унааны болон хоолны мөнгө 500.000 төгрөг, би эмнэлгээс гараад Хөвсгөл аймагт гэртээ очиж эмчилгээ хийлгүүлэн эм тариа авсан 470.000 төгрөг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хэвтэж байхдаа гаднаас авч хэрэглэсэн эм тариа 530.000 төгрөг, нийт 5.810.000 төгрөгийн зардал гарсан. Үүнийг нэхэмжилж байна. Эмнэлэгт хэвтсэн эмчилгээний төлбөр, ор хоногийн төлбөр, эмнэлгээс гараад хийлгэх эмчилгээний талаарх эмчийн хийж өгсөн бичгүүд Хөвсгөл аймагт гэрт байгаа байх. Өөр бусад баримт байхгүй байх. Ээж бол Хөвсгөл аймгаас автобусаар ирсэн. Харин ээж бид хоёр эмнэлгээс гараад Хөвсгөл аймаг руу жижиг суудлын тэргээр явсан. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. ...” /хх 10-11, 38-39, 122-123/,

гэрч Н.Ө-ны “...Би эх хүүхдийн эмнэлэгт иргэдийн гомдлыг хүлээн авахаас бусад ажлыг зохицуулагч хийдэг. Манай эмнэлэгт С гэх 21 настай, эмэгтэй зориулалтын бус газар үр хөндүүлсэн байдалтай энэ оны 04 дүгээр сарын 05-ны өдөр маш хүнд ирсэн. Ирэх үеийн зовуурь нь хэвлий хэсгээр өвдөнө, халуурна, үтрээнээс ногоон шар өнгийн ялгадас гарсан байдалтай ирсэн, шокын байдалтай эмнэлэг дуудаж машинаар ирсэн, амин үзүүлэлт тогтворгүй, ухаантай боловч өөртөө үйлчлэх, асуусан асуултад хариулах чадваргүй ирсэн. ...” /хх 16-17/,

гэрч М.К-гийн “...Б.С нь биеийн байдал маш хүнд умай дааврын улмаас үжил, үжлийн цайрлалтай гэсэн оноштойгоор яаралтай тусламжийн тасгаас эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн. Хэвтэх хугацаанд нь холбогдох яаралтай шинжилгээ, оношилгоо хийгдэж байгаад 04 дүгээр сарын 10-ны өдөр эрчимт эмчилгээний болон эмэгтэйчүүдийн зөвлөх эмч нарын хамтарсан үзлэг хийгдэж халдвар үрэвсэл цаашид хүндрэх, даамжрах эрсдэлтэй байсан учраас халдварын голомтыг авах шийдвэр гарч яаралтай амь насны заалтаар хагалгаа хийдсэн. Хагалгаа нь зохих журмын дагуу хийгдсэн, яаралтай хагалгаа хийгдээгүй бол улам хүндэрч амь насыг аврах боломжгүй байдалд хүрэх эрсдэлтэй байсан. Мэс заслын баг хэвлийг нээгээд умай дайвар, мухар ургацгийг шалгаад үлдээхээр шийдвэрлэж, хэвлийг угаагаад хяналтын гуурс үлдээж, хэвлийг хаасан. Хэвлийд 100 мг орчим цагаан өнгөтэй идээ байсныг соруулан гадагшлуулж, хэвлийг хаасан. Эмч нар бол зохих журмын дагуу эмчилгээ үйлчилгээ хийсэн. ...” /хх 126-128/ гэсэн мэдүүлгүүд,

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Т г” ХХК-д олгосон эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /хх 22/, “Т г” ХХК эмэгтэйчүүдийн эмнэлгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 23/, Эрүүл мэндийн яамнаас шүүгдэгч И.Д-д олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ /хх 24/, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн эмчийн тэмдэглэл /хх 27-28/, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дэх хохирогч Б.С-ийн өвчний түүх /хх 41/, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/1083 дугаартай албан бичгийн хариу /хх 101/, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1083 дугаар албан бичгийн хавсралт /хх 102-105/, Эрүүл мэндийн газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/1276 дугаартай албан бичгийн хариу /хх 107/,

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/387 дугаар тушаалын хавсралт “Үр хөндөлтийг зохицуулах журам” /хх 108-109/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 783 дугаар шинжээчийн “...1 .Б.С-эд эрхтний өгсөх замын халдвартай үед ерөндөг тавиулснаас үр дамжуулах хоолойн цочмог идээт үрэвсэл үүсэж үжлээр хүндэрсэн байх боломжтой байна. 2. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.3.8-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 3. “Т г” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч нь Эрүүл мэндийн технологи, эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008-н Эх барих эмэгтэйчүүдийн өвчний үе дэх оношилгоо, эмчилгээний үйлдлийг барьж ажиллаагүй байна. ...” /хх 141-143/ гэсэн дүгнэлт,

Шинжээч эмч Т.А-гийн “...Эрүүл мэндийн технологи, эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008-н стандартын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан умайн ерөндөг тавих үйлдлийн технологийн эсрэг заалт болох үтрээ умайн дайврын хурц, хурцавтар үрэвслийн үед умайн хөндийд ерөндөг тавихгүй гэсэн заалтыг зөрчсөн. ...Б.С-эд бэлэг эрхтний өгсөх замын халдвартай үед ерөндөг тавиулснаас үр дамжуулах хоолойн цочмог идээт үрэвсэл үжпээр хүндэрсэн нь хохирлын хүнд зэрэгт хамаарч байгаа юм. Бэлэг эрхтний үрэвсэлтэй үед ерөндөг тавьснаас өгсөх замын халдвар буюу үр дамжуулах хоолойн цочмог идээт үрэвсэл үүсэж, улмаар үжлээр хүндэрснээс амь насны заалтаар мэс заслын эмчилгээ хийлгэж биеийн байдал нь тогтворжсон байна. Хэрэв яаралтай арга хэмжээ авч чадаагүй бол үхэлд ч хүргэх аюултай. ...” /хх 145-146/ гэсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч И.Д-г “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч И.Д нь Эрүүл мэндийн технологи, эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд М№4621:2008 стандартын Эх барих эмэгтэйчүүдийн өвчний үе дэх оношилгоо, эмчилгээний үйлдлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүйгээс хохирогч Б.С-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч И.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санкцаас эрх хэмжээнийхээ хүрээнд эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн объектив шинжийг тодорхойлохдоо “...үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс...” гэж тус тусдаа хоёр шинжээр тодорхойлсон бөгөөд тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэлд “шалтгаангүйгээр биелүүлээгүй”, эсхүл “зохих ёсоор биелүүлээгүй” гэх чухам аль үйлдэл байгааг шалган тогтоосон байх хууль зүйн шалгуурыг тавьжээ.

Тухайлбал, “Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй” гэдэгт эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж өвчтөний амь нас, эрүүл мэндийг аврах, түүнийг эмчлэх, өвчин шаналал, зовиурыг нь хөнгөвчлөх талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй эс үйлдлээр илрэх бол “Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй” гэдэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасны дагуу эмнэлгийн мэргэжилтний үүрэгт хамаарах “Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “Үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” зэрэг хууль тогтоомжид заасан үүргээ зөрчсөнөөс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг ойлгохоор байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй шүүгдэгч И.Д-гийн үйлдлийн  улмаас хохирогч Б.С-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Шүүгдэгч И.Д “...хохирогч Б.С нь гомдол саналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн хийсэн үйлдэлдээ харамсан дүгнэлт хийснийг минь харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх  агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч И.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээгээр буюу эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч И.Д-г анх удаа гэмт хэрэг ял шийтгэгдэж буй хувийн байдал, хохирол төлбөрийг бүрэн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д-гийн эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэн хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч И.Д-гийн “зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/111 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...шүүгдэгч И.Д-гийн эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...шүүгдэгч И.Д-гийн эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.Д-д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэж,

4 дэх заалтын “...нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэснийг “...нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилж,

Шийтгэх тогтоолд “...Шүүгдэгч И.Д-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...”  гэсэн заалт нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Д-гийн “зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

                                                 ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

 

                 ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР