| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2406061913335 |
| Дугаар | 2025/ДШМ/360 |
| Огноо | 2025-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/360
2025 03 20 2025/ДШМ/360
Ц.С-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ганчимэг,
шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч С.Пүрэвдаш,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/246 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Б-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Сд холбогдох 2406061913335 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
... овгийн ...-ын С, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, .. мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ..-ийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................../,
Шүүгдэгч Ц.С нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Бөхийн өргөөний урд “Хазара” рестораны зогсоол дээр М.Б-ыг “утсаа авч, машинаа холдуулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний биед халдаж, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, эрүү, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Ц.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Ц.С-д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган хадгалж шийдвэрлэжээ.
Хохирогч М.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ц.С гэх эмэгтэй 5 минут машиныг нь хааж тавьсны төлөө олон нийтийн газар хүмүүсийн нүдэн дээр хүүхдийн дэргэд зодож, танхайрч, доромжилж байж боломгүй үйлдэл гаргаж хохирогч надад сэтгэл санаа болон биеийн эрүүл мэнд, сэтгэл зүй, мөнгө цалингийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги, цалингаасаа хасуулж олон бэрхшээлд оруулсан. Мөн хичээлдээ яваагүй гээд олон хүндрэл учруулсан. Иймд би нийт 20 хоногийн хугацаанд бие сэтгэл, хөхрөлт арилгах арга хэмжээ авч гэртээ байсан. Тйимээс ажлаа хийгээгүй хоногийн төлбөр, 2,5 хувийн хүүтэй 40.000.000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги болон сарын 10 хувийн хүүтэй 10.000.000 төгрөгийн хүүгийн төлбөр, 13.000.000 төгрөгийн цалингийн зээл, компанийн 20.000.000 төгрөгийн зээлийн хүү зэргийн төлбөрийг нэхэмжилж байна.
Иймд гомдлыг минь хүлээн авч, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Ц.С-ын өмгөөлөгч С.Пүрэвдаш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.С-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирол болон нийгмийн даатгалын зардлыг тус тус гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” гэж заасан. Мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтас хэрэгт бэхжүүлж тусгуулах” гэж заасны тус тус үндэслэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй. Хохирогч М.Б өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж заасан. Мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж тус тус анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан. Мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч М.Б анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Хэрэгт авагдсан мэдүүлгийг үндэслэж анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, прокурорын зүйлчлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогч М.Б болон шүүгдэгч Ц.С нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан бие биедээ хүч хэрэглэж халдсаны улмаас шүүгдэгч Ц.С, хохирогч М.Б-д хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж, прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Ц.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан. Анхан шатны шүүхээс 500.000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Уг торгох ялыг 1 сарын хугацаанд тогтоосонтой холбоотой асуудлыг залруулгаа бичих саналтай байсан боловч, хохирогч М.Б давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас залруулга бичээгүй. Хохирогч М.Б учирсан хохирлын талаар баримт бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэл гаргах боломжтой. Хохирогч М.Б-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч М.Б-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.С нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Бөхийн өргөөний урд “Хазара” рестораны зогсоол дээр М.Б-ыг “Утсаа авч, машинаа холдуулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний биед халдаж, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, эрүү, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 4/,
Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4, 5/,
хохирогч М.Б-ын “...2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн үед би 8811 дугаараас над руу залгаад “машинаа холдуулаач гичий минь” гэхэд нь би утсаа таслаад хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гараад очих хооронд над руу 8 удаа залгаад байсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний урд талын зогсоол дээр машин холдуулах гээд очиход 03-95 УБЗ дугаарын жолооч хүүхэн “гичий минь п... минь, янхан минь” гээд орилоод над руу дайраад намайг үсдэж аваад доош даран миний гэдэс хэсэг болон нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би босож ирээд чи намайг зодчихлоо, би цагдаа дуудна гэхэд миний гар утсыг булааж аваад миний хүзүү хэсгийг маажин мөн бие рүү өшиглөсөн.
...бөхийн өргөөний урд байдаг “Хазара” рестораны зогсоол дээр өөрийн эзэмшлийн 16-95 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2 машин хааж тавьчихаад хүүхдээ Баянзүрх дүүргийн 6 хороонд байрлах цэцэрлэгээс авах гээд явтал 18 цаг 01 минутад машин гаръя гээд нэг залуу залгахаар “түр хүлээж байгаарай, би хурдхан хүүхдээ авчихаад яваад очъё” гээд хэлчихээд байж байтал 18 цаг 04 минутад нэг хүүхэн залгаад “машинаа холдуулаач, мэдрэл муутай авгай минь, хүнд гай болсон авгай минь” гээд мессеж хүртэл бичээд байхаар нь би машинаа холдуулах гээд хүүхдээ авчихаад хурдхан яваад очтол “хятад машин унасан хөдөөгийн хүүхэн минь байж байгааг нь хараад байгаарай гичий минь, п... минь” гээд над руу орилоод дайраад байсан. Тэгээд намайг шууд үстэж дараад миний гэдэс, нүүр хэсэгт өшиглөсөн. Тэгээд би чи намайг зодчихлоо би цагдаа дуудна гэсэн чинь миний гар утсыг булааж аваад миний хүзүүг маажиж, намайг дахиад нэг удаа өшиглөсөн. Над руу 3 минутын дотор 8 дуудлага 2 мессеж ирснээс би хоёрыг аваад “одоо очиж байна” гээд таслаад байхад л үргэлжлүүлээд залгаад байсан. Нүүр хэсэгт 2-3 гэдэс рүү 2-3 удаа цохиж хүзүү маажсан. Намайг нүүр нүдгүй баахан цохиод байсан. ...Би энэ хүнээс болж 10 хоног ажилдаа явж чадаагүй, мөн сэтгэлээр маш их унасан. Би ийм асуудалд орсноос болоод өөрөө 91.000.000 төгрөгийн зээлийг cap бүр хувааж 2.150.000 төгрөг төлөх байсан ба тэрийгээ төлж чадаагүй мөн магистрт сурч байсан хичээлдээ сууж чадаагүй гээд кредитийн мөнгө нэхэгдэж банк болон сургуулиас байнга залгаж мөнгө нэхэж байгаа болохоор би сэтгэл санааны хохиролтой байна. ...” /хх 7, 25-26/ гэсэн мэдүүлэг,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11724 дүгээр шинжээчийн “...М.Б-ын биед баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, эрүү, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахтул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” /хх 36-37/ гэсэн дүгнэлт,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-20/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.С-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ц.С нь хохирогч М.Б-ыг “Утсаа авч, машинаа холдуулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний биед халдаж эрүүл мэндэд нь “баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, эрүү, хоёр өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хохирогч М.Б-аас “...би нийт 20 хоногийн хугацаанд бие сэтгэл, хөхрөлт арилгах арга хэмжээ авч гэртээ байсан. Тйимээс ажлаа хийгээгүй хоногийн төлбөр, 2,5 хувийн хүүтэй 40.000.000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги болон сарын 10 хувийн хүүтэй 10.000.000 төгрөгийн хүүгийн төлбөр, 13.000.000 төгрөгийн цалингийн зээл, компанийн 20.000.000 төгрөгийн зээлийн хүү зэргийн төлбөрийг нэхэмжилж байна. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо, хохирогчоос гаргаж өгсөн баримтыг үндэслэн хохирлыг тооцон, үүнээс шүүгдэгчийг төлсөн хэсгийг хасаж, шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.С-ыг төлбөл зохих төлбөргүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд тооцоолох боломжгүй /ажлаа хийгээгүй хоногийн төлбөр, 2,5 хувийн хүүтэй 40.000.000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги болон сарын 10 хувийн хүүтэй 10.000.000 төгрөгийн хүүгийн төлбөр, 13.000.000 төгрөгийн цалингийн зээл, компанийн 20.000.000 төгрөгийн зээлийн хүү/ хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх/ журмаар нэхэмжлэх эрхтэй” болохыг тодорхой дурджээ.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан торгох ялын хугацааг “1 сар” гэж хуульд байхгүй хугацаагаар хязгаарласан нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс өөрчилж “3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх”-ээр тогтоох зүйтэй гэж үзлээ.
Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дугаарлалтыг буруу бичиж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 4, 8 дахь заалтууд байхгүй мэтээр техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дугаарлалтын “5” гэснийг “4”, “6” гэснийг “5”, “7” гэснийг “6”, “9” гэснийг “7”, “10” гэснийг “8”, “11” гэснийг “9” гэж зөвтгөж шийдвэрлэлээ.
Иймд шийтгэх тогтоолд дээрх зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/246 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн:
- 3 дахь заалтын “1 сарын хугацаагаар” гэснийг “3 сарын хугацаагаар” гэж,
- тогтоох хэсгийн дугаарлалтын “5” гэснийг “4”, “6” гэснийг “5”, “7” гэснийг “6”, “9” гэснийг “7”, “10” гэснийг “8”, “11” гэснийг “9” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР