Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 823

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э овогт О-н О-т холбогдох эрүүгийн 1806 0000 00696 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Э овогт О-н О

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч О.О нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянбулаг төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг Л нэртэй тоглоомын газарт Э.Т нүүрэнд цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз нарын хамт Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр Баянбулаг төвийн 3 давхарт байрлах Пи Си тоглоомын газарт бооцоотой тоглож байгаад манай тал хожиход Очирхуяг уурлаад 00 руу дагуулж ороод мөнгөө өгөхгүй, мөнгө байхгүй гэж хэлээд заамдаж аваад нүүр рүү 2-3 удаа цохиж цээжин тус газарт өшиглөхөөр нь хөлийг нь бариад автал хүүхдүүд ирээд салгасан. Одоогоор миний дээд уруул сэтэрсэн, үүдэн шүд хөдөлсөн, баруун шанаа хөндүүрлээд ярьж ч болохгүй өвдөөд байна. Очирхуяг надаас уучлалт гуйж бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 3-8 дугаар хуудас/,

Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянбулаг төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг РС тоглоомын газарт ажлаа хийж, тухайн өдөр манайх 24 цагаар хоногоор ажилласан юм. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн орчим үл таних 6 залуу орж ирж хоорондоо тоглож байгаад шөнө 03 цагийн үед гэнэт 00 өрөөнд хүмүүс шуугилдаад эхлэхээр нь би очтол тухайн залуусын 2 залуу нь хоорондоо заамдалцсан байдалтай байж байсан. Тэд нар гарах гэж байхад нэг залуугийнх нь дээд талын уруул нь 2 тийшээгээ язарсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-14 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹5087 дүгнэлтэд “Э.Т биед уруулд няцарсан шарх, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 19 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 22 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.О нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн үйл ажиллагаа явуулдаг Лоф нэртэй тоглоомын газарт Э.Т нүүрэнд цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.От прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч О.От эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.