Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/375

 

 

 

 

 

 

    2025          03             27                                        2025/ДШМ/375

 

 

                                                 Б.Б-т холбогдох эрүүгийн

                                                                  хэргийн тухай    

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Даваахүү,

шүүгдэгч Б.Б-гийн түүний өмгөөлөгч И.Хонгор,

насанд хүрээгүй хохирогч Э.М-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Э, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

иргэний хариуцагч “Ш Ү” сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О,
түүний өмгөөлөгч М.Бадрал,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч Э.М-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Э-ын өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, иргэний хариуцагч “Ш Ү” сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-т холбогдох 2409000000217 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ...-ийн Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, .. мэргэжилтэй, “Ш Ү” сургуульд англи хэлний багш ажилтай, ам бүл .., ..-ийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: .............../,

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш Ү” сургуулийн 2 дугаар давхрын коридорт насанд хүрээгүй хохирогч Э.М-ийг “нууцыг чинь задална шүү гэж сүрдүүллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чихний дэлбэнд шарх, дух, зүүн нүдний зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Б-гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийг 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, тус хэрэгт хураагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-аас 2.144.095 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ад, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Э-аас 1.608.621 төгрөгийг, иргэний хариуцагч “Ш Ү” сургуулиас 1.608.621 төгрөгийг тус тус гаргуулж шүүгдэгч Б.Б-т тус тус олгож, шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч “Ш Ү” сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Иргэний хуулийн 503, 505 дугаар зүйлийг зөв хэрэглээгүйгээс буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүгдэгч Б.Б насанд хүрээгүй хохирогчоос өөрт нь учруулсан хохирол буюу эмчилгээний зардал 3.217.242 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл шүүх Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйл, Иргэний хуулийн 503 дугаар зүйлийг буруу тайлбарлаж, тус сургууль болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нараас Б.Б-т учирсан хохирлыг 50, 50 хувиар тэнцүү хариуцуулан төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
“...Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн,
хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдүулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан. Б.Б нь өөрт учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдээр насанд хүрээгүй хохирогч Э.М-ийг нэрлэж, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Э-аас эмчилгээний зардал 3.217.242 төгрөг нэхэмжилсэн байхад шүүх өөрийн санаачилгаар хохирлыг хамтран хариуцвал зохих этгээдээр тус сургуулийг тогтоож, хохирлын 50 хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан Хүүхэд хамгааллын
тухай хуулийн 23 дугаар зүйл нь 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж байгаа бөгөөд тухайн хэрэг үйлдэгдсэн өдөр мөрдөгдөж эхлээгүй байсан. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйл нь багшид учирсан хохирлыг сургууль нь төлөх хууль зүйн үндэслэл биш юм.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2-д “7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгана” гэж заасан бөгөөд Э.М нь тухайн хэрэг үйлдэгдсэн өдөр 15 настай байсан тул Иргэний хуулийн 503.2-д зааснаар сургууль түүний бусдад учруулсан хохирлыг хариуцан арилгах хууль зүйн үндэслэл бий болоогүй юм. Харин ч Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д “Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасан байна.

Иргэний хариуцагч, насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны төлөөлөгч Д.Э Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д зааснаар хохирлыг бүрэн хариуцан арилгах хууль зүйн үндэслэл байсаар байхад түүний хариуцах ёстой хохирлын 50 хувийг тус сургуульд хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны
тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр  сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтын тус сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Э.М-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Э-ын өмгөөлөгч Ж.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  “...Насанд хүрээгүй хохирогч Э.М-т эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсантай холбоотой 2.144.095 төгрөгийн хохирол учирсанг шүүгдэгч Б.Б-аар төлүүлэхээр шийдсэн гэтэл өнөөдөрийг хүртэл төлөөгүй. ... Шүүгдэгч Б.Б-т 3.217.241 төгрөгийн хохирол учирсан үүнийг анхан шатны шүүхээс насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Э-аас 1.608.621 төгрөгийг, иргэний хариуцагч ”Ш Ү” сургуулиас 1.608.621 төгрөгийг тус тус гаргуулж шүүгдэгч Б.Б-т олгуулахаар шийдвэрлэсэн. Монгол Улсын Хүүхэд хамгаалах тухай хууль 23 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 9.14, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.9 дэх заалт “ Ажлыг байр” гэдэгт ажил олгогчийн шууд буюу шууд бус хяналтын цор байх бүх байрыг хэлнэ гэсэн дээрх хэрэг нь сургууль дотор болсон болно.

Иймд уг тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, иргэний хариуцагч “Ш Ү” сургуулиас Б.Б-т учирсан 3.217.241 төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагч Д.Э-ыг 1.608.621 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү. ... Ш Ү сургууль жил болгон сургалт, хүмүүжил, хүүхдийн аюулгүй байдалыг хангаж ажиллана гэж гэрээгээр 9.000.000 төгрөг авдаг юм. ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Э.М-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Миний хувьд хүүхдээ багшдаа зодуулна гэж огт төсөөлөөгүй. Шүүгдэгч талаас тухайн үйлдэлдээ уучлалт гуйгаагүй. Бид хохирсон байхад нэмж хохирол төлөхөөр шийдвэрлэсэн. Үүнийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. ...”гэв.

“Ш Ү” сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О, түүний өмгөөлөгч М.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “..гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хэнээс хохирол нэхэмжлэхээ хохирогч өөрөө тодорхойлж шүүхэд мэдүүлнэ гэж заасан. Үүний дагуу Б.Б өөрийн хохирлыг насанд хүрээгүй хохирогч Э.М-ээр төлүүлье гэсэн. Хохирлын 50 хувийг гаргуулъя гэх нэхэмжлэл огт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар хохирлын 50 хувийг сургуулиас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2 дахь хэсэгт “…7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгана..”гэж тусгасан. Гэтэл Э.М-ийн хувьд гэмт хэрэг гарах үед 15 настай байсан. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт “насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасан. Анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан гэж үзсэн. Иймд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дээрх хуульд зааснаар хохирлыг 100 хувь хариуцах үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор О.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд насанд хүрээгүй хохирогч Э.М-ийн эцэг, эхийн хувьд хүүхдээ сургуульд сургаж байгаа, төлбөрийг өгсөн тул цаашид сургуульд хариуцна гэх үндэслэлийг ярьж байна. Эцэг, эх хүүхдийг сургуульд сургаснаараа тухайн хүүхдийн өмнөөс хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тухайн хүүхдэд сургалт хүмүүжлийг олгох чиглэлийг сургууль хариуцаж байгаа боловч бусад ёс суртахуун зан заншлын зэрэг зүйлсийг эцэг, эх хариуцна. Сургууль тухайн хүүхдэд мэдлэг боловсролыг олгох үүрэгтэй. Тухайн гэмт хэрэг сургуулийн орчинд үйлдэгдсэн боловч хүүхдийн зан төлөвшил, харилцан хандлагаас шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж прокурорын зүгээс үзэж байна.

Өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 503 дугаар зүйл болон Боловсролын тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 9.14, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.9 дэх заалт “ Ажлыг байр” гэдэгт ажил олгогчийн шууд буюу шууд бус хяналтын цор байх бүх байрыг хэлнэ гэх үндэслэлүүдийг тайлбарлаж, дээрх үндэслэлээр тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг сургууль хариуцах нь зүйтэй гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзэхэд сургууль нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг дангаар хариуцах нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүхээс үзэж, иргэний хариуцагч тус бүрээс нийт учирсан хохирол, хор уршгийг 50 хувиар буюу тэнцүү хувааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хариуцагч “Ш Ү” сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О болон түүний өмгөөлөгчийн гаргасан үндэслэлийн тухайд Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.М 15 нас хүрсэн буюу хуульд заасан насны хязгаарыг давсан тул сургууль энэхүү хохирол, хор уршгийг хариуцан, хохирлыг төлөх үүрэг хүлээхгүй гэдгийг тайлбарлаж байна. Гэвч хэрэгт тухайн сургууль гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч ажилладаг, тухайн гэмт хэрэг зөрчил үйлдэгдсэн шалтгаан нөхцлийг хэрхэн тогтоож, ямар арга хэмжээ авч ажилладаг талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй. Зөвхөн хүүхэд шилжүүлэх асуудлууд яригдаж байна. Цаашлаад багшийн ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой асуудлууд яригдсан байх. Иймд сургуулийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тогтоох ажлуудыг хангалттай хийж гүйцэтгэдэггүй гэх дүгнэлтэд үндэслэн анхан шатны шүүх “Ш Ү” сургуулиас гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхээр 1.608.621 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд талуудын гаргасан давж заалдах шатны гомдлыг хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн насанд хүрээгүй хохирогч Э.М-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Э-ын өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, иргэний хариуцагч “Ш Ү” сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 57-62/,

насанд хүрээгүй хохирогч Э.М-ийн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш Ү” сургууль руу орох гээд өөрийн найз Б-ийн хамтаар явж байхад Англи хэлний багш Б ирээд миний найз Б рүү хандаж “Энэ Б мөн үү” гээд малгайг нь аваад хацрыг нь зулгаагаад байсан. Тэгснээ Б-д хандаж “Чи энд юу хийж яваа юм, хоёулаа нэг гар барьчихъя” гээд гараас нь аймар чанга базаад байсан. Тэгэхэд нь би Б найзыгаа түлхээд холдуулах гэсэн чинь Б нь над руу уурлаад байхаар нь би Б багшид хандаж “Минжин та хоёрыг юу хийснийг би мэдэж байгаа шүү” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б багш над руу маш их уурлаад дайрсан. Тэгээд Б багш Б рүү хандаж “Энэ чиний найз юм уу” гэж намайг зааж асууснаа Б-д хандаж “Чи сургуулийн “...” /....../ руу юм бичээд байгаа юм уу” гэж асуусан. Тэгэхэд нь Б Б багшид хандаж “Үгүй, би яалаа гэж тэгж бичих юм” гэж хэлсэн. Тэгээд байж байхад манай найз Уудам 2 давхраас бууж ирсэн. Уудам, Б бид гурав гараад явсан. Тэгээд өнөөдөр өглөө цаг 09 цаг 45 минут болж байхад өөрийн дүү М-г давтлагад суулгах гээд сургууль дээр ирсэн. Би дүүгээ давтлагад нь анги руу нь оруулж өгчихөөд гараад өөрийн ангидаа орж ирсэн чинь давтлага ороогүй. Тэгээд ангид байж байгаад ангиас гарч биеийн тамирын заал руу явсан. Зааланд очоод харахад бага ангийн хүүхдүүдийн сагсны бэлтгэл орж байсан. Тэгээд хараад байж байсан чинь миний араас манай ангийн Э ирсэн. Э бид хоёр буцаад анги руугаа явах гэж байсан чинь Б багш коридорт таарсан. Тэгээд Б багш намайг дуудаад нөгөө өргөтгөлийн ариун цэврийн өрөө рүү чирч авч яваад ариун цэврийн өрөөний гадна ирээд “Чи өчигдөр Минжин бид хоёрыг юу юу гээд байсан бэ, чи сургуулийн камертай газарт олон юм ярьж байна аа, эсвэл хоёулаа танай гэрийн гадаа Люксийн гадаа уулзах уу” гээд шууд манай гэрийн хаягийг хэлсэн. Тэгээд Б багш над руу хандаж “Минжин бид хоёрыг юу гэсэн бэ, би М-тэй ямар ч харилцаа байхгүй, хэзээ ч ярьж байгаагүй” гэхэд нь би “За, за” гээд явах гэж байсан чинь Б багш надад хандаж “энэ хар даа гээд гар утсаа үзүүлээд би М-тэй бичдэг, гэхдээ зөвхөн сургалтын талаар” гээд ярьсан. Тэгснээ надад хандаж “хоёулаа ингээд чимээгүй бие биедээ хал палгүй салъя” гэж хэлээд надтай гар барьсан. Би анги руугаа явж байсан чинь миний мөрөн дээгүүр зүүн гараараа давуулж бариад хүзүүний доод хэсэг зүүн мөрний дээд хэсгээс базсан. Тэгэхэд нь би гарыг нь түлхсэн чинь уурлаад “дахиад чи миний гарыг түлх дээ” гэж хэлсэн. Тэгэхэд нь би дахиад зөөлхөн түлхсэн. Тэгсэн чинь шууд баруун гараараа миний зүүн хацар руу алгадсан. Тэгэхэд нь би бага зэрэг манарах шиг болсон. Тэгэхдээ би өөрөө Б багшийг зөөлөн мөргөсөн юм шиг байна лээ. Тэгсэн чинь шууд намайг зодоод эхэлсэн. Б багш намайг зодож байхад яг хаана, яаж бодож байгааг мэдээгүй. Нүүрээ дараад доошоо суусан байсан. Тэгж байхад жижүүр багш Ц.Н ирж салгасан. Тэгээд зодуулчихаад босоод ирсэн чинь хамраас маш их цус гараад ариун цэврийн өрөөнд ороод угааж байхад зүүн талын чихний дотор талд нь урагдсан юм шиг харагдсан бөгөөд цус гарч байсан. Тэгээд менежер ирээд намайг өрөөндөө оруулж юу болсон талаар асуугаад цагдаа болон эмч дуудсан. ...” /1 хх 15-18/,

гэрч Ц.Х-гийн “...Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажилдаа очоогүй. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв дээр байсан. Тэнд байсан шалтгаан нь багш нарыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байсан юм. Тэгсэн чинь манай сургалтын менежер Б.Эрдэнэтуул над руу 11 цаг 16 минутад холбогдоод сургууль дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд сургууль дээр яваад очиход түргэн тусламжийн эмч ирчихсэн, хүүхдийг буюу Мийг аваад явах гэж байсан. Тэгэхэд нь би хүүхдийн хамтаар түргэн тусламжийн машинтай Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Хүүхдийн өөрийн өгүүлэмжээр бол хамар сонин байна, чих сонин байна, нүд сонин байна гэж хэлж байсан. Тэгээд гэмтлийн эмчид үзүүлэхэд зүүн талын гадна чих мөгөөрс хэсэгтээ сэтэрсэн, зүүн нүд хөхөрсөн, зүүн хацар ясан дээр, хамар зүүн талд хавдартай байсан. Гэмтлийн сувилагч өвчин намдаах хийж байгаад 3 ширхэг оёдол тавьсан. Өөр ямар нэгэн зовуурь байгаагүй. Тэгээд толгойны рентген зураг авхуулаад дараа нь СТ хийлгэсэн. Тэгэхэд гавал тархинд ямар нэгэн хугарал, цус хуралт байхгүй гэж гарсан. Хамар яс шинэ хугаралтай хавантай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад ирсэн. М хэлэхдээ бол “Бтай багштай муудалцсан. Өчигдөр манай найзыг өдөөд байснаас үүдсэн” гэж надад хэлсэн. Тэгэхэд нь би М-ээс “тэр нууц чинь юу юм бэ?” гэж асуусан чинь М “Би Б багшид хандаж “М-г бавсныг чинь би мэдсэн шүү” гэж хэлсэн. Би энд “бавсан” гэж өөрийнх нь хэлснээр хэлж байгаа шүү. Тэгээд энэ нь ямар утгатай үг юм бэ гэж Мээс өөрөөс нь асуухад М надад хандаж “бэлгийн харилцаанд орох” гэсэн утгатай гэжхэлсэн. Тэгээд ноднин жил Шангри-Лад Б багш М-тэй бэлгийн харилцаанд орсон гэсэн. Энэ талаар нь би М-гийн найзаас мэдсэн гэж М надад хэлсэн. Тэгээд энэ талаар өнөөдөр л сонсож байна. ...”  /1 хх 23-24/,

гэрч Ц.Н-гийн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр жижүүр багш ажилтай байсан. Тэгээд сургуулийн 1 дүгээр давхарт ...үүдэнд хамт байсан багштайгаа юм яриад байж байхад тэр багш надад хандаж “Б багш сурагчтайгаа муудалцаад байх шиг байна, хар даа” гэж хэлэхээр нь харсан чинь муудалцаж байгаа юм шиг байсан бөгөөд зодолдоод эхлэхээр нь би шууд гүйж очоод салгаад явуулсан. Намайг очоод салгахад Б багшийн хамраас жаахан цус гарч байсан. Харин М гэдэг хүүхдийн чихнээс нь цус гарсан, хамраас нь бага зэргийн цус гарсан байдалтай байсан. ...” /1 хх 20-21/,

иргэний хариуцагч Д.Э-ын “...Мийн бие хамар ясны хугарал, тархи доргилт, чих сэтэрсэн зэрэг гэмтлүүд учирсан. Гэмтлийн улмаас хамартаа мэс засал хийлгэсэн. Мэс заслын төлбөр болон эмчилгээтэй холбоотой бүх зардлыг нэхэмжилнэ. ...” /1 хх 182/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1954 дүгээр “...Э.М-ийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чихний дэлбэнд шарх, дух, зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1 хх 71-72/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн 985 дугаар “...Магадлуулагч Э.М-ийн сэтгэцэд уг гэмтэл хэргийн улмаас тухайн гэмт хэргийн улмаас түр зуурын болон байнгын өөрчлөлт илрэхгүй байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан тухайн хэрэгтэй холбоотой зүйлсийг харьцангуй тэнцвэртэйгээр хүлээн авч даван туулж байна. Дээрх шинж тэмдгээс үзэхэд магадлуулагч Э-ын М-ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй. ...” /2 хх 20-22/ гэсэн дүгнэлтүүд,

“Ш Ү” сургуулиас гаргаж өгсөн баримтууд /1 хх 79-97/,

Насанд хүрээгүй хохирогч Э.М-ээс гаргаж өгсөн эмчилгээний хохирлын баримтууд /1 хх 99-116/ зэргийг харьцуулан шинжлэн судлав.

Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ш Ү” сургуулийн 2 дугаар давхарт насанд хүрээгүй хохирогч Э.М-ийг “нууцыг чинь задална шүү гэж сүрдүүллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чихний дэлбэнд шарх, дух, зүүн нүдний зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогджээ.  

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч Б.Б-гийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, “тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, эрүүл мэндэд учирсан хохирлын шалтгаан”, “гэм буруугийн хэлбэр”-ийн талаарх асуудлаар маргасан насанд хүрээгүй хохирогч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын тайлбарт тус тус үндэслэл бүхий няцаалт хийжээ.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

            Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

          Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээс үзэхэд, шүүгдэгч Б.Б нь насанд хүрээгүй хохирогч Э.М-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж “хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чихний дэлбэнд шарх, дух, зүүн нүдний доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.”  гэх шинжээчийн дүгнэлт зэргийг анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлснийг буруутгах үндэслэлгүй.

          Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хохирогч Э.М-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Б-гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иргэний хариуцагч “Ш Ү” сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О-ээс “...Иргэний хариуцагч, насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны төлөөлөгч Д.Э Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д зааснаар хохирлыг бүрэн хариуцан арилгах хууль зүйн үндэслэл байсаар байхад түүний хариуцах ёстой хохирлын 50 хувийг тус сургуульд хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолын 5 дахь заалтын тус сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх,

насанд хүрээгүй хохирогч Э.М-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Э-ын өмгөөлөгч Ж.Энх-Амгалангаас “...иргэний хариуцагч “Ш Ү” сургуулиас Б.Б-т учирсан 3.217.241 төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагч Д.Э-ыг 1.608.621 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-т учирсан гэм хорын хохирол болох 3.217.241 төгрөгийг хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт хийж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Э, иргэний хариуцагч “Ш Ү” сургуулиас хувь тэнцүүлэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-аас 1.608.621 төгрөгийг, иргэний хариуцагч “Ш Ү” сургуулиас 1.608.621 төгрөгийг тус тус гаргуулж, шүүгдэгч Б.Б-т олгохоор шийтгэх тогтоолд тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хохирогч Э.М-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Э-ын өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, иргэний хариуцагч “Ш Ү” сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогч Э.М-ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Э-ын өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, иргэний хариуцагч “Ш Ү” сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР