| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2406000002679 |
| Дугаар | 2025/ДШМ/385 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/385
2025 04 01 2025/ДШМ/385
А.А, Б.Б, Т.Т нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Бамбадорж,
шүүгдэгч Б.Б,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/387 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.А, Б.Б, Т.Т нарт холбогдох 2406000002679 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
1. .... овгийн ..-ийн А, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: .../,
2. .. овгийн ..-ийн Б, ............ тоотод оршин суух, /РД: ................/,
Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн;
3. ... овгийн ..-ын Т, түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................../,
Шүүгдэгч Т.Т, А.А нар нь бүлэглэн 2024 оны 09
дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянголын ам гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 47.8 кг Сибирь хуш модны үр болох самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүж бэлтгэн, А.А-ын нагац ах болох Б.Б-ийг гуйж түүний эзэмшлийн ..-... .... улсын дугаартай “Тоуоtа Hilux” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 4.727.420 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянголын ам гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 47.8 кг Сибирь хуш модны үр болох самрыг А.А, Т.Т нар нь зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшлийн ..-... .... улсын дугаартай “Тоуоtа Hilux” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: А.А, Б.Б, Т.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т.Т, А.А нарыг “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үрийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн”, шүүгдэгч Б.Б-ийг “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үрийг тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т, А.А, Б.Б нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нар оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэн тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Т, А.А Б.Б нарыг шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Т, А.А Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 47.8 килограмм жинтэй Хуш модны үр, идээг зохих үнэлгээг хийж худалдаж борлуулж үнийг улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Т, А.А Б.Б нараас 23.637.100 төгрөгийг хувь тэнцүүлэн хохиролд гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 10.412.500 төгрөгийг гаргуулан хохиролд тооцуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би жолооч мэргэжилтэй, шүүгдэгч Б.Т, А.А нар нь намайг машинтай болохоор, төрөл садны хувьд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр рүү явах ажил гарлаа, та яваад өгөөч гэхээр нь хүргэж өгсөн. Миний хувьд Т.Т, А.А нарыг самар түүхээр явна гэдгийг огт мэдээгүй, ажилтай гэхээр нь тэд нарыг машинтайгаа буулгаж өгсөн болохоос би Т.Т, А.А нартай зөвшөөрөлгүйгээр ховор ургамалын үрийг түүсэн, бэлтгэсэн зүйл огт байхгүй. Мөн тэр хоёр намайг ирж авна уу гэхээр нь буулгасан газартаа ирж тэд нарыг авч явсан. Тэд нарыг самар ачсан гэдгийг огт мэдээгүй, надад ч тэр хоёр хэлээгүй. Замд цагдаа шалгах үед л мэдсэн. Гэтэл анхан шатны шүүх надад 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулсныг гэм буруугүйд тооцож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн анхан шатны шүүхээс Д.Санжаагийн өмчлөлийн ..-... .... улсын дугаартай “Toyota Hilux” маркийн машины эд хөрөнгийн үнэлгээ болох 10.412.500 төгрөгийг шүүгдэгч Б.Б надаас гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Бамбадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянголын ам гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 47.8 кг Сибирь хуш модны үр болох самрыг А.А, Т.Т нар нь зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшлийн ..-... .... улсын дугаартай “Тоуоtа Hilux” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Улмаар шүүгдэгч Б.Б-ийг “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үрийг тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулсан. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм хорын хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг харгалзан ..., А.А Б.Б, Т.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Т.Т, Б.Б нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Тодруулбал, шүүгдэгч Б.Б нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх боловч түүний давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр уг нөхцөл байдлыг үгүйсгэж, гэм буруугийн талаар маргаж байгаагаас үзэхэд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэл үүсээгүй байхад тухайн зүйл, заалтыг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь буруу байна.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхэд хохирлоо нөхөн төлсөн эсэх нь зайлшгүй байх үндсэн нөхцөлийн нэг бөгөөд учирсан хохирол болон түүнтэй шалтгаант холбоотой нотлох баримтуудаар хор уршгийг барагдуулах нь хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэнд тооцогдоно. Гэтэл шүүгдэгч нь 10.412.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд маргаж, хэрэгсэхгүй болгох гомдол гаргасан байгааг дурдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.А Б.Б, Т.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/387 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч А.А, Б.Б, Т.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР