2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/09416

 

 

 

2025 11 13

192/ШШ2025/09416

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо,  дүгээр хороолол,  тоот хаягт оршин суух,  регистрийн дугаартай, Е овогт Б Д нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч: Б.Д,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.ДУлаанбаатар хотын Октябрийн районы Нийтийн хоолны трестэд 1983 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б овогтой Д миний бие 1983 онд тогоочийн курс төгсөөд Улаанбаатар хотын Октябрийн районы Нийтийн хоолны трестэд туслах тогоочоор 1983 оны 7 дугаар сарын 18-ны өдөр анх ажилд орж 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажилласан. Одоо миний бие ТЭЦ-4 ТӨХК-д ажилладаг. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед ажиллаж байсан байгууллагаас олгосон хөдөлмөрийн дэвтэр 1998 оны 3 дугаар сард гэр маань шатсаны улмаас бүх бичиг баримт байхгүй болсон. Гол нотлох баримт болох хөдөлмөрийн дэвтэр болон хамт олонтой авахуулсан зураг гэх мэт эд зүйлс устаж шатсан тул Нийслэлийн гал түймэртэй тэмцэх газрын архиваас шүүлгэхэд тухайн үе буюу 1998 онд гэр болон доторх эд зүйл шатсан, дуудлага өгсөн гэх мэт баримтууд гарч ирсэн. Мөн хамт ажиллаж байсан Ш.О тэр үед ажиллаж байхдаа үзэсгэлэнд оролцсон зураг байснаа надад өгсөн. Иймд хэрэгт авагдсан бусад баримтуудыг үндэслэн намайг Улаанбаатар хотын Октябрийн районы Нийтийн хоолны трестэд 1983 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Үндэсний төв архивийн тодорхойлолт, Архивын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Ш.О тодорхойлолт, гэрч Ш.О хөдөлмөрийн дэвэрийн хуулбар, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 013-1998/218 дугаартай Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр гарсан тухай акт, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, фото зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрчээр Ш.О асуусан тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Улаанбаатар хотын Октябрийн районы Нийтийн хоолны трестэд 1983 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсныг тогтоолгоно гэж тайлбарласан.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.

4.Нэхэмжлэгч Б.Д Улаанбаатар хотын Октябрийн районы Нийтийн хоолны трестэд 1983 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан болох нь Нийслэлийн Онцгой байдлын газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 013-1998/218 дугаар бүхий гал түймэр гарсан тухай акт, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрч Ш.Отгоны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ш.О тайлбар, мэдүүлэг, хамт олонтой авахуулсан фото зураг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Б.Д дээрх хугацаанд улсад ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан регистрийн дугаартай, Е овогт Б Д Улаанбаатар хотын Октябрийн районы Нийтийн хоолны трестэд 1983 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН