| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2403002260361 |
| Дугаар | 2025/ДШМ/384 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/384
2025 04 01 2025/ДШМ/384
Э.З-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
хохирогч О.Ц-ийн өмгөөлөгч Б.Түвшинбаяр,
шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/515 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.З-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2403002260361 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
.... овгийн ..-ы З, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, ам бүл .., ..-ийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ........../;
Шүүгдэгч Э.З нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорины замын зохицуулдаггүй гарцан дээр “Toyota Prius 41” загварын ..-.. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарц дээр О.Ц-ийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Э.З-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ..
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Э.З-г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.З-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.З-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж, шүүгдэгч Э.З-гийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.180.000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, шүүгдэгч Э.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хэрэгт шүүгдэгч Э.З-гийн зүгээс гэм буруугийн асуудалд ямар нэгэн маргаан гаргаагүй бөгөөд харин хавтас хэргийн 14 дүгээр талд авагдсан хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15.000.000 төгрөгийг өгсөн боловч анхан шатны шүүх тус хохирлын мөнгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцон хохирогч О.Ц-ид олгосноор тооцож бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т “ямар нэгэн гомдол”-гүй гэж өргөдөл өгсөөр байтал Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.180.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор давхар шийдвэрлэсэн ба тус төлбөрийг 1 жилийн дотор төлж барагдуулахаар шийдвэрлэсэн боловч шийтгэх тогтоолд заагаагүй байна. Гэтэл хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хавтас хэрэгт бодит хохиролд тооцсон нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй байхад тус төлбөрийг шууд хохиролд тооцож байгаа нь хууль зүйн хувьд нийцэхгүй байна.
Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Э.З надаас гаргасан 15.000.000 төгрөгийг хохирогч О.Ц-ийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт тооцуулсан өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хассанд санал нийлэхгүй байна. Миний хувьд жолоо барьж амьдралаа авч явдаг. ...” гэв.
Шүүгдэгч Э.З-гийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Ял шийтгэлийг өөрчлөхгүйгээр, хохирлын асуудлыг үнэн, зөв тогтоож өгнө үү. ...” гэв.
Хохирогч О.Ц-ийн өмгөөлөгч Б.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн биеийн байдал хүнд байгаа төдийгүй Төв аймгийн сэтгэцийн эмнэлгийн хяналтад байгаа. Хохирогч О.Ц нь өөрөө босож явж чаддаггүй тул бусдын асрамжид байдаг. Хэл ярианы сааталд орж, улмаар энэ нь сэтгэцэд нөлөөлсөн. Шүүх хохирлын асуудлыг сайн дураараа төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулсан. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч 3 жилийн эрх хасах ял хүнд байна гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хамгийн бага нэмэгдэл ял буюу 3 жилийн хугацаатай эрх хасах ял оногдуулсан. Сэтгэцийн хор уршгийг шүүх гаргуулахаар шийдвэрлэсэн. Тухайн үед улсын яллагчийн зүгээс жич нэхэмжлэгч эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх саналыг гаргаж байсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.З нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 10 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорины замын зохицуулдаггүй гарцан дээр “Toyota Prius 41” загварын ..-.. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарц дээр О.Ц-ийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-9/,
хохирогч О.Ц-ийн “Тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор ослын талаар огт санахгүй байна. Гэмтлийн эмнэлгийн Гавал тархины тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлээд гараад гэртээ хэд хоног байж байгаад Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 6 хоног эмчлүүлж, одоо гэрээр хэвтрийн дэглэм сахиж байгаа. Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмчид үзүүлэхэд гэмтлийн эмчид үзүүл гэсний дагуу Гэмтлийн эмчийн хяналтанд орохоор болсон. ...” /хх 13/,
иргэний нэхэмжлэгч С.С-ийн “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 25.000 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 20/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5162 дугаар шинжээчийн “О.Ц-ийн биед суурь яс, баруун нүдний ухархайн гадна, доод хана, баруун хоншоор яс, баруун хацар ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цусан хураа, эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын шарх, баруун шууны цус хуралт гэмтэлүүд тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д 3.1.3-д тус тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна. ...” /хх 24-26/ гэсэн дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 753 дугаар “Тоёота приус 41 маркийн ..-.. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч О.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. ...” /хх 43/ гэсэн магадлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.З-г “тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, болон түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэж шийдвэрлэсэнийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэлгүйгээс гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан хамгийн багаар буюу 3 жил 1 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ял оногдуулсныг хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгч Э.З-гийн “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хассанд гомдолтой байна. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч О.Ц нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй байх ба шүүгдэгч Э.З нь сэтгэцэд учирсан хор уршиг гэж хохирогч О.Ц-ид 15.000.000 төгрөгийг нөхөн төлснийг давж заалдах шатны шүүх эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг нөхөн төлсөн гэж дүгнэж, шүүгдэгч Э.З-гийн “...15.000.000 төгрөгийг хохирогч О.Ц-ийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт тооцуулсан өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.180.000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.5-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна.
Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогч О.Ц-ийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэх боломжгүй болно.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.180.000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэсэн өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.З-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/515 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
8 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.180.000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.З-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР