Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/282

 

    2025           02            27                                         2025/ДШМ/282

 

Р.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сүрмандах,

шүүгдэгч Р.Л, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Х.Одбаяр, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/866 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Л, түүний өмгөөлөгч Ц.Дагвадоржийн гаргасан давж заалдах гомдлоор Р.Л-д холбогдох 2010 00592 0285 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Р-н Л, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ....... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, команд штабын мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт ............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ........./;  

Шүүгдэгч Р.Л нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ..... дүүргийн 12 дугаар хороо, ...... дүгээр гудамжны .. тоот хашааны гадна Л.Г-той маргалдаж, түүний толгойд өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд гавлын зулайн заадал хэсгээр салсан шугаман хугарал, зүүн талын чамархай суурь хэсэгт хатуу хальсан доорх цусан хороо, их тархины зүүн тал бөмбөлгийн духны суурийн хэсэг, зүүн тал бөмбөлгийн өвдөг хэсэг, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн холбоосны тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулсны улмаас Л.Г нас барсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Р.Л-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Р.Л-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Л-н цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Л нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт зардалд 12.624.850 төгрөг төлсөн болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Р.Л бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Т.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс надад 8 жилийн хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 10 цаг өнгөрч байхад С.М-н гэрт очиход Л.Г эхнэртэйгээ гэрээсээ гарч яваад Г замдаа үлдэж, эхнэр Ц цааш ажилдаа явсан. Г Мө-н хашаанд орж ирсэн. Мөн Б биднийг хараад М-н хашаанд орж ирсэн. Тэгээд бид 4 нийлж 1 шил архи уусан. Г, Б 2 урьд өдөр нь архи уусан байдалтай байсан. Бид 4 архиа уугаад байж байтал Г М-г “та дандаа булагнаж уудаг, яадаг цагаан толгойтой хөгшин бэ” гээд барьцалдаад авахаар нь би “хөгшин хүнийг яах нь вэ” гээд салгасан. Бид дөрвийг хашаанд байхад өөр хүн байгаагүй. Архиа дуусгаад тарцгаасан. Би гэр лүүгээ явсан. Тэр гурвын гэр нэг дор байдаг учир үлдсэн. Маргааш өглөө 10-11 цагийн үед би Био төв рүү хүнсэнд явж байхад Г эхнэрийн хамт өөрийн хашааны гудамжаар гэрийнхээ хашаа руу явж байхад нь таарсан. Надаас Г “танай нохойд уруулсан юм уу” гэж асууж байсан. Би мэдээгүй гэсэн. Гэрч Ц-н өгсөн худал мэдүүлэг “... ажлаасаа буугаад ирэхэд Г-н хөл битүү хавдчихсан, орондоо хэвтэж байсан. Царай нь хачин болоод байхаар нь орон нь оруулж унтуулсан. Охин Б гаднаас орж ирээд хөлийг нь боож өгсөн. Боож байхад нь аавыг чинь зодлоо гэж хэлсэн. Хүү Г-т намайг зодсон хүмүүсийг гараад зодчих гэж хэлсэн. Р.Л-г хайсаар байгаад уулзсан” гэх, “2020 оны 03 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд гэрээс гараагүй” гэх мэдүүлгүүд худлаа юм. Дээрх зүйлүүдийг няцаасан үнэн мэдүүлгүүд 03 сарын 19-ний өглөө эхнэр Ц-н хамт гадаа явж байсан. 03 сарын 19-ний өдөр гудамжинд Б, М, Г, Б нартай гэрээсээ архи авчраад ууж байсан мэдүүлэг, эхнэр Ц гэрч Ду-д ороод “манай нөхөр танайд очсон, архи уусан гэж битгий хэлээрэй, байцаагч нь солигдсон шүү, 19, 20-ны өдрүүдэд гэрээсээ гараагүй гэж хэлээрэй”, 2020 оны 03 дугаар сарын 20-ны орой Г, П хоёр Д-д орж архи уугаад гарсан. П-д очиж цахилгаан засна гээд, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өглөө П-тэй шинжилгээ өгчихөөд Био төв дээр таарсан байдаг. Эхнэр Ц “би хашаандаа хог цэвэрлээд зогсож байтал Б хашаандаа байхаар нь манай нөхөр Г-г харав уу” гэж асуусан. Б “танай хүн 1 согтуу хүнтэй зээл рүү явж байсан” гэх мэдүүлэг Ц-н мэдүүлэгт байгаа. Нохойд хазуулсан гэдгийг би мэдэхгүй, тэр хавьд хашааны болоод золбин ноход олон байдаг. Дээрх баримтууд Ц-н гэрээс гараагүй гэсэн зүйлүүдийг нотлох баримтаар үгүйсгэж байна.

Гэрч хүү Г-н мэдүүлэг “2020 оны 03 дугаар сарын 18-ны өглөө унтаж байхад нь машин засуулна гээд аваад гарсан. 1 цагийн дараа мөрлөөд оруулж ирсэн. Манай үүдэнд ухаан алдаад унасан байхад нь би гэрт нь хүргэж ирсэн. 03 дугаар сарын 19-ний өглөө огт гэрээс гараагүй. 20-ны өглөө ээж аавыг дагуулаад өрхийн эмнэлэгт үзүүлээд аваад ирсэн. Манайд орж ирээд 1 сая төгрөг өгсөн. Би 18-ны өглөө гэрт нь ороогүй, дуудаагүй” гэх мэдүүлгүүд худлаа.

Гэрч Б-н мэдүүлэг: 03 сарын 18-нд М-н хашаанд Г байгаагүй, байцаагчид согтуу мэдүүлэг өгсөн, гэрч Ц-д “танай нөхөр зээл рүү 1 хүнтэй явж байсан” гэж хэлсэн үг Ц-н мэдүүлэгт байгаа, гэрч шүүх хуралд би согтуу мэдүүлэг өгсөн. Тэр хашаанд зодоон болоогүй гэсэн мэдүүлгээ хүлээн зөвшөөрсөн.

Гэрч М-н мэдүүлэг: Б надад ярьж байсныг байцаагчид хэлсэн гэсэн мэдүүлэг, хашаанд ийм асуудал болоогүй, байцаагчид согтуу мэдүүлэг өгсөн зүйлүүдээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөгч 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед мэдүүлэг авахдаа 22 цаг 30 минут хүртэл 2-3 өрөө дамжуулж, олон байцаалт ээлжлэн өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Би ямар учиртай болоод байцаагдаад байгаа талаар асуухад “та хүн амины хэрэгт холбогдоод байна” гэж хэлсэн. Сүүлд нь “би жинхэнэ байцаагч чинь байна” гээд тулгаж асуулт тавьж байцаасан. ...Энэ үед миний биеийн байдал хүнд, элэгний хорт хавдартай байсан. Байцаагч “та хэргээ хүлээвэл явуулна, харин дуудсан цагт ирнэ шүү” гэсэн. Тэгээд би “за за, энэ тулган шаардаад байгаа хэргийг хийсэн болог, цаашид хууль үнэн зөвийг тогтоох байлгүй” гээд гарын үсэг зурсан. Гэтэл гарын үсэг зуруулаад 461 дүгээр хориход авчирсан. Энэ үед коронотой байсан учир эргэлт уулзалт байгаагүй. Өмгөөлөгч авах боломж байгаагүй. Гарах үед байцаагч өмгөөлөгч авчирсан. “Та одоо хуучин өгсөн мэдүүлгээ давтаж өгнө шүү” гэсэн, би давтан өгсөн. Энд хоёр сар болсон.

Хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл шалгалаа. ... 2022 оны 02 дугаар сард хавдрын эмнэлэгт хэвтэж, элэг тайруулж, одоо хяналтад байна. ...

Гомдол гаргах шалтгаан нь: хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй, гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан, мөрдөгч тулган шаардаж, өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан, задлан шинжилгээний дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, мөрдөгч, прокурор, шүүх хэргийг хэтэрхий нэг талыг барьж ажилласан, энэ хэрэгт холбогдолгүй гэсэн шинжээчийн дүгнэлт прокурорын дүгнэлт зэрэг гарсан байхад дахин дүгнэлт гаргуулж, намайг гэмт хэрэг үйлдсэн болгож байгаад гомдолтой байна.

Иймд надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хорих ял шийтгэснийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Р.Л-н өмгөөлөгч Ц.Дагвадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. ... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эхнэр Т.Ц нь хэргийн газарт байгаагүй, хэрэг болсны дараа дамжмал байдлаар бусдаас сонссон зүйлээ мэдүүлэхдээ гэмт хэргийн шинж чанар, хүч хэрэглэсэн байдлын талаар хэтрүүлж мэдүүлсэн, оршуулгын зардал гаргуулан авах далд хувийн сонирхолтой, өөрийн зүй бус ажиллагаагаа нууж мэдүүлсэн нь гэрч Д.Д-н удаа дараагийн мэдүүлгээр нотлогддог.

Мөн талийгаачийн хүүхэд болох гэрч Г.Г, Г.Э, Г.Б нарын мэдүүлэг нь хохирогчтой нэг ашиг сонирхолтой бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байснаас бусад гэрчээс мэдүүлэг авахдаа эх сурвалжийг заавал тодруулах шаардлагатай байхад түүний эх сурвалжийг тодруулж шалгаагүй, гэрчийн мэдүүлгийг яллах нотлох баримт болгосон байна. Анх хэрэгт шалгагдах үед миний эрүүл мэндийн байдал муу, даралт ихсээд элэгний хорт хавдартай, эмчийн хяналтад байсан, тал талаас байцаагч нар шахацгаагаад бие эвгүйрхэж юм ярих боломжгүй байдалтай бухимдалтай байх үедээ хэлснээр нь мэдүүлэгт гарын үсэг зурсан, өөрийн эсрэг албадан гэрчээр мэдүүлэг авсан /1 хх 144-145/.

Яллагдагчаар 57 хоног хорьж мөрдөхдөө хууль ёсны өмгөөлөгчгүй, цагдаагийн байгууллага дээр байдаг өмгөөлөгчийг байлцуулж, “өмнөх мэдүүлгийг өөрчлөхгүй өгнө шүү” гэсэн шахалт дарамтаар яллагдагчаар авсан мэдүүлэг, түүний эхнэр Д.Б-н гэрчээр өгсөн мэдүүлгийг тус тус шүүгдэгчийн эсрэг яллах баримт болгосон байна. Мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдсон иргэн Р.Л-д мэдүүлэг өгөхөөс зайлсхийх, эсхүл худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулах байдлаар түүнээс гэрчийн мэдүүлэг албадаж авсан нь өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байна. Гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг гэмт хэрэг илрүүлэх арга болгож ашигласан гэж үзэж болно. Энэ нь Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг /16.3, 16.5/-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарын 5.1-д заасан болон бусад холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн газарт байсан гэрч С.М, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, мэдүүлгийн зөрүүг арилгах арга хэмжээ авахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.М, Б.Б нарыг оролцуулж мэдүүлэг авсан атлаа шийтгэх тогтоолд тусгаагүй /шүүх хуралдаан хойшлогдсон/, дахин хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхдээ гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрс зөрүүтэй мэдүүлгүүдээс зөвхөн шүүгдэгчийг яллах чиглэлийн мэдүүлгийг шийтгэх тогтоолд ишлэл болгон нотлох баримт болгосон байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх “...шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв” гэж илтэд буруу дүгнэлт хийсэн. ... Хэргийг 5 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа амь хохирогч Л.Г-н 2020 оны 03 дугаар сарын 18-наас 20-ны өдрийг хүртэл хугацаанд явсан маршрутыг буюу хаагуур, хэнтэй явсан, хэнтэй уулзсан, уулзалтын өмнө болон дараа нь биеийн байдал ямар байсан талаарх байдлыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хангагдаагүй байхад шүүх “хэргийн талаар нотолбол зохих байдлыг тодруулсан байна” гэсэн дүгнэлт ойлгомжгүй байна. Гэрч Б.Б, С.М нар өмнөх мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгсөн байгаа нь аль мэдүүлэг худал болох, гэрч С.М сонссоноо ярьсан гэх мэдүүлэг зэрэг нь эргэлзээ үүссэн байхад анхан шатны шүүх “...мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нарын мэдүүлгийг өөр хоорондоо зөрүүтэй гэх боловч тухайн мэдүүлгүүд эрс зөрүүтэй үйл баримтгүй, цаг хугацаа, болсон үйл явдлын дарааллыг урд хойно оруулсан мэдүүлгүүд байх бөгөөд энэ нөхцөл байдал нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг үгүйсгэхгүй гэж үзэн өмгөөлөгч нарын санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн нь үндэслэл муутай байна. Шинжээчийн дүгнэлт нь шууд болон шууд бусаар хууль зүйн үр дагавар бий болгож, цагаатгах болон яллах талаар гарч буй шүүхийн шийдвэрийн үндэслэл болохын хувьд тодорхой шалгуурыг хангасан байх ёстой бөгөөд тэрхүү шалгуураар шинжээчийн дүгнэлтийг үнэлэх шаардлага гардаг. Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судлагдсан шинжээчийн 6 дүгнэлтийн 4 нь талийгаачийн биед учирсан гэмтлийг авсан цаг хугацааг 6-12 цаг, 12-18 цагийн өмнө гэсэн нэгдмэл байдлаар тогтоосон байхад 2 дүгнэлт нь гэмтлийг нас барахаас 48-72 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэж өөрөөр тогтоосон байдаг. Тухайлбал:

1. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр талийгаач Л.Г-н цогцост хийсэн анхны 745 дугаар дүгнэлтэд “... тархины эдийн няцрал, хуйханд цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хөмсөг ,баруун хацрын төвгөр, баруун өвдөгт зулгаралт зүүн бугалганы хонхор, зүүн шагайн үеийн дотор хэсэгт цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /1 хх 83-88/. Мөн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 795 дугаар шинжээчийн дүгнэлт “...Талийгаач Л.Г-н цогцост учирсан ... гэмтэл нь ойролцоогоор нас барахаас 6-12 цаг, 12-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна. Талийгаачийн цогцост учирсан гавал тархины гэмтэл, тархины хатуу хальсан доорх цусан хурааг эд эсийн шинжилгээнд илгээж тусгай будгийн /МSВ/ аргаар улаан эсүүд ихэнх хэсгээр хэлбэрээ хадгалсан, зарим хэсгээр нейтрофил эсийн нэвчдэст сийвэн тунасан, /МSВ/ -Ихэнх хэсгээр улбар шар /6-12 цаг/, улаан ягаан /12-18 цаг/ өнгийн фибрин үүссэн гэх шинжээр мөн задлан шинжилгээний явцад тархины хатуу хальсан дээрх цусан хурааны шинж байдалтай /зүүн талын чамархай суурь хэсэгт хатуу хальсан доор 10х10см хэмжээтэй 100 гр хагас бүлэгнэсэн, гялгар цусан бүлэнтэй зэрэг.../ харьцуулалт хийж гэмтэл үүссэн байх боломжтой хугацааг тогтоосон болно. Эд эсийн шинжилгээний тусгай будгийн арга /МSВ/ гэдэг нь цогцост задлан шинжилгээ хийх явцад тархинд үүссэн цусан хурааг дээж болгон авч улмаар эд эсийн шинжилгээнд илгээн /МSВ/ будаг буюу тусгай будгийн аргаар будаж, тархины цусан хураанд фибрин үүсэлтээр нь хугацаа тогтоох шинжилгээ юм. Талийгаачид учирсан дээрх гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй бөгөөд толгой орой, зулайн хэсэгт хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” /1 хх 107/. Мөн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 908 дугаар дүгнэлтээр өмнөх шинжээчийн 745, 795 дугаар дүгнэлтүүдийг баталгаажуулсан бөгөөд... үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь арагш савж унах, юм мөргөж унах үед үүсэх боломжтой гэжээ /1 хх 114-118/. Мөн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6 дугаар дүгнэлт “... Талийгаачид хийгдсэн эд эсийн шинжилгээний 745 тоот хариугаар цусан бүлэн ихэнх талбайд улаан эсийн зураглалтай, зарим харах талбайд нейтрофил болон сийвэн тунасан зураглалтай, зарим харах талбайд тод улбар шар /6-12 цаг/ улаандуу, зарим талбайд улаан ягаан /12-18 цаг/ тод өнгийн фибрин харагдана гэсэн нь тусгай будгийн /МSВ/-н аргаар цусан хураанд фибрин үүсэлтээр тогтоосон хариунаас харахад учирсан гэмтэл нь 2020.03.18-ны өдөр үүсээгүй, гэмтэл нь нас барахаас өмнө 18 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байх боломжтой байна” гэжээ. /2 хх 102-108/ Тэгэхээр шинжээчийн 745, 795, 908, 6 дугаар дүгнэлтүүд шинжлэх ухааны арга, аргачлалыг ашиглан шинжилгээгээр тогтоогдож байгаа бодит зүй тогтол, мэдээллийг үнэлж түүнд үндэслэн гэмтэл учирсан цаг хугацааны хамаарлын нэгдмэл байдлаар тогтоосон нь шүүгдэгч Р.Л-н гэм буруутай гэх үйлдлийг үгүйсгэсэн байна. Гэтэл шийтгэх тогтоолд “... амь хохирогч тухайн гэмтлийг авсан цаг хугацааг 6-12 цаг, 12-18 цагийн өмнө гэсэн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүд үгүйсгэгдэж байх тул талийгаачид тогтоогдсон гавал тархины гэмтэл нь нас барахаас 48-72 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна...” гэсэн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 396 дугаар дүгнэлт /2  хх 123-129/, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 211 дүгээр дүгнэлт /3 хх 167-174/ үндэслэлтэй, дээрх дүгнэлтүүд амь хохирогч нь тухайн гэмтлийг авснаас хойш 48-72 цагийн хугацаанд идэвхитэй үйлдэл хийж байгаад 2020 оны 03 дугаар сарын 20-ноос 21-ний шөнө амь нас хохирсон байна гэж шүүхээс дүгнэв” гэж нотлох баримтаар тооцсон нь эргэлзээ төрүүлж байна.

Учир нь, шинжээчийн 396 дугаар дүгнэлтэд “... 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан №745 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт нь үндэслэлтэй байна.” гэсэн нь 745 дугаар дүгнэлтэд “... Талийгаач Л.Г-н цогцост гавлын зулайн заадал хэсгээр салж арагш дагзны төвгөрөөс дээш 2 см зайд хүрч төгссөн урагшаа дух ясны зүүн хажуу хэсгээр үргэлжилж зүүн нүдний ухархайн дээд хана хүрч төгссөн /23 см/ шугаман хугарал, зүүн талын чамархай суурь хэсэгт хатуу хальсан доор /10x10см/ хэмжээтэй 100 гр /6-12 цаг/, /12-18 цаг/ ...” гэснийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан мөртлөө “...талийгаачид тогтоогдсон гавал тархины гэмтэл нь нас барахаас 48-72 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна” гэсэн ойлгомжгүй дүгнэлтийг гаргажээ. Мөн 2024 оны 211 дүгээр дүгнэлтэд “... Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтэд 2020.03.18-ны өдөр үүсээгүй, гэмтэл нь нас барахаас өмнө 18 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байх боломжтой” гэж гаргасан нь зөвхөн эд эсийн шинжилгээний 745 тоот хариуг үндэслэж гаргасантай санал нийлэхгүй байна. Мөн “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед цус бүлэгнэлтэд нөлөөлдөг” гэсэн батлагдаагүй, стандартчилагдаагүй арга, арга зүйг ашиглан, таамаглах, төсөөлөх байдлаар бодитой биш хийсвэр дүгнэлтийг гаргасан гэж үзэхээр байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 5.2.8-д заасныг тус тус зөрчсөн байна. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай тогтоолд шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заавал заана. Харин хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж алиныг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэх үүрэгтэй. Шүүгч шинжлэх ухааны арга зүйд тулгуурласан туршилтын үр дүнд нотлогдсон үйл баримтад эргэлзэхгүй” гэсэн тайлбарын агуулгатай нийцээгүй байна. ...Шүүгдэгч Р.Л гэм буруугүй болохыг нотолсон байхад нотлох баримтаар тооцоогүй, тооцохгүй байх хууль зүйн үндэслэлээ шийтгэх тогтоолд дурдаагүй, гэрчийн мэдүүлэг зөрүүтэй, хуулийн шаардлага хангаагүй байхад шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, шүүхийн шийтгэх тогтоол гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр 1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Сүрмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Энэ хэрэг өмнө нь давж заалдах шатны шүүхээс буцаж байсан. Магадлалд заасан хохирогчийн нас барсан цаг хугацааг тогтоох, тухайн зодоон болсноос хойш нас барах хүртэлх машрутыг дахин нягтлах гэсэн агуулгын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Машрутын хувьд бол амь хохирогч 2020 оны 03 дугаар сарын 18-ны өглөө гэрээсээ гарч явсан. Гэрч Г-н мэдүүлэгт ямар байдалтай гэртээ буцаж орж ирсэн талаар тодорхой мэдүүлсэн. Тухайн өдрөө гэрээсээ гараагүй гэдгийг хохирогчийн эхнэр, хүү Г нар мэдүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц нь 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэртээ амарч өнжсөн. Энэ үед талийгаач удаан хугацаагаар гэрээсээ гарч яваагүй. Гэрээсээ ойр зуур гарлаа гэхэд бусдад зодуулсан, нас барах хэмжээний гэмтлийг авсан байдалтай орж ирээгүй гэдгийг гэрч Д.Ц удаа дараа мэдүүлсэн. Мөн хүүхдүүдийнх нь мэдүүлгүүд хэрэгт байгаа. 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр амь хохирогч нь гэрээсээ гарч, хэн нэгнийд очсон, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, зодолдсон, зодуулсан гэх үйл баримт гэрчүүдийн мэдүүлгээр огт тогтоогдоогүй.  2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 30 минутын орчим эхнэр хүүхэдтэйгээ өрхийн эмнэлэгт үзүүлээд буцаж ирсэн. Энэ үед гэрч Д-тэй таарсан. Гэрч Д.Ц-н мэдүүлгээр өрхийн эмнэлэг яваад ирсний дараа хэсэг хугацаанд явчихаад буцаад орж ирсэн гэж мэдүүлдэг. Энэ хугацаанд хаашаа явсан талаар гэрч Д-с мэдүүлэг авахад Д, П, амь хохирогч гурав согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Уг процесс 30 минут орчим болсон бөгөөд хэрүүл маргаан гараагүй. Ингээд амь хохирогч П-нхээс гараад гэртээ ирээд дахин гэрээсээ гараагүй. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Р.Л-д зодуулсан үйлдлээс өөр байдлаар, өөр цаг хугацаанд тухайн амь насанд хүрсэн гэмтлийг авсан гэж үзэх боломжгүй. М-н хашаанд М, Б, амь хохирогч Г, Р.Л дөрөв байсан. Үйл явдал нь энэ 4 хүний хооронд болсон. М, Б нараас удаа дараа мэдүүлэг авсан. Эхний мэдүүлгийг согтуу байхад нь авлаа гэхэд дараа дараагийн мэдүүлэг нь эхний мэдүүлэгтэйгээ онцын зөрүүгүй. ... Р.Л нь амь хохирогч Г-г унагааж, толгой руу нь 1 удаа өшиглөсөн гэж тодорхой мэдүүлсэн. Энэ үйл баримт нь “1 удаагийн цохих, цохигдох хүчин зүйлийн үйлчлэлээр энэ гэмтлийг авсан байна” гэсэн шинжээчийн дүгнэлттэй тохирсон. Ийм учраас шүүх ач холбогдолгүй мэдүүлгийг шийтгэх тогтоолд дурдахгүй байх нь зөв. ... Шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүг арилгахын тулд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд дахин 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч нар томилсон. ... Амь хохирогч тухайн гэмтлийг 48-72 цагийн өмнө авсан талаар шинжээч нар тайлбарласан. Хэрэгт авагдсан 6 удаагийн шинжээчийн дүгнэлтийг харахад 745, 795, 396, 211 гэсэн дүгнэлтүүдээр амь хохирогч гавал тархины гэмтлийн улмаас 2020 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнийн 02 цагийн үед нас барсан гэж үзсэн. ... Шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, шинжээч нараас мэдүүлэг авсан. Амь хохирогчийн гэмтэл авч нас барсан цаг хугацааг зөвхөн будагч бодисоор тогтоох нь учир дутагдалтай. Цус бүлэгнэл, хүний биеийн онцлог, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх, бусад бүх нөхцөл байдлыг харж дүгнэлт гаргадаг. ... Өмгөөлөгчийг өөрөө сонгож авах эсэх нь тусдаа яригдах асуудал. Р.Л-г гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд огт дурдаагүй. Шүүгдэгчийн эрхийг нь хангаагүй үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол;”, мөн зүйлийн 1.3 дахь заалт “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгохоор хуульчилсан.

Үүнээс гадна, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох гэдэгт гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал бүрэн гүйцэд тогтоох ажиллагааг хамааруулан ойлгодог.

Шүүгдэгч Р.Л-д холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотлогдоогүй, тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/” зэргийг нэг мөр, зайлшгүй эцэслэн шалгаж тогтоогоогүй атлаа ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай байхаас гадна анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын эсрэг нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ хангалттай дүгнээгүй байна. 

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Б.Б, С.М нарын мэдүүлгүүд зөрүүтэй байхад анхан шатны шүүх “... тухайн мэдүүлгүүд эрс зөрүүтэй үйл баримтгүй, ...” гэж хэт ерөнхий байдлаар дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.  

Мөн хэрэгт прокуророос 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тусгай мэдлэгийн хүрээнд гэмтлийн эмчийн оролцуулан 9 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин дүгнэлт гаргуулах ажиллагаа хийлгэхээр прокурорын тогтоол гаргасан байхад уг тогтоолын биелэлт хангагдаагүй, энэ талаар шаардлагатай бүхий л ажиллагааг явуулалгүйгээр хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн нь буруу болжээ.

Түүнчлэн, талийгаач нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ухаан алдаж унаж байсан талаар тухайн үед амь хохирогч ярьж байсныг Б.Сансарбат /1 хх 46/, мөн гэрч Т.Ц /2 хх 48/ нар мэдүүлсэн тул энэ өдөр талийгаач ухаан алдаж унасан нь талийгаачийн амь хохирсон үйл явдалтай холбоотой эсэхийг шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/866 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, үүнтэй холбоотой шүүгдэгч Р.Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “... хэргийг хэрэгсэхгүй болгож, Р.Л-г цагаатгах...” талаар гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/866 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Р.Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             Ц.МӨНХТУЛГА

 

            ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР