Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/383

 

 

 

 

     2025            04           01                                       2025/ДШМ/383

 

Ж.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгч С.Эрдэнэсайхан,

хохирогч Ц.О, иргэний нэхэмжлэгч Ч.А, тэдгээрийн өмгөөлөгч А.Баттуяа, С.Ичинхорлоо,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.О, иргэний нэхэмжлэгч Ч.А нарын  өмгөөлөгч А.Баттуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Б-д холбогдох эрүүгийн 2403007941029 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.... овгийн ..-ы Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, .. мэргэжилтэй, “..” ХХК-д .. ажилтай, ам бүл .., ..-ийн хамт .......... тоотод оршин суух, /РД: ............./,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч Ж.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж “Hanadu Residence” хотхоны урд замд “Toyota harrier” маркийн ..-.. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.9-т заасныг тус тус зөрчин буцаж эргэх үйлдэл хийсний улмаас цахилгаан мопед унаж явсан Ц.О-тай мөргөлдөж, улмаар түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Тээврийн прокурорын газраас: Ж.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ж.Б-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 3.500.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.О, иргэний нэхэмжлэгч Ч.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.Б-д сануулж, шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.О, иргэний нэхэмжлэгч Ч.А нарын өмгөөлөгч А.Баттуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хохирогч Ц.О, ... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. ...” гэж сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэлгүй үлдээж, шийдвэрлэх боломжгүй гэж үзсэнд гомдолтой байна.

Учир нь, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” хэлэлцэж тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ба тус хавсралтын 3.6 дугаар зүйлд “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “...Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэж зохицуулсан байдаг.

Гэвч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ мөрдөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох эрхийг хуулиар олгоогүй бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шүүх шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан...” гэж тайлбарладаг.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.” гэж заасан ба Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар Хууль зүй болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд холбогдох журмыг батлах эрх хуулиар олгогдсон байна.

Энэхүү эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн A/268, А275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталсан байдаг.

Дээрх журмын 2.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид “хүснэгт” гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж зохицуулсан.

Дээрхээс үзвэл хавтаст хэргийн 17 дах талд авагдсан хохирогч Ц.О-ын сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлсэн баримтыг үндэслэж “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлал”-д зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг зэрэглэлд ангилсан байдлаар тооцож нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Мөн хэргийн материалаас үзэхэд, хохирогч Ц.О-т мөрдөн шалгах ажиллагааны үед сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож үүнийг прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэх үед Ж.Б-д танилцуулсан байдаг. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг явуулах мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулж гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг журамд заасны дагуу тодорхойлсон байна гэж үзэж байна.

Иймд миний үйлчлүүлэгч Ц.О-ын сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээ нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлал”-д заасанчлан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийн таван ангиллаас гуравдугаар зэрэглэл тогтоогдож байх тул холбогдох журмын дагуу тооцож сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ч.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна...” гэв.

Хохирогч Ц.О, иргэний нэхэмжлэгч Ч.А нарын өмгөөлөгч С.Ичинхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. Хор уршгийг ийнхүү Эрүүгийн хуульд зааж зохицуулсан. Мөн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж заасан. Хор уршгийг хэрхэн ойлгох, тайлбарлахдаа захиргааны хэм хэмжээний актыг ашиглахаар зохицуулалт орсон байна.  Хор уршиг гэдэгт гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулж болохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болон Шүүх шинжилгээний тухай хуулиар зохицуулсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд “..шүүхийн шинжилгээний байгууллага нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заасан. Анхан шатны шүүх зөвхөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах боломжтой, мөрдөгчийн хүснэгтээр гарын үсэг зуруулснаар шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй гэж үзсэн.

Хууль хэрэглээний хувьд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шүүх шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан...” гэж тайлбарладаг. Уг заалтыг үндэслээд 2 сайдын хамтран баталсан журмаар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, нарийвчлан зохицуулсан. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдөх зохицуулалттай байдаг. Гэвч тухайн актыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй. Дээд шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл болон түүний хэм хэмжээг тогтоох зарчмыг баталсан. Энэ огт хэрэгжихгүй. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй байна. Адилтган үзэх зохицуулалтыг хуулиараа тусгайлан нарийвчлан зохицуулсан байхад хэрэглэх ёстой хуулийг анхан шатны шүүх хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг нь тогтоож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч С.Эрдэнэсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх асуудлын урьдач нөхцөл нь хохирогчийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх шаардлагатай байна гэж үзэж байна. Гомдол гаргагч дурдаад байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйл, хоёр сайдын хамтарсан тушаал байгаа. Тус тушаалын 2.1, 2.2, 2.3, 2.6 дахь заалтуудыг үндэслэхэд сэтгэцэд учирсан хохирол гэх асуудлыг зөвхөн шүүх шинжилгээний байгууллага тогтооно. Хохирогч этгээд нь өөрийн биеэр очиж шинжилгээ хийлгэнэ. Тухайн тогтоосон хор уршгийг хохирогч нь хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд гарын үсэг зурж, хэрэгт хавсаргана” хэмээн ерөнхий тодорхой нөхцөлүүдийг тусгаад өгсөн.

Энэ талаар холбогдох процессын хуульд тодорхой заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1-д “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно...”гэж заасан. Энэ талаар өмгөөлөгчийн эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдэх хуульд заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлаар шинжээч томилуулах хүсэлт гаргах нь нээлттэй байсан. Гэвч дээрх ажиллагаа хийгдээгүй. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа. Мөрдөгчийн гарын үсэг зуруулж авсан маягтыг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэх боломжгүй. Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд нь эмгэг учирсан эсэхийг эхлээд Шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргах байдлаар тогтоогоод, түүнийгээ хавтас хэрэгт хавсаргая гэж байгаа. Ийнхүү хавтас хэрэгт хавсаргаснаар тухайн баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд, шүүх тодорхой аргачлалын дагуу яг хэдээр тогтоохыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх асуудал. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь анхан шатны шийтгэх тогтоол ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн буюу хууль ёсны шаардлагыг хангаагүй гэх үндэслэл байхгүй. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж үлдээж өгнө. ...” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эрхийг хамгаалах, эдлэх эрхийг нь нээлттэй үлдээх үүднээс Улсын Дээд шүүхийн баталсан маягтын дагуу учирсан гэмтлээр нь сэтгэцийн зэрэглэлийг тогтоогоод явж байгаа. Анхан шатны шүүх хохирогчийн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Үүнийг хэрхэн яаж шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж ойлгож байгаа. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоол, 2 сайдын хамтарсан тушаалыг нэг мөр ойлголт гэж үзэж байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.О, иргэний нэхэмжлэгч Ч.А нарын өмгөөлөгч А.Баттуяагийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ж.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж “Hanadu Residence” хотхоны урд замд “Toyota harrier” маркийн ..-.. ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.9-т заасныг тус тус зөрчин буцаж эргэх үйлдэл хийсний улмаас цахилгаан мопед унаж явсан Ц.О-тай мөргөлдөж, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх 5-6/,

хохирогч Ц.О-ын “...Ханадуй хотхоноос гараад замаар явж байтал туслах замаас цагаан өнгийн машин гэнэт буцаж эргэсэн, тэгээд би очоод мөргөсөн. Миний толгой эргээд, хамраас цус гараад, хөл өвдөөд босож ирэхэд эхнэр бас газар унасан байсан. Тэгээд бид хоёрыг 103-аас ирээд аваад явсан. Бид машины жолоочтой тохироод салъя гэж хэлээд явсан ба гэмтэл орж үзүүлчихээд цагдаа дээр ирсэн. Тэгээд шүүх эмнэлэгт мөн үзүүлээд гэртээ харьсан. ...Надад эмчилгээний зардал 800.000 төгрөг гарсан байгаа ба тухайн жолооч надад ямар ч мөнгө өгөөгүй байгаа. Мөн мопедоо үнэлгээ хийлгээд гарсан мөнгийг авмаар байна. ...” /хх 9-10/,

иргэний нэхэмжлэгч Ч.А-гийн “...нөхрийн хамт гэрээсээ мопедтой гарсан бөгөөд нөхөр бариад би ард талд нь суугаад ажил руугаа Ханадуй хотхоноос гараад замаар явж байтал туслах замаас цагаан өнгийн машин гэнэт буцаж эргээд биднийг мөргөсөн. Миний толгой эргээд газар унасан. Харин манай нөхрийн хамраас цус гараад байсан. Тухайн машины жолооч 103 болон цагдаа дуудаж, түргэн ирээд араас цагдаа нар ирсэн. Тэгээд бид хоёр гэмтэл явж үзүүлээд зураг авхуулчихаад цагдаа дээр оччихоод гэртээ харьсан. ...би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. ...” /хх 19-20/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12896 дугаар шинжээчийн “...Ц.О-ын биед баруун мөрний эргүүлэгч шөрмөс, баруун өвдөгний дотор чагтан холбоос, тойгны холбоосын урагдал, тойгны гадна даруулган холбоосын суналт, баруун өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыгтогтонги алдагдуулахгүй. ...” /хх 39-40/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12905 дугаар шинжээчийн “...Ч.А-гийн биед баруун гуя, баруун өвдөг, 2 шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, баруун гуя, өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохигдох, мөргөгдөх, унах, нидрэгдэх үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 47-48/,

Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 396 дугаар шинжээчийн “...техникийн бүрэн байдал стандартын шаардлага хангаж байна...хойд талын крило хонхойсон бага зэргийн гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. ...” /хх 67-70/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3103 дугаар шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь цахилгаан хөдөлгүүртэй, хөдөлгүүрийн чадал 1,0kW буюу “Мопед” төрөлд хамаарах тээврийн хэрэгсэл байна. ...” /хх 77-79/,

“Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн автомашин техникийн үнэлгээгээр Ц.О-ын унаж явсан мопедод 1.844.750 төгрөгийн хохирол учирсан /хх 56/ гэсэн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Б-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь цагдаагийн байгууллага болон түргэн тусламж руу мэдэгдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдалд тохирсон гэж дүгнэв.

Хохирогч Ц.О, иргэний нэхэмжлэгч Ч.А нарын  өмгөөлөгч А.Баттуяагаас “...Ц.О-ын сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээ нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн аргачлал”-д заасанчлан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийн таван ангиллаас гуравдугаар зэрэглэл тогтоогдож байх тул холбогдох журмын дагуу тооцож сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.

Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.5-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна.

Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогч Ц.О-ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн танилцуулсан маягтаар /хх 17, 26/ хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэх боломжгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалах шатны шүүх буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардал, сэтгэцэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хуулийн шаардлага хангасан, хохирогчийн эрхийг хасаж, хязгаарласан зүйлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.О, иргэний нэхэмжлэгч Ч.А нарын өмгөөлөгч А.Баттуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/296 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.О, иргэний нэхэмжлэгч Ч.А нарын өмгөөлөгч А.Баттуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                                 ШҮҮГЧ                                              Л.ДАРЬСҮРЭН

 

                 ШҮҮГЧ                                              С.БОЛОРТУЯА

 

                 ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР