Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/01691

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01817 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК -ийн хариуцагч Л ХХК д холбогдуулан гаргасан, нийт 242 111 826 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2019 оны 02 сарын 18-ны өдөр 2019/20 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2020 оны 02 сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч компанид шатахуун нийлүүлэхээр тохиролцсон болно. Гэрээний нөхцөлөөр 2019 оны 02 сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 сарын 05-ны өдрийн хугацаанд 137 480 литр шатахуун авсан бөгөөд 2019 оны 03 сарын 07-ны өдөр авсан 8 000 литр шатахуунаас 6 330 литр шатахууныг тухайн үед бэлэн мөнгөөр авч үлдэх 131 150 литр шатахууны үнэ 253 119 500 төгрөг төлөөгүй байснаас 2019 оны 04 сарын 05-ны өдөр 96 500 000 төгрөгийг төлж үлдэгдэл 156 619 500 төгрөгийг төлөөгүй. Шатахуун хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор үнийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний 4.4, 11.4-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувиар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож төлөх ёстой. Үнийг төлж дуусгах ёстой 2019 оны 03 сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 сарын 05-ны өдрийг хүртэл тооцоход үлдэгдэл 156 619 500 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн тул хуульд заасны дагуу 50 хувиар тооцож 78 309 750 төгрөгийг гэрээний хариуцлагад тооцож байна. Шатахууныг гадаадаас ам.доллараар худалдаж авдаг, төлбөр хийхгүй хугацаа хэтрүүлэх тусам ханшийн зөрүү гарч, алдагдалд орж байна. Гэрээний 7.4 болон гэрээний хавсралтад зааснаар ам.долларын ханшийн зөрүүг гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцохоор заасан. Шатахууны үнийг буцаан төлөх 2019 оны 04 сарын 22-ны өдөр 1 ам.долларын ханш 2 641.58 төгрөг байсан бол нэхэмжлэл гаргасан 2020 оны 02 сарын 29-ний өдөр 2 762.71 төгрөг болж 121.13 төгрөгөөр нэмэгдэж ханшийн зөрүүнээс 7 182 576 төгрөгийн хохирол гарсан. Иймд хариуцагч Л ХХК аас үндсэн төлбөрийн үлдэгдэл 156 619 500 төгрөг, алданги 78 309 750 төгрөг, хохирол 7 182 576 төгрөг, нийт 242 111 826 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Зөвхөн алдангид 78 309 750 төгрөг шаардсан нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хүү, алданги нэхэмжлэх боломжтой. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, эсхүл гэрээг цуцалж мөнгө шаардаж байгаа аль нь болох нь тодорхойгүй байна. Хохиролд ам.долларын ханшны зөрүү гэж 7 182 576 төгрөгийг шаардсан ч хариуцагчаас шалтгаалж хохирсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Л ХХК аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 234 929 250 төгрөг гаргуулан Х ХХК -д олгож, үлдэх 7 182 576 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 368 509 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1 332 596 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Хариуцагч нь татгалзлаа нотлох баримт болон зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа тодруулж ирэхийг удаа дараа шаардсаныг биелүүлээгүй шүүх хуралдаанд оролцоогүй болно. Анхан шатны шүүх 7 182 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо баримтаар нотлоогүй, гэрээний 7.4-т зааснаар хохирлоо шаардана гэсэн ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа учруулсан аливаа хохирлоо буруутай тал нь төлөхөөр байгааг ханшийн зөрүүгээс үүссэн хохиролд хамааралгүй гэж дүгнэснийг үндэслэл муутай гэж үзэж байна.Хариуцагч их хэмжээний буюу 200 000 000 гаруй төгрөг төлөхгүй 2 жил шахам хүндрэл учруулж байгааг нөгөө талдаа хохиролгүй гэж үзэх боломжгүй, хамгийн энгийн ойлголт болох валютын ханшийн зөрүүгийн хохирол гардаг, ханшийн мэдээлэл нийтэд ил тодорхой байнга өсдөг, шатахууныг гаднаас авч дотооддоо борлуулдаг нь тодорхой тохиолдолд шүүх хариуцагчийн татгалзлаа нотлоогүй зүйлээр хохирол гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд 7 182 000 төгрөгийг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс Л ХХК ийг алданги төлөх үндэслэлтэй хэмээн дүгнэлт хийж 78 309 750 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч уг алдангийг яаж хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй ба алданги гаргуулах хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Түүнчлэн алданги авах эрхтэй байлаа гэж үзэхэд 70 000 000 төгрөг болох боловч 78 309 750 төгрөгийн алданги гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 8 309 750 төгрөгийн хэмжээгээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Л ХХК д холбогдуулан шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 156 619 500 төгрөг, алданги 78 309 750 төгрөг, ханшийн зөрүүний хохирол 7 182 576 төгрөг, нийт 242 111 826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. /хх 1-2, 30/

 

Талууд 2019 оны 02 сарын 18-ны өдөр 2019/20 тоот Шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Х ХХК нь чанарын шаардлагад нийцсэн дизель түлшийг 1 литрийг нь 1 930 төгрөгөөр нийлүүлэх, Лха-Угсаа ХХК нь шатахууныг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх 7-9/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн хэмээн зөв тодорхойлж, нэхэмжлэгч нь нийлүүлсэн шатахууны үнийг шаардах эрхтэй, хариуцагч нь төлөх үүрэгтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Хэрэгт авагдсан ШТМ-н зарлагын падаан-аар /хх 11-17/ нэхэмжлэгч Х ХХК нь 2019 оны 02 сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 137 480 литр дизель түлшийг хариуцагч Л ХХК д нийлүүлсэн болох нь тогтоогдож байх ба гэрээний хавсралтад заасан үнээр тооцоход 137 480 литр х 1 930 төгрөг = 265 336 400 төгрөг болно. Үүнээс хариуцагчийн төлсөн гэх 12 216 900 /6330 литр х 1 930 төгрөг/ + 96 500 000 = 108 716 900 төгрөгийг хасаж тооцоход 156 619 500 төгрөгийн үлдэгдэл төлөгдөөгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3, 4.4-т шатахууныг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөлийг тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцжээ.

 

Төлбөр төлөх ёстой 2019 оны 05 сарын 05-ны өдрөөс /хамгийн сүүлд шатахуун нийлүүлсэн 2019 оны 04 сарын 05-ны өдрөөс тооцов/ нэхэмжлэлд дурдагдсан 2019 оны 12 сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд алданги тооцоход 156 619 500 х 0.5 хувь= 783 097.5 төгрөг х 214 хоног = 167 582 865 төгрөг болж байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн (156 619 500 х 50 хувь) 50 хувиас хэтэрч болохгүй зохицуулалтад нийцүүлэн 78 309 750 төгрөгийн алдангийг гаргуулах үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Л ХХК аас гэрээний үүрэг нийт 234 929 250 төгрөгийг (156 619 500 + 78 309 750 ) гаргуулан нэхэмжлэгч Х ХХК -д олгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд холбогдох тооцоолол зөв байна.

 

Валютын ханшийн зөрүүгээр хохирсон гэж 7 182 576 төгрөг гаргуулах шаардлагыг хангах боломжгүй. Гэрээний төлбөр тооцоог төгрөгөөр хийхээр талууд харилцан тохиролцсон байгаа тохиолдолд Монгол төгрөгийг ам.доллартай харьцах ханшийн өсөлт, бууралтын эрсдэлийг гэрээний үүргийн зөрчлөөс шууд шалтгаант холбоотой учирсан хохирол гэж үзэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцэхгүй.

 

Нэхэмжлэгч компани нь ямар хэмжээний түлшийг, ямар үнээр худалдан авч хариуцагч төлбөрийг хугацаанд нь төлсөн бол дахин ямар үнээр худалдан авах, худалдаж ашиг олох байсан нь баримтаар нотлогдоогүй болно. Иймд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал болон хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129 800 төгрөг болон 149 500 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР