Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00085

 

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2018/00085

 

Т.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02924 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэнгийн хариуцагч С.Оюунчимэг, Г.Амарсанаа нарт холбогдуулж гаргасан зээлийн гэрээний үүрэгт 40 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хувцагаан, хариуцагч С.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Ц.Монгол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Оюунчимэг, Г.Амарсанаа нар гуйгаад байхаар нь 30 000 000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлж, барьцаанд нь Баянгол дүүргийн Богд-Ар хороолол 21-А байрны 33 тоот сууцыг тавьсан. Гэрээний 3 дугаар зүйлд зээлдэгч үүргээ биелүүлээгүй нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцохоор тохирсон боловч зээлдэгч тал үүргээ биелүүлэхгүй байна. Нийт 47 700 000 төгрөг төлөхөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5 000 000 төгрөгийг Т.Пүрэвсүрэнд өгсөн гэсэн байдаг. Гэтэл Т.Пүрэвсүрэнгийн дансанд мөнгө орж ирээгүй харин эгч Бямбасүрэн нь надтай ирж уулзсан 5 000 000 төгрөг авсан гэж хэлээд өгөөчээ гэж хэлсэн. Тэр мөнгө шилжүүлсэн баримт С.Оюунчимэг, Бямбасүрэн хоёрын хооронд хийгдсэн болохоос Т.Пүрэвсүрэнтэй хийгдээгүй. Мөн Бямбасүрэн энэ гэрээний тал биш учир энэхүү баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Гэрээнд 6 сарын хугацаанд сарын 300 000 төгрөгийн хүү болох 1 800 000 төгрөг төлөх ёстой байсан. Энэ төлбөрөө төлөөгүй болохоор алданги нэхсэн байгаа. Нийт 47 700 000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 7 000 000 төгрөгийг хасаж, үндсэн төлбөр 30 000 000 төгрөг, алданги 15 900 000 төгрөг, хүү 1 800 000 төгрөг нийт 40 700 000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн төлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С.Оюунчимэг, Г.Амарсанаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед бид туслаач гэж гуйгаагүй, найдвартай хүнд зээлдүүлж хадгалмаар байна гэж ярьж байсан. Би Т.Пүрэвсүрэнд туслаж хаана ч хадгалж чадахгүй байсан мөнгийг нь 1 хувийн хүүтэй авч түр хэрэглэж байгаад буцааж өгөхөөр тохирсон. Т.Пүрэвсүрэн зөвшөөрч 30 000 000 төгрөгийг надад авчирч өгөхдөө баримттай байя гээд зээлийн гэрээг бичсэн, 6 сарын дараа та цааш нь 1 жил, 2 жил зээлсэн ч болно, энэ мөнгийг би ойрын хугацаанд хэрэглэхгүй гэж хэлж байсан. 6 сарын дараа буцааж өг, хугацаатай зээлдүүлж байна гэж хатуу тохироогүй. Зээлийн гэрээний 6 сарын хугацаа 2016 оны 2 дугаар сарын 9-ний өдөр дууссан боловч 2 тал гэрээг цааш үргэлжилж байгаа гэсэн ойлголттой байсан. Энэ хугацаанд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг нийт 12 000 000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдсэн мөнгийг энэ ондоо багтаан төлье гэж гуйсан боловч надад итгэхгүй шүүхэд өгсөн байна. Үлдэгдэл мөнгийг яаралтай олж өгнө, алдангийн 15 900 000 төгрөгийг төлөх боломжгүй. Одоо үлдсэн 18 000 000 төгрөгийг, хүүний 1 800 000 төгрөгийн хамт төлнө, алдангийг би төлөхгүй, анхнаасаа алданги төлнө гэж тохироогүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Содном-Ишийн Оюунчимэг, Гэрэлтбаатарын Амарсанаа нараас 37 200 000 төгрөгийг гаргуулан Т.Пүрэвсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 343 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэнд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Оюунчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Т.Пүрэвсүрэн бид худ ургийн холбоотой бөгөөд түүний эгч Бямбасүрэн нь түүнд төлөх зээлийн төлбөрөөс 5 сая төгрөгийг авсан бөгөөд тэрээр Т.Пүрэвсүрэнтэй ярилцаж тохирсон гэж байсан тул энэхүү төлбөрийг төлсөн. Т.Пүрэвсүрэн ч зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5 сая төгрөг, түүнд ногдох алданги 2.5 сая төгрөг, нийт 7.5 сая төгрөгийг хасаж өгнө үү. Би эрх зүйн мэдлэг дутмаг, мөн нэхэмжлэгчийг манай хамаатан гэдэг утгаар итгэж байсан. Өмгөөлөгчгүй хуралд орсон тул нотлох баримт бүрдүүлээгүй, асуух ёстой гэрчийг асуулгаагүй. Иймд шийдвэрийг хянаж, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааны талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж, хэрэг авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэн нь хариуцагч С.Оюунчимэг, Г.Амарсанаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40 700 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаас хариуцагч нар 19 800 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэн болон хариуцагч С.Оюунчимэг, Г.Амарсанаа нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч Т.Пүрэвсүрэн нь 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч С.Оюунчимэг, Г.Амарсанаа нар нь зээлийг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төлж барагдуулах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон /хх-5/ үйл баримт тогтоогдсон байна.

Зээлдүүлэгч Т.Пүрэвсүрэн нь 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч С.Оюунчимэг, Г.Амарсанаа нарт 30 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн /хх-6/ өгснөөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 1 800 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 15 900 000 төгрөг нийт 47 700 000 төгрөг төлөхөөс төлсөн 7 000 000 төгрөгийг хасч, 40 700 000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нар татгалзлын үндэслэлээ ...гэрээний хугацаа дууссан боловч цааш үргэлжилж байгаа гэсэн ойлголттой байсан, нийт 12 000 000 төгрөг төлсөн, алданги төлөх боломжгүй гэж тус тус тайлбарласан байна.

 

Зохигчид зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул гэрээний хугацаа гэрээнд зааснаар 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дууссан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

Зохигчийн тайлбараар зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөг тус тус төлсөн үйл баримт тогтоогдсон, харин хариуцагч нар дээрх 7 000 000 төгрөгөөс гадна 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг төлснийг зээлийн гэрээний үүрэгт тооцох ёстой гэж маргажээ.

 

Хариуцагч С.Оюунчимэг нь зээлийн гэрээний үүрэгт нийт 12 000 000 төгрөг төлсөн гэх тайлбараа нотлохоор зээлдэгч Т.Пүрэвсүрэнд өгөхөөр 5 000 000 төгрөгийг эгч Бямбасүрэнд хүлээлгэн өглөө гэх агуулга бүхий баримтыг нотлох баримтаар гаргасан байх боловч уг 5 000 000 төгрөгийг Т.Пүрэвсүрэнтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт тооцох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, уг 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэнгийн зөвшөөрснөөр буюу түүний өгсөн даалгаврын дагуу н.Бямбасүрэн хүлээн авсан, хариуцагч С.Оюунчимэг хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт зааснаар үүргийг гүйцэтгсэнд тооцох үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тайлбар, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж өгснөөс хойш хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд гэрч асуулгах, өмгөөлөгч авах талаар шүүхэд хүсэлт гаргасан, анхан шатны шүүх хариуцагчийн эрхийг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Хариуцагч С.Оюунчимэг нь зээлийн гэрээний хугацаанд зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй, харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаанд нийт 7 000 000 төгрөг төлснийг түүний гэрээгээр хүлээсэн нийт үүрэг 31 800 000 төгрөгөөс хасч түүний гүйцэтгээгүй үүргийг 24 800 000 төгрөгөөр тодорхойлсон, алдангийг 50 хувиар хязгаарласан анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02924 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Оюунчимэг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ