Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/283

 

  2025           02            27                                          2025/ДШМ/283

 

Э.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ууганзаяа,

хохирогч Т.У,  

шүүгдэгч Э.Э-н өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Ууганзаяагийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай прокурорын эсэргүүцлээр Э.Э-д холбогдох 2408 02517 1711 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х овогт Э-ын Э, ... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ..... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, техникч мэргэжилтэй, ............. туслах ажилтан ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ...........тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ........... суманд түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../;

Шүүгдэгч Э.Э нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр .............. тоотод байрлах гэртээ хохирогч Т.У-тай тухайн үед үүссэн нөхцөл байдал буюу хохирогчийг дахин архи уулгахгүй гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдах явцдаа хохирогчийн хэвлий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 6 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Э-с 7.735.102 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Ууганзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, прокурорын эсэргүүцэл гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.Э нь хохирогч Т.У-тай тухайн үед үүссэн нөхцөл байдал буюу хохирогчийг “дахин архи уулгахгүй” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдах явцдаа гал тогооны өрөөнөөс хутга авч хохирогч Т.У-н хэвлий хэсэгт зэвсэг буюу хутга хэрэглэн хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийд хатгагдаж нарийн гэдэсний чацархай, хэвлийн шулуун булчин хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдон тогтоогдсон. Хохирогч Т.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Би 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Э-н хамт сонгуулиа өгчихөөд явж байсан ба орой нь би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Манай эхнэр тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй бөгөөд бид хоёр гэртээ харьцгаасан. Би гэртээ дахин архи авч уумаар байсан тул эхнэр Э-с “надад архи аваад өг” гэж хэлэхэд манай эхнэр “архи ууж яах гээд байгаа юм” гээд уурласан ба бид хоёр маргалдсан. Тэгээд би эхнэр Э-г хэл амаар доромжлоод маргалдаад байж байтал эхнэр Э-г гал тогооноос хутга аваад миний биеийн зүүн хэвлийн хэсэгт 1 удаа хутгаар хатгасан. ...” гэж мэдүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч хохирогчоос зөрүүтэй мэдүүлэг өгснийг шүүх үнэлж, хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт өгөхгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлжээ. Шүүгдэгч Э.Э нь өөрийн гэртээ хохирогч Т.У-г нэмж архи уулгахгүй гэсэн шалтгааны улмаас хоорондоо маргалдсан ба улмаар шүүгдэгч тухайн үед уурлаж хутга авч хохирогчийн биед гэмтэл учруулж, уг үйлдлийн улмаас хохирогч Т.У-н биед хэвлийд хатгагдаж нарийн гэдэсний чацархай, хэвлийн шулуун булчин булчин хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт бүхий хүнд хохирол нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлдлээр үүссэн болох нь шинжээчийн 8953 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Харин анхан шатны шийтгэх тогтоолд “энэ хэргийн тохиолдолд болгоомжгүй үйлдлээс буюу анхаарал болгоомжгүйгээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан шинж байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Э нь маргалдах явцдаа нөхөр Т.У-г хэвлийн тус газарт хутгалсан үйлдэл нь санаатай гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч санаатай гэмт хэргийн нэмэгдэл шинж болох сэтгэл санааны гэнэтийн цочролд орсны улмаас уг үйлдлийг хийсэн үү гэдгийг нарийн дүгнэн үзэх шаардлага тавигдаж байна. Тодруулбал, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд санаатай гэмт хэргээс дараах байдлаар ялгаж үздэг. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах буюу аффект гэдэг нь сэтгэцийн огцом өөрчлөлт, сэтгэлийн гэнэтийн хөдлөл, хүний сэтгэл хөдлөлийн онцгой илэрхийлэл, маш хүчтэй богино хугацааны сэтгэл хөдлөл, айдас, уур, богино хугацааны солиорол, улангасах, бухимдаж, бачимдах зэргээс болж хурдан илэрдэг сэтгэцийн богино хугацааны явц, ухамсрын ноцтой өөрчлөлт, үйл ажиллагаагаа хянах чадвараа алдах үйл явц гэж тодорхойлдог. Хэргийн тухайд нөхөр нь согтуурсан үедээ эхнэрээ хэл амаар доромжилсон, ийнхүү доромжлохдоо зүй бус үг хэллэг хэрэглэсэн, маргалдсан үйл баримт тогтоогдсон ба хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон хохирогчийн зүй бус үйлдэл байна гэж үзсэн. Хүндээр доромжлогдсон гэдэгт нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харилцсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг гутаасан үйлдлийг ойлгодог. Шүүгдэгч, хохирогч нар 15 жилийн хугацаанд гэр бүлийн эхнэр, нөхрийн харилцаатай байсан. Хэрэг гарах өдөр хохирогч Т.У их хэмжээний согтуурсан байдалтай, шүүгдэгч Э.Э эрүүл байсан ба хохирогч Т.У эхнэр Э.Э-тэй маргалдаж байхдаа “чи надтай 15 жил янхан хийж амьдарч байгаа биз дээ” гэж хэлсэн, тэр үед гэнэт уурлаад хутгалчихсан байсан гэсэн үйл баримт тогтоогдсон. Тиймээс шүүгдэгч Э.Э-г хохирогчийн зүй бусаар гутаан доромжилсноос шалтгаалан сэтгэл зүйн гэнэтийн цочролд орж, сэтгэл санааны хэвийн байдал алдагдаж, өөрийн үйлдлээ хянах чадвар багассан үедээ нөхрөө хутгалсан гэж үзэв” гэж дүгнэж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсөн байна. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэт нэг талыг барьж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна. Тодруулбал, шүүгдэгч, хохирогч нар хэрэг учрал болсон цаг хугацаанаас өмнө хоорондоо хувийн таарамжгүй харилцаатай, маргаантай байсан талаар хэн аль нь мэдүүлдэг, мөн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Э.Э-н сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан талаарх баримт авагдаагүй байхад шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэл муутай дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Т.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би прокурорын эсэргүүцлийг сайн ойлгохгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

  Шүүгдэгч Э.Э-н өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Санаатай гэмт хэргийг үгүйсгэсэн нөхцөл байдлын талаар шүүх тодорхойлох хэсэгтээ үндэслэлтэй дүгнэсэн учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Э нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ............... тоотод байрлах гэртээ хохирогч Т.У-тай маргалдаж, сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн хэвлий хэсэгт хутгалж, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Т.У-н “... би эхнэр Э-г хэл амаар доромжлоод маргалдаад байж байтал эхнэр Э гал тогооноос хутга аваад миний биеийн зүүн хэвлийн хэсэгт 1 удаа хутгаар хатгасан ба надаас цус гарсан. Тэгээд цус тогтохгүй байсан тул манай эхнэр сандраад 103 дуудсан бөгөөд төд удалгүй 103-ий түргэний эмч ирээд намайг аваад явсан. ... өөр зодож цохисон зүйл байхгүй. ...” /хх 13-15/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э-н гэрчээр өгсөн “... нөхөр Т.У бид хоёр 15 жил хамт амьдарч байна. ... Т.У нь дахин нэмж архи авч гээд ... намайг хэл амаар доромжлоод байхаар нь уурлаад шүүгээнээс хутга аваад хэвлий рүү 1 удаа хутгалсан. ...” /хх 21/, шүүх хуралдааны тэмдэглэлд “...15 жил янхан хийж амьдарсан гэж хэлэхээр нь маш их цочирдож уурласан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Т.У-н биед хэвлийд хатгагдаж нарийн гэдэсний чацархай, хэвлийн шулуун булчин хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8953 дугаартай дүгнэлтэд /хх 46-48/,

хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Сонгинохайрхан дүүргийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 7/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 65-70/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Э.Э-г 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр .............тоотод байрлах гэртээ хохирогч Т.У-тай тухайн үед үүссэн нөхцөл байдал буюу хохирогчийг дахин архи уулгахгүй гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдах явцдаа хохирогчийн хэвлий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн, түүний уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-г хохирогч Т.У-н зүй бусаар гутаан доромжилсноос шалтгаалан сэтгэл зүйн гэнэтийн цочролд орж, сэтгэл санааны хэвийн байдал алдагдаж, өөрийн үйлдлээ хянах чадвар багассан үедээ нөхөр Т.У-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.          

Түүнчлэн, шүүх шүүгдэгч Э.Э-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй гэснийг болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 Үүнээс гадна хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд прокурор Э.Ууганзаяагийн “... хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй ...” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/110 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Э.Ууганзаяагийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   Ц.МӨНХТУЛГА

 

                        ШҮҮГЧ                                                                  Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР