Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ20176/00278

 

Н.Цэрэндэжидийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2016/00792 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 69 дүгээр магадлалтай,

Н.Цэрэндэжидийн нэхэмжлэлтэй,

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт холбогдох,

Гэм хорын хохиролд 158.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Н.Цэрэндэжидийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Цэрэндэжид, хариуцагчийн төлөөлөгч Ш.Байгалмаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Цэрэндэжид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би 1998 онд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн 1-2 тоот газар эзэмшээд 2002 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 274 тоот захирамжаар эзэмших эрх аваад 2007 онд 15 жилээр газрын эрхээ сунгуулсан ба үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй болно. Иргэний өмчид хууль бусаар хэн ч халдаж болохгүй билээ. Үндсэн хууль, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчин, байшинг эвдэлж, газрыг хураан авч бусдад худалдсан тул зохих газруудад нь гомдлоо гаргасан. Улсын ерөнхий прокурорын газар Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанаас эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж хүний өмчлөх эрхэд халдсан агуулга бүхий албан бичгийг газрын албанд явуулж, ял шийтгэлгүй, хохирол төлбөргүй хүнийг хохироосон тул зохих арга хэмжээ авахуулахаар албан тоот явуулсан. Гэтэл Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт ирүүлсэн албан тоотод заагдсан зөрчлийг арилгахаас татгалзсан учир өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заагдсан эрх зүйн харилцаанд орсон ба миний зөрчигдсөн эрхийг хамгаалахаас татгалзсан учир өөрийн газраа одоогийн зах зээлийн ханшаар 150.000.000 төгрөгөөр, байшингаа 8.000.000 төгрөгөөр тус тус үнэлж гэм хорын хохиролд нийт 158.000.000 төгрөгийг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 239 дүгээр тогтоол, Нийслэлийн шүүхийн 2007 оны 503 дугаар магадлалаар Э.Бат-Эрдэнээс 166.200.000 төгрөг гаргуулж Улаанбаатар хотын банкинд, Э.Бат-Эрдэнэ, Ц.Эрдэнэчимэг нараас 142.500.000 төгрөг гаргуулж нэр бүхий 24 хүнд тус тус олгохоор шийдвэрлэж, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнтийн задгайд орших зуслангийн 1 давхар байшинг дуудлага худалдаанд оруулж, орсон орлогыг Э.Бат-Эрдэнэ, Ц.Эрдэнэчимэг нарын төлбөрт тооцож, хохирогч нарт тэнцүү хуваахыг даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шийтгэх тогтоолд дурдсан Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагчийн 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор нэг давхар зуслангийн байшинг битүүмжилж, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг Н.Цэрэндэжидэд хариуцуулсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг нийт төлбөр авагч нарт санал болгох ажиллагаа явуулахад 23 иргэн төлбөрт тооцон авахаас татгалзаж, төлбөр авагч Улаанбаатар хотын банкинд 8.000.000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн байна. Иргэн Н.Цэрэндэжид нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдуулан явуулсан ажиллагааг эс зөвшөөрч шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан байх бөгөөд түүний нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 534 дүгээр шийдвэр, мөн шүүхийн 2012 оны 4137 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2016/00792 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт холбогдуулан гэм хорын хохиролд 158.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн Н.Цэрэндэжидийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Цэрэндэжид нь төлбөл зохих 947.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 69 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2016/00792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Цэрэндэжид нь давж заалдах гомдолд урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Цэрэндэжид хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 182/ШШ2016/00792 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 69 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Үүнд:

Шүүх газар эзэмшигч нь үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлээгүй, газар эзэмших эрхээ сунгуулаагүй бол ямар ч нотлох баримтгүйгээр өөр этгээдийн төлбөрт битүүмжлэв гэсэн баримтаар бусдын хөрөнгийг хурааж авч болно. Хураасан нь зүйтэй гэж үзсэн Үндсэн хуулиар олгогдсон өмчийг шударгаар олж аван эзэмших эрхэнд халдлаа. Шүүх хэргийг гүйцэд шалгаагүй. Шүүх намайг хууль бусаар газар эзэмших эрх олж авсан гэдгийг нотлоогүй байж намайг эрхгүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй.

НШГА нь шийдвэр гүйцэтгэгч нарт эрүүгийн хэрэг үгсүүлэхээр цагдаад гомдол гаргасан ба цагдаа, прокурорын байгууллага шалгаад шийдвэр гүйцэтгэгч нь таны хөрөнгийг хууль бусаар хураан авсан нь үнэн байна. Иймд иргэн Цэрэндэжидийн зөрчигдсөн эрхийг сэргээн хариу мэдэгд гэсэн прокурорын хариу мэдэгдэх хуудас өгсөн. Прокурорын газраас өгсөн албан тоотын дагуу ШШГЕГ шалгалт явуулаад хариуг УЕПГ, Нийслэлийн прокурорын газар, иргэн Цэрэндэжидэд хариу өгөх ёстой байсан ба ШШГЕГ-аас УЕПГ болон НПГ-т хариу өгөөгүй ба Цэрэндэжид 2016 оны 02/1074 тоотоор шүүхэд хандан гомдлоо гарга гэсэн. Нэгэнт прокурорын газраас ял шийтгэлгүй, өр төлбөргүй Цэрэндэжидийн эрхийг сэргээ гэсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Цэрэндэжид нь НШГА-ыг хариуцагчаар татаагүй ШШГЕГ-ыг прокурорын шийдвэрийг биелүүлээгүй гэж ШШГЕГ-ыг хариуцагчаар татсан. Гэтэл шийдвэр, магадлалд прокурорын шийдвэрүүдийн тухай огт дурьдаагүй байгаа нь хэргийг бүрэн гүйцэд шалгаагүй гэж үзнэ.

Шүүх 36м2 газар дээр баригдсан байшинг битүүмжилсэн нь 700м2 газрыг шилжүүлэх үндэслэл болсон. Өнөөдөр Монгол улсын иргэд 100, 200, 300м газар дээр байшин бариад хашаа хатгаад явж болж байна.

36м2 барилга нь 700м2 газар дагалдах ёстой гэж хуульчилсан зүйл байхгүй. Шүүх 36м2 барилгыг битүүмжилсэн учир 700м2 газрыг дуудлага худалдаанд оруулах эрхтэй гэж үзжээ. 36м2 барилга газартай заавал холбогдоно гэвэл 36м2 газар түүнд хамаарах орц гарцны 20м2 газар л худалдагдаж болохоос нийт 700м2 газар гэдэг нь арай дэндсэн асуудал юм.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 182/ШШ2016/00792 тоот шийдвэр, Нийслэл дэх иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 69 тоот магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.Цэрэндэжид нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас 158.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг “...Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн 1-2 тоот газрыг хураан авч бусдад худалдсан, байшинг эвдэж өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан” гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн маргааны талаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэжээ.

1. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын талаар дүгнэлт хийхэд энэ хэргийг шийдвэрлэхээс өмнө зохигчдын хооронд үүссэн иргэний маргааны талаар дурдах шаардлагатай гэж үзэв. Үүнд:

а. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 239 дүгээр Шийтгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 593 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнтийн задгайд орших зуслангийн 1 давхар байшинг дуудлага худалдаанд оруулж, орсон орлогыг Э.Бат-Эрдэнэ, Ц.Эрдэнэчимэг нарын төлөх төлбөрт тооцож, хохирогч нарт адил тэнцүү хувааж олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх шийтгэх тогтоол шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, зуслангийн байшинг битүүмжилж, хураасан, улмаар албадан дуудлага хуралдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул төлбөр авагч Улаанбаатар хотын банкинд төлбөрт тооцон шилжүүлжээ /хавтаст хэргийн 30-50, 57, 77-80, 84, 95-97, 99-103, 109, 115 дугаар тал/.

б. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлийг Н.Цэрэндэжид Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргахдаа “...Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 239 дүгээр шийтгэх тогтоолыг үндэслэн хүү Э.Бат-Эрдэний төлбөрт миний газрыг дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн...” гэсэн үндэслэл заасан байна.

Сүхбаатар дүүргийн шүүх 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 534 дүгээр шийдвэрээр уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...шийтгэх тогтоол, магадлалд дурдсан байшинг битүүмжилж, хураасан ажиллагаа нь хууль зөрчөөгүй” гэж дүгнэжээ.

в. “...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнтийн задгайд байрлах зуслангийн байр, газрыг хууль бусаар хураасан болон дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах...” тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлийг Н.Цэрэндэжид шүүхэд гаргасан байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч 2012 оны 6 дугаар сарын 26-ний өдөр 4137 дугаар захирамж гаргаж Н.Цэрэндэжидийн уг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа...” гэсэн үндэслэл заажээ /хавтаст хэргийн 64-66 дугаар тал/.

г. Н.Цэрэндэжид нь хүү Э.Бат-Эрдэнийн хамт Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж “...2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 тоот захирамжийн Б.Мягмарсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгох...” шаардлага гаргажээ.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2010 оны 8 дугаар сарын 26-ний өдрийн 372 дугаар шийдвэрээр дээрхи нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 422 дугаар магадлалаар хэвээр үлдээхдээ “....нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнт дах зуслангийн байшингийн газраа баталгаажуулах хүсэлт гаргасан, 400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар ашиглахаар газар ашиглах эрхийн 1156 дугаар гэрчилгээ олгосон. Байшингийн өмчлөл, газар эзэмших эрхийн гэрчилгээний талаар иргэн Д.Оюунчимэг, нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнэтэй маргаан үүсгэснийг Баянгол дүүргийн шүүх хэлэлцээд 2002 оны 1620 дугаар шийдвэрээр байшинг Д.Оюунчимэгийн өмч болохыг тогтоож, Э.Бат-Эрдэний газар ашиглах 1156 дугаар гэрчилгээг Хот байгуулалт, газрын харилцааны газарт шилжүүлсэн, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 274 дүгээр захирамжаар Л.Оюунчимэгт 400 м.кв газар ашиглуулах эрхийг баталгаажуулж, газар ашиглах гэрээ байгуулан, 1546 тоот гэрчилгээ олгосон, тэрээр зуслангийн байшингаа Б.Мягмарсүрэнд 2003 онд худалдсан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 192 дугаар захирамжаар Б.Мягмарсүрэнд эзэмшүүлснийг нэхэмжлэгчийн газартай давхцуулсан гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэсэн байна.

2. Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан бөгөөд гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, гэм буруу, учирсан гэм хор, гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо байх шаардлагатай болно.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнтийн задгайд байрлах зуслангийн 1 давхар байрыг дуудлага худалдаанд оруулж, төлбөр гаргуулах ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул уг үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн, Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн 1-2 тоот газар, байшинг хууль бусаар төлбөрт хураан авснаас хохирол учруулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасан зохицуулалтын агуулгаар хариуцагч гэм хорыг арилгах үүрэг үүсэхгүй болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2016/00792 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 69 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Цэрэндэжидийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын гомдол гаргахдаа Чингэлтэй дүүргийн шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШЗ2017/00929 дүгээр захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ