| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2402000000245 |
| Дугаар | 2024/ДШМ/27 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 22.4.4., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2024/ДШМ/27
2025 оны 04 сарын 09 өдөр Дугаар 2025/ДШМ/27 Даланзадгад сум
Г.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Г.Цогтмагнай /цахимаар/,
Шүүгдэгч Г.******* /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэндпүрэв /цахимаар/,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокурор Г.Ононгийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Г.*******д холбогдох 2402000000245 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.******* нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1,1-д заасан нийтийн албан тушаалд буюу Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0131 дүгээр ангид тээврийн хэрэгслийн шалгагчаар ажиллаж байх хугацаандаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасныг,
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, ...үзүүлэх” гэж заасныг,
Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/131 дугаартай тушаалаар баталсан “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.2-т “Тээврийн хэрэгслийг зориулалтын талбайд зогсоосны үзлэгийг хил зөрчигч нуугдаж болзошгүй орон зай, овор ихтэй ачаа, бараанд зохих журмын дагуу тогтоосон хугацаанд хийж илэрсэн зөрчлийг шуурхай шийдвэрлэнэ” гэж заасныг
Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/29 дугаартай “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шийдвэрлэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.8-д “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед битүүмжилж, баталгаажуулсан ачааны лац, ломбо, хучлага, бүтээлгийн бүрэн бүтэн хэвийн байдлыг шалгах ба битүүмжлэл алдагдсан, лац, ломбо хөндөгдсөн, хучлага бүтээлэг урагдаж зүсэгдсэн тохиолдолд нарийвчилсан шалгалт явуулна”, 3.12 дахь хэсгийн 3.12.5-д “Тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийсэн хилийн хяналтын байгууллагын ажилтан бүр хяналтын хуудсанд тэмдэг дарж баталгаажуулах ба тээврийн хэрэгслийг боомтын хяналт шалгалтын бүсээс гарах үед томилгоот манаа хяналтын хуудсыг шалган хурааж авна” гэж заасныг тус тус зөрчиж,
“Хахууль өгөгчийн тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, хилийн зөрчил гаргаж саатуулагдахгүй байх” гэсэн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн хахуулийн мөнгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Ханбогд сумын Гашуун сухайт дахь боомтод байрлах Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн ажлын байрандаа байхдаа иргэн С.*******өөс өөрийн “Хаан” банканд эзэмшдэг ******* тоот дансаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийг, мөн иргэн С.*******аас 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 200,000 төгрөгийг, иргэн П.*******гаас 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 150,000 төгрөгийг, нийт үргэлжилсэн үйлдлээр 500,000 төгрөгийн хахууль авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокурор нь Г.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх:
Шүүгдэгч Бошигт овогт *******ын *******г “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.*******н Авлигатай тэмцэх газрын Барьцаа хохирлын Төрийн банкин дахь ******* тоот дансанд байршуулсан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500,000 төгрөгийг улсын орлого болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/48 дугаартай захирамжаар Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокурор Г.Онон давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
Прокуророос шүүгдэгч Г.*******г Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1,1-д заасан нийтийн албан тушаалд буюу Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0131 дүгээр ангид тээврийн хэрэгслийн шалгагчаар ажиллаж байх хугацаандаа холбогдох хууль, дүрэм журмыг зөрчиж,
“Хахууль өгөгчийн тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, хилийн зөрчил гаргаж саатуулагдахгүй байх" гэсэн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн хахуулийн мөнгийг албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Ханбогд сумын Гашуунсухайт дахь боомтод байрлах Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн ажлын байрандаа байхдаа иргэн С.*******өөс өөрийн “Хаан” банканд эзэмшдэг ******* тоот дансаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийг, мөн иргэн С.*******аас 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 200,000 төгрөгийг, иргэн П.*******гаас 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 150,000 төгрөгийг, нийт үргэлжилсэн үйлдлээр 500,000 төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г гэм буруутайд тооцсон нь “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" үндэслэлд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж;
Хуулийн дээрх агуулга нь гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулиар тодорхойлох бөгөөд шинээр баталсан Эрүүгийн хууль өмнөх хуультай харьцуулахад үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нөхцөлийг бий болгож байвал сүүлд батлагдсан хуулийг хуучин хуулийн оронд, өмнөх цаг хугацаанд буцаан хэрэглэх явдал юм.
Г.*******гийн 2017-2018 онд хахууль авсан үйлдлийг тухайн .үед үйлчилж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа явдал тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шинэ хуулийг буцаан хэрэглэсэн гэж үзэхгүй.
Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан "хууль буцаан хэрэглэнэ”, “Хууль буцаан хэрэглэхгүй" гэсэн 2 өөр зохицуулалтыг хамтад нь журамлах байдлаар хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна.
Хууль хэрэглээний жишигт үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэдэгт ерөнхий нэг зорилгын хүрээнд хэд хэдэн удаагийн төсөөтэй үйлдлээр нэгдмэл нэг гэмт хэрэг үйлдэхийг ойлгодог бөгөөд хууль тогтоогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д зааснаар хуульчилсан.
Шүүх ...үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан үйлдэл ...гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж ...зүйлчлэлийн хувьд тохирсон гэх дүгнэлтийг хийсэн атал Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэхээр байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор багтсан ялыг шүүхээс оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1,3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Торгох ялын хэмжээ нь дөрвөн зуун тавин нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна" гэж мөн зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ,ял шийтгэнэ” гэж хуульчлагджээ. Гэтэл шүүхийн ТОГТООХ нь хэсэгт “10,000,000 нэгжтэй тэнцэх хэмжээний” гэж эрүүгийн хуульд хуульчлагдаагүй нэгжээр торгох ял оногдуулан шийдвэрлэсэн байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтад Шүүгдэгч Бошигт овогт *******ын *******г үргэлжилсэн үйлдлээр ‘Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2 дахь заалтад шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг шүүгдэгч Бошигт овогт *******ын *******г үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай. Хоёр дахь заалтад шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж өөрчлөлт оруулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэндпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:
Прокурорын эсэргүүцлийн нэг болон гурав дахь хэсгийг дэмжин оролцож байна. Харин хоёр дахь хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлаад өгчихсөн байгаа. Тэгэхээр хоёр дахь хэсгээс бусад хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа учраас прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн саналтай санал нэг байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Г.Ононгийн гаргасан эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокурор Г.Онон нь яллагдагч Г.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэснийг хяналтын прокурор Г.Онон эс зөвшөөрч “шийтгэх тогтоолын 1 дэх заалтад шүүгдэгч Г.*******г үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2 дахь заалтад шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах агуулгатай эсэргүүцлийг бичжээ.
Прокурорын “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” эсэргүүцлийн агуулга үндэслэлтэй байх боловч, эсэргүүцэлд дурдаагүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн засах боломжгүй байна гэж үзэв. Учир нь:
Анхан шатны шүүх Г.*******д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба тухайн зүйл хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.*******д нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн байх боловч тухайн зүйл хэсэгт “нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасах”-аар хуульчлагдсан байна.
Давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн шүүгдэгчийн нийтийн албанд томилогдох эрхийг хассан 3 жилийн хугацааг нэмэгдүүлж, эрх зүйн байдлыг нь хүндрүүлэх эрх хуулиар олгогдоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэв.
Түүнчлэн хяналтын прокурор Г.Цогтмагнай анхан шатны шүүх хуралдаанд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах” дүгнэлт гаргасан нь хуульд нийцэхгүй ба тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах торгох ялын хэмжээ арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлтэй байгааг анхаарах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.*******д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүгдэгчид авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул хяналтын прокурорын эсэргүүцлийн үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.*******д холбогдох 2402000000245 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Шүүгдэгч Г.*******д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Х.ГЭРЭЛМАА