| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/05981/И |
| Дугаар | 192/ШШ2025/09279 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/09279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д******* ХХК,
Гуравдагч этгээд: Б.А,
Гуравдагч этгээд: Б.Э нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 13 612 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******,
Хариуцагчийн төлөөлөгч Х.Б*******,
Гуравдагч этгээд Б.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Б******* нь хариуцагч Д******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 13 612 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие Ч.Б******* нь Д******* ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр амины орон сууц барих Барилгын ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 345-358 дугаар зүйлийг удирдлага болгон хийж Канад технологиор баригдах амины орон сууцны 1м.кв нь 630 000 төгрөг, гражийн 1м.кв нь 500 000 төгрөг, гэрээний нийт үнэ 91 919 600 төгрөг, гэрээний нийт дүнгийн 30%-ийг гэрээ байгуулснаас хойш гэрээний 1 дүгээр хавсралтад заасны дагуу гүйцэтгэгч талын Хаан банкны 5070******* тоот дансанд шилжүүлнэ гэж харилцан тохиролцож байгуулсан. Захиалагч тал болох миний бие гэрээнд заасны дагуу нийт төлбөл зохих 91 919 600 төгрөгөөс эхний ээлжид төлөх ёстой 30% төлбөр 27 575 880 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Д******* ХХК-ийн захирал Н.Б*******ийн 5070******* дансанд шилжүүлсэн. Мөн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 118.92м.кв бүхий амины орон сууц, 34.0м.кв бүхий 2 машины гражийн хамт бариулахаар "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулж 27 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, 18 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус тус шилжүүлж нийт 72 575 880 төгрөгийг Д******* ХХК-ийн 5076*******, захирал Н.Б*******ийн 5070******* дансанд шилжүүлж гэрээний нийт төлбөрөөс 19 343 720 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Миний бие 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус компанитай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг дахин байгуулж 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тус компанийн захирал Н.Б*******ийн 5070******* данс руу 12 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гүйцэтгэгч барилгын ажлыг дуусган түлхүүр хүлээлгэн өгөхөд үлдэгдэл 7 343 720 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон. Иргэн Ч.Б******* миний бие Д******* ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2014 онд байгуулснаас хойш гэрээнд заасан үүргээ цаг тухай бүрт нь биелүүлж гэрээний хөлсөө төлсөөр ирсэн боловч гүйцэтгэгч тал нь өөрийн материалаар гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэж өгөх үүргээ гүйцэтгэхгүй хугацаа алдаж удсанаас миний бие эд хөрөнгийн болон сэтгэл санааны хувьд хохироод байна. Тус компанийн нягтлан бодогч Б.Э******* нь гэрээ байгуулахдаа захиалагч надаас барилгын ажлыг гүйцэтгэх хөлс мөнгийг авдаг боловч тухайн барилгадаа зарцуулдаггүй, нэмж засвар үйлчилгээ хийдэггүйгээс одоог хүртэл барилгын ажил дуусаагүй, дотор заслууд, засвар үйлчилгээ хийгдээгүйгээс одоог хүртэл сууцандаа орж чадаагүй байна. Одоогийн байдлаар 2021 оны 02 дугаар сард очиж үзэхэд барилгын цонх хагархай, хаалганууд хийгдээгүй, обой, гарниз, плита, будаг, гражны хаалга эвдэрхий дотор засал хийгдээгүйн дээр барилга дотор хог хаягдал дүүрэн байсан тул бид өөрсдөө очиж цэвэрлэсэн. Мөн 600 ширхэг гадна тохижилтын хавтан байсныг зөөж авч явсан байсан. Гэрээний заалтын тухайд: Гэрээний 3 дугаар заалтад гүйцэтгэгчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн боловч гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй тус гэрээний 2.7, 2.6, 3.7, 3.10, 3.12 дах заалтуудыг зөрчиж захиалагч талыг хохироож байна. Иргэн Ч.Б******* миний бие гэрээнд заасны дагуу өмнө шилжүүлсэн 72 000 000 төгрөгөөс дутуу хийгдсэн ажил, дотор засвар хийгдээгүй улмаас үүссэн хохирол 1 300 000 төгрөг, үлдсэн ажлыг дуусгуулахаар гэрээ байгуулж 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тус компанийн захирал Н.Б*******ийн 5070******* данс руу 12 000 000 төгрөгийг бүтнээр нь, мөн сууц дотроос зөөвөрлөгдөж алга болсон 650 ширхэг гадна тохижилтын хавтангийн 1 ширхэг 800 төгрөгний үнэ болох 520 000 төгрөг, нийт 13 612 000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ч.Б******* нь Д******* ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2014 онд байгуулснаас хойш гэрээнд заасан үүргээ цаг тухай бүрт нь биелүүлж гэрээний хөлсөө төлсөөр ирсэн боловч гүйцэтгэгч тал нь өөрийн материалаар гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэж өгөх үүргээ гүйцэтгэхгүй хугацаа алдаж удсанаас эд хөрөнгийн болон сэтгэл санааны хувьд хохироод байна. Тус компанийн нягтлан бодогч Б.Э******* нь гэрээ байгуулахдаа захиалагч надаас барилгын ажлыг гүйцэтгэх хөлс мөнгийг авдаг боловч тухайн барилгадаа зарцуулдаггүй, нэмж засвар үйлчилгээ хийдэггүйгээс одоог хүртэл барилгын ажил дуусаагүй, дотор заслууд, засвар үйлчилгээ хийгдээгүйгээс одоог хүртэл сууцандаа орж чадаагүй байна. Одоогийн байдлаар 2021 оны 02 дугаар сард очиж үзэхэд барилгын цонх хагархай, хаалганууд хийгдээгүй, обой, гарниз, плита, будаг, гражны хаалга эвдэрхий дотор засал хийгдээгүйн дээр барилга дотор хог хаягдал дүүрэн байсан тул бид өөрсдөө очиж цэвэрлэсэн. Мөн 600 ширхэг гадна тохижилтын хавтан байсныг зөөж авч явсан байсан. Гэрээний 3 дугаар заалтад гүйцэтгэгчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсөн боловч гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй тус гэрээний 2.7, 2.6, 3.7, 3.10, 3.12 дах заалтуудыг зөрчиж захиалагч талыг хохироож байна. Гэрээнд заасны дагуу шилжүүлсэн 72 000 000 төгрөгөөс дутуу хийгдсэн ажил, дотор засвар хийгдээгүй улмаас үүссэн хохирол 1 300 000 төгрөг, үлдсэн ажлыг дуусгуулахаар гэрээ байгуулж 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тус компанийн захирал Н.Б*******ийн 5070******* данс руу 12 000 000 төгрөгийг бүтнээр нь шилжүүлсэн, мөн сууц дотроос зөөвөрлөгдөж алга болсон 650 ширхэг гадна тохижилтын хавтангийн 1 ширхэг 800 төгрөгөөр тооцож, 520 000 төгрөг нийт 13 612 000 төгрөгийн хохирлыг гэрээнээс татгалзсан тул нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагчийн төлөөлөгч Х.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй нийт 3 гэрээ хийсэн нь үнэн. Эхнийх нь 11 дүгээр сард хийсэн. 2014 онд байгуулсан гэрээгээр манайх өөрийнхөө мөнгөөрөө бүх гаднах зүйлийг хийсэн. Дахиад жилийн дараа анхны гэрээгээ сунгаад хийсэн. Дахиад ажлыг хийгээд байрны 90 хувийг дуусгасан. Тэгээд Ч.Б******* өөрөө алга болсон. Манай эхнэр Б.А*******, Б.Э******* нартай гэрээ хийсэн. Тухайн үед миний мэдэхээс 2 гэрээ хийхэд би өөрөө Ч.Б*******тай ярьсан. Гадна талын байшин барина гэж хийсэн болохоос дотор заслын мантаж, цахилгаан хийнэ гээгүй. Хамтарч ажиллахаар гэрээ хийсэн боловч хамтарч ажилласан зүйл ч байхгүй ийм асуудал гарсан. 11 дүгээр сард ирээд Ч.Б*******тай уулзахад ийм зүйл ярьсан. Б.Э******* манай компанийн нягтлан байсан. Б.А******* төсөл хариуцаж байсан. Би шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөөгүй, өндөр гарсан. Ч.Б*******тай ярилцах гэхээр ерөөсөө уулздаггүй, 2 гэрээний төлбөрөөс дутуу байгаа. Манайх ажлаа хийсэн байгаа. Миний хувьд энэ талаар мэдэхгүй байсан, нэхэмжлэгч нь өөрөө хийсэн ажлын доголдлын талаар мэдэгдэж байгаагүй, өөрөө хөлсөө төлөөгүйгээс ажил явагдаагүй. Гэтэл гэнэт л олон жилийн дараа хөлсөө буцаагаад нэхээд байгааг гайхаж байна. Би гэрээнд харилцан тохиролцоогүй зөндөө ажлыг хийж өгсөн, ямар нэгэн бараа, материалыг бид зөөж аваагүй. Гэрээний дагуу ажлыг хийж дуусгаагүй гээд байгаа нь өөрөө санхүүжилтээ өгөөгүй учраас бид хийх боломжгүй болсон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
3.Гуравдагч этгээд Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А******* өнөөдөр шүүх хурал дээр ирэх гэсэн боловч эрүүл мэндийн шалтгаанаас болоод хамраас нь цус гараад эмнэлгийн магадлагаа явуулаад хүсэлтээ явуулсан байхад хурлыг үргэлжлүүлж, хүний эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Учир нь Б.А******* өөрөө ажил хийгээд хүлээлгээд өгчихсөн, баримт нь өөрт нь байгаа гэж хэлээд байсан. Бид 43 000 000 төгрөгийн ажил хийсэн гэж байгаа. Шилжүүлсэн мөнгөнд нь нэмэлт ажил хийсэн байгаа. Ажлын зурагтаа зурагдсан байсан, би мөнгийг авсан нь үнэн, уг мөнгийг хувьдаа аваагүй юм, ажил хийсэн. Эднийх 3 гэрээ байгуулсан нь үнэн. Нэмэлт ажил хийгдсэн, би байнга уулзаж байсан. Харин акт үйлдэж байгаагүй, тухайн үеийн баримт л Б.А*******д байх ёстой. Бид гэрээ байгуулсны дараа нэхэмжлэгчтэй байнга уулзаж явж байсан, доголдол, дутагдлын талаар огт яриагүй, харин ч хэлсэн бүхий л ажлыг нь хийж өгсөн. Гэтэл өөрөө хөлсөө хугацаанд нь төлөөгүй алга болчихоод одоо ингээд хөлсөө буцаагаад нэхээд байгааг зөвшөөрөхгүй гэв.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.07-ны өдрийн 183/ШЗ2022/16711 дүгээр шүүгчийн захирамж, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2017.07.25-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн тооцоо, 2015.05.25-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, төлбөрийн тооцоо, шилжүүлгийн баримт, төслийн зураг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.08-ны өдрийн 183/ШЗ2023/10941 дүгээр шүүгчийн захирамж, хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хариу тайлбар, хуулийн этгээдийн лавлагаа, Хаан банкны дансны хуулга, Хаан банк ХК-ийн тодорхойлолт гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Д******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, амины орон сууцыг гражийн хамт хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, төлбөрийг шилжүүлсэн боловч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй, хийсэн ажил нь доголдолтой байсан учраас 2017 оны 7 сарын гэрээний дагуу шилжүүлсэн 12 000 000 төгрөгийг болон дотор засал хийгдээгүй, дутуу хийсэн хохирол 1 300 000 төгрөг , мөн хавтангийн үнэ 520 000 төгрөг, нийт 13 820 000 төгрөгнөөс 13 612 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Б*******тай гэрээ байгуулсан боловч өөрийнхөө мөнгөөр гадна талын ажлыг гүйцэтгэсэн, дахин гэрээ байгуулж 90 хувийн гүйцэтгэлтэй ажлыг гүйцэтгэсэн, гэрээний төлбөрийг бүрэн хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн материалаар ажлыг хийж гүйцэтгэсэн тул хавтанг аваагүй гэж үгүйсгэсэн.
4.Гуравдагч этгээд Б.Э******* шүүх хуралдаанд бид нэхэмжлэгчийн хэлсэн ажлыг бүгдийг хийсэн, шилжүүлсэн мөнгөнд нь нэмэлт ажил хийсэн, нэхэмжлэгч нь доголдол, дутагдлын талаар огт яриагүй байж одоо нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарласан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Нэхэмжлэгч Ч.Б******* нь хариуцагч Д******* ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр №3415 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч тал Д******* ХХК нь канад технологиор баригдсан, барилгажих талбайгаар тооцсон 118.92 мкв талбай бүхий амины орон сууц, 34.0 м.кв талбай бүхий 2 гражийг өөрийн материалаар 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд барих, захиалагч уг ажлыг хүлээн авч амины орон сууц 1м.кв 630 000 төгрөг, гражийн 1м.кв нь 500 000 төгрөг, нийт 91 919 600 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
5.2.Мөн талууд 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр №3417 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч Д******* ХХК нь канад технологиор баригдсан, барилгажих талбайгаар тооцсон 118.92 мкв талбай бүхий амины орон сууц, 34.0 м.кв талбай бүхий 2 гражийг өөрийн материалаар гэрээнд заасан 2017 оны 7 дугаар сарын 25-наас 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустлах хугацаанд барих, захиалагч уг ажлыг хүлээн авч амины орон сууц 1м.кв 630 000 төгрөг, гражийн 1м.кв нь 500 000 төгрөг, нийт 91 919 600 төгрөг төлөх, үүнээс гэрээ хийх үед 19 343 720 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэжээ.
5.3.Хэрэгт авагдсан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг, депозит дансны хуулгаар 12 000 000 төгрөгийг “тахилт эко хотхон 34 тоотын үлд/мө Б*******-с” гэсэн гүйлгээний утгатайгаар Х.Б*******ийн дансанд шилжүүлжээ.
6.Талууд 2014 оны 10 сарын 27, 2015 оны 5 сарын 25, 2017 оны 7 сарын 25-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажлын хөлсөнд 72 575 880 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаагүй, ажлын хөлсөнд 12 000 000 төгрөгийг шилжүүлсэн, гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн талаар маргаж байна.
7.Зохигч талууд 2014 оны 10 сарын 27, 2015 оны 5 сарын 25, 2017 оны 7 сарын 25-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээгээр хариуцагч нь өөрийн материалаар Канад технологиор баригдсан, барилгажих талбайгаар тооцсон 118,92 м.кв бүхий амины сууц, 34,0 м.кв бүхий 2 гражийн хамт хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 91 919 600 төгрөгийг төлөхөөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээ байгуулсан талаар хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
7.1.Нэхэмжлэгч нь 2014 оны 10 сарын 27-ны гэрээг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй, хэрэгт авагдсан 2015 оны 5 сарын 25-ны гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хувь байгаа боловч гэрээ байгуулсан үйл баримтын талаар хариуцагч нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
7.2.Мөн хариуцагч нь 2017.07.26-ны өдөр 12 000 000 төгрөгийг ажлын хөлсөнд хүлээн аваагүй, гуравдагч этгээд Б.Э******* нь захиран зарцуулсан гэж маргасан боловч нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээг Д ХХК-тай байгуулсан, Д******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагаар Х.Б******* бүртгэлтэй, түүний дансанд шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд 12 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлтэй.
7.2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр “ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-д “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж заажээ.
7.3.Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, дотор завсарыг хийгээгүй, дутуу ажил хийсэн учраас гэрээний 2.7, 2.6, 3.7, 3.10, 3.12-д зааснаар хохирол шаардаж байна гэж тайлбарлаад ажлын хөлс 91 919 600 төгрөгнөөс 2014.10.31-нд 27 575 880 төгрөг, 2015.06.10-нд 27 000 000 төгрөг, 2015.10.19-нд 18 000 000 төгрөг, нийт 72 575 880 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 19 343 720 төгрөгний 12 000 000 төгрөгийг 2017.07.26-нд төлсөн боловч өмнөх 72 575 880 төгрөгний ажлаас дотор засвар хийгдээгүй, дутуу хийгдсэн ажил 1 300 000 төгрөг, 2017.07.26-нд шилжүүлсэн 12 000 000 төгрөгнөөс ажил хийгдээгүй тул бүхэлд нь буцаан гаргуулна, барилгын ажилд ашиглагдах гадна тохижилтын 650 ш хавтанг барилгад хийгээгүй болох хэрэгт авагдсан гэрэл зургууд, зуслангийн байшинд хийгдээгүй ажлуудын жагсаалтаар нотлогдоно гэсэн.
7.4.Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 2.6-д “гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгч тал ажлыг хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэж өгөх боломжгүй нь илэрхий болсон нь батлагдсан ажлын догодлыг захиалагчийн тогтоосон хугацаанд арилгаагүй бол захиалагч тал дангаар гэрээг цуцлах, учирсан хохирлыг гүйцэтгэгчээс нэхэмжлэх”, 2.7-д “захиалагч ажлын үр дүнг хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гүйцэтгэсэн ажлын доголдол илэрвэл гомдол гаргах”, 3.7-д “ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг гаргах”, 3.10-д “ажлын үр дүнд 3 жилийн баталгаа өгөх”, 3.12-д “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,02 хувийн алданги төлөх” гэж харилцан тохиролцжээ.
7.5.Зохигч талуудын хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний 1.3-д 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дуустал байхаар харилцан тохиролцсон, хариуцагч болон гуравдагч этгээд Б.Э******* нь гэрээний хугацаа дууссанаас хойш байрны түлхүүрийг нэхэмжлэгч Ч.Б*******т хүлээлгэн өгсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үгүйсгээгүй, ажлыг хүлээн аваад хийсэн ажил нь доголдолтой, ажил хийгдээгүй байсан тул шаардлага гаргасан гэсэн.
7.6.Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заажээ.
7.7.Мөн талуудын хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний 2.7-д гурван жилийн дотор гүйцэтгэсэн ажлын доголдол илэрвэл гомдол гаргах, 3.10-д ажлын үр дүнд 3 жилийн баталгаа өгөхөөр харилцан тохиролцсон байхад нэхэмжлэгч нь гэрээнд болон хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэв.
7.8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нь хаягтаа байдаггүй, хайгаад олддоггүй, шаардах эрхээ хэрэгжүүлсэн болох нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2022/16711 дүгээр шүүгчийн захирамж, 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2023/10941 дүгээр шүүгчийн захирамж, хэрэгт баримтаар авагдсан хорооны Засаг даргын тодорхойлолт, цагдаагийн илтгэх хуудас, хаягийг олж тогтоосон цагдаагийн албан бичгээр нотлогдоно гэж тайлбарласан боловч хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй болохыг гэрээний хугацаа дууссан 2017 оны 08 сарын 25-ны өдрөөс хойш 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
8.Мөн нэхэмжлэгчээс хариуцагчийг 72 575 880 төгрөгний ажлаас 1 300 000 төгрөгний ажлыг хийгээгүй буюу дутуу хийсэн, доголдолтой хийсэн гэсэн боловч үүнийг баримтаар нотлоогүй, мөн 12 000 000 төгрөгийг шилжүүлсэнээс ажил хийгээгүй гэсэн боловч 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ хийх үед 19 343 720 төгрөгний үлдэгдэлтэй байсан гэж заасан байх ба уг үнийн дүнд ямар ажил хийгдэхээр байсныг хийгээгүй талаараа баримтыг ирүүлээгүй болно.
8.1.Хэрэгт авагдсан зуслангийн байшинд хийгдээгүй ажлууд гэсэн жагсаалтаар 13 612 000 төгрөгний ажил хийгээгүй гэсэн боловч уг ажилд нь ажлын хөлс 3 000 000 төгрөг гэсэн, мөн 1 300 000 төгрөгний дутуу ажил нь уг ажлын жагсаалтад багтсан эсэх нь тодорхойгүй, 650 ширхэг гадна тохижилтын хавтанг хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэх, мөн 1 ширхэг хавтан нь 800 төгрөг болох талаар баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгч нь тайлбараа баримтаар нотлоогүй, гэрээний зүйл болох барилгад хийж гүйцэтгэсэн ажлын талаар шинжээчийн дүгнэлт гаргасан гэх боловч уг баримтыг гаргуулах, бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй, шаардлагагүй гэж тайлбарласан.
8.2.Иймд нэхэмжлэгч Ч.Б*******ын хариуцагч Д******* ХХК-нд холбогдуулан гаргасан 13 612 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
9.Гуравдагч этгээд Б.Э******* нь тус дүүргийн шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өмгөөлөгч авах, тайлбар гаргах хугацааг сунгах хүсэлтийг гаргасан байх тул түүний шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад гаргасан өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хүлээн авахгүй, энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй болно.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б*******ын хариуцагч Д******* ХХК-д холбогдуулан гаргасан 13 612 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН