Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/13

 

К.Н-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/01 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, яллагдагч К.Н-д холбогдох эрүүгийн 2413000000243 дугаартай, 1 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, яллагдагч К.Н-,  түүний өмгөөлөгч С.Нургайып, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Тилеухавыл,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******************* төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **хүнтэй, ************ хамт ***************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай У ургийн овогтой К.Н-, регистрийн дугаар: **************;

 

2. Яллагдагч К.Н- нь 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Тоёота Ланд Круйзер 100” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Күнгей” хүнсний дэлгүүрийн урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зам хөндлөн гарч буй явган зорчигч буюу насанд хүрээгүй Ш.А-г мөргөн амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны 8 дугаар сарын 08-ны  өдрийн 193 дугаар яллах дүгнэлтээр К.Н-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  2025/ШЗ/01 дүгээр  шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч У ургийн овогт К.Н-д холбогдох эрүүгийн 2413000000243 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр дараах үндэслэлээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаажээ. Үүнд:

4.1. Мөрдөгч нь магадалгаа гаргахдаа хуульд заасан шинжээчийн эрх эдэлж, үүрэг хүлээх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдвол тухайн хэрэгт шинжээчээр оролцож болохгүй буюу татгалзах үндэслэл болохоор байна.

4.2. Мөрдөгч Б.Шынасылын гаргасан “Мөрдөгчийн магадалгаа”-г судлан үзэхэд тэрээр жолооч К.Н-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөн, харин явган зорчигч Ш.А-гийн эцэг М.Ш-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5-т заасан “Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй (хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт) авч явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж өөрөө жолооч болон явган зорчигчийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасантай нийцээгүй,

4.3. Мөрдөгчийн магадалгаа-нд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал болох жолооч К.Н- нь тухайн үед хохирогчийг хэр хүчтэй мөргөсөн, хохирогч ямар зайд унасан зэргээс шалтгаалан жолооч ойролцоогоор хэдэн км/цаг-ийн хурдтай явсан, үзэгдэх орчин буюу зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг ямар зайнаас харах боломжтой байсан эсэх, жолооч тухайн замын нөхцөл, тээврийн хэрэгслийн онцлогоос хамаарч, самбаачлах хугацааны дотор зогсоох арга хэмжээ авахад явган зорчигчийг мөргөхгүйгээр тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой байсан эсэх, жолооч нь аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг зөв сонгож явсан эсэх зэрэг тусгай мэдлэг шаардагдах хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тусгаагүй байгаагаас яллагдагч болон түүний өмгөөлөгч С.Нургайып нар мөрдөгчийн магадлагааг хүлээн зөвшөөрөхгүй, маргаж байна.

4.4. Иймд хэрэгт ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг тогтоолгох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг томилж, дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай буюу гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн гүйцэд, эргэлзээгүй байдлаар тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул К.Н-д холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцаажээ.

 

5. Прокурорын эсэргүүцэлд:

5.1. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Аянагүл би нь яллагдагч К.Н-д холбогдох 2413000000243 дугаартай эрүүгийн хэрэгт 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

5.2. Хэргийг тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд шүүгчийн 2025/ШЗ/01 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Ингэхдээ “...мөрдөгч нотолбол зохих байдал буюу зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Тодруулбал: Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгч Б.Шынасыл өөрөө магадлагаа гаргаснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн хуваарь оролцсон бол” шинжээчээр оролцож болохгүй” гэснийг зөрчсөн. Иймд мөрдөгч Б.Шынасыл нь өөрийн цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг бие даан үнэлж, “Мөрдөгчийн магадлагаа” үйлдсэнийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоосон мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй. Мөн тухайн магадлагаанд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал болох К.Н- нь тухайн үед хохирогчийг хэр хүчтэй мөргөсөн, хохирогч ямар зайд унасан зэргээс шалтгаалан жолооч ойролцоогоор хэдэн км/цаг-ийн хурдтай явсан, явган зорчигчийг ямар зайнаас харах боломжтой байсан эсэх, жолооч аюул саад тулгарсан үед хурдыг зөв сонгон явсан эсэх талаар тусгаагүй...” гэж дүгнэсэн.

5.3. Шүүгчийн захирамжийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгчийн захирамж үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно.”, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж тус тус хуульчилжээ.

5.4. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл мөрдөгч өөрийн шалгаж буй хэрэгт магадлагаа гаргах эрх олгогдсон байх бөгөөд түүнийг хэрэгжүүлэх эсэх нь зөвхөн тусгай мэдлэгтэй хамааралтай болохоос хэргийн оролцогч гэх статусаар шинжээчтэй адилтгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй байх, татгалзан гаргах хориглосон зохицуулалт биш байна.

5.5. Мөрдөгчийн магадлагааг нотлох баримтын хувьд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэх хэдий ч Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.4 дэх заалтад “шинжээч" гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг хэлнэ гэж заажээ.

Гэтэл мөрдөгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлд заасан шинжээчээр оролцож болохгүй тохиолдолд хамруулан татгалзан гаргах нь Эрүүгийн хууль тогтоомжийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна.

5.6. Хэрэв шүүхээс мөрдөгч, шинжээчийг адилтган үзэж шалгаж буй хэрэгтээ магадлагаа гаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзвэл энэ хэргээс өөр мөрдөгчийн магадлагаагаар шийдвэрлэгдсэн хэргүүдийн шийдвэр үндэслэлтэй эсэх, хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн эсэх асуудлыг мөн судлан үзэж шүүгдэгч нарын эрхийг сэргээх асуудлыг хөндөх шаардлага үүсэхийг дурдах нь зүйтэй.

5.7. Хэргийг шалгасан тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой Б.Шынасылын хувьд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн, Механик, тээврийн сургуулийг “Авто инженер”- ийн сургалтад хамрагдаж төгссөн тусгай мэдлэгийнхээ хүрээнд магадлагаа гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

5.8. Харин хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн “хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 02-06 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Күнгей” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бичлэг /ХХ-ийн 11-15 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Еламан” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бичлэг /ХХ-ийн 16-21 дэх тал/, иргэн М.М-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон хуулбарлаж авсан дүрс бичлэг /ХХ-ийн 22-26 дахь тал/, Зам тээврийн ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /ХХ-ийн 33 дугаар хуудас/” зэрэг нотлох баримтуудаар уг гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл тогтоогдсон гэж үзэж хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.

5.9. Гэтэл шүүхээс шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах замаар гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох гэх үндэслэлийг захирамжид дурдаж хэргийг прокурорт буцааж байгаа нь хууль тогтоомжийн хүрээнд биелэгдэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан.

5.10. Мөн шүүгчийн захирамжид мөрдөгчийн магадлагааг судлан үзэхэд гэм буруугийн талаарх дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

Хуулийн зохицуулалт болон мөрдөгчийн магадлагаагаас үзвэл мөрдөгч Б.Шынасыл нь хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилж, шинжилгээ хийлгүүлээгүй, гэм буруугийн талаар дүгнэлт гаргаагүй болохыг дурдъя.

5.10. Иймд 2025/ШЗ/01 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

6. Яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Прокурорын эсэргүүцлийн хувьд шүүгч мөрдөгчийн магадлагааг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзнэ гэдэг байдлаар тайлбарласныг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн байна. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор мөрдөгчийн магадлагаатай холбоотой асуудлыг тайлбарласан. Үүний, 5 дугаар бүлгийн 5.2.2 дахь хэсэгт “мөрдөгчийн өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан магадлагааг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж ойлгоно” гэж тайлбарласан. Уг тогтоолын 5 дугаар бүлгийн 5.2.5 дахь хэсэгт “мөрдөгчийн магадлагаа нь зарим нэг нь тусгай мэдлэгийн хүрээний бус, мөрдөн шалгах ажиллагааны журмаар тогтоосон магадлагааг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэхгүй” гэж заасан. Магадлагаа нь хоёр төрөлтэй байна. Тэгэхээр шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэхээр нөхцөл байдал буюу замын хөдөлгөөний ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон, дүгнэлтээ өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан гээд байгаа магадлагаа нь  уг тогтоолын 5 дугаар бүлгийн 5.2.2 дахь заасан шинжээчийн дүгнэлтийн адилтгаж үзэх нөхцөл байдал бий болж байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Түүнийг шинжээчийн дүгнэлт гэж үзнэ. Тухайн дүгнэлтээ гаргаж байгаа мөрдөгчийн хувьд тодорхой  эрх, үүргээ тайлбарласан, мөн хувийн ашиг сонирхолгүй, тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш, хэрэгжүүлэгч биш гэдэг байдлаар дүгнэж байгаа нь үндэслэлтэй байна.

6.2. Манай Баян-Өлгий аймагт мөрдөгч магадлагаа гаргаад, хэргийг шүүхэд шилжүүлж жишиг тогтоож явж байгаа асуудал байна. Гэхдээ энэ асуудал Улсын Дээд шүүх хүртэл хэлэлцэгдээгүй. Бусад аймаг дээр Монгол Улсын ШУТИС-ийн багш нарыг оролцуулаад, 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийж, замын осол гарсан шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоодог. Ингэхдээ шинжээч тухайн замын нөхцөл байдал, мөн замын хажуу талын тэмдэг, тэмдэглээгээ, зураас, явган гарц байгаа эсэх, осол гаргаж байгаа нөхцөл байдал харагдах орчим, цаг хугацаа, хурд, улирал зэрэг нөхцөл байдалтай холбоотой нарийн шинжээчийн дүгнэлт гаргадаг болсон байна. Гэхдээ манай прокурор, мөрдөгч нарт удаа дараа хүсэлт гаргахад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн энэтэй холбоотой дүгнэлт гаргахгүй гэдэг байдлаар ханддаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хүний эрүүл мэндэд учирсан хохирол, сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой дүгнэлт гаргуулж байна. Харин энэ асуудал нь тэдний чиг үүрэгтэй хамааралгүй байгаа учраас прокурорын ярьж байгаа зүйл нь буруу байна. Мөн гэмт хэрэг мөн эсэх дээр дүгнэлт хийхэд шинжээчийн дүгнэлт маш шаардлагатай. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ жолоочийн буруу байгаа эсэхтэй холбоотой дүгнэлт хийгээгүй, мөрдөгч явцуу магадлагаа гаргасан байна. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй, анхан шатны шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэв.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Магадлагаа гаргасан Б.Шынасыл тухайн хэргийг мөрдөж байсан хүн. Хуульд мөрдөгч Б.Шынасыл магадлагаа гаргаж болохгүй гэсэн асуудал бас байхгүй. Тийм учраас энэ асуудлыг шүүх өөрөө шийдвэрлэх нь зөв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамж үндэслэлтэй, үндэслэлгүй эсэх талаар тайлбар хэлэх боломжгүй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            8. Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид холбогдуулж гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хянаж үзээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэв.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг 3 үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж болох ба энэ нь (1) хэргийн бодит байдлыг тогтоох, (2) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим болон (3) мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг тус тус хангахад чиглэгдсэн байх шаардлагатай.

 

            Гэтэл К.Н-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид тусгасан үндэслэлүүд нь хуулийн дээрх урьдчилсан нөхцөлүүдэд тохирохгүй, мөрдөгчийн магадлагаатай холбоотой хуулийн зарим зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдов.

 

10. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн эхний үндэслэлд “Мөрдөгч нь магадлагаа гаргахдаа хуульд заасан шинжээчийн эрх эдэлж, үүрэг хүлээх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдвол тухайн хэрэгт шинжээчээр оролцож болохгүй буюу татгалзах үндэслэл болохоор байна” гэжээ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гол ач холбогдол бүхий нотлох баримт нь автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг хэрхэн, яаж зөрчсөн эсэх талаарх техникийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа байдаг.

2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөн шалгах ажиллагаанд тусгай мэдлэг ашиглах шинэ хэлбэрийг хуульчилсан нь мөрдөгчийн магадлагаа бөгөөд түүний эрх зүйн үндсийг тусгасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн зохицуулалтуудаас үзвэл, мөрдөгч хуульд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, харин мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадлагаа гаргаж болно. Гагцхүү энэ тохиолдолд тусгай мэдлэг бүхий мөрдөгч нь шинжээчийн эрхийг хэрэгжүүлэхээс гадна магадлагаандаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зүйлсийг тусгасан байх хэлбэрийн шаардлага тавигдана.

Мөрдөгчийн магадлагаа нь шинжээчийн дүгнэлттэй адил түвшний нотолгооны нэгэн төрлийн хэрэгсэл мөн боловч тухайн магадлагааг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч гаргахыг хуулиар хориглоогүй учраас анхан шатны шүүхийн шүүгчийн “мөрдөгчийн магадалгааг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч “шинжээчээр” оролцож болохгүй буюу татгалзах үндэслэл болно” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, хуулийн дараах зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “мөрдөгч” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг ойлгох бол мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгч хуульд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, харин “өөрийн эзэмшсэн” тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл тус магадлагааг гаргаж болохоор хуулиар зөвшөөрсөн байна. Энэ талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

11. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Шинасыл өөрийн эзэмшсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх тусгай мэдлэгээ нотлохоор Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Механик, тээврийн сургуулийн “Авто инженер” хөтөлбөрт хамрагдсан 24-104С дугаартай сертификатыг хэрэгт /хэргийн 126 дахь тал/ хавсаргасан бөгөөд хэргийн 124 дүгээр талд авагдсан 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн магадлагааны агуулгаас үзвэл тээврийн хэрэгслийн жолооч болон явган зорчигч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл болсон талаар тусгажээ. Харин тус мөрдөгчийн магадлагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хориглолтыг зөрчиж, хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах талаар магадлаагүй тул шүүгчийн захирамж дахь “жолооч болон явган зорчигчийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэсэн агуулгатай дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.

12. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид мөрдөгчийн магадлагааг хуульд заасан шаардлагыг хангаагүй, эсхүл хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэх /жолооч ямар хурдтай явсан, зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг ямар зайнаас харах боломжтой байсан эсэх, жолооч тухайн замын нөхцөл, тээврийн хэрэгслийн онцлогоос хамаарч, самбаачлах хугацааны дотор зогсоох арга хэмжээ авахад явган зорчигчийг мөргөхгүйгээр тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой байсан эсэх, жолооч нь аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг зөв сонгож явсан эсэх/ тусгай мэдлэг шаардагдах асуудлыг техникийн шинжээчийг томилж, дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэхдээ энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд тооцогдох бодит үндэслэлийн талаар захирамждаа дүгнээгүй тохиолдолд, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх асуудлаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шинжээч томилж шинжилгээ хийлгэх, эсхүл оролцогчоос гаргасан “мөрдөгчийн магадлагаа гаргах үед нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол”-ыг шийдвэрлэх зорилгоор мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой атлаа техникийн шинжээчийг томилж, дүгнэлт гаргуулах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамааруулсан нь үндэслэлгүй учраас хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

13. Яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, түүний хувийн байдлыг харгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн явагдах нөхцөлийг хангах, саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2, 14.5 дугаар зүйлд зааснаар урьд авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр нь хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/01 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Яллагдагч К.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.Отгонхишиг

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК