| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0563/Э |
| Дугаар | 673 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Агар, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 673
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
улсын яллагч Д.Агар,
шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А Цт холбогдох эрүүгийн 1806 0170 40461 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт А Ц, /
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн тоотод оршин суух Г.Мын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч МНБС хүлээн авагчийн аппарат, бууз, боорцог зэрэг эд зүйл хулгайлан 88.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагаан сар өнгөрсөн байсан. Би Дарханы ахынд байсан. Надад ах 500 төгрөг өгөөд “...тамхи аваад ир” гэж хэлсэн юм. Тэгээд гадагшаа гараад явж байхад тэр айлын хашааны хаалга онгорхой байсан. Хашаанд нь нүүрс байсныг авах гэж орсон. Гэрийнх нь хаалгыг жижиг цоожоор түгжсэн байхад нь би цоожийг нь цохиж онгойлгоод гэрт орж зурагтны хажууд байсан жижиг хүлээн авагчийг аваад гэрээс гарах гэж байхад хөргөгчин дээр жижиг ууттай зүйл байсныг нь авсан. Тэр уутан дотор бууз, боорцог байсан. Гэрт ирэхэд нөгөө ах согтуу унтаж байсан. Тэр айл мод, нүүрс зардаг газартай ойр байсан. Айлынх нь хүн гарахдаа “...гэрт хүн орох нь уу харж бай” гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд мод, нүүрс зардаг хүн намайг айл руу орохыг харсан байсан. Өглөө нь нөгөө айлын эгч ирээд намайг “...чи манай гэрт орсон байна. Аятайхан асуудлаа шийдүүлээд сал” гэж хэлсэн. Тэгээд тэр эгчтэй хамт явсан. Тэр хүн одоо манай нөхөр ирнэ байж бай гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан байсан ба би цагдаад баригдаж хүлээн авагчийг нь буцаан өгсөн гэв.
Шүүгдэгч А.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ээгий ахын гэрээс гарч гудамжаар алхаж яваад шууд Дарь Эхийн зам гарч дээшээ Дарь Эхийн зам дагаж өгсөж явтал хашааны хаалга онгорхой байсан хашаа руу орсон чинь гэрийн хаалга жижиг цоожтой байхаар нь эвдэж ороод гэрийн хөргөгч дээр байсан гялгар ууттай бууз, боорцог, Өглөө нэртэй талх, сүү зэргийг аваад гараас гарахдаа зурагтын хажууд байсан төхөөрөмжийг аваад гарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 40-43 дугаар хуудас/,
Хохирогч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нүүрс зардаг Амараа гэх залуу надад анх хэлсэн. Гэртээ ороод байж байтал манай хашааны хаалгыг нүдсэн, тэгтэл нүүрс зардаг залуу өчигдөр бууз зарна гээд явж байсан залуу замын цаана явж байна гэхээр нь би гэрээсээ гараад хартал нүүрс зардаг залуу нэг залууг зааж өгсөн. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-13 дугаар хуудас/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 7-10 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 15-16 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 29 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч А.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь Эхийн 1-1133 тоотод оршин суух Г.Мын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч МНБС хүлээн авагчийн аппарат, бууз, боорцог зэрэг эд зүйл хулгайлан 88.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч А.Цт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч А.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч нь МNBC хүлээн авагчийн аппаратаа буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөр байхгүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон 37 хоногийг хорих ялд оруулах тооцож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.