| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2413000000367 |
| Дугаар | 2025/ДШМ/14 |
| Огноо | 2024-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/14
М.В-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/02 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, яллагдагч М.В-д холбогдох эрүүгийн 2413000000367дугаартай, 1 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, яллагдагч М.В-, хохирогч К.Х-, орчуулагч А.Ахмерей, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ************ төрсөн, ** настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ** хүнтэй, ****** хамт ****************** багт оршин суудаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолоор 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай У ургийн овогтой М.В- /РД: ***********/
2. Яллагдагч М.В- нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар /Улаан толгой/ багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ хохирогч К.Х-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж биед нь “зүүн гайморын хөндий урд хана цөмөрсөн хугаралттай, зүүн нүдний ухархайн дотор хана хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
3. Прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 285 дугаар яллах дүгнэлтээр М.В-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/02 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч У овогт М.В-д холбогдох эрүүгийн 2413000000367 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр дараах үндэслэлээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаажээ. Үүнд:
4.1. Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” санал, яллагдагч М.В-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллах дүгнэлт зэрэгт гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг “Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар /Улаан толгой/ багийн нутаг дэвсгэр” гэж тодорхойлсон байх боловч энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй,
4.2. Яллагдагч М.В-гийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг зөвхөн түүний урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргийг хэрэгт хавсаргах ажиллагаагаар хязгаарлаж, яллагдагчийн хувийн бичиг баримтын мэдээлэл, гэр бүлийн байдлын талаарх мэдээлэл, түүний ажил, амьдралын хүрээн дэх хувийн зан байдал, эд хөрөнгийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал гэх мэт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг холбогдох эрх бүхий байгууллагуудаас гаргуулан авах, гэрч асуух зэрэг аргаар тогтоох ажиллагааг гүйцэтгээгүй байна.
4.3. Түүнчлэн хохирогч К.Х- нь гэмт хэрэгт өртсөний дараа Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотод Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь тогтоогдож байх тул тэдгээр байгууллагаас К.Х-ын өвчний түүхийн хуулбарыг гаргуулан хэрэгт хавсаргах нь зүйтэй.
5. Прокурорын эсэргүүцэлд:
5.1. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Аянагүл би, яллагдагч М.В-д холбогдох 2413000000367 дугаартай эрүүгийн хэрэгт 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
5.2. Хэргийг тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд шүүгчийн 2025/ШЗ/02 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Ингэхдээ “...гэмт хэрэг хэзээ, хаана ямар газарт, хэрхэн ямар байдлаар, яаж үйлдэгдсэнийг эргэлзээгүй байдлаар нотлох, ...яллагдагчийн хувийн бичиг баримтын мэдээлэл, гэр бүлийн байдал, түүний ажил, амьдралын хүрээн дэх хувийн зан төлөв, эд хөрөнгө, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал гэх мэт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргуулан авах, гэрч асуух, ...хохирогч К.Х- нь гэмт хэрэгт өртсөний дараа Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотод Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлсэнтэй холбоотой өвчний түүхийг хуулбарыг хэрэгт хавсаргах ...зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгүүлэх шаардлагатай...” гэж дүгнэсэн.
5.3. Шүүгчийн захирамжийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
“...гэмт хэрэг хэзээ, хаана ямар газарт, хэрхэн ямар байдлаар, яаж үйлдэгдсэнийг эргэлзээгүй байдлаар нотлох...” үндэслэлийн талаар.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч К.Х-ын “...гэрт байж байтал М.В- манай гэрт ирээд хоол идээд яв гэхээр нь би тэдний гэрт очоод хоол идээд сууж байтал М.В- 2 ширхэг 2,5 литрийн "Сэрүүн" нэртэй пиво гаргаж ирээд уусан. Удалгүй би ч гараад явж байхад замд М.В- тааралдаад... намайг баруун гараараа миний зүүн талын нүд рүү нэг удаа цохихоор нь миний толгой өвдөөд газар суухад хөлөөрөө толгой хэсэгт өшиглөсөн...” гэх,
Яллагдагч М.В-гийн “...К.Х- нь манай гэрээс гараад явж байсан ... тэгээд би “чи газрын даамал болчихсон юм уу хил зааг тогтоодог хэн бэ” гэж бид хоёр хэрэлдэж би түүний нүүр хэсэгт гараа атгаж байгаад 2 удаа хүчтэй цохьсон...” гэх мэдүүлэг болон яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлийн биеийн байцаалт хэсэг, хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч М.В- нь “Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар /Улаан толгой/ багт оршин суудаг” талаар бичигдсэн тул гэмт хэрэг гарсан газарт заавал хэргийн газрын үзлэг хийх байдлаар тогтоох шаардлагагүй гэж үзэж байна.
5.4. “...яллагдагчийн хувийн бичиг баримтын мэдээлэл, гэр бүлийн байдал, түүний ажил, амьдралын хүрээн дэх зан төлөв, эд хөрөнгө, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал гэх мэт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргуулах авах, гэрч асуух...” үндэслэлийн талаар.
Шүүгчийн захирамжид дурдсан бүх баримтууд хавтас хэрэгт авагдаагүй ч яллагдагчийн иргэний үнэмлэхийн хуулбар болон урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаарх баримт, шийтгэх тогтоол болон цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргасан.
Гэхдээ шүүх хуралдаанд гаргасан талуудын санал, хэлэлцэгдсэн асуудлуудын хүрээнд буюу яллагдагчийн гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байсан бөгөөд прокурорт буцаасан шийдвэр гарсны дараа талууд хохирлын талаар маргахгүй болсноо прокурорт мэдэгдсэн учир эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын хүрээнд анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж, шуурхай шийдвэрлүүлэх, яллагдагч, хохирогчийг чирэгдүүлэхгүй байх нь тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалсан шийдвэр байх боломжтой гэж үзэж байна.
/Яллагдагч М.В-, хохирогч К.Х- нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг хавсаргав/.
5.5. “...хохирогч К.Х- нь гэмт хэрэгт өртсөний дараа Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотод Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлсэнтэй холбоотой өвчний түүхийг хуулбарыг хэрэгт хавсаргах...” үндэслэлийн талаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан. Гэтэл захирамжид дурдсан дээрх үндэслэл нь ямар зорилгоор тухайн ажиллагааг хийлгэх болсон эсэх нь тодорхой бус, ойлгомжгүй байна.
5.6. Иймд 2025/ШЗ/02 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.
6. Яллагдагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. Надад хэлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. 1,000,000 төгрөгийн хохирол үлдсэн байсан. Ээж маань өвдөөд, үлдсэн мөнгийг өгөх гэж байсан хугацаанд өгч чадаагүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. 10 хоногийн дотор хохирлыг бүрэн барагдуулж өгнө гэв.
7. Хохирогчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
7.1. Үлдсэн хохирлыг төлж өгөхийг хүсэж байна. Хэргийг хөнгөрүүлж, хурдан, шуурхай шийдвэрлэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
8. Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид холбогдуулж гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж үзээд, хууль ёсны зарчмыг хангаагүй буюу хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дараах үндэслэлүүдээр хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг 3 үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж болох ба энэ нь (1) хэргийн бодит байдлыг тогтоох, (2) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим болон (3) мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг тус тус хангахад чиглэгдсэн байх шаардлагатай.
Гэтэл М.В-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид тусгасан үндэслэлүүд нь хуулийн дээрх урьдчилсан нөхцөлүүдэд тохироогүй учраас шүүгчийн захирамжийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, хүчингүй болгов.
10. Шүүгчийн захирамжийн эхний үндэслэлд “Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” санал, яллагдагч М.В-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллах дүгнэлт зэрэгт гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг “Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар /Улаан толгой/ багийн нутаг дэвсгэр” гэж тодорхойлсон боловч энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй” гэжээ. Гэтэл гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 01 дэх тал/, хохирогч К.Х-аас мөн өдөр авсан мэдүүлэг /хэргийн 5-6 дахь тал/, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр М.В-гаас яллагдагчаар авсан мэдүүлэг /хэргийн 25 дахь талын арын нүүр/, яллагдагчийн оршин суугаа газрын талаарх түүний иргэний үнэмлэхийн /хэргийн 14 дэх тал/ арын нүүрт хийсэн тэмдэглэл зэргээр гэмт хэрэг гарсан байдал буюу тухайн үйлдэл холбогдлыг хэзээ, хаана, яаж үйлдсэн талаарх баримтат мэдээлэл хангалттай тусгагдсан, харилцан зөрүүгүй байх тул “гэмт хэргийг хаана үйлдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.
11. Хэрэгт яллагдагч У ургийн овогтой М.В- /РД:***********/-ийн хувийн байдлыг тодорхойлох баримтат мэдээллүүд хэд хэдэн нотолгооны хэрэгсэлд тусгагдсан бөгөөд энэ талаар шүүгчийн захирамжид дурдагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолоос гадна яллагдагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 14 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 26 дахь тал/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ. Түүнчлэн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн яллагдагчийн мэдүүлэгт тусгагдсан түүний хувийн байдалтай холбоотой баримтат мэдээллүүд нь дээр дурдсан хоёр төрлийн нотолгооны хэрэгслүүдтэй ноцтой зөрүүгүй байх бөгөөд яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн газар, он, сар, өдөр, түүний оршин суугаа газар болон ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээллийг болон шүүгчийн захирамжид дурдсанчлан, хэрвээ шаардлагатай гэж үзвэл “түүний ажил, амьдралын хүрээн дэх хувийн зан байдал, эд хөрөнгийн байдал” зэргийг тодруулах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байх тул “яллагдагчийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг зөвхөн түүний урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр хязгаарласан” гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, тухайн 1 хавтастай хэргийн хувьд яллагдагч М.В-гийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг хэрэгт цугларсан нотлох баримтууд болох түүний иргэний үнэмлэхийн хуулбар, анхан шатны шүүхийн 2022 оны 2022/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоол болон бусад баримт бичгүүд, мөн түүний мэдүүлгийн хүрээнд, мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдэгдсэн зарим тэмдэглэлүүд /хэргийн 20-23 дахь тал/, яллагдагчаас мэдүүлэг авсан болон түүнд эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл /хэргийн 24-25 дахь тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 26 дахь тал/, прокурорын яллах дүгнэлтийн 3 дахь хуудаст 1 удаа тус тус яллагдагчийн нэрийг “М.В” гэж буруу ташаа бичсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэргийн 14 дэх талд авагдсан яллагдагч М.В-гийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хэргийн 28 дахь талд авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолтой харьцуулан үзвэл, яллагдагчийн нэрийг У ургийн овогтой М.В- /РД:*********/ гэж тусгагдсан нь зөрүүгүй байх ба прокурорын яллах дүгнэлтэд гарсан яллагдагчийн нэрийг буруу ташаа бичсэн үг, үсгийн техникийн шинжтэй алдааг түүний хүсэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэлэлцэн шийдвэрлэх хууль зүйн боломжтойг тэмдэглэх нь зүйтэй.
Харин хэрэгт авагдсан яллагдагч У ургийн овогтой М.В-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолоор түүний ургийн овог, эцгийн болон өөрийн нэр тодорхой тогтоогдож байхад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид яллагдагчийн нэрийг “В” гэж буруу ташаа бичсэнийг тэмдэглэж байна.
13. Шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 829 дүгээр дүгнэлтээр хохирогчийн биед зүүн гайморын хөндийн урд хана цөмөрсөн хугаралттай, зүүн нүдний ухархайн дотор хана хугаралттай, зүүн гайморын хөндийд цустай, зүүн талд эрүү, нүд, нүүрний орчимд зөөлөн эд хийтэй, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавантай, хамрын нурууны зүүн хажуу талд 3 ширхэг оёдол тавьсан няцарсан шархтай, зүүн хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдсон, энэ нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарах талаар мэдээлэл тусгагдсан,
- тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гаргаж өгсөн баримтаар хохирогч К.Х- нь Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 2024 оны 10 дугаар сард хоёр удаа амбулаторийн тусламж, үйлчилгээ авч 40,000 төгрөгийн дүнтэй үйлчилгээг, мөн оны 11 дүгээр сард “Мэс засал” гэх тусламж үйлчилгээ авч үүнд төлбөр төлөгдөөгүй, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгээс 1 удаа үнэ төлбөргүй яаралтай тусламж, үйлчилгээ авч, Бугат сумын Эрүүл мэндийн төвөөс 2024 оны 10 дугаар сард 127,015.2 төгрөгийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас хариуцсан талаар мэдээлэл тусгагдсан,
- хэргийн 43-54 дэх талд хохирол төлбөртэй холбоотойгоор хохирогчийн хувиасаа төлсөн эмчилгээний зардлын баримтууд, хэргийн 55 дахь талд мөрдөгчийн үйлдсэн хохирлын талаарх хүснэгт бүхий тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслүүдээс үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад хамаарах “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-ний талаарх баримтат мэдээлэл тухайн хэргийн хувьд хангалттай бүрдсэн байхад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хохирогч К.Х-ын өвчний түүхийг зохих байгууллагаас гаргуулан авч, хэрэгт хавсаргахын тулд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль нэг заалтад нийцээгүй.
14. Иймд дээр дурдсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг зөрчсөн, хуульд заасан урьдчилсан нөхцөлүүдийг хангаагүй “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
Яллагдагчийн хувийн байдлыг харгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэвийн явагдах нөхцөлийг хангах, саад учруулахгүй байх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар яллагдагч М.В-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/02 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Яллагдагч М.В-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.Отгонхишиг
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК