| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2413001430215 |
| Дугаар | 2025/ДШМ/15 |
| Огноо | 2025-03-28 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/15
С.Е-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/302 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Е-д холбогдох эрүүгийн 2413001430215 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч С.Е-, түүний өмгөөлөгч С.Нургайып, А.Серикжан, орчуулагч А.Ахмерей, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********* төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, ********** хамт *********багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж овогт С.Е-, РД:**************;
2.Шүүгдэгч С.Е- нь 2024 оны 1 сараас 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймаг Толбо сумын 5 дугаар /Хөх толгой/ багийн “Хар намаг” гэх газарт бэлчиж байсан хохирогч К.К-ий эзэмшлийн 11 тооны, хохирогч Ж.Ө- эзэмшлийн 2 тооны ямаа буюу олон тооны бог малыг хулгайлан, хохирогч К.К-д нийт 1,470,000 төгрөгийн, хохирогч Ж.Ө-т 220,000 төгрөгийн хохирол тус тус учруулан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
3. Прокурорын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 162 дугаар яллах дүгнэлтээр С.Е-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/302 дугаар шийтгэх тогтоолоор:
4.1. Шүүгдэгч Ж овогт С.Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2. Шүүгдэгч С.Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар хорих шийтгэж,
4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-д оногдуулсан 2 /хоёр/ жил, 8 /найм/ сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
4.4. Шүүгдэгч С.Е- нь бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэгт нэгтгэсэн ба тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Миний бие С.Е- миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/302 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдлоо гаргаж байна.
5.2. Би яллагдагчаар татсан тогтоолын зарим хэсгийг буюу Ж.Ө-ийн 2 ямааг хулгайлсан гэх хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин К.К-ий 11 ямааг хулгайлж авсан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа.
5.3. Хохирогч К.К- нь өөрийнх нь 11 тооны ямааг приус маркийн тээврийн хэрэгсэл унасан 3 залуу хулгайлсан талаар Толбо сумын 5 дугаар багийн иргэн Х овогтой Ха болон миний эцэг К.С нарт хэлсэн байжээ. Уг тээврийн хэрэгслийн дугаар болон ямар царай зүстэй 3 хүн хулгайлсан талаар тодорхой хэлснийг Х.Ха болон миний эцэг К.С нар сонссон байсан учраас тэдгээрээс гэрчийн мэдүүлэг авхуулахаар мөрдөн байцаалтын шатандаа болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж өмгөөлөгчөөр дамжуулан нэмэлт ажиллагаа гаргахаар хүсэлт гаргасан юм. Би мөрдөн байцаалтын шатандаа мэдүүлэг өгөх явцад ийм хүсэлт гаргасан боловч мөрдөгчөөс огт шийдвэрлэхгүйгээр миний эрхийг зөрчсөн.
5.4. Миний эцэг К.С нь өөрийн гэсэн мал хөрөнгөтэй бөгөөд 2024 оны 1 дүгээр сарын сүүлээр, мөн 2 дугаар сарын эхэнд өвлийн хүндрэлийн үед өвлийн хүндрэлээс гарч чаддаггүй ямаануудыг нядалж, арьсыг нь худалдаж, махыг хүнсэндээ хэрэглэсэн байсан. Үүнийг нүдээрээ харсан манай хөрш болох Б.Е-ны эхнэр Т.Г гэдэг хүнийг гэрчээр асуулгах талаар хүсэлт гаргасан боловч мөн миний хүсэлтийг огт авч хэлэлцээгүй.
К.К-ий 11 тооны ямааг авсан гэж намайг үндэслэлгүйгээр гүтгэсэн бөгөөд намайг шүүхээс ямар ч нотлох баримтгүйгээр хийгээгүйг хэргийг хүчээр тулгаж гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.
5.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/302 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ж.Ө-ийн 2 ямааг хулгайлсан хэрэгт буюу өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэмжээнд ял оногдуулж өгнө үү.
6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:
6.1. Шүүгдэгч С.Е-г олон тооны мал хулгайлсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг дээрх зүйл заалтаар шийдвэрлэсэн. Ингэхдээ өмгөөлөгч нарын хэлээд байгаа хохирогч К.К-д учирсан хохирлыг төлж барагдуулсан гэх үндэслэлээр түүнийг буруутгаагүй. Хохирогч К.К-д холбогдох төлбөрийг шүүгдэгч С.Е-н аав нь төлж барагдуулахдаа мөрдөгч, прокурорын зүгээс заавал төлж барагдуулах талаар ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй, сайн дурын үндсэн дээр шүүгдэгчийн аав нь төлбөрийг төлж барагдуулсан.
6.2. Өөрөөр хэлбэл, К.К-ы 11 тооны ямааг хулгайлсан үйлдэл нь бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. С.Е- өөрөө дансны хуулгатай холбоотой 65,000 төгрөг 3 тооны ямааны арьсны мөнгө гэдгийг хэллээ. Энийг шүүх хуралдааны танхимд байгаа хүмүүс бүгдээрээ сонссон. 2 тооны ямааны арьсны хувьд тухайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа гэж байгаа боловч мэдүүлгийнхээ агуулгын хүрээнд зөрүүтэй мэдүүлэг өгч байна. Түүний дээрх гэмт хэрэг үйлдсэн болохыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэх эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна.
6.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч 13 тооны ямааны хулгайлсан бол 2 ямааны арьснаас бусад нь хаана байгаа вэ гээд байна. Малын ченж нарын хувьд арьсыг худалдаж аваад, түүнд тодорхой хэмжээний мөнгө нэмээд, бусдад худалдаж борлуулж, ашиг үздэг гэхээс биш тухайн малын арьсыг хадгалах зориулалтаар худалдаж аваагүй, заавал малын арьс байх нь шаардлагатай биш гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл олон тооны ямаа хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч, ченж нарын мэдүүлэг, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Е-н гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
9. Шүүгдэгч С.Е- нь 2024 оны 1 сараас 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймаг Толбо сумын 5 дугаар /Хөх толгой/ багийн “Хар намаг” гэх газарт бэлчиж байсан хохирогч К.К-ий 11 тооны, хохирогч Ж.Ө-ийн 2 тооны ямаа буюу олон тооны бог малыг хулгайлан, хохирогч К.К-д нийт 1,470,000 төгрөгийн, хохирогч Ж.Ө-т 220,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-09 дэх тал),
- Хохирогч К.К-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
- Хохирогч Ж.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
- Хохирогч Ж.Ө-ийн хулгайд алдагдсан 2 тооны ямааны арьсыг түүхий эдийн ченж С.А-ээс хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 34-37 дахь тал),
- ХААН банк дахь иргэн С.А-ийн ************ тоот дансны хуулга (хавтаст хэргийн 65-72 дахь тал),
- Гэрч К.С-ийн “...миний бие нь И.Е-ын хамт бэлчээрт байгаа адуун сүрэгт өвс өгөхөөр явж байх замд сумын төвөөс 2-3 км зайд, хээр газарт шуудаатай нядалсан мах байсан. Уг шуудаатай махыг 2024 оны 1 сарын сүүлээр харсан. Тэгээд дараа нь сумын зарим хүмүүсээс шуудаатай толгойгүй ямааны мах байна гэж сонссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),
31. Гэрч С.А-ийн “...Толбо сумын төвд түүхий эдийн ченжийг 4 жил хийсэн. Манай сумын иргэн С.Е-аас 2023 оны 12 дугаар сарын 09- ний өдөр хар зүсмийн 1 тооны ямааны арьс, 2024 оны 01 дүгээр сард нийт 3 удаа 5 тооны хар, шар зүсмийн ямааны арьс, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэг тооны хар зүсмийн ямааны арьс, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1 тооны хар зүсмийн ямааны арьс, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэг тооны хар зүсмийн ямааны арьс, 2024 оны 3 дугаар сарын 07-ны орой 2 тооны хар зүсмийн ямааны арьс нийт 11 тооны ямааны арьс авч ирж өгсөн. Уг ямааны арьс нь дандаа шинээр нядалсан, толгойгүй, ихэнх үед шийртэй хамт ирдэг байсан. С.Е-гийн надад өгсөн ямааны арьснууд нь 3-4 насны эх ямаа болон сэрх ямааны арьс байсан. С.Е-аас худалдаж авсан арьснуудыг авахдаа мөнгийг нь заримыг нь бэлнээр, заримыг нь дансаар өгдөг. Уг дансаар явуулсан мөнгөний дансны хуулгыг танд гаргаж өгөх болно. С.Е-аас худалдаж авсан 11 тооны ямааны арьсыг янз бүрийн үнээр худалдаж авсан ба 35,000-40,000 төгрөгийн хооронд худалдаж авсан. Тухайн үеийн ямааны арьсны ханш тийм үнэтэй байсан. Тухайн арьсыг худалдаж авсан он, сарыг санаж байна. С.Е-аас худалдаж авсан арьс бол хулгайн малын арьс гэдгийг огт мэдээгүй бөгөөд С.Е-аас асуухад манай өөрийн үхсэн ямааны арьс байгаа юмаа гэхээр нь итгэж тухайн үеийн ханшаар худалдаж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),
- Гэрч С.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Толбо сумын төвд түүхий эдийн ченжийг 4 жил хийсэн. Манай сумын иргэн С.Е-аас 2024 оны эхээр байх хар зүсмийн 2 тооны ямааны арьсыг 36,000 төгрөгөөр худалдаж авсан. Уг ямааны арьс нь шинээр нядалсан, толгойгүй, байсан. С.Е-гийн надад өгсөн ямааны арьс нь 2-3 насны ямааны арьс байсан. С.Е-аас худалдаж авсан ямааны арьсны мөнгийг бэлнээр 36,000 төгрөг өгсөн. С.Е-гаас худалдаж авсан 2 тооны ямааны арьсыг тус бүр 18,000 төгрөгөөр нийт 36,000 төгрөгөөр худалдаж авсан ба тухайн үеийн ямааны арьсны ханш тийм үнэтэй байсан. Тухайн арьсыг худалдаж авсан он сарыг сайн санахгүй байна. С.Е-аас худалдаж авсан арьс бол хулгайн малын арьс гэдгийг огт мэдээгүй бөгөөд С.Е-аас асуухад манай өөрийн үхсэн ямааны арьс байгаа юмаа гэхээр нь итгэж тухайн үеийн арьсны ханшаар худалдаж авсан. Хулгайн малын арьс гэдгийг огт мэдээгүй болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дэх тал),
- Шүүгдэгч С.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Ж.Ө-ийн 2 тооны ямааг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин К.К-ий 11 тооны ямааг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Ө-ийн хохирлыг манай аав өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал),
- Хохирогч Ж.Ө-ийн “...би өөрийн 2 тооны ямааг 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд бэлчээрт нядлаад арьсыг нь аваад махыг нь хаячихсан байсан ба өөрийн малын зүсийг мэддэг учраас сумын ченж хийдэг А-т ямааны арьс зарсан хүн байгаа эсэхийг асуухад тэрээр С.Е- 2 тооны ямааны арьс зарсан гэж хэлсэн бөгөөд би очиж үзэхэд миний 2 тооны ямааны арьс мөн байсан тул цагдаад гомдол гаргасан юм. Миний 2 тооны ямааны хохиролд С.Е-гийн аав болох С нь 2024 оны 3 сард 250,000 төгрөг бэлэн өгч уучлалт гуйсан тул би уучилсан. Одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107 дахь тал),
- Хохирогч К.К-ий "... миний хулгайд алдагдсан ямааны хохиролд 2024 оны 3 сард С.Е-гийн аав болох С 250,000 төгрөг бэлнээр өгч уучлалт гуйсан. Тэрний дараа 2024 оны 5 сарын дундуур С-ын эхнэр Г, түүний ... дүү нар манай гэрт ирж бэлэн 1,250,000 төгрөг бэлнээр өгсөн. С.Е-г уучлаарай гэж хэлээд өгсөн. Тэр үед би С.Е- хэрэг хийсэн бол өөрөө ирээд яагаад уучлалт гуйдаггүй юм гэж хэлсэн. Надад нийт 1,500,000 төгрөг өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад хохиролтой холбоотой гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал) зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.
10. Шүүгдэгчээс хохирогч К.К-ий өмчлөлийн 11 тооны ямааг хулгайлж, 1,470,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч түүний үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг нь иргэн К.К-ий гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч С.А, хохирогч К.К- нарын мэдүүлэг, гэрч С.А-ийн ************ тоот ХААН банкны дансны хуулга, хохирогч К.К-ий хулгайд алдсан ямааны өнгө зүс, цаг хугацаа нь гэрч С.А-ийн С.Е-гаас худалдаж авсан ямааны арьснуудын өнгө зүс, арьс худалдаж авсан, мөнгө шилжүүлсэн цаг хугацаатай нь тохирч байгаа байгаа нөхцөл байдал зэргээр хангалттай тогтоогдсон тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болжээ.
11. Шүүгдэгч С.Е-д холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн ба шүүхийн шатан хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон талуудын мэтгэлцээнийг үндэслэж хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв тогтоосон байна.
Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь С.Е-н олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ. Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч С.Е- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй сэргээн тогтоосон, мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
13. Иймд шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Е-г хуульд заасан төрөл, хэмжээний дотор 2 жил, 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
14. Шүүгдэгч С.Е-гийн “…ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлыг хянаж үзэхэд, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, түүнд оногдуулсан хорих ял гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангасан учраас шүүгдэгч С.Е-гийн “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан “...хохирогч К.К-ий 11 тооны ямааг хулгайлаагүй...” гэсэн гомдол үндэслэлгүй, шүүгдэгчийн гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/302 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Е-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ