Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/ма2017/00884

 

 

 

 

 

 

 

 

 

Бид финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/00626 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Бид финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Ганбатад холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 86 893 967 төгрөг гаргуулах, барьцааны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангууулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Г.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ганхуяг

Хариуцагч: Г.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Ганбат нь 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ20150609003 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, С.Данзангийн гудамжны 12/1 дүгээр байрны 2 тоотын 107.54 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, Бид финанс ББСБ ХХК-иас 18 сарын хугацаатай 40 000 000 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Г.Ганбаттай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан бөгөөд зээлийг төлж барагдуулахаар удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Г.Ганбатаас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 40 000 000 төгрөг, зээлийн хүүнд 34 379 966 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 614 000 төгрөг, түүнчлэн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн № ЗГ20150609003 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 7 900 000 төгрөг, нийт 86 893 966 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Бид Финанс ББСБ-иас 40 000 000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай авсан юм. Гэвч тухайн үеийн нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж уг зээлийг хугацаанд нь бүрэн төлж чадаагүй байгаа болно. Зээлийн эхний 2 сарын хүүг хуваарийн дагуу бүрэн төлсөн бөгөөд бусад сарын хүүг бүрэн төлж чадаагүй юм. Миний хувьд нөөц бололцоогоо шавхан зээл болон зээлийн хүүг төлж барагдуулах болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 169 дүгээр зүйлийн 169.1дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ганбатаас 77 953 967 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бид Финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 940 000 төгрөгөнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч үүргийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийн барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, С.Данзан гудамж 12/1 дүгээр байрны 2 тоот хаягт орших 107.54 м.кв талбайтай ГД:0002296749, УБД:Ү-220405697 дугаар бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бид Финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592 419 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганбатаас 547 719 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бид Финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Ганбат давж заалдах гомдолдоо: ...Зээлийн эхний 2 сарын хүүг бүрэн төлсөн бөгөөд дараах хүүг хэсэгчилэн төлж байсан юм. Энэ хугацаанд зээлийн хүүд 2015 онд 4 228 700 төгрөг, 2016 онд 990 000 төгрөг, 2017 онд 690 000 төгрөг, нийт 5 908 700 төгрөгийг Бид финанс ББСБ ХХК-д төлсөн. Дээрхи шийдвэрээр зээлд 40 000 000 төгрөг, зээлийн хүүд 34 379 967 төгрөг, нэмгэдүүлсэн хүүд 4 614 000 төгрөг, нийт 78 993 966 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн болно...Хариуцагчийн хувьд миний бие дээрхи шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа бөгөөд зээл болон зээлийн хүүг төлөх үүргийн хувьд маргаан байхгүй болно. Харин зээлийн хүүгийн тооцооллыг дахин хянуулах, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлүүлэх асуудлаар тус шүүхэд хандаж дараах хүсэлтийг гаргаж байна. Бид финанс ББСБ ХХК-иас 2010-2014 онуудад 3 удаа зээл авч байсан бөгөөд тухайн зээлүүдийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулж байсан юм. Энэ удаагийн зээлийн эхний 2 сарын хүүг бүрэн төлсөн бөгөөд цаашид төлбөл зохих зээлийн хүүг бүрэн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан зээлийн хүүг хөнгөрүүлсэн хүү буюу сарын 3.5 хувийн хүүгээр тооцож төлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх болон Бид финанс ББСБ ХХК-д гаргаж байна. Зээлийн хөнгөрүүлсэн хүүгээр тооцвол төлбөл зохих зээлийн хүү 25 200 000 төгрөг юм. (40 000 000 төгрөг х 3.5% х 18 сар = 25 200 000) Үүнээс зээлийн хугацаанд төлсөн 5 908 700 төгрөгийг хасч тооцвол 19 291 300 төгрөг болох юм.

Зээлийг хугацаанд нь төлж чадаагүй нь зөвхөн надаас шалтгаалагүй бөгөөд өөр олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Иймд зээлдэгч ба зээлдүүлэгч 2 тал бие биенээ хүндэтгэн, цаашид харилцан туслалцаж, хамтран ажиллах үүднээс нэмэгдүүлсэн хүү 4 614 000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Бид финанс ББСБ ХХК нь хариуцагч Г.Ганбатад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 86 893 967 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Талууд 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ20150609003 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч нь 40 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, С.Данзангийн гудамж, 12/1 байрны 2 тоотод байрлах, 107.54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.Отгонцэцэгээс Г.Ганбатад олгосон итгэмжлэл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, талуудын тохиролцоо Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. /хх 3-5, 7-8, 10/

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Г.Ганбат нь зээлийн гэрээний үүргээс гэрээний хугацаанд 2 846 700 төгрөг зээлийн хүүд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн төлбөрт 1 040 000 төгрөг төлсөн, түүнээс хойш хугацааны зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүх уг төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 77 953 967 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүх нэхэмжлэгч Бид финанс ББСБ ХХК-ийн хууль зүйн үйлчилгээний төлбөрт төлсөн 7 900 000 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүрэг гүйцэтгүүлэгчид шууд учирсан хохиролд тооцох боломжгүй гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй.

 

Мөн шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэг гэж өөрчлөлт оруулав.

Хариуцагч Г.Ганбатад 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байх ба шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/00626 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1... гэснийг ...Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул... гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Ганбатын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Д.ЦОГТСАЙХАН