| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/03604/И |
| Дугаар | 192/ШШ2025/09925 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/09925
2025 11 27 192/ШШ2025/09925
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ** тоот хаягт байрлах, Н ХХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоот хаягт байрлах, Т ХХК /РД:**/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 55 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2019 оноос эхлэн уул уурхай болон хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлт болон инженерчлэлийн шийдэл, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үндсэн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд хариуцагч болох "Т" ХХК- аас гаргасан санал, хүсэлтийн дагуу 2022 оноос эхлэн 2023 оныг дуустал хугацаанд дараах сэлбэг болон өрөмдлөгийн багаж хэрэгслийг ханган нийлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэлэлцэн тохирсон гэрээний зүйлийн үнийг төлж барагдуулаагүй тул ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авна уу. 2022 оны 05 сараас эхлэн мөн оны 12 сарыг хүртэл хариуцагчид дараах сэлбэг болон өрөмдлөгийн багаж хэрэгслийг нийлүүлсэн болно. Үүнд:
-2022 оны 05 сарын 09-ны өдөр нийт 13 500 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг Трикон бит 9" CN51 болон CN37 загварын тоног төхөөрөмж;
-2022 оны 08 сарын 15-ны өдөр 8 000 000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг Трикон бит 9" CN51 загварын тоног төхөөрөмж;
-2022 оны 11 сарын 18-ны өдөр 8 000 000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг Трикон бит 9" CN51 загварын тоног төхөөрөмж;
-2022 оны 12 сарын 23-ны өдөр 8 000 000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг Трикон бит 9" CN51 загварын тоног төхөөрөмж, нийт 37 500 000 төгрөгийн үнэ бүхий сэлбэг, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн болно.
Хариуцагч нь ийнхүү 2022 оны байдлаар нийт 37 500 000 төгрөгийг төлж барагдуулахаас 25 500 000 төгрөгийг төлж, 12 000 000 төгрөгийн тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Энэхүү тооцооны үлдэгдлийн баталгааг талуудын эрх бүхий төлөөлөл харилцан баталсан болно. 2023 оны 01 сарын 23-ны өдөр хариуцагчтай “Сэлбэг болон өрөмдлөгийн багаж хэрэгслийг ханган нийлүүлэх гэрээ"-г бичгээр байгуулж, хариуцагч талын захиалгын дагуу тоног төхөөрөмж тухай бүр нийлүүлж байхаар талууд харилцан тохиролцож дараах тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Үүнд:
-2023 оны 02 сарын 10-ны өдөр 8 300 000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг Трикон бит 9" CN51 загварын тоног төхөөрөмж;
-2023 оны 03 сарын 02-ны өдөр нийт 18 379 379 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг сэлбэг болон өрөмдлөгийн багаж хэрэгслүүдийг;
-2023 оны 05 сарын 04-ны өдөр нэг бүр нь 18 870 008 төгрөгийн үнэ бүхий өрөмдлөгийн хоолой хоёр ширхэг, нэг ширхэг өрмийн хоолойны холхивч 7 046 327 төгрөг, нийт 49 264 979 (НӨАТ орсон) тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.
Ийнхүү хариуцагчид нийт 75 944 358 төгрөгийн үнэ бүхий сэлбэг болон өрөмдлөгийн багаж хэрэгслийг худалдсан бөгөөд хариуцагч үүнээс 47 244 369 төгрөгийг төлж, үлдэгдэл 28 700 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-т "Худалдан авагч нь худалдагчаас хүргүүлсэн нэхэмжлэхэд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө" гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт алдангийн хэмжээ 20 897 319 төгрөг болж, 2023 онд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцвол 14 350 000 төгрөг болсон. Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Г.Э-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, мэдэгдсэн боловч "...одоогоор төлбөрийг төлөх боломжгүй байна, удахгүй хийнэ..." гэсээр сүүлдээ утсаа авахгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд дээр дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж "Сэлбэг болон өрөмдлөгийн багаж хэрэгслийг ханган, нийлүүлэх гэрээ"-ний дагуу төлөгдөх 2022 оны үлдэгдэл төлбөр 12 000 000 төгрөг, 2023 оны үлдэгдэл төлбөр 28 700 000 төгрөг, төлөгдөх ёстой алданги 14 350 000 төгрөг, нийт 55 050 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “...Нэхэмжлэгч Н ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 55 050 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаас 7 175 000 төгрөгийг хасч, үлдэх 47 875 000 төгрөгийг гаргуулахаар тохиролцож, эвлэрэв. Хариуцагч Т ХХК нь нийт 47 875 000 төгрөгийн төлбөрийг Н ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь MN** харилцах дансанд дараах хуваарийн дагуу олгохоор тохиролцов. Үүнд, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 15 950 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 15 950 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 15 975 000 төгрөгөөр төлнө.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 55 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 55 050 000 төгрөгийн 7 175 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 47 875 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 15 950 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 15 950 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 15 975 000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 55 050 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 55 050 000 төгрөгийн 7 175 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 47 875 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 15 950 000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 15 950 000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 15 975 000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н ХХК-ийн урьдчилан төлсөн 433 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 216 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ