| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00375/и |
| Дугаар | 150/шш2025/00387 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 150/шш2025/00387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *****хот, *****дүүрэг, ****-р хороо ****тоотод оршин суух, ******/РД:ПЗ72030103/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****аймгийн *****сумын ***-р баг, ****тоотод оршин суух, ******/РД:****** /-д холбогдох,
*****аймгийн *****сумын ****баг, *****Хөтөл ***гудамж *****орон сууцнаас албадан нүүлгэж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч**** нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****хариуцагч ****хариуцагчийн өмгөөлөгч *****шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *****нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1995 оноос 2015 он хүртэл 20 жил хамт амьдарсан. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 27 дугаартай шүүхийн шийдвэрээр ****бид хоёрын гэрлэлт дуусгавар болж, охин ******миний асрамжид үлдээсэн.
Тухайн үед Ковидын хатуу хөл хориотой байсан учраас байр зарагдах боломж байгаагүй тул 2025 онд асуудлаа эцэслэж шийдүүлэхээр шүүхэд хандаж байгаа нь энэ юм. Хариуцагч талыг байраа чөлөөлж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Охин **** одоо 3 дугаар курсын оюутан. Удахгүй сургуулиа төгслөө. ****тэтгэвэр тогтоолгох хүртэл байраа зарахгүй байя гэдэг, харин би бүх хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд дээр нь байр түрээслэх, амьжиргааны бусад зардлуудыг бүхэлд нь хариуцах нь миний хувьд хүндрэлтэй байна. ****байраа албадан чөлөөлүүлж, худалдан борлуулсан мөнгөөрөө охиндоо байрны урьдчилгаа хийж өгөх гэж өдий хүрсэн. Байр түрээслээд яваад байх үнэхээр хэцүү байна. Том болсон хүүхдийн хэрэгцээ шаардлага их байна. Миний зүгээс *****ядаж хүүхдэдээ гарын мөнгө өг гэсэн шаардлага тавьдаг. Бид хоёрын асуудлаас болж хүүхэд хохирох ёсгүй…”гэв.
Хариуцагч ****нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүүхдийн тэтгэмжийн тухайд үйлдвэр өвлийн саруудад ажилладаггүй, сул зогсолттой байдаг учраас гар дээр ирэх цалин, мөнгө амьжиргааны зардалд хүрдэггүйтэй холбоотой. Том охиноо оюутан байхад 4 жил сургалтын төлбөрийг төлсөн. Надад хурааж хуримтлуулсан зүйл байхгүй, орон сууц нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн. Тэтгэвэрт гартлаа байраа заралгүй байж байя, 2026 онд байраа заръя гэсэн саналтай байгаа боловч тохиролцоонд хүрээгүй. Байраа зараад 50-60 хувийг нь чамд өгье гэж зөндөө хэлсэн. Тухайн үед байсан байрны үнэлгээ өөрчлөгдсөн. Тэтгэвэрт гараад байраа заръя гэсэн саналтай байгаа. Үнийн өсөж, байрны үнэд ч гэсэн өөрчлөлт орсон...” гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****нь хариуцагч ****холбогдуулан ****орон сууцнаас албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, *****авахаар харилцан тохиролцсон тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр *****нарын ****2005 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин *****асрамжид үлдээж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд эд хөрөнгө болох *****орон сууцыг нэхэмжлэгч *****өмчлөлд үлдээж, орон сууцны ногдох хэсэг 9,000,000 төгрөгийг *****гаргуулж, *******олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 5-12/
Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******хаягт байрлалтай *****нарын өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001323711 дугаартай гэрчилгээ олгогдсон байна. /хх-ийн 17/
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж хуульчилжээ.
*******нар нь орон сууцны хууль ёсны өмчлөгч байх тул тэд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
*******нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэсний дагуу *****нь орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдсан байх тул түүнийг тухайн орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Иймд хариуцагч ***** орон сууцнаас албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 27 дугаартай шүүхийн шийдвэр гарснаас хойш *****орон сууцыг худалдан борлуулж, хариуцагч *****орон сууц авч өгөхөөр харилцсан тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ********** байрны ***** тоотод байрлалтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэгдсэн *** өрөө, *****м.кв орон сууцнаас албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *****улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА