| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2410000001303 |
| Дугаар | 2025/ДШМ/417 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/417
2025 04 08 2025/ДШМ/417
О.Жт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Е.Хулан,
хохирогч О.Ж,
шүүгдэгч О.Жийн өмгөөлөгч А.Очбадрал,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/505 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Жын гаргасан давж заалдах гомдлоор О.Жөд холбогдох эрүүгийн 2410000001303 дугаар хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
* овгийн О.Ж, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ****** мэргэжилтэй, **** ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамтаар Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, *** хотхоны * дугаар байрны ** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: **00000000/;
Шүүгдэгч О.Ж нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 1024 дүгээр байрны орчимд О.Жтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар хавсарч унагаах, өшиглөх зэргээр биед нь халдсанаас эрүүл мэндэд нь баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, хүзүүнд цус хуралт, зүүн сарвуу, баруун өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас О.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жөд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жөөс 3.293.400 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулан хохирогч О.Жад олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, дутуу авсан цалин хөлс, орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Жөөс нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч О.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие О.Жөөс хохирлоо гаргуулан авч эрүүл мэнддээ анхаарч эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд намайг зодсон этгээд О.Ж нь “чамд өгөх мөнгө байхгүй, тэгж байгаад мөнгөө аваарай, би удахгүй гадаад гарна, тэгэхээр чи юу ч үгүй хоцорно” гэх зэргээр бах таваа хангаж байна.
Шударга ёсны хууль үйлчилдэг бол энэ хүнээс миний эрүүл мэндэд учирсан болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү.
О.Ж нь шүүх хурал дээр бол хайлсан тугалга шиг буруугаа хүлээж, би цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэх зэргээр башир зан гаргадаг боловч хачир дээрээ аль болох мөнгө өгөхгүй байх сэтгэлээр ханддаг. Өгье гэсэн хүн ямар ч аргаар хамаагүй мөнгийг олж өгч болно гэж би боддог. Энэ хүн ажилтай хүн, гэтэл хохирогч нь бие, сэтгэл санаагаараа давхар хохирсоор байна.
Гэмт этгээд гадаад улс руу гарвал би эмчилгээний зардлаа болон сэтгэл санааны хохирол, цалингүй байсан хохирлоо хэнээс, хаанаас хэзээ гаргуулж авах вэ, шүүгч нар та бүхэн энэ бүхнийг сайтар нягтлан үзэж, хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолт болон орлого олж байсан мөнгөн дүнгээр миний ажилгүй байсан хугацааны хохирлыг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү.
Бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй хүнд торгох ял оногдуулсан нь учир дутагдалтай санагдаж байгаа тул тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү.
Миний бие сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон, адилхан эр хүн гэсэн сэтгэлээр хандаж байхад О.Ж нь “одоо шүүхээр орсон, би ялаа авсан, чиний хохирлыг боломжтой үедээ өгнө, гадаад руу гарна, тэгж байгаад л өгөх байх” гэх зэргээр намайг тавлаж байна.
Эрүүл мэнд, сэтгэл санаанд минь учирсан хохирлыг төлөхөөсөө илүү шүүхээс оногдуулсан 800.000 төгрөгийг төлөөд гадагшаа гарах санаа агуулж байна. Гэтэл иргэн би ингээд л хохироод хоцрох уу гэдэг асуудал үлдлээ.
Иймд шударга ёсны зарчмын дагуу иргэн миний эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирол, цалингүй байсан хугацааны хохирлыг тодорхой хугацааны дотор төлүүлэх, О.Жт оногдуулсан ял хэр тохиромжтой эсэхэд дүгнэлт хийж өгнө гэдэгт найдаж байна. Миний бие хуулийн байгууллага, шүүхийн байгууллагад бүрэн итгэж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Ж нь мөрдөгчтэй хуйвалдан хэрэгт хавсарган өгсөн бичлэгийг удаа дараа устгаж байсан. Энэ талаар мөрдөгчид гомдол өгсөн боловч одоо хүлээж авахгүй гээд аваагүй. Миний хууль мэдэхгүй байдлыг мөрдөгч ашиглаж байсан гэдэг нь хэргийн материалаас харагдах байх.
Сард дуудлага хэр их байхаас шалтгаалж орлого олдог, ингэхээр сард дунджаар 3.500.000 төгрөг гэж бодоход өдөрт 116.666 төгрөг ажилгүй байсан хугацааны 18 хоногийн цалин орлого болох 2.088.000 төгрөгийг нэхэмжилж байна. … Мөрдөгчийн үнэлгээтэй холбоотой хохирол төлбөрийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч О.Ж надтай утсаар холбогдож “би чамд мөнгө өгөх ёсгүй биз дээ, дахиж зодуулмаар байна уу” гэж доромжилж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүний толгойг нь илж болох уу” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч О.Ж нь ажилгүй байсан үеийн цалин, орлого болох 3-5 сая төгрөг, торгох ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй, сэтгэл санааны хохирол гаргуулах гэсэн 3 агуулгыг гомдолдоо дурдсан байна. Хэн аль нь зам тавьж өгөөгүй гэх шалтгаанаас үүдэж зодоон болж хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатад 3.100.000 төгрөгийн хохирлыг баримттай төлсөн. Хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой төлбөрийг төлсөн. Ажилгүй байсан хугацааны буюу 8 сард ажил хийгээгүй талаарх баримт байхгүй. Анхан шатны шүүхээс хохиролтой холбоотой ажилгүй байсан хугацааны баримт бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Хохирогчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Шүүгдэгчээс сэтгэл санааны хохирлыг төлөхдөө нэг сард 1.000.000 төгрөг өгье гэсэн санал гаргасан боловч хохирогч бүтэн авах талаар тайлбар хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очиж сэтгэцэд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Хохирогчийн эрхийг хязгаарласан эсхүл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор Е.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, сэтгэцэд учирсан хор уршгийн 1 дүгээр зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон 3.293.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, цалин хөлстэй холбоотой баримт хэрэгт байхгүй гэж үзэж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар дурдаж шийдвэрлэсэн байдаг. Хохирогч О.Ж цалин хөлсний орлого нэхэмжилсэн талаар болон шүүгдэгчид ял шийтгэл тохироогүй талаар гомдолдоо дурдсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгч О.Жийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч О.Ж 5-8 дугаар сарын хооронд ажил хөдөлмөр эрхэлсэн нь тогтоогддог. Хохирогч хэдий хугацаанд ажилгүй байсан талаарх баримт байхгүй учир анхан шатны шүүх хэргийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хохирогч эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн талаарх баримтыг гаргаж өгсөн. 1.968.418 төгрөгийн баримт байсан. Нийт 5.261.818 төгрөгийг хохирол, хор уршигт тооцож, 3.100.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн байдаг. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтад шүүгдэгч О.Жөөс 3.293.400 гаргуулж гэснийг 2.160.818 төгрөг гаргуулж гэж өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Ж нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 1024 дүгээр байрны орчим О.Жтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар хавсарч унагаах, өшиглөх зэргээр биед нь халдсанаас эрүүл мэндэд нь баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, хүзүүнд цус хуралт, зүүн сарвуу, баруун өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч О.Жын “…тухайн залуу уурлаад баруун гараараа миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохьсон, тэгээд намайг заамдаж аваад газар хөлөөрөө хавсарч унагаасан, унахдаа би баруун хөлнийхөө өвдөгний хэсгийг тэнд байсан жижиг төмөр хашлагат цохьсон, намайг унагасан байхдаа миний нуруу руу хоёр удаа өшиглөсөн. …” /хх- 8/
шүүгдэгч О.Жийн яллагдагчаар өгсөн “…миний уур хүрээд тухайн ахыг түлхэж унагаагаад, шороон зам дээр нэг удаа хавсарч унагаасан. … би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугийн үйлдэл дээр маргах зүйл байхгүй. …” /хх 56/ тус тус мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11099 дүгээр “…О.Жын биед баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, хүзүүнд цус хуралт, зүүн сарвуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. … хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” /хх 16/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1443 дугаар “…О.Жын сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. …” /хх 77/ тус тус дүгнэлтүүд,
хохирлын баримтууд /хх 29-36/, хохиролд тооцон мөнгө авсан талаарх баримт /хх 101-103/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч О.Жийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч О.Жийн О.Жтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хохирогч О.Ж “…миний эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирол, цалингүй байсан хугацааны хохирлыг тодорхой хугацааны дотор төлүүлэх, …ажилгүй байсан хугацааны 18 хоногийн цалин орлого болох 2.088.000 төгрөгийг нэхэмжилж байна, …хохирлоо төлөөгүй хүнд торгох ял оногдуулсан нь учир дутагдалтай санагдаж байгаа тул тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Аливаа хохирлын талаарх нэхэмжлэлийн шаардлага нь хуулиар стандарт тогтоосон шаардлагад нийцсэн, хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой төдийгүй хэн нэгэн орлого олж байсныг хууль, эрх зүйн хэм хэмжээний хүрээнд дүгнэх учиртай.
Өөрөөр хэлбэл, О.Ж нь хууль ёсны орлого олж байсан болохыг түүний мэдүүлгээс гадна бусад хууль ёсны эх сурвалжаар нотлохын зэрэгцээ хуульд үндэслэн шийдвэрлэнэ.
Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн өгсөн биеийн байцаалтад “хувиараа таксинд явдаг” /хх 153/ гээд “ЮБИКАБ” ХХК-ийн “...О.Ж нь ... өөрийн эзэмшлийн 62-83 УКА улсын дугаартай Приус 50 маркийн тээврийн хэрэгслээр зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллаж байгаа нь үнэн болно. ... О.Жын нь ...2024.08.01-2024.08.30-ны орлого 5.783.690 төгрөг байна...” гэсэн тодорхойлолт /хх 99/ гаргаж өгчээ. Үүнээс үзэхэд, тэрээр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил эрхэлж цалин хөлс авдаггүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, зөвхөн хувиараа таски үйлчилгээнд явдаг болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогчийн “ажилгүй байсан 18 хоногийн цалин” гаргуулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Харин хохирогч нь дээрх гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.
Мөн хохирогчоос эмчилгээний зардалд 1.968.418 төгрөг /хх 29-30, 32-33/ нотлох баримтаар нэхэмжилсэн ба шүүгдэгчээс 3.100.000 төгрөг хохирол төлбөрт төлсөн болох нь шүүгдэгч, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, бичгээр гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн 1443 дугаар дүгнэлт /хх 76-77/-ийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 4.99 дахин нэмэгдүүлэн 3.293.400 төгрөгийг хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол төлбөрт шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Харин хохирогч нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц анхан шатны шүүхээр гүйцэтгэх хуудас бичүүлж, хохирлын мөнгөө шүүгдэгчээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гаргуулан авбал зохино.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
Шүүхээс шүүгдэгч О.Жийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцэхүйц хэмжээнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг үндэслэлтэй тодорхойлж, хуульд заасан хэмжээний дотор ял оногдуулжээ.
Иймд хохирогч О.Жын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/505 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Жын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР