2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/09736

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: А.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

 Нэхэмжлэлийн шаардлага: 60 266 959 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.Д*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д*******,

Гэрч Д.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов. Хариуцагч Б.Б*******эд шүүх хуралдаааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Д******* нь хариуцагч Б.Б*******эд холбогдуулан 60 266 959 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.А.Д******* миний бие М******* гэх гар утас худалдаалдаг, засдаг төв дээр гар утас засдаг байхдаа 2018 оны 11 сард анх Б.Б*******тэй танилцсан. Б.Б******* надаас хэд хэдэн удаа гар утасны сэлбэг авч байсан юм. Тэрнээс хойш 1 жил орчим бид хоёр зэргэлдээ лангуун дээр гар утасны бизнес эрхэлж байгаад би өөр газар луу явсан. Түүнээс хойш Б.Б*******тэй утас болон чатаар харилцдаг байсан. Ингэж холбогдож байхдаа Б.Б******* гаднаас Монгол улс руу машин оруулж ирж зардаг болсныг мэдсэн. Хамтран ажиллах гэрээний дагуу авсан мөнгөний үлдэгдэл 2024 оны 5 сард Б.Б*******тэй ажил дээр нь очиж уулзаж байхдаа бид хоёр хамтран ажиллах тухай ярилцсан. Б.Б******* өөрийнхөө нэрээр гаднаас надад машин оруулж ирж өгч, худалдан борлуулахаар тохиролцсон юм. Тухайн үед миний гар утаснуудыг зарахаар эгч А.У*******, хүргэн ах Д.Н******* нар аваад борлуулсан байсан ба 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус бүр 40 000 000 төгрөг буюу нийт 80 000 000 төгрөгийг Б.Б*******ийн Хаан банкны 5431******* тоот данс руу шилжүүлж, Б.Б******* энэ мөнгөөр надад гаднаас машин оруулж ирэхээр болсон юм. Б.Б*******ээс над руу зургийг нь илгээсэн гаалийн бүрдүүлэлтийн баримтаар дараах хоёр автомашиныг Солонгос улсаас Монгол улсад оруулж ирсэн. Ford Explorer маркийн 2016 оны 12 сард үйлдвэрлэсэн, Арлын дугаар-1FM5*******, хөдөлгүүрийн багтаамж-2261сс, хар өнгөтэй, механик, бүх дугуй хөтөлнө, бензин хөдөлгүүртэй, 62808 гүйлттэй автомашиныг 6 010 000 воноор /1 вон 2.50 төгрөг/ буюу 14 964 900 төгрөг, гааль, онцгой татвар, НӨАТ-д нийт 8 603 454.18 төгрөг нийт 23 568 354 төгрөг болсон байна. Энэ машин орж ирэхдээ эвдрэлтэй байсан энэ эвдрэлийг засуулах сэлбэгийн зардалд 5 732 760 төгрөгийг /Хаан банк 5301/ шилжүүлсэн. Lexus, ES 300H маркийн, 2012 оны 09 сард үйлдвэрлэсэн, Арлын дугаар- JTHBWI, хөдөлгүүрийн багтаамж 2494сс, хар саарал өнгөтэй, автомат, хойноо0 хөтлөгчтэй (RWD), бензин-цахилгаан Lexus, 139800 гүйлттэй автомашиныг автомашины үнэ 3,010,000 воноор (1 вон 2.50 төгрөг буюу 7 494 900 төгрөг), гааль, онцгой, НӨАТ-д нийт 8 669 787 төгрөг буюу нийт 16 164 687 төгрөг болсон байна. Энэ автомашин бас эвдрэлтэй байсан ба засуулахад гарсан зардал гэж Б.Б******* хэлсний дагyy 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөгийг шилжүүл гэсэн данс руу нь би өөрөө шилжүүлсэн юм. Дээрх хоёр автомашины засварт шилжүүлсэн зардлыг оруулахгүйгээр дээрх 2 автомашины үнэ болон гаалиар оруулж ирэхэд гарсан холбогдох татвар хураамжийн нийлбэр 39 733 041 төгрөг болж байна. Хамтран ажиллахтай холбоотой түүний данс руу нийт 80 000 000 төгрөг шилжүүлсэн ба гаалийн бүрдүүлэлтийн баримтаар нотлогдож байгаа дээрх 39 733 041.1 төгрөгийг хасахад 40 266 959 төгрөг үлдэж байна. Миний бие Б.Б*******ээс дээрх 2 автомашинтай холбоотой 2024 оны намар тооцоо нийлэх, тооцоогоо надад гаргаж өгөхийг хүссэн боловч надтай тооцоо нийлэхгүй утас авахгүй, холбогдохгүй болсон. Сүүлдээ аргаа бараад ажил дээр нь шууд очоод тооцоо нийлье гэж уулзахад "үлдэгдэл мөнгийг чинь 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө өгье гэсэн боловч өгөөгүй. 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш залгахаар утсаа авахгүй болсон. Зээлийн гэрээний үүрэгт миний автомашин оруулж ирэхтэй хамааралгүйгээр Б.Б******* өөрийнхөө автомашиныг Монгол улсад оруулж ирээд гаалиас авах гэхэд мөнгө шаардлагатай боллоо түр зээлдүүлж туслаач гэж гуйхаар нь эхлээд 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 15 000 000 төгрөгийг тус тус Б.Б*******ийн Хаан банкны 5431******* тоот данс руу шилжүүлсэн юм. Энэ мөнгөө ч бас өгөөгүй байгаа болно. Иймд хамтран ажиллах гэрээний дагуу авсан мөнгөний үлдэгдэл 40 266 959 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг нийт 60 266 959 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгч А.Д******* нь нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, тодруулсан шаардлагаа дэмжиж байна. Би Б.Б*******тэй 2024 оны 5 сард очиж уулзсан, миний хувьд Хятадаас ганц хоёр машин оруулж ирдэг байсан. Б.Б*******ийг Солонгос улсаас машин захиалж оруулж ирдэг гэхээр нь түүнд машин захиж 80 000 000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр түүнд шилжүүлсэн. Би уг 80 000 000 төгрөгийг ах, эгч нарын данснаас шилжүүлсэн. Би чамд Солонгос улсаас эвдрэлтэй машин оруулж ирж өгье, тэгээд зараад засаад манай ажилтанд 1 хувийг өгөөрэй гэсэн. 2 эвдрэлтэй машин ирсэн. 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Лексус орж ирсэн, авсан үнэ нь 7 494 900 төгрөг, гааль, онцгой албан татвар 8 669 787 төгрөг, 16 164 687 төгрөг болсон.  Засварын зардалд 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 8 сард Форд оруулж ирсэн. Авсан үнэ нь 14 964 900 төгрөг, гааль онцгой албан татвар 8 603 454 төгрөг, нийт 23 568 354 төгрөг болсон. Засварын зардалд 5 732 760 төгрөгийг би өөрөө өгсөн. Иймд 80 000 000 төгрөгөөс дээрх зардлуудыг хасаад 40 266 959 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Мөн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 15 000 000 төгрөгийг машин оруулж ирэх гэсэн юм мөнгөгүй болчихлоо гээд түр зээлээч гээд зээлсэн юм. Өөрийн данснаас Б.Б*******ийн дансанд уг мөнгийг шилжүүлсэн. Иймд хариуцагчаас автомашины үнэд төлсөн мөнгөний зөрүү болон зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгө нийт 60 266 959 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран ажиллаж, ашиг орлого олохоор тохиролцоогүй, хариуцагчийг машин оруулж ирдэг гэхээр нь машин л оруулж ирээд зарах сонирхолтой байсан. Тиймээс даалгавар гүйцэтгүүлсэн, машин оруулж ирэхэд зориулаад 80 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь өөрөө мөнгө хэрэгтэй байна гээд 20 000 000 төгрөгийг зээлсэн байгаа. Харин А.Д******* өөрийн машиныг аваад цааш нь хэрхэн зарсан эсэх нь хариуцагчид хамааралгүй. Хариуцагчаас нэхэмжлэгчийн түүнд шилжүүлсэн 80 000 000 төгрөгний задаргааг үзүүлээч, ямар зардал гаргасан гэхээр огт үзүүлээгүй, үзүүлэхгүй байгаа учраас л шүүхэд хандсан байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагчид оруулж ирсэн машины эвдрэл гэмтлийг засварлах зардлыг нь хүртэл төлсөн. Манайх нотлогдож байгаа зардлыг бүгдийг нь хасаад л үлдэх мөнгийг нэхэмжилсэн. 20 000 000 төгрөгний асуудал бол машинаас тусдаа бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс буцаан өгөх нөхцөлтэйгээр зээлсэн мөнгөний асуудал байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.Д*******тай 2018 онд гар утас засвар худалдааны чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхэлж байх үед танилцаж байсан. Би энэ ажлаа орхиод өөрийн найзтайгаа 2019 оноос Солонгос улсаас автомашин импортлон борлуулах бизнес эрхэлдэг болсон. 2024 онд Д******* миний автомашин борлуулдаг газар ирж бид жаал юм ярилцаж байгаад гар утасны наймаа хуучин шигээ биш болсон, чиний ажил ямар байна гэх зэргийг ярьж байгаад А.Д******* надад хэдэн төгрөгийн бололцоо байна чамайг дагаад машин оруулж ирэх боломж байна уу гэсэн би машин оруулж ирж зарахад багагүй мөнгө орно гэхэд эхний ээлжинд 100 000 000 төгрөг байна хүрэх үү гэж асуусан ингээд бид хамтран ажиллах тухай тохирч оруулж ирсэн авто машины ашгийг 50/50 хувиар хувааж авахаар тохиролцсон. А.Д******* 100 000 000 төгрөг оруулж хамтран ажиллах болсон ингээд 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 80 000 000 төгрөг Б.Б******* миний Хаан банкны 5431******* тоот дансанд шилжүүлсэн. Мөн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 15 000 000 төгрөг гээд тохирсон ёcoop 100 000 000 төгрөгөө хийсэн болно. Ингээд тохирсон ёсоор 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2 автомашин оруулж ирсэн ба тухайн автомашинууд эвдрэлтэй байсан тул би засвар сэлбэг захиалга гэх мэт бүх зүйлийг хийсэн. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд бүрэн засварлагдаж дууссан машин бэлэн болмогц А.Д******* намайг БНХАУ-д ажлаар явж байх хойгуур тухайн автомашинуудыг авч явсан байсан ба Агарта ресидэнт хотхонд орон сууцаар арилжсан фордыг 75 000 000 төгрөгөөр, лексус 300 автомашиныг 55 000 000 төгрөгөөр тус бүр бодож өгсөн гэж надад хэлсэн. Ийнхүү А.Д******* тус 2 машиныг 130 000 000 төгрөгөөр арилжсан ба тохиролцсон ёсоор олсон ашиг болох 47 323 999 төгрөгийн ашгийн 50 хувийг надад өгөөгүй болно. Миний бие гэрээний үүргээ зохих түвшинд биелүүлсэн гэж үзэж байгаа тул гэрээний дагуу харилцан ашигтай байх шударга ёсонд нийцүүлэн зохих хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Тус 2 автомашины бодит зардал 82 676 001.18 төгрөг болсон гэжээ.

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дансны хуулга, гаалийн мэдүүлгийн баримт, 2025.05.19-ний өдрийн Үйлчлүүлэгчийн боловсруулсан итгэмжлэл гэрчилсэн тэмдэглэл, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, дансны хуулга, гэрэл зураг гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс гэрчээр А.У*******, Д.Н******* нарыг дуудаж мэдүүлэг авч, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагаас 52 011 959 төгрөгийг хангаж, үлдэх 8 255 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б*******эд холбогдуулан Солонгос улсаас эвдрэлтэй автомашин оруулж ирж зарж борлуулахаар автомашины үнэд 80 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь Ford explorer маркийн автомашиныг гааль, татвартай нийт 23 568 354 төгрөгөөр, Lexus ЕS300 маркийн автомашиныг гааль, татвартай нийт 16 164 687 төгрөгөөр, нийт 39 733 041 төгрөгөөр худалдан авчирсан боловч үлдэгдэл мөнгө 40 266 959 төгрөгийг буцаан өгөөгүй, мөн автомашинаа авах мөнгөгүй гээд 20 000 000 төгрөгийг зээлсэн боловч эргүүлэн төлөөгүй тул нийт 60 266 959 төгрөгийг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч А.Д*******тай Солонгос улсаас автомашин оруулж ирж худалдан борлуулах, олсон ашгийг 50, 50 хувиар хуваан авах хамтран ажиллахаар тохиролцож, 100 000 000 төгрөгний хөрөнгө оруулсан, импортоор оруулж ирсэн Ford explorer маркийн автомашинд 43 188 714 төгрөгийн, Lexus ЕS300 маркийн автомашинд 39 487 287 төгрөгийн буюу нийт 82 676 001 төгрөгийн бодит зардал гаргасан, нэхэмжлэгч нь автомашиныг худалдан борлуулсан боловч ашгийн 50 хувийг өгөөгүй тул зохих хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэж маргасан.   

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч А.Д******* нь хариуцагч Б.Б*******эд 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 80 000 000 төгрөг,  2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 15 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж, хариуцагч Б.Б******* нь БНСУ-аас Ford explorer, Lexus ЕS300 маркийн автомашинуудыг импортоор буюу хилээр оруулж ирсэн болох нь талуудын тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

5.Талуудын маргааны зүйл нь хамтран ажиллахаар харилцан тохиролцсон эсэх талаар байна, мөнгө шилжүүлсэн, автомашиныг хүлээн авсан талаар маргаагүй байна.

 

6.Нэхэмжлэгч нь хариуцагчид Солонгос улсаас эвдрэлтэй автомашин оруулж ирэхээр автомашины үнэд 80 000 000 төгрөгийг шилжүүлж даалгаврын гэрээний харилцаа үүссэн, мөн хариуцагч нь 20 000 000 төгрөгийг буцаан төлөхөөр зээлсэн боловч эргүүлэн төлөөгүй тул зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр тус тус шаардаж байна гэсэн.

6.1.Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д “даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

6.2.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй Солонгос улсаас эвдрэлтэй автомашин оруулж ирж, завсарлан худалдан борлуулаад ашгаа хуваахаар харилцан тохиролцсон, хамтран ажиллахаар 100 000 000 төгрөгийн хөрөнгийг нэхэмжлэгч нь оруулсан, хамтран ажиллахаар харилцан тохиролцсон гэж мэтгэлцсэн.

6.3.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан.

 

6.4.Хэрэгт авагдсан баримтаар А.У*******ын Хаан банк ХК-ийн 5016508771 тоот данснаас 2024.05.27-ны өдөр “mashinii mungu” гэх гүйлгээний утгатайгаар, Д.Н*******ийн Хаан банк ХК-ийн 5114 тоот данснаас 2024.05.27-ны өдөр “mashinuu mungu” гэх гүйлгээний утгатайгаар тус тус хариуцагч Б.Б*******ийн дансанд 80 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Д.Н*******ийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд мөнгө шилжсэн үйл баримтын талаар хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

6.5.Мөн нэхэмжлэгчээс 2024 оны 6 сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөг “999” гэх гүйлгээний утгатайгаар, 2024 оны 7 сарын 06-ны өдөр 15 000 000 төгрөг “redmi uldegdel tuluv” гэсэн гүйлгээний утгатайгаар хариуцагчийн дансанд шилжүүлжээ.

6.6.Хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх 100 000 000 төгрөгийг Солонгос улсаас эвдрэлтэй автомашин оруулж ирж, ашиг олохоор хамтран ажиллахаар харилцан тохиролцож хөрөнгө оруулсан гэсэн боловч талууд дундын хөрөнгийг хэрхэн үүсгэх талаар харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл гэрээнд оруулсан хураамжаас бүрдсэн нэгтгэсэн хөрөнгө нь дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох бөгөөд энэ талаар хэн нь ямар үүрэг оролцоотой байх талаар нарийвчилсан тохиролцоо байхгүй, ашиг хуваах, эрсдлийг хариуцах талаар талуудын хүсэл зориг нэгдээгүй байх тул хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

6.7.Харин даалгаврын гэрээ нь талуудын харилцан итгэлцэл дээр үндэслэдэг бөгөөд гэрээний шинж чанарын хувьд талуудын хоорондын зөвшилцлөөр байгуулагдсанд тооцогдох тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн зардлаар БНСУ-аас автомашин оруулж ирэхээр буюу тодорхой даалгавар гүйцэтгүүлэхээр тохиролцож, 2 ширхэг автомашиныг импортоор авчирсан, авчирсан автомашинууд нэхэмжлэгчийн эзэмшилд шилжсэн үйл баримтын талаар маргаагүй, даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

 

6.8.Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт “Lexus ЕS300 автомашины үнэлгээг 3 010 000 вонн, ханш 2,49, 7 494 900 төгрөг, гааль онцгой албан татвар нийт төлөх хураамж 8 669 787 төгрөг, нийт 16 164 687 төгрөг, Ford explorer автомашины үнэлгээг 6 010 000 вонн, ханш 2,49, 14 964 900 төгрөг, гааль онцгой албан татвар нийт төлөх хураамж 8 603 454 төгрөг, нийт 23 568 354 төгрөг” буюу 2 автомашиныг импортоор нийт 39 733 041 төгрөгийн зардлаар авчирсан гэх тайлбар нь баримтаар болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

6.9.Хариуцагч нь дээрх 2 ширхэг автомашины зардалд Lexus ЕS300 автомашины зардалд 39 487 287 төгрөгийн, Ford explorer автомашины зардалд 43 188 714 төгрөгийн нийт 82 676 001 төгрөгний зардал гарсан гэж хариу тайлбартаа дурдсан боловч тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийг БНСУ-аас дээрх 2 автомашиныг авчирсан талаар маргаагүй тул Солонгос дахь зардлыг нэхэмжлэлээс хасч тооцох үндэслэлтэй гэж үзэв.

6.10.Харин Монгол дахь зардлын хувьд гаалийн татварыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн маргаагүй, харин тээврийн, дотоод зардал, чирэгч тээвэр, угаалга цэвэрлэгээний зардлын баримтыг ирүүлээгүй, вьетнам засвар, сэлбэг авсан гэсэн боловч нэхэмжлэгчээс хариуцагчид сэлбэг болон засварын зардалд 2024 оны 6 сарын 20-нд 5 732 760 төгрөг, 2024 оны 9 сарын  03-нд 2 000 000 төгрөг, 2024 оны 11 сарын 22-нд 2 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна.

6.11.Иймд хариуцагч нь 2 автомашиныг БНСУ-аас импортоор авчирахад Lexus ЕS300 автомашины зардалд 19 917 187 төгрөг /7 494 900+8 669 787+3 752 500/, Ford explorer автомашины зардалд 28 070 854 төгрөг /14 964 900+8 603 454+4 502 500/-ийн буюу нийт 47 988 041 төгрөгийн зардал гаргасан байх тул нэхэмжлэгчийн автомашины зардалд шилжүүлсэн 80 000 000 төгрөгнөөс хасч, үлдэх 32 011 959 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

7.Нэхэмжлэгч нь хариуцагчид 20 000 000 төгрөгийг зээлсэн гэсэн хариуцагч нь уг 20 000 000 төгрөгөөр хамтран ажиллахаар харилцан тохиролцож, хөрөнгө оруулсан гэсэн боловч энэ нь баримтаар нотлогдоогүй тул хариуцагч нь нэхэмжлэгчээс түүнд шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

7.1.Хэдийгээр талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан, мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж тус тус зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

8.Иймд хариуцагч Б.Б*******ээс нийт 52 011 959 төгрөгийг /32 011 959+20 000 000/ гаргуулж, нэхэмжлэгч А.Д*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8 255 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Д*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459 285 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******ээс 418 010 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Д*******д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар хариуцагч Б.Б*******ээс 52 011 959 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Д*******д олгож, үлдэх 8 255 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Д*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459 285 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******ээс 418 010 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Д*******д олгосугай.

 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН