Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 641

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч М.Э,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б.Хд холбогдох эрүүгийн 1803 0000 10139 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажилтай, ам бүл  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Б.Х, /РД:ЧП83051572/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний хойд замд өөрийн эзэмшлийн Тоёота Платз маркын 80-31 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Эийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй, гэм буруугийн хувьд маргахгүй” гэв.

Хохирогч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 онд машинд мөргүүлсэнээс хойш эмнэлгээр байнга явж байгаа. Миний эмчилгээнд гарсан 700.000 төгрөгийн зардлыг энэ хүн төлсөн. Тухайн үед эмчилгээ хийлгэхдээ хүнээс мөнгө зээлсэн байсан учир мөнгө зээлсэн хүндээ хохиролд авсан мөнгөө өгсөн. Би өрх толгойлсон эмэгтэй, хоёр хүүхэдтэй. Том охин маань тусдаа гарсан, бага хүүхэд маань оюутан. Би оюутан хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Миний баруун талын хөл мэдээгүй болж, гишгэж чадахаа больж эмнэлгээр явсан. “Хатагтай” эмнэлэгт нурууны зураг авахуулахад “...мэдрэлийн судас дарагдсан байна” гээд Төрийн албан хаагчийн эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Эмнэлгээс гарч 5 хоноод гишгэж чадахаа больж “Оргил” рашаан сувиллын хажууд байдаг Монгол Солонгосын Дорнын Анагаах ухааны төвд 12 хоног, 267.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Ингээд энэ сарын 30-ны өдөр дахин ирэх шаардлагатай гэж хэлсэн. Өчигдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд “...сээрнээс аарцагны яс хүртэл Имрай хийлгэх шаардлагатай, зөвхөн нурууны зураг авахуулсанаар тогтоох боломжгүй гэсэн. Уг зургийг авахуулахад 270.000 төгрөгийн төлбөртэй гэж хэлсэн. Би энэ сарын 18-наас 20-ны өдөр хүртэл эмчдээ үзүүлээд, үзүүлсэн баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Ингээд 30-ны өдөр уг эмнэлэгтээ дахин хандана. Одоо 800 гаруй мянган төгрөгийн баримт байна. Би удаан хугацаагаар сууж, явж чадахгүй болсон. Сая 10 гаруй хоног эмчилгээ хийлгэсэн учир доголоод явж байгаа. Бүс зүүгээд явж болдог. Шөнөдөө бүсээ аваад, өдөртөө зүүж байгаа гэв.

Шүүгдэгч Б.Хы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед өөрийн Тоёота Платз маркын 80-31 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байгаад Бөхийн өргөөний хойд уулзвар дээр хойшоо буюу баруун гар тийш эргэх үйлдэл хийх гээд улаан гэрэл дээр зогссон юм. Тэгээд үндсэн ногоон гэрэл, баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн нэмэлт ногоон гэрэл асах үед баруун гар тийш эргэх үйлдэл хийх үедээ ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явган хүний гарцаар гарч байсан эмэгтэйг зүүн талаас нь автомашинаараа мөргөөд унагачихсан. Намайг автомашинаасаа буугаад очиход уг эмэгтэй өөрөө босоод ирсэн. Тэр үед толгой, хөл, гаранд ил харагдах шарх байгаагүй. Би өөрийн 99629947 гэсэн дугаараар 102, 103-т дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 49-52 дугаар хуудас/,

Хохирогч М.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018.02.16-ны орой 20 цагийн орчим хуучнаар сайд нарын 2-р эмнэлэг ороод Бөхийн өргөөний арын уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гарах гээд алхаж явтал зүүн гар талаас машин гарч ирээд намайг мөргөчихсөн. Их л эрчтэй мөргөсөн байх тухайн үедээ хэсэг юу болсоныг мэдэхгүй байна хоёр гар, хөлөө хөдөлгөхөд хөдөлж байсан тэгэхээр нь боссон...” гэх мэдүүлэг. /хэргийн 19, 21-23 дугаар хуудас/,

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн орой 20 цагийн орчим манай нөхөр Б.Х нь өөрийн Тоёота Платз маркын 20-31 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байгаад Бөхийн өргөөний хойд уулзвараас баруун гар тийш эргэх үйлдэл хийх үедээ ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явган хүний гарцаар гарч байсан эмэгтэйг автомашинаараа мөргөөд унагачихсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/,

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹79 актад “М.Эт цээжний дарагдал, няцрал, сээрний 4-р нугалмын их биеийн шахагдсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэргийн гэмтэл” гэжээ. /хэргийн 33 дугаар хуудас/,

Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №18/12402 дүгнэлтэд “Тоёота Платз маркын 80-31 УНЯ автомашин нь техникийн шаардлага, бүрэн бүтэн байдлыг ерөнхий байдал, иж бүрдэл хөдөлгөөний аюулгүй байдлын хувьд стандартын шаардлага хангахгүй, бүрэн бус байна. Уг автомашины хувьд өнгө үзэмж сайн, хойд дугаарын гэрэл, зүүн урд оврын гэрэл асахгүй байдалтай байна. Тормосны систем нь энгийн шингэн дамжуулгатай хэвийн ажиллагаатай байна. Автомашин тоормозлох үед замын гадаргуугаас хамаарч тоормозны мөр үүснэ. Харин бусад эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн байж болох боломжтой. Уг тээврийн хэрэгслийн хянах самбар нь электрон, спидометр нь хэвийн ажиллагаатай байна” гэжээ. /хэргийн 39-41 дүгээр хуудас/,

Замын цагдаагийн албаны 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №186 дүгнэлтэд “Тоёота Платз маркын 80-31 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Басдорж овогтой Хүдэрчулуун нь Монгол Улмын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Манлаасүрэн овогтой Эрдэнэчимэг нь Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зав тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй бөгөөд хэргийн газрын үзлэгийн схем, фото зураг дээр замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэлгүй байна. Уг зам тээврийн осол нь Тоёота Платз маркын 80-31 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Басдорж овогтой Хүдэрчулууны буруутай үйлдлээс болсон байна” гэжээ /хэргийн 44-45 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-14 дүгээр хуудас/,

Явган зорчигч, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 17 дугаар хуудас/,

Хохиролын баримт, хохирол төлсөн баримт /хэргийн 25-29, 95 дугаар хуудас/,

Түргэн тусламжийн дуудлагын хуудас, ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 56, 65 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 75 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 83 дугаар хуудас/, шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний хойд замд өөрийн эзэмшлийн Тоёота Платз маркын 80-31 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Эийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Хд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид 700.000 төгрөгийг төлсөн боловч хохирогч нь Монгол Солонгосын Дорнын Анагаах ухааны төвд 12 хоног, 267.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн болох нь бичгийн баримтаар нотлогдож байх тул 267.000 төгрөгний эмчилгээний зардал гаргуулах, хохирогчийн өвчний түүхэнд имрай хийлгэх шаардлагатай болохыг эмч тэмдэглэсэн байх тул имрай хийлгэх 270.000 төгрөг нийт 537.000 төгрөг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч М.Эт олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.