Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/26

 

                   Л.Н*******д холбогдох

                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ******* хөтөлж,

Прокурор Б.Х******* /цахим/

Шүүгдэгч Л.Н*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д******* нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, шийдвэрлэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Л.Н*******д холбогдох эрүүгийн 2432***************  дугаартай, ************** индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш******* овогт Л******* Н*******, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд **** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч, засварчин мэргэжилтэй, ам бүл-*, эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг, ******* ** тоотод оршин суух, Улаанбаатар төмөр замын ******* дахь ачааны вагон засварын депод засварчин ажилтай, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, (РД: **************),

Шүүгдэгч Л.Н******* нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний шөнийн 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг, ******* ** тоотод өөрийн найз Д.Бтай тухайн үед үүсэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь 3 удаа мөргөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас: Л.Н*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч Ш******* овогт Л******* Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н*******д 03/гурав/сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Л.Н******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол тус ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

Шүүгдэгч Л.Н******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н*******гаас 705320/долоон зуун таван мянга гурван зуун хорь/төгрөгийг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 2 дугаар зэрэглэлд зааснаар шүүгдэгч Л.Н*******гаас 8196300/найман сая нэг зуун ерэн зургаан мянга гурван зуу/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын * дүгээр баг, С********* ** тоотод оршин суух, овогт Бад олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н*******гаас 72952 /далан хоёр мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100900020080 тоот дансанд оруулахыг даалгаж,...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2024 оны 12-р сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/01 дугаартай Сэлэнгэ аймгийн ******* сумын *р багийн Д*********** *** тоотод оршин суух -ын ******* дахь ачааны вагон засварын депод засварчин ажилтай Л******* Н*******д холбогдох шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх  ажиллагааг бүх талаас нь богино хугацаанд бодитой шалгаж, дүгнэж шийдвэрлэх тухай заасан байдаг боловч Н*******д холбогдох хэргийг судалж үзвэл: Дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.

1.Хэрэг хянан шийтгэх ажиллагаанд хэрэгт оролцогчийн эрх ашгийг хамгаалах үуднээс зайлшгүй өмгөөлөгчөөр хангасан байх шаардлагатай. Гэтэл үүнийг зөрчсөн. Өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

2.Хохирогчид хохирол мөнгө төлөх талаар мэдээлэл өгөөгүй.

3.Шүүх хуралд бүрэлдэхүүн оролцогчдыг бүрэн оролцуулаагүй. Учир нь хохирогч шүүх хуралд огт ирээгүй. Шүүх хурлаас чөлөөлөгдөх тухай нотлох баримт ирүүлээгүй. Шүүх хурлыг хохирогчгүй хийсэн.

4.Мөн мөрдөгчөөс сэтгэцэд учирсан хохирлыг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэхгүйгээр  хүснэгтэнд заасан хэмжээгээр  хохирогчийн сэтгэцэд  хохирол учруулсан гэж тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.  Иймд ажиллагаанууд хийгдээгүйн улмаас Л.Н*******гийн эрх ашиг, зөрчигдөж хохирсон гэж үзэж байгаа тул  хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалгах  эсхүл шүүхээс тогтоосон  хохирлоо  нөхөн төлсөн байдлыг харгалзан иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудалд дүгнэлт хийж шийтгэх  тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү  гэв.

Шүүгдэгч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн тогтоол хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Л.Н*******д холбогдох эрүүгийн 2432************** дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Прокурорын газраас шүүгдэгч Л.Н*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

2.Шүүгдэгч Л.Н******* нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний шөнийн 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг, ******* ** тоотод өөрийн найз Д.Бтай тухайн үед үүсэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь 3 удаа мөргөж эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н*******гийн өгсөн: “...миний буруу, цаашид амьдралаа бодоод явна, шилжилтийн насны 2 хүүтэй,  ганцаараа ажиллаж   гэр бүлээ тэжээдэг ...одоо  хохирогчтой  эвлэрсэн...” гэх мэдүүлэг

-Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...манай оюутны ангийн найз болох Н******* фейсбүүк чатаар над руу залгаад "оройхондоо манай гэрт М тоглож сууя" гээд дуудахаар нь Н*******гийн гэрт шөнийн 01 цагийн үед очсон. Тэгээд бид хоёр М1 2 цаг гаран тоглож сууж байгаад найз Н******* дэлгүүрээс 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво авчихсан байсныг “хоёулаа хувааж ууя” гэхээр нь цуг ууж байгаад тамхи татах гээд гадагшаа гарсан. Тэгээд гадаа тамхи татаж зогсож байгаад хэсэг бөхийн талаар ярьж байгаад хоорондоо маргалдсан. Би харин Хөвсгөл аймагт байдаг нэг бөх найзыгаа “сайн барилддаг” гэж хэлтэл “чи намайг тэр найзтайгаа зүйрлээд байгаа юм уу” гээд миний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөсөн. Тэгээд намайг мөргөхөөр нь “би яаж байгаа юм” гээд асуутал “чи дээрээс хойш Адъяа гэж хэлээд миний дургүйг хүргээд үхчих гээд байх юм" гээд дахин миний хамар руу 2 удаа мөргөсөн. Тэгээд миний хамраас цус гараад байхаар нь “би гэр лүүгээ явлаа” гээд Н*******гийн гэрээс гарсан. Тэгээд гэртээ ирэхэд  ... ээжийн дүү ирчихсэн байсан. Тэгээд “яагаад хамраас чинь цус гарчихсан юм” гээд юу болсон талаар асуугаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 8-9-р тал/,

-Гэрч Л.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би тухайн өдөр төрсөн эгч болох Л.Амартүвшинийд өглөө 10 цагийн орчимд ирэхэд дүү болох Д.Б нь найздаа хамар луугаа гурван удаа мөргүүлсэн, хамраас нь цус гарсан хавдсан байдалтай байж байсан. ... дүүг ээжийнх хамт  дагуулаад ******* сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлж хамрын зураг авхуулсан. Тэгээд цагдаагийн байгууллага дээр очиж гомдол гаргасан...” гэх мэдүүлэг / хх-ийн 14-р тал/

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 2-р тал/

-Шүүгдэгч Л.Н*******гийн согтуурлыг шалгасан тэмдэглэл/хх-ийн 3-р тал/

-Хохирогч Д.Быг ******* сумын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч үзсэн тухай тодорхойлолт/хх-ийн 21-р тал/

-Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ******* сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №237дугаартай “…Д.Бын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20-р тал/

-Хохирогч Д.Бын эмчилгээ хийлгэхэд гаргасан зардлын 23 ширхэг 705230 төгрөгийн баримт/хх-ийн 46-49-р тал/

-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 54-р тал/

-Шүүгдэгч Л.Н*******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Л.Н*******д холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах шийтгэлийг оногдуулсан нь хуульд заасан ялын санкцын хэмжээ хүрээнд оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

3.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй, шүүх хуралдаан хохирогчийн оролцуулаагүй,  хохирогчийн сэтгэцэд  учирсан  хор уршгийг шүүхийн шинжилгээний байгууллагаар тогтоолгоогүй  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, шүүгдэгчийн эрх ашиг, зөрчигдөж хохирсон байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлагатай...” гэх агуулга бүхий гомдол гаргасан.                             

4.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар  шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх буюу өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж  болохоор заасан  шүүгдэгч нь өмгөөлөгч авах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул өмгөөлөгч зайлшгүй оролцуулах шаардлагагүй болно. 

Түүнчлэн  хохирогч Д.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй талаар шүүхэд мэдэгдсэн байх ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь  хохирогчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай байсан, хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй нь шүүгдэгчийн  хуулиар олгосон эрх хэрхэн зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 Хүний сэтгэцэд учирсан  хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол улсын дээд шүүхийн  нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан бөгөөд тус аргачлалын 3.6 дугаар зүйлд нэр бүхий 5 гэмт хэргийн хохирогчид учирсан  хор уршгийн  зэрэглэлийг  хүснэгтээр  тогтоож, уг  хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй  адилтган үзэхээр  заасан.

Шүүгдэгч Л.Н******* нь хохирогч Д.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хөнгөн гэмлийн улмаас хохирогчид үүссэн  сэтгэцэд учирсан эмгэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах тул мөрдөгчөөс энэ талаар танилцуулсан нь хууль зөрчөөгүй байна.

5.Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт  хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгчээс гаргуулахаар  шийдвэрлэхдээ  нөхөн төлбөрийн хэмжээг  хэрхэн тогтоосон талаараа тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

Тухайлбал:  Хөнгөн гэмтлийн улмаас  хохирогчид үүссэн  сэтгэцийн эмгэгийн  нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр  тогтоосон байхад  ямар үндэслэлээр  дээрхи хэмжээг  тогтоосон талаараа дүгнээгүй байна.

6.Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан гэмтэл, гэмтлийн улмаас хохирогчид учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид эмчилгээний төлбөрийг  төлсөн зэрэг байдлыг харгалзан  үзэж,  хохирогчид үүссэн сэтгэцийн гэм  хорын нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгаар буюу 8 х 660,000=5,280,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж дүгнээд шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэл шийдвэрлэсэн  заалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

7.Иймд  шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын заримыг хангаж, анан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолын  Тогтоох хэсгийн

6 дахь заалтыг:

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н*******гаас  хохирогчид учирсан эрүүл мэндийн хохиролд 705,320 (долоон зуун таван мянга гурван зуун хорь) төгрөгийг, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрт шүүгдэгч Л.Н*******гаас 5,280,000 (таван сая хоёр зуун наян мянган) төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, сургуулийн 27 тоотод оршин суух, овогт Бад олгосугай.” гэж  өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай. з

3.Шүүгдэгч Л.Н******* нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд хохирогчид  хохиролд нийт 895.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                            

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                       ШҮҮГЧИД                                   Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

                                                                           Г.ДАВААРЕНЧИН