Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 47

 

 

“М г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан

аймгийн Засаг дарга болон Алдархаан

сумын Засаг дарга нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Б.Мөнхтуяа

Шүүгчид:             Г.Банзрагч

                            Д.Мөнхтуяа

                            П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:   Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Алдархаан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 573 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Н,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн гуравдагч этгээдийн гомдлоор хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 573 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг тус тус баримтлан “М г” ХХК-аасЗавхан аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Алдархаан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч “М г” ХХК-ийн захирал Г.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн ба давж заалдах шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, мөн доор дурдсанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 60 дугаар зүйлийн 60.1.1-д заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.

4. Харин хэрэглэвэл зохих Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зуйлийн 9.1.3.захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан, 9.1.7.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9.захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зуйлийн 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн хуулиудыг хэрэглэсэнгүй. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг хэрэглэх ёсгүй байсан.

5. Бодит байдал дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба бүр заавал амралт, аялал жуулчлалын газартай байх ёстой, энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй /тус байгууллагын албан контор байрлаж, төрийн үйлчилгээ, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тийнхүү зориулалттай газар г.м/ байхаас төрийн албан хаагчдын амарч, зугаа цэнгэл хөөх газрыг иргэн, хуулийн этгээдээс давуу эрхээр, хуулиас гадуур олгох зохицуулалт биш юм. Нөгөөтэйгүүр хууль, шүүхийн байгууллага тухайн газар дээр хуулийн дагуу үүссэн эрхийг л хамгаалах ёстой атал хууль бусаар, албан ёсоор газар эзэмших эрх нь үүсээгүй байхад /албан ёсоор газар эзэмших эрх “М г” ХХК-д түрүүлж 2005 онд анх үүссэн/, түүнчлэн өөрийнх нь буюу гуравдагч этгээдийн мөн эсэх нь мэдэгдэхгүй, албан ёсны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй нь тодорхойгүй байшин буюу объект байгаагаас хамаарч тухайн объектын суурийн хэмжээнээс хэд дахин илүү газрыг шууд автоматаар эзэмших эрх үүсэх ёстой мэтээр хуулийг буруугаар тайлбарлаж, бодит нөхцөл байдалд нийцэхгүй дүгнэлтийг давж заалдах шатны шүүх магадлалдаа дурджээ.

6. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга ... өөрчлөх буюу хүчингүй болгоно" гэж заасан үр дагаврыг бий болгохгүй буюу, иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүргийн хүрээнд анхан шатны шүүхээс маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоосон нь үндэслэлтэй. Мөн маргаан бүхий 40047,27 м.кв газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд эзэмшүүлэхдээ амралт, аялал жуулчлалын зориулалтаар олгосон учраас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан журам үйлчилнэ.

7. Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Мөстийн ам”-ны 4 га газрыг “М г” ХХК нь тус сумын Засаг даргын 2005 оны 18 дугаар захирамжаар эзэмшиж эхэлсэн ба 2005 оноос хойш одоог хүртэл бодитой эзэмшиж, ашиглаж байна. Тус газарт аялал жуулчлал, худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 2005-08-29-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж 911001002 тоот аж ахуй нэгжийн гэрчилгээ авсан, 2002 оноос хойш аж ахуй нэгжийн жил улирлын тайланг холбогдох байгууллагад тухай бүр нь гарган өгч, холбогдох татварыг цаг хугацаанд төлж байгаа, 2002 оноос хойш газар эзэмшний төлбөрийг цаг тухайд нь төлж байсан, Аймгийн статистикийн хэлтэст улирал бүр тайлан, мэдээ гаргаж тайлагнаж байгаа, Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил хайж байсан гэр бүлийн 2 хүнийг 4 улирлын турш харуул хамгаалалтын ажилтнаар ажиллуулж, тус ажлын байранд нийт 32 сая төгрөгийн цалин хөлс олгосон байна, Байгалийг унаган төрхөөр нь байлгах зорилгоор тэнд амьдарч буй амьтан, ургамал, мод бут, булаг шандийг хамгаалалтанд авсан. Ингэснээр 2002 онд 5-6 ширхэг байсан янгир ямааг 50 гаруй тоо толгой болтлоо өссөн, Булаг шанд ширгэх, хууль бус бусаар мод бэлтгэх, арц, сонгино, гишүүнэ, сэврээ зэрэг байгалийн ховор, нэн ховор ургамлыг хууль бусаар бэлтгэх зэрэг гэмт хэрэг зөрчлөөс хамгаалсан, Компанийн хөрөнгөөр модон явган хүний гүүр, бие засах нойл зэргийг барьж, 3 гэр шинээр барьж 20-24 хүн нэг дор хүлээн авах хүчин чадалтай ор хоногтой болгосон зэргээр тус газрыг 2002 оноос хойш тасралтгүй бодитой эзэмшиж байна.

8. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 573 дугаар магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

10. Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 262 дугаар захирамжийн нэг дэх заалтаар Алдархаан сумын Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар захирамжийг хүчингүй болгож, хоёр дахь заалтаар Алдархаан сумын “Мөстийн ам”-ны амралтын 4 га газрыг аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд эзэмшүүлж шийдвэрлэсэн; Алдархаан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжаар тус сумын “Богдын гол” багийн нутаг “Мөстийн ам”-нд байрлах 40047.27 м.кв газрыг амралт, аялал жуулчлалын зориулалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, нэхэмжлэгч “М г” ХХК-иас Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 262 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Алдархаан сумын Засаг даргын 2018 оны А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг “хууль зөрчсөн” гэх үндэслэлээр гаргажээ.

11. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

12. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “..., аж ахуйн нэгж, ...газартай холбогдон үүссэн маргааны талаар ... албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл ... шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан, энэ тохиолдлын хувьд нэхэмжлэгч нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг тухайн үед үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хугацааны дотор шүүхэд гаргаагүй атлаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан уг акт гарснаас хойш 11 жилийн дараа шүүхэд гаргасан нь ойлгомжгүй ч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан үндэслэлүүдийн аль нэг тогтоогдвол тухайн захиргааны акт илт хууль бус болохыг шүүх тогтоох боломжтой.

13. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, маргаан бүхий уг газарт анх Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар нь 1996 онд 3 байшин барьж, амралтын газрын зориулалтаар ашиглаж байсан, тухайн үеийн удирдлагатай нь ярьж тохиролцсон гэх үндэслэлээр “М г” ХХК нь тус газрыг ашиглаж ирсэн, улмаар Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар захирамжаар “Мөстийн ам”-ны 4.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлсэн, газрын эзэмшлийн асуудлаар маргаан үүссэнийг Завхан аймгийн Засаг дарга нь дээрх 2008 оны 262 дугаар захирамжаар шийдвэрлэсэн зэрэг нь тогтоогджээ.

14. Завхан аймгийн Засаг даргын 2008 оны “Захирамж хүчингүй болгох тухай” 262 дугаар захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2-т заасныг баримталснаас үзвэл, бусдын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө байгаа нь тодорхой газрыг нэхэмжлэгч “М г” ХХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөнийг тогтоосон, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга” шийдвэрлэхээр заасанд нийцсэн байна.

15. Иймд, Алдархаан сумын Засаг даргын 2005 оны 18 дугаар захирамжийг хүчингүй болгосон Завхан аймгийн Засаг даргын 2008 оны 262 дугаар захирамжийн нэг дэх заалт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан эрх зүйн алдаанд тооцогдох аль нэг үндэслэлийг агуулаагүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

16. Мөн, хоёр дахь заалтаар “Мөстийн ам”-ны амралтын 4 га газрыг аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд эзэмшүүлж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасны дагуу сумын Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамааралтай асуудлыг шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх алдаанд тооцогдох боловч уг заалт нь 2008 оны 262 дугаар захирамжийн гол үндэслэл болоогүй тул захирамжийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн боломжгүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэж, хуулийн уг зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

17. Түүнчлэн, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 121 дүгээр шийдвэрээр маргаан бүхий газарт байх 3 байшингийн эзэмшигчээр Шийдвэр гүйцэтгэх газрыг тогтоосон, мөн шүүхийн 2017 оны 219 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий газарт байх нэхэмжлэгч “М г” ХХК-ийн эзэмшлийн 3 гэр, бусад хөрөнгийг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн, эдгээр шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон, маргаан бүхий газарт анх байшин барьж байгууллагын амралтын газрын зориулалтаар ашиглаж байсан бөгөөд хэн нэгний хууль ёсоор эзэмшил үүсээгүй газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн гуравдагч этгээд Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт эзэмшүүлсэн Алдархаан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/71 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

18. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М г” ХХК-ийн захирал Г.Ц-ын хяналтын журмаар “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 573 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                      Ч.ТУНГАЛАГ