Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 969

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхант даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Д.У******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Д.У*******ыг оруулахыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*******, Э.Э*******, Д.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас 2 мандат бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр тойрогт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр авсан болно. 

Миний бие сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн хуулийн дагуу сурталчилгааны компанит ажлаа явуулж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан санал хураалт болон 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болсон нэмэлт санал хураалтаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр тойрогт 2696 сонгогчийн санал авч санал хураалтын дүнгээр хамгийн олон санал буюу 2 дугаарт жагссан. 

Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 116-119 дүгээр заалтыг ноцтой зөрчин 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар тогтоол гэх захиргааны акт гаргаж, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 159 дүгээр зүйлийн 159.3 дах заалтыг тус тус үндэслэн Д.У******* намайг “..сонгогчдын санал татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай хууль бус шийдвэр гаргалаа. 

Уг хууль бус шийдвэрийн улмаас Д.У******* миний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрх ноцтой зөрчигдөж, ард түмний өгсөн саналыг үгүйсгэх гэсэн бусармаг үйлдэл болж байна. Миний бие Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар тогтоолыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэж заасан. Мөн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн  зөрчлийг Сонгуулийн тухай хуулийн 116-119 дүгээр зүйлд заасан журмын дагуу шалган тогтоож захиргааны хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. 

Харин хуулиар Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг шалган тогтоох эрх Сонгуулийн байгууллагад олгогдоогүй байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдлэн Д.У******* намайг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж, Сонгуулийн тухай хуулийг зөрчин шалган тогтоох үйл ажиллагааг өөрөө явуулсан хэмээн тайлбарлаж дээрх 60 дугаар тогтоолыг гаргасан нь хууль бус байна. 

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь хуралдсан, ирц нь бүрдсэн эсэх нь тодорхойгүй байхад Сонгуулийн хороо хуралдсан мэтээр тогтоол гаргасан нь хууль бус байна. 

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо дээрх тогтоолыг гаргахдаа хэний гаргасан ямар гомдол, мэдээлэл, ямар баримтыг үндэслэн нэр дэвшигч намайг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэж, тогтоогоод байгаа нь тодорхойгүй байна. 

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дээрх хууль бус тогтоол хүчингүй болгосноор Д.У******* миний сонгогдох эрхээ хэрэгжүүлэх, Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасны дагуу хамгийн олон санал авч сонгогдсоноо баталгаажуулах, улмаар надад итгэл хүлээлгэн сонгосон Баянзүрх дүүргийн 14 дүгээр тойргийн иргэдийн төлөөллийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. 

Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч Д.У******* 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 

“..Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Д.У******* намайг оруулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг нэмж гаргаж байна. 

Иймд миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагад нэмэлт оруулж хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Б******* нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*******, Э.Э*******, Д.Ж******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2016 оны нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг зохион байгуулах Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-т заасны дагуу Нийслэлийн Сонгуулийн хорооны шийдвэрээр байгуулсан. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй. 

Нэхэмжлэгч Д.У******* нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшихээр бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан. 

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгох сонгуулийн өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон саналт хураалт, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр болсон нэмэлт санал хураалтын үед Д.У******* нь сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан, сонгогчдын саналыг худалдан авахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан тухай гомдлыг дүүргийн иргэд болон Монгол Ардын Намаас гаргасан. Гомдол бичлэгийг хавсарган ирүүлсэн байдаг. 

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны хурлын товыг гишүүдэд нарийн бичгийн дарга мэдэгдсэн бөгөөд хурал эхлэхэд нийт 7 гишүүн хүрэлцэн ирсэн байсан. 

Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу уг хурал хүчин төгөлдөр ирцтэй болсон. 

Улмаар Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтуудыг зөрчсөн гэх нэхэмжлэгч Д.У*******ын асуудлыг хэлэлцэх үед хоёр гишүүн хурлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарсан. 

Сонгуулийн хорооны хурал үргэлжилж гомдолд хавсаргасан бичлэгийг үзэж судлан, нэхэмжлэгч нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн хуралд оролцсон гишүүдийн олонх үзэж 2016 оны 10 дугар сарын 24-ний өдрийн 60 дугаар тогтоол гарсан” гэв. 

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч******* нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад бичгээр гаргасан хариу тайлбартаа: 

“Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд Ардчилсан намаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.У******* нь сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах хууль бус ажиллагааг эрчимтэй явуулж, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар Монгол Ардын Намаас нэр дэвшигч Г.Т*******с 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гомдол ирүүлсэн. 

Энэхүү гомдол мэдээллийг шалгахад нэр дэвшигч Д.У******* нь өөрөө болон бусдаар дамжуулан сонгогчдын саналыг татах  зорилгоор мөнгө тараасан нь иргэн Х.Б*******, Т.М нарын тайлбар, “сонгуулиа өгөөд мөнгө авах талаар Р.Стэй тохиролцож буй гурван удаагийн утсаар ярьсан бичлэг зэргээр бүрэн тогтоогдсон байна. 

Иргэн Р.С нэр дэвшигч Д.У*******ыг дэмжихийн тулд түүнээс мөнгө авч, сонгогч Х.Б*******, Т.М нарт 30.000 төгрөг өгч байгаад газар дээрээ баригдсан. 

Үүнийгээ хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдсон үйл баримтуудаар нэр дэвшигч Д.У******* Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн. 

Энэ буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй буюу үгүйсгэсэн баримтыг гомдол гаргагч Д.У******* Сонгуулийн хороонд ирүүлээгүйн дээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг ирүүлээгүй байна. 

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасан “аливаа этгээд” гэдэгт нэр дэвшигч Д.У*******, иргэн Р.С нар хамаарч байгаа болно.

Дээрх үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан “мөнгө, эд зүйл тараах”, 70.5.10-т заасан “Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусаар дамжуулан, ... мөнгө... тараах”, 70.5.14-т “сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах”, 70.5.16-д заасан “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагааг явуулах” зэрэг заалтыг ноцтой зөрчсөн байна. 

Сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуулийн талаар ялгамжтай зохицуулсан байна. 

Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар бүлэгт Улсын Их Хурлын сонгуулийн талаар зохицуулжээ. Тус бүлгийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Нэр дэвшигч энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж зааснаас үзэхэд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар заавал шүүхийн шийдвэр гарсан буюу тогтоогдсон байхыг шаардаж байна. 

Сонгуулийн тухай хуулийн 17 дугаар бүлэгт Ерөнхийлөгчийн талаар зохицуулжээ. Тус бүлгийн 145 дугаар зүйлийн 145.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасан нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл зөвхөн “илэрсэн тохиолдолд” нэрсийн жагсаалтаас хасах эрхийг сонгуулийн төв байгууллагад шууд олгосон байна. 

Энэ тохиолдолд урьдчилан тогтоох, шүүхийн шийдвэр гаргасан байхыг шаардахгүй. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн хорооны нэр дэвшигч бүртгүүлсний дараа Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар бүлгийн 159 дүгээр зүйлийн 159.1-д  зааснаар тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл нэр дэвшигчийг бүртгэсэн Сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийг нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх эрхтэй байна. 

Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын Сонгуультай адил шүүхийн шийдвэр шаардаагүй, харин Ерөнхийлөгчийн сонгуультай адил урьдчилан тогтоох, шүүхийн шийдвэр гаргасан байхыг шаардахгүй, зөвхөн илэрвэл гэх нөхцөлийг харгалзан үзэж байгаагаар адил байна. 

Харин Сонгуулийн нэр дэвшигчийн мөн чанараас шалтгаалан нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргах субъектээрээ өөр өөр байна. Энэхүү зохицуулалтын эрэмбийн дагуу татгалзах үндэслэл илэрсэн тохиолдолд 159 дүгээр зүйлийн 159.3-т зааснаар сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах эрх дүүргийн сонгуулийн хороонд хуулиар олгогдсон тул Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар тогтоол хуульд нийцсэн гэж үзэж байна. 

Нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл нь “нэг” дэх хэсэгт дурдсан сонгогчдын санал татах зорилгоор сонгогчдод нэр дэвшигч мөнгө тараах ажлыг санаачлан зохион байгуулсан, мөнгө хөрөнгө гаргасан, тараасан үйл баримт болно. 

Үүнийг заавал шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхыг хуулиар шаардаагүй нь нутгийн өөрөө удирдах байгууллагад олгосон эрх хэмжээтэй холбон үзэж болно. 

Дээрх үндэслэлээс үзэхэд хууль тогтоогч нь Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулийн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах эрх зүйн үндэслэл, шаардлагыг ялгамжтайгаар тогтоосныг шүүх анхааран үзэхийг хүсч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Д.У*******ын Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороог О.Б******* даргатай, нарийн бичгийн дарга Ч.М, гишүүн Б.А, Г.Б, Э.Э*******, П.Э, Ц.Н, Н.Ш, Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд мөн хорооны 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны гишүүн П.Эыг чөлөөлж, хоёрдугаар хавсралтаар Д.Ж*******ыг томилсон байна. 

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Д.У*******ыг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэхийг олгожээ. 

Иргэн Галын Т 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд “...Галын Т миний бие нь Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшиж өрсөлдсөн болно. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт санал хураалтын өдөр Ардчилсан намаас нэр дэвшигч  Д.У******* нь сонгогчдод мөнгө тараах замаар сонгогчдын саналыг татах зорилготой үйл ажиллагаа явуулсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс гүйцэтгэх ажлын шугамаар илрүүлж тогтоосон болно. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3-т тус тус заасны дагуу Д.У*******т холбогдох асуудлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэгч ахмад н.А шалгаж байгаа болно” хэмээн гомдол гаргасан байна. 

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 05 дугаартай хуралдаанаар “Сонгуулийн хууль зөрчсөн нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах” тухай асуудлыг хэлэлцэж, мөн өдрийн 60 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16, 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсгийг тус тус үндэслэн тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас Баянзүрх дүүргийн 14 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.У******* нь сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан гэж үзэн нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасаж, сонгуулийн дүнгээс нэр дэвшигч Д.У*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар 14 дүгээр хорооноос А.Г 2.809 буюу 47.81%, Д.У******* 2.696 буюу 45.89%, Г.Т 2.490 буюу 42.38%, Л.А 2.468 буюу 42.01%, Ж.Ц 616 буюу 10.49 %, Г.Б 294 буюу 5.00%-ийн санал тус тус авсан байна. 

Нэхэмжлэгч “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж” тогтоолыг гаргасан гэж маргаж байна. 

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 9 гишүүнтэйгээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 7 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах эсэх асуудлыг хэлэлцэхгүй хэмээн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ч.М, гишүүн Б.А нар хуралдааныг орхин гарсан нь хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5 дугаар хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ”, 27.3-т “Сонгуулийн хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхисон, тасалсан тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож, хэлэлцсэн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцно” гэж зааснаар Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ч.М, гишүүн Б.А нарыг хуралдаанд оролцож, хэлэлцсэн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцохоор байх тул Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн  хуралдааныг ирц хүрээгүй буюу хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан гэж үзэх боломжгүй юм. 

Хариуцагчийн “Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч бүртгүүлсний дараа хууль зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах зохицуулалт байгаа, харин орон нутгийн сонгуулийн тухайд шүүхийн шийдвэр гарсан байхыг хуулиар шаардаагүй тул Сонгуулийн хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрээ гаргасан, Д.У******* мөнгө тараасан гэх үйлдэл бичлэгээр тогтоогдож байх тул өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийн нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан” гэх тайлбар нь уялдаа холбоогүй, хүлээн авах үндэслэлгүй байна. 

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 70.1.1-д “мөнгө, эд зүйл тараах”, 70.5-д “Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 70.5.16-д “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах” гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 159.3-т “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэж тус тус заажээ.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэдгийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгох бөгөөд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоогоогүй байхад Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо энэ талаарх гомдол хүлээн авсан даруйд  буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 60 дугаар тогтоол гарган нэр дэвшигч Д.У*******ыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасныг зөрчиж сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон гэж үзэн мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т зааснаар нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 117.2-т заасантай нийцэхгүй байна. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс “2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 14 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.У*******ын сонгуулийн штабаас сонгогчдод мөнгө өгч сонгуулийн санал өгсөн бүртгэлийн хуудсыг худалдан аваад байгаа нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн” гэх тус тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Г.Тгийн хуулийн зөвлөх Э.Тын гаргасан гомдол, мэдээллийг шалгаад захиргааны хариуцлага ногдуулахаар ирүүлсэн материалыг тус шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянаад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсээс тус дүүргийн 14 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.У******* нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж иргэдэд мөнгө тараан, саналыг худалдаж авсан гэх асуудал нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, харин Р.С нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан заалтыг зөрчсөн болох нь Э.Т, Д.У*******, А.Г, Х.Б*******, Т.М нарын тайлбарууд болон Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас, эд зүйлд үзлэг хийж гомдолд хавсаргасан тэмдэглэл, бичиг бүхий сиди болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.15 дахь хэсэгт зааснаар иргэн Р.Сд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 192.000 торгох шийтгэл ногдуулжээ.

Мөн түүнчлэн Д.У******* Сонгуулийн тухай хуулийн 70.1.1, 70.5.16-д заасныг зөрчөөгүй болохыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаар захирамжаар тогтоосон байх бөгөөд хариуцагч хуулийг өөрт ашигтай байдлаар тайлбарлан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 60 дугаар тогтоолыг гаргасан нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. 

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтаар аливаа этгээд, 70.5 дахь заалтаар сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг тус тус хориглосон бөгөөд  энэхүү тохиолдолд аливаа этгээд буюу Д.У*******ын сонгуулийн сурталчилгааг хийх эрх бүхий этгээд биш Р.Сгийн мөнгө тараасан гэх үйлдлийг шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй байхад иргэний гомдолдоо хавсарган ирүүлсэн дуу бичлэгийг үндэслэн Д.У*******ыг зөрчил гаргасан гэж хариуцагч үзэн илтэд нэг талыг баримтлан, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, шударга ёсыг сахисан шийдвэр гаргаагүй байна .   

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Д.У*******ыг оруулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.1, 70.5, 70.5.16, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Д.У*******ыг оруулахыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Д.У*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.САЙХАНТУЯА