Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ20176/00242

 

Н.Батаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/00819 дүгээр шийдвэр,       

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 59 дүгээр магадлалтай,

Н.Батаагийн нэхэмжлэлтэй,

Т.Батболдод холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3.600.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5.800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирвааны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Батаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Батболд нь 2013 оны 11 дүгээр сард 2.000.000 төгрөг зээлж, хүүг сарын 10 хувь гэж тохирсоны дагуу 4 сарын хүүд 800.000 төгрөг төлсөн. Гэрээг бичгээр хийгээгүй байсан тул 2014 оны 9 дүгээр сарын 06-нд зээлийн гэрээг бичгийн хэлбэрт оруулж хуулийн дагуу байгуулсан. Өөрөөр хэлбэл өмнөх зээлээ баталгаажуулж, бичгээр байгуулсан ба 2014 оны 9 дүгээр сарын 06-наас 2015 оны 1 дүгээр сарын 06-ныг хүртэл 4 сарын хугацаатайгаар, сард 10 хувийн хүүтэйгээр, зээлийг төлөхгүй бол хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон. Хариуцагч нь энэ гэрээг хийснээс хойш нэг удаа 200.000 төгрөг төлсөнөөс өөр төлбөр хийгээгүй. Иймд гэрээний дагуу үндсэн зээл болон зээлийн хүү, алдангид нийт 3.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа: Анх 2011 оны 11 дүгээр сарын 23-нд нэхэмжлэгчээс 2.000.000 төгрөгийг зээлж авсан ба сар бүр 200.000 төгрөгийн хүүг 39 сарын турш нийтдээ 7.800.000 төгрөгийг төлсөн. Мөнгийг өөрөө болон эхнэр Ш.Долгормаа, дүү Ш.Одгэрэл, П.Энхболд зэрэг хүмүүсээр дамжуулан гэрт нь аваачиж өгдөг байсан. Дээрх хүмүүс гэрчээр мэдүүлэг өгч нотолж байгаа. 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэж нэхэмжлэгч 3.600.000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөх боломжгүй. Учир нь Батаа өөрийн Энхээ гэдэг охин, мөн цагдаатай ирж “чамайг баривчлуулна, машиныг чинь чирч аваачина” гэх зэргээр дарамталж уг гэрээг хийлгэн нотариатаар гэрчлүүлсэн. Энэ гэрээний дагуу 2.000.000 төгрөгийг тоолж өгөөгүй гэдгээ нэхэмжлэгч Н.Батаа өөрөө зөвшөөрч тайлбарласан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Батболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.Батаагаас 2011 оны 11 дүгээр сарын 23-нд амаар харилцан тохиролцон 1 сарын хугацаатай зээлсэн 2.000.000 төгрөгийг эргүүлэн төлөхдөө 2011 оны 12 дугаар сараас эхлээд 2015 оны 2 дугаар сар хүртэл сар бүр 200.000 төгрөгийн хүү тооцон, нийт 7.800.000 төгрөг төлсЮн. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар хүү тооцох эрхгүй. Хариуцагч Т.Батболд нь үндсэн 2.000.000 төгрөгийн зээлээ бүрэн төлөөд илүү 5.800.000 төгрөг төлсөн тул энэ илүү өгсөн мөнгөөр нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн тул гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Батаа сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2011 онд мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт байдаггүй. 2013 оны 11 дүгээр сард л зээлдүүлсэн юм шиг байгаа юм. Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацааг урагшлуулж тооцох гэж л 2011 онд зээлсэн гэж яриад байна. 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Н.Батаагийн бичсэн гар бичмэл баримтыг үндэслэсэн. Энэ баримтыг хариуцагч нь өөрөө гаргаж ирсэн. Энд нийт 7.800.000 төгрөг өгсөн гэсэн нь Н.Батаагийн бичиг биш гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Бусад хэсгийг нь нэхэмжлэгч бичсэн гэдгийг зөвшөөрдөг. Хариуцагч Батболд өөрөө тийм бичиг хэрэгтэй байна, сар бүр танд төлбөр төлж байгаа гэсэн бичиг хэрэгтэй байна гэсний дагуу бичиж өгсөн байдаг. Би мөнгөө хүнд ашиглуулж байгаа учраас хүү авах ашиг сонирхол байсан. Бичгээр гэрээ хийхгүй бол болохгүй юм байна гэдгийг хожим ойлгоод 2014 оны 9 дүгээр сарын 06-нд бичгээр зээлийн гэрээг баталгаажуулж байгуулсан. Үүнийг дарамт шахалт үзүүлж хүчээр хийлгэсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Батболд өөрөө хүү төлье гэж тохиролцсоны дагуу хүүд тооцож төлсөн мөнгөө буцааж нэхэмжилж байгаа нь утгагүй. Энэ зээлийн гэрээ нь өөрөө 2014 оны 9 дүгээр сарын 06-ныг хүртэл 2.000.000 төгрөгийг төлөөгүй байсныг нотолж байна. мөнгөө нэхэж шаардаж байсныг нотолж байна. Гэрчүүд мөнгө аваачиж өгсөн гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэзээ хэдэн төгрөг өгснийг нотолж чадахгүй байна. Зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө 4 удаа, дараа нь 1 удаа 200.000 төгрөг, нийтдээ 1.000.000 төгрөг төлсөн гэдгийг нэхэмжлэгч зөвшөөрдөг. 7.800.000 төгрөг төлсөн гэсэн баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/00819 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Батболдоос 1.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Батаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.600.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг, хариуцагч Т.Батболдын, нэхэмжлэгч Н.Батаагаас 5.800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.550 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдэн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны  өдрийн 59 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/00819 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 182/ШШ/2016/00819 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 59 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүхээс гэрч Ш.Одгэрэл, П.Энхболд нар нь Батаад мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт байхгүй гэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь шүүх хуралдаанд дээрх гэрчүүд мэдүүлэхдээ “... мөнгө хүлээлгэн өгсөн талаар баримт өгдөггүй байсан дараа нь ах Т.Батболдтой тооцоо нийлнэ гэж хэлдэг байсан... гэх мэдүүлгүүд нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Батаа болон Батболд нар хоорондоо тооцоо нийлсэн болохыг давхар нотолж буй баримт ба болж өнгөрсөн үйл явдлыг хожим баримтжуулахыг хуулиар хориглоогүй. Хариуцагч Т.Батболд нь 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр аман гэрээ байгуулан авсан 2 сая төгрөгийг нэхэмжлэгч нь зөвхөн бэлнээр авна гэсэн байдаг тул өөрөө болоод эхнэр Долгормаа, тухайн үед Т.Батболдийнд амьдарч МУИС-д суралцаж, одооч амьдарч байгаа хамаатны хүүхэд болох Одгэрэл, дулааны улирлуудад Увс аймгаас Улаанбаатар хотод ирэн барилгын ажил хийж хариуцагчийнд амьдардаг байсан П.Энхболд нараар Чингэлтэй дүүрэг 18 хороо 7-н буудлаас Чингэлтэй рүү эргэдэг хэсгийн замын хажууд талд ногоон блокон хашаанд байх Батаагийн гэрт нь сар бүр 200.000 төгрөгийг хүргэж өгдөг байсан талаар мэдүүлдэг ба үүнийг ч Батаа үгүйсгэдэггүй.

2. 2011 оны 12 сараас эхлэн 2015 оны 2 сар хүртэл нэг ч сар тасралгүй 39 сарын турш нийт 7.800.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг нотлох зорилгоор Батаагийн өөрийн гарааг бичигдсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба дээрх баримтыг шүүх үнэлээгүй нь ИХШХШТХ-н 40 дүгээр зүйлийг бүхэлд зөрчиж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2011 оны 11 сард Батболд нь 2.000.000 төгрөг зээлсэн сар бүр 200.000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл төлсөөр ирсэн гэх агуулга бүхий баримтыг өөрийн гараар үйлдсэн нь хариуцагчаас хэдэн төгрөг авсан болохоо илэрхийлсэн хэргийг шударгаар шийдвэрлэхэд зайлшгүй үнэлэгдэх шаардлагатай баримт юм.

Учир нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Батаа болон Батболд нарын үйлдсэн бичгийн баримт нь 2 талын хүсэл зоригийг илэрхийлсэн тухайлбал Батаа нь ямар зориулалтаар зээл өгөх болсон. Хэрхэн төлөгдсөн талаар, хариуцагч Батболд нь нийт хэчнээн төгрөг төлснөө тооцож талууд гарын үсэг зурсан байдаг. Дээрх баримтийн доод хэсэгт бичигдсэн нийт 7.800.000 төгрөг төлсөн гэх бичвэрийг хариуцагч Т.Батболд нь бичсэн болохоо зөвшөөрдөг ба тухайн баримтыг үйлдэхэд байсан гэрч Ш.Долгормаа нь дахин нотолдог.

3. 2011 онд аман хэлцэл байгуулж хүлээн авсан 2.000.000 төгрөгийг 5.800.000 төгрөг болгон нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 182/ШШ/2016/00819 тоот шийдвэр 2016 оны 59 дугаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний үүрэгт 3.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Батаагийн нэхэмжлэлийг хариуцагч Т.Батболд эс зөвшөөрч, илүү төлсөн 5.800.000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2011 оны 11 дүгээр сард 2.000.000 төгрөг зээлсэн, үүнээс 1.000.000 төгрөгийг төлж, үлдэх 1.000.000 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр Н.Батаа нь Т.Батболдод 2.000.000 төгрөгийг 4 сарын хугацаагаар, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирчээ /хавтаст хэргийн 4 дүгээр тал/.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд, гэрээнд заасан нөхцөлөөр буцаан өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасан мөнгийг шилжүүлээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3 дах зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд дээрх зээлийн төлбөрт 5.800.000 төгрөг илүү төлсөн гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаар гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ тохиолдолд шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн  ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг  гомдолд дурдсан агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2016/00819 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 59 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирвааны гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 1 дүгээр сарын 16-ний өдөр төлсөн 28.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ