2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/09493

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 06 191/ШШ2025/09493

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...... дүүрэг,..... дугаар хороо, ..... мянгат, .... тоот хаягт байрлах, ...... ХХК /РД:...../,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ......дүүрэг, ...... дугаар хороо, ...... байр, ..... тоотод оршин суух, ........ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, .... дүүрэг, .... дугаар хороо, ...тоотод байрлах, ...... холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, .....р дүүрэг, .... дүгээр хороо, .... дугаар давхарт байрлах Т.... банк ХК /РД:..../

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, ..... дүүрэг, Чингисийн өргөн-36,..... байр, ... тоотод байрлах, ...... ХХК /РД:....../-д холбогдох

 

Төлбөр авагчид гүйцэтгэх хуудсыг буцаан өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Бям

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.За

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ун

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.... банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ...... ХХК, ОХУ-ын иргэн ..... нар нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Бо 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаар захирамжаар шийдвэрлэсэн иргэний хэрэгт 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 560,000,000 төгрөгийн төлбөртэй болохыг төлбөр авагч "Т.... банк"-тай актаар баталгаажуулсан.

Төлбөр авагч Т.... банк нь "...... ХХК-ийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцон 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаар захирамжийн барьцаанд байсан Оросын Холбооны Улсын иргэн Романовский Константин Дмитриевичийн өмчлөлийн Тавантолгой" ХК-ийн 10,231 /1,023,100/ ширхэг хувьцааг 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр Тавантолгойтранс ХХК-д өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хууль бусаар өмчлөх эрх үүссэнийг зөвшөөрөх гэрээ байгуулж хуучнаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч С.А 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дүгээр /захирамж/ шийдвэрээр шийдвэрлэгдсэн.

Төлбөр авагч Т.... банк ХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас манай компани болон Оросын Холбооны Улсын иргэн .......ХК-ийн 10,231 /1.023.100/ ширхэг хувьцааг захиран зарцуулах, хувьцааны ногдол ашиг авах, хувьцааг эзэмших, өмчлөх эрхгүй, уг хувьцааны төлбөрт нэг ч төгрөг авч чадаагүй хохирч байна.

Тухайн хувьцааны зах зээлийн ханш тухайн үедээ 10.000.000 ам.долларын биржийн үнэлгээтэй, жилдээ 1,390,000,000 -790,000,000 төгрөгийн ногдол ашиг авдаг, өнөөдрийн биржийн ханшаар 36,000,000,000 төгрөгийн ханштай байна.

Төлбөр авагч Т.... банк ХК-ийн буруутай үйл ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ...... ХХК-ийн 22/66 дугаар албан бичгээр гомдол хүсэлт гаргахад 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03/43 тоот албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр авагч Т.... банк ХК-ийн буруутай үйл ажиллагааны талаар гомдол, хүсэлтийг бусад асуудлын хамт гаргасан боловч одоог хүртэл хариу өгөөгүй.

2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд дахин гомдол гаргахад 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01/2562 тоот албан бичгээр хууль, тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд хууль зүйн үндэслэлгүй хариуг бичгээр ирүүлсэн.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болгосон төлбөр авагч Т.... банк-нд Гүйцэтгэх баримт бичиг-ийг хуульд заасан үндэслэл журмын дагуу буцааж өгөхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаар захирамжийн дагуу явуулж байгаа 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2527 дугаартай Гүйцэтгэх хуудас-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т төлбөр авагч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болгосон үндэслэлээр буцааж өгөхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаар захирамжаар ...... ХХК-аас 1,232,952,362 төгрөгийг гаргуулж Т.... банканд олгох, хариуцагч ...... ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны хөрөнгө болох Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр суманд байрших ...... ХХК-ийн бааз, барилга байгууламж, Хятад Улсад үйлдвэрлэсэн цагийн өнгөтэй Чиргүүл 10 ширхэг, Чиргүүл цагаан 20 ширхэг, ачигч 1 ширхэг, ВТВ-Д 200 тонны электрон вагон жин, гүний худаг, автомашины 1000 тонны даацтай жин, 300 метр салаа төмөр зам, цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн трансформатор, SHAHNXI маркийн 2007 онд үйлдвэрлэсэн хүнд даацын автомашин 20 ширхэг, чирэгч 10 ширхэг /6610-6619/, 66-00 УБС улсын дугаартай Тоёото Ланд крузер маркын суудлын автомашин, Таван толгой ХК-ийн 11660 ширхэг хувьцаа, Т.... банк болон Анод банкны харилцах дансны орлого зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 9089/ч дугаар захирамж, мөн шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2527 дугаар гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаар байсан ОХУ-ын иргэн....... захирамжийн барьцаанд байсан ....... ХК-ийн 10.231 /1.023.100/ ширхэг хувьцааг 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр "Таван Толгой Транс" ХХК-д өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хууль бусаар өмчлөх эрх үүссэнийг зөвшөөрөх гэрээ байгуулж хуучнаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч С.Амардэлгэрийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дүгээр захирамж, шийдвэрээр шийдвэрлэсэн" дээрх шийдвэр нь төлбөр авагч "Т.... банк" ХК-ийн буруутай үйл ажиллагаагаар хувьцаа шилжих ажиллагаа явагдсанаас шүүхийн шийдвэр биелүүлэх боломжгүй болсон тул гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах нь зүйтэй гэж тайлбарласан байна.

Төлбөр төлөгч ...... ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь төлбөр авагч Т.... банк" ХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 9089/ч дугаар захирамж, мөн шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2527 дугаар гүйцэтгэх баримт бичгийн дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр саад учруулсан үйлдэл, эс үйлдэл гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.... банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.... банкны зүгээс нэхэмжлэгчийн шаардлага нь илт хууль бус шаардлага гэж үзэж байна. Т.... банк ХК болон ...... ХХК-ийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаар захирамжаар явуулж байгаа гэрээг одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд очоод 15 жил болж байна. Энэ хугацаанд төлөгдөөгүй 550,000,000 төгрөг өнөөдрийг хүртэл манай банканд орж ирээгүй байгаа.

Уг хэрэг маргаантай холбоотойгоор 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхээс шийдвэр гарсан. Энэ шийдвэр нь уг маргаан буюу энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн шаардлага бүхий нэхэмжлэл байсан.

Гэтэл тухайн үед уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дахин өөр юм яриад гарч ирж байна. Гэхдээ маргааны агуулгын нэг байгаа учраас нэг зүйлийг олон дахин тойроод байна.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байтал дахин энэ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэр гаргах хэрэг үүсгэсэн нь процессын алдаа болсон байна. Манай буруутай үйл ажиллагааны улмаас Романский Константин Дмитриевич хувьцаагаа алдсан мэтээр нэхэмжлэгч тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгчийн хэлээд байгаа тухайн эвлэрлийн гэрээг байгуулсан хэрэг маргаан Романский Константин Дмитриевич өөрөө энэ хэрэг маргаан би ямар нэгэн байдлаар эрх ашиг маань зөрчигдөөгүй учраас гуравдагч этгээдээр оролцохгүй гэдэг байдлаар шүүх хуралд тайлбараа гаргаж өгсөн байдаг.

Мөн Т.... банкны .....ХХК болон Говь урал ХХК, ...... нарын хооронд хийсэн 800,000 ам.долларын үнэ бүхий тухайн хувьцааг худалдсан гэрээг дэмжин баталгаажуулсан 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3371 дугаартай ТУЗ-ийн тогтоол нь Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан эрх олгогдоогүй этгээдийн хийсэн хэлцлийг дараа нь баталгаажуулсан баримт бичиг учраас ямар нэгэн хууль зөрчсөн эсхүл хуулиас гадуур ажиллагаа огт яваагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь хуулийн хувьд үндэслэлгүй байна гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанитай хамааралтай асуудал энд байхгүй байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар ёсчлон гүйцэтгэх ёстой. Тэр шүүхийн шийдвэр дээрх утга агуулга, үг үсгийг өөрчлөх, хувиргах боломжгүйгээр яаж заасан байна, тэрийг нь биелүүлэх үүрэгтэй ийм газар юм гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

Хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-5/, 2010.05.19-ний өдрийн 816 дугаар шүүгчийн захирамж /хх-11-15/, 2010.05.19-ний 10/01 дугаартай Эвлэрлийн гэрээ /хх-16-17/, 2011.03.07-ны өдрийн Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ /хх-18-19/, 2013.07.05-ны өдрийн 405 дугаар Монгол улсын Дээд шүүхийн хяналтн шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх-20-30/, Зээлийн өр, авлагын тооцоо нийлсэн акт /хх-31/, Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг /хх-32-34/, Монгол улсын хөрөнгийн биржийн захирал Х.Алтайд гаргасан өргөдөл /хх-35-36/, Өргөдлийн хариу /хх-37/, Таван толгой ХК дээр 2011 оны ногдол ашиг авсан хувьцаа эзэмшигчдийн жагсаалт /хх-38-39/, 2014.03.10-ны өдрийн 2044 дугаартай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамж /хх-40-43/, 2014.03.10-ны өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэр /хх-44-47/, 201.01.28-ны өдрийн Эвлэрлийн гэрээ /хх-48/, 2014.02.24-ний өдрийн Эвлэрлийн гэрээ /хх-49-51/, Говь-Сүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгнч н.Цэнд-Аюушд гаргасан гомдол /хх-52-53/, Гомдолд хариу өгөх тухай албан бичиг /хх-54/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Ч.Ою гаргасан гомдол /хх-55-57/, Гомдлын хариу /хх-58/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Ч.О гаргасан хүсэлт, гомдол /хх-59-65/, Шийдвэр гүйцэтгэх албанаас иргэн Т.Бат хүргүүлсэн гомдолд хариу өгөх тухай албан бичиг /хх-66/, 2024.02.06-ны өдрийн Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 134/ШШ2024/00053 дугаартай шийдвэр /хх-67-84/, 2014.12.04-ний өдрийн 2527 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-85/, 2024.09.23-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШЗ2024/17944 дугаартай захирамж /хх-86-88/, ...... ХХК-ийн 2022.08.22-ны өдрийн 22/39 дугаартай албан бичиг /хх-109-111/, Т.... банк ХК-ийн ...... ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-112/, ...... ХХК-ийн 2022.12:14-ний өдрийн 22/65 дугаартай Тооцоо нийлэх тухай албан бичиг /хх-113-114/, Т.... банк ХК-ийн ...... ХХК-д хүргүүлсэн 2023.01.24-ний өдрийн 01/2-41 дугаартай албан бичиг /хх-115/, 2013.03.10-ны өдрийн 1044 дугаартай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-116-118/, 2024.02.08-ны өдрийн 134/ТМ2024/00029 дугаартай Гомьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-119-143/

 

6. Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/36128 дугаартай захирамжийн дагуу хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа, Шийдвэр гүйцэтгэх албанаас Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаар Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2527 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг бүхэлд баримтыг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн болно. /1хх-183-250, хх2-1-212/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Нэхэмжлэгч ...... ХХК, ОХУ-ын иргэн ..... нар нь ........ холбогдуулан төлбөр авагчид гүйцэтгэх хуудсыг буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч ...... ХХК, ОХУ-ын иргэн ..... нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Бол 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаар захирамжаар шийдвэрлэсэн иргэний хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Гэвч төлбөр авагч Т.... банк нь "...... ХХК-тай дээрх 816 дугаар захирамжийн барьцаанд байсан ОХУ-ын иргэн Ро......." ХК-ийн 10,231 /1,023,100/ ширхэг хувьцааг эвлэрлийн гэрээгээр Тавантолгойтранс ХХК-д өмчлөгчийн зөвшөөрөлгүй, хууль бусаар өмчлөх эрх үүссэнийг зөвшөөрөх гэрээ байгуулж хуучнаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дүгээр /захирамж/ шийдвэрээр шийдвэрлэгдсэн.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон төлбөр авагч Т.... банк-нд Гүйцэтгэх баримт бичиг-ийг хуульд заасан үндэслэл журмын дагуу буцааж өгөхийг үндэслэл бүрдсэн гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ төлбөр авагч Т.... банк ХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 9089/ч дугаар захирамж, мөн шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2527 дугаар гүйцэтгэх баримт бичгийн дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр саад учруулсан үйлдэл, эс үйлдэл гаргаагүй гэж татгалзжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.... банк ХК нь нэхэмжлэлд дурдсан эвлэрлийн гэрээг байгуулсан хэрэг маргаанд Романский Константин Дмитриевич өөрөө эрх ашиг маань зөрчигдөөгүй учраас гуравдагч этгээдээр оролцохгүй гэдэг байдлаар шүүх хуралд тайлбараа гаргаж өгсөн байдаг. Уг хэрэг маргаантай холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Гэвч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авсан нь процессын алдаа болсон байна гэх агуулгаар тайлбар гаргажээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Таван толгойтранс ХХК нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүхийн шийдвэрийг шийдвэр дээрх утга агуулга, үг үсгийг өөрчлөх, хувиргах боломжгүйгээр Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар нь ёсчлон гүйцэтгэх ёстой. Манай компанитай хамааралтай асуудал энд байхгүй байна гэх тайлбар гаргасан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаартай захирамжаар Т.... банк ХК 1,270,622,483 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг багасгаж, хариуцагч ...... ХХК нь 1,232,952,362 төгрөгийг төлөх, ...... ХХК захирамжийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр суманд байрших, ...... ХХК-ийн бааз, барилга байгууламж, Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй Чиргүүл 10 ширхэг, чиргүүл цагаан 20 ширхэг, ачигч 1 ширхэг, ВТВ-Д 200 тонны электрон вагон жин, гүний худаг, автомашины 1000 тонны даацтай жин, 300 метр салаа төмөр зам, цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн трансформатор, SHAHNXI маркийн 2007 онд үйлдвэрлэсэн хүнд даацын автомашин 20 ширхэг, чирэгч 10 ширхэг /6610-6619/, 66-00 УБС улсын дугаартай Тоёото ланд крузер маркийн суудлын автомашин, Таван Толгой ХК-ийн 11660 ширхэг хувьцаа, Т.... банк болон Анод банкны харилцах дансны орлого зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /1хх 11-15, 192-194/

6.2 Дээрх шүүхийн хүчин төгөлдөр захирамжийг ...... ХХК нь сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 381 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн боловч Т.... банк ХК нь гүйцэтгэх хуудсыг гээгдүүлсэн үндэслэлээр гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож, дахин гүйцэтгэх хуудас олгосон байна.

Өөрөөр хэлбэл, шүүхээс дахин 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2527 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. /1хх 188-190, 198/

6.3 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дугаартай захирамжаар ...... ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.... банканд холбогдох хувьцаа барьцаанаас чөлөөлүүлэх, худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр хувьцаа өмчлөх эрх үүссэнийг тогтоолгохыг хүссэн хэрэгт ...... ХХК болон ОХУ-ын иргэн Романовский К.Д нарын оронд 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээг Т.... банк дэмжин зөвшөөрч, гэрээний зүйл 10,231 ширхэг хувьцааг барьцаанаас чөлөөлөх; Хувьцааны /10,231 ширхэг/ өмчлөх эрх ...... ХХК-д үүсэх; ...... ХХК Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үнэ 800,000 ам.долларыг Т.... банканд төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

6.4 ...... ХХК нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаартай захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд үнэлгээг хүчингүй болгох, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол болон эд хөрөнгө хураах тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлснийг тогтоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 134/ШШ2024/00053 шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3., 55 дугаар зүйлийн 55.7.-д заасныг баримтлан ...... ХХК-ийн үнэлсэн 2022 оны 9 дүгээр 07-ны өдрийн ТХҮ-322-4399 дугаар үнэлгээг хүчингүй болгож, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 300018/03 дугаар тогтоол болон 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай 15300018/04 дүгээр тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоолгох, 15300018/04 дүгээр тогтоолоор хууль бусаар хураагдсан Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, УБ-Транс ХХК-ийн баруун хойд талд байрлах 2 давхар хуучин цагаан контор 1 ширхэг, харуулын байр 1 ширхэг, сауны зориулалттай 96 м2 барилгыг тус тус чөлөөлүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай, 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 816 дугаар захирамжаар 1,232,952,362 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөхөөр зохигчид эвлэрч, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Т.... банк-тай тооцоо нийлсэн актаар зээлийн үлдэгдэл 557,034,712 төгрөг, тэмдэгтийн хураамж 3,135,380 төгрөг, нийт 560,170,092 төгрөгийн төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлснийг тогтоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

7. Талууд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаартай захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар маргаагүй боловч төлбөр авагчийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шийдвэр гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон эсэх, гүйцэтгэх баримт бичгийг буцаах хууль зүйн үндэслэлийн талаар маргаж байна.

8. Иргэний шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т төлбөр авагч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад удаа дараа саад учруулсан, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болгосон заасан иргэний шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах үндэслэл бүрдсэн гэж тайлбарлав.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 816 дугаартай захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр авагчаар оролцож буй Т.... банк ХК нь ...... ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсан, ...... ХХК болон ОХУ-ын иргэн Романовский К.Д нарын хооронд 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээг Т.... банк дэмжин зөвшөөрч, гэрээний зүйл 10,231 ширхэг хувьцааг барьцаанаас чөлөөлөх; Хувьцааны /10,231 ширхэг/ өмчлөх эрх ...... ХХК-д үүсэх; ...... ХХК Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үнэ 800,000 ам.долларыг Т.... банканд төлөхөөр тохиролцсон нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон гэжээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дугаартай захирамжаас үзвэл, шүүх ...... ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.... банканд холбогдох хувьцаа барьцаанаас чөлөөлүүлэх, худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр хувьцаа өмчлөх эрх үүссэнийг тогтоолгохыг хүссэн иргэний хэрэгт ОХУ-ын иргэн Романовский К.Д нь удаа дараа ...... ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.... банканд холбогдох хувьцааны маргаанд оролцохгүй, эрх зөрчигдөхгүй гэсэн тодорхойлолтыг өөрийн хэл дээр гаргасныг монгол хэл рүү орчуулуулж, нотариатаар гэрчлүүлсэн болохыг дүгнэж, тухайн этгээд уг үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэх, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлын талаар шалгагдсан гэж үзжээ.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон гэх төлбөр авагч Т.... банк ХК-ийн бусад этгээдтэй буюу ...... ХХК-тай байгуулсан эвлэрлийг гэрээг хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзсэн хүчин төгөлдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дугаартай захирамж байна.

Энэ тохиолдолд, төлбөр төлөгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал бий болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

9. Түүнчлэн төлбөр авагч Т.... банк ХК нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад удаа дараа саад учруулсан гэж үзэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

10. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ...... ХХК, ОХУ-ын иргэн ..... нарын төлбөр авагчид гүйцэтгэх хуудсыг буцаан өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Нэхэмжлэгч ...... ХХК, ОХУ-ын иргэн ..... нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 /70,200+70,200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ...... ХХК, ОХУ-ын иргэн ..... нарын төлбөр авагчид гүйцэтгэх хуудсыг буцаан өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Нэхэмжлэгч ...... ХХК, ОХУ-ын иргэн ..... нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  О.ЦЭНД-АЮУШ