| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/11604/И |
| Дугаар | 191/ШШ2025/10583 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/10583
| 2025 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 191/ШШ2025/10583 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ****** дүүрэг, **** дүгээр хороо, ******* ******* ******* гудамж, ***** байр, ***** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р. *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Р. ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Р. ******* миний бие 1996 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст туслах ажилтнаар орж, Зурагт дахь цагдаагийн хэсэгт ажилласан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын архиваас шүүлгэхэд миний ажилд орсон, гарсан тушаал гарч ирээгүй, баримт олдохгүй байна.
Би тогтоолгох гэхэд ажилд орсон, гарсан тушаал олдогүй байгаа тул нийгмийн даатгалын байгууллагаас намайг шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсний дагуу шүүхэд хандсан.
Иймд шүүхэд гаргаж өгсөн баримтуудад үндэслэн намайг 1996 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст цагдаагийн туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,
нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 909 дугаартай тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 26-05/1535 дугаартай лавлагаа, гэрч А. *******, Н. ******* нарын тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилчдын 1996 оны 10, 11, 12, 1997 оны 01, 02, 03, 4, 5 саруудын цалин олгож байсан талаарх баримтууд, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 1997 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/108 дугаартай Дадлагажих ажилтнаар томилох тухай тушаал, 1998 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/108 дугаартай Томилох тухай тушаал, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан тухайн үеийн гэрэл зургууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу А.*******, Н.******* нарыг шүүхээс гэрчээс асуусан тухай тэмдэглэл хэрэгт авагдсан.
Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р. ******* нь 1996 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст цагдаагийн туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар, Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу ажиллаж байсан байдлыг тодорхойлон ажилласан жилийг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна. Мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт, хүсэлтэд уг үйл явдлыг гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтаар хавсаргана гэжээ.
Хүсэлт гаргагч Р. ******* нь шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийн үндэслэлийг, цагдаагийн байгууллагад туслах ажилтнаар ажилд орсон, ажлаас гарсан тушаалууд байхгүй тул дурдсан хугацааны ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай болсон гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт, хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулсан.
Хэрэгт авагдсан, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилчдын 1996 оны 10 11, 12 саруудын цалингийн түүвэр баримтын 10.-т ...*******, албан тушаал туслах ажилтан, дүн 3000, 76.-д ...Р. *******, 26220, 26, 13000, 500 гэсэн бичилтүүд, Батлав: Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ж. , цалингийн тодорхойлолт баримтуудын 1997 оны 01 сар, 02 сар, 03 сар, 04 сар, 05 саруудад Р. *******, ажилласан хоног 26, ажилласан цаг 208, олгох цалин 1500 гэсэн бичилтүүд, 1997 оны 2 сард Р.*******, ажилласан хоног 26, ажилласан цаг 208, олгох цалин 1500 гэсэн бичлтүүд,Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 1997 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн б/108 дугаартай Дадлагажих ажилтнаар томилох тухай тушаал, Тушаах нь: ...1.Цагдаагийн дамжаа төгсөж ирээд ажиллаж байгаа ******* *******...нарыг 1997 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс дадлагажих ажилтнаар томилсугай гэсэн бичвэр, гэрч А. *******, Н. ******* нарын шүүхэд мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг, тухайн үед цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа авахуулж байсан Р. ******* нарын зураг бүхий гэрэл зургууд зэргээр Р. ******* нь цагдаагийн байгууллагад туслах ажилтнаар ажиллаж байсан гэж үзэх үйл баримтууд тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Р. *******ыг 1996 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг 1996 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1997 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Р. *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА