| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10425/И |
| Дугаар | 192/ШШ2025/08904 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/08904
2025 11 04 192/ШШ2025/08904
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: ** тоот хаягт оршин суух, Б.Б /РД:**/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, О.Б /РД:**/-д холбогдох,
29 898 442 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Б миний бие 2025 оны 04 дүгээр сарын дундуур өмнө нь хамт ажиллаж байсан О.Б-ээс Forland загварын ус зөөвөрлөдөг автомашиныг 24 000 000 төгрөгөөр худалдан авахаар ингэхдээ тухайн автомашиныг БНХАУ-аас оруулж ирэхэд шаардлагатай тээвэрлэлийн болон гаалийн татварт гарах зардлыг миний бие хариуцаж төлөхөөр харин тэрээр автомашиныг надад 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөөхөөр амаар харилцан тохиролцсоны үндсэн дээр миний бие 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд О.Б-ийн Голомт банкны ** тоот данс руу нийт 28 100 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл миний хувьд харилцан тохиролцсоны дагуу автомашины үнэ болон холбогдох зардлыг түүнд төлсөн боловч тэрээр дээрх хугацаандаа автомашиныг надад хүлээлгэн өгөөгүй юм. Ингээд миний бие түүнтэй гар утсаар болон түүний Biligt гэсэн We chat-aap /2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд/ холбогдож автомашиныг надад хүлээлгэж өгөх талаар шаардахад янз бүрийн шалтаг шалтгаан хэлдэг байсан. Тэгэхээр нь би түүнд дахиад нэг сарын хугацаа өгөөд энэ хугацаанд автомашиныг надад хүлээлгэж өгөөгүй тохиолдолд түүнээс наймаагaa буцаагаад, өгсөн мөнгөө буцааж авахаар тохиролцсон бөгөөд нэмэлт хугацаа тогтоосон боловч тэрээр надад автомашиныг хүлээлгэн өгөөгүй, үр дүн гараагүй тул миний бие худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, түүнээс мөнгөө авахаар шаардахад тэрээр надад "...удахгүй мөнгөтэй болно, мөнгө орж ирнэ, орж ирвэл шууд хийнэ..." гэж хэлсэн боловч надад өнөөдрийн байдлаар миний мөнгийг буюу автомашины үнийг буцааж өгөөгүй намайг хохироож байгаа юм. Миний хувьд түүнд автомашины үнийг шилжүүлэхдээ 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Голомт банкнаас 26 000 000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 14,4 хувийн хүүтэй зээлдэж аваад өгсөн бөгөөд тухайн үед энэ талаар түүнд хэлж байсан. Миний бие зээлийн гэрээний дагуу 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүнд 1 798 442 төгрөгийг төлсөн бөгөөд энэ нь надад учирсан хохирол юм. Иймд автомашин худалдах, худалдан авах гэрээний үнэд төлсөн 28 100 000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол 1 798 442 төгрөг, нийт 29 898 442 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О.Б миний бие Б-ын гаргасан нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрч байгаа ба нийт 29 898 442 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Сар болгон төлөхөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч О.Б-д холбогдуулан 29 898 442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Б-ын нэхэмжлэлтэй О.Б-д холбогдох 29 898 442 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 153 725 төгрөг, хариуцагч О.Б-ээс 153 725 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч О.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ