Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/29

 

           С.Э*******т холбогдох

                                     эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Ц., Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Энэрэл хөтөлж,

Прокурор Д.Н*******

Шүүгдэгч С.Э*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч  М.******* нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С******* овогт С******* Э*******т холбогдох эрүүгийн *************** дугаартай, *************** индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С******* овогт С******* Э*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” ХХК-д рамчин ажилтай, ам бүл *, * хүү, бэр, зээ нарын хамт, Сэлэнгэ аймаг, ******* сум, ** дугаар баг, *-* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай. (РД: **********), урьд

-Сэлэнгэ аймаг дахь анхан шатны шүүхийн 1991 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.

Шүүгдэгч С.Э******* нь Сэлэнгэ аймаг, ******* сум, 2 дугаар баг, “Жалга” гэх газар 2024 оны 08 дугаар сарын 17-ны орой Д.Бгийн хамтаар “Киа бонго” загварын **-** СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,86 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад зорчигч Д.Б тээврийн хэрэгслийн зорчигч талын хаалгаар гадагш унах үед тээврийн хэрэгсэлтэйгээ ухрах үйлдэл хийсний улмаас түүний дээгүүр дайран гарч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: С.Э*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч С******* овогт С******* Э******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 зааснаар шүүгдэгч С.Э*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Э*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож,

Насанд хүрээгүй Э Б нь **** оны ** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн, ** настай, эцэг Д Э, эх Бгийн Б нарын хэнийх нь асран хамгаалалтад өгөх эсэхийг, насанд хүрээгүй Бгийн Т нь **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Э*******т оногдуулсан 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох ирээдүйд авах эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн тоолж,

Шүүгдэгчийн ирээдүйд авах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хассан талаарх мэдээллийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлж,

Шүүгдэгч С.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч С.Э*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорьж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгаж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д давж заалдах гомдолдоо:  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр дугаар сарын 07-ны өдрийн 04 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгч С.Э******* түүний өмгөөлөгч Д.Д бид 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хуулийн хугацаанд гомдол гаргах нь Шүүгдэгч С******* Э******* миний биеийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцож, техник жолоодох эрхийг 10 жил хасч 2 жил 6 сарын хорих ял оноосон юм.

Ийнхүү гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь миний гэм бурууд тохирсон эсэх болон өөрийн гэм бурууг шударгаар хүлээж байна. Өөрийн 20 жил ханилсан ханиа хэдийгээр хохирогчийн буруутай үйл ажиллагаа байлаа ч хуулиар хориглосон өөрийн үйлдэл дунд амь насыг хохирооно гэдэгт хэлэх үг алга. Харин би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ техник жолоодож хөдөлгөөнд оролцоогүй бол миний хань амь насаа алдахгүй байсан байх.

Гагцхүү энэ дунд миний ард үлдсэн 15 настай хүү Б.Т нь ******* сумын ЕБС-ийн **-р ангид сурдаг ба энэ хүү минь давхар давхар хагацал үзэж байгаад сэтгэл эмтэрч байна. Төрийн хуулийн өмнө хүсэл өчиж хүүг минь эцгийн хайраар дутаалгүй хамт амьдрах боломж олгож, ** настай хүү минь ганцаар хоцорч айл айлд хоноглож яваа энэ эрсдлээс хамгаалах боломжийг олгож  оногдуулсан хорих ялыг доош татаж хорих ялын доод хэмжээний 2-ны нэгээс багагүй ял оногдуулж өгөхийг өмгөөлөгчийн хамт тус тус хүсч гомдол гаргаж буйг хүлээж авна уу гэжээ.

 

Шүүгдэгч С.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна. тухайн өдөр ийм зүйл болно гэж огт бодоогүй, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар эхнэрийнхээ амь насыг хохироосондоо маш ихээр гэмшиж байна. Одоо ар гэрт маань ** настай хүү маань дүүгийнхээ хамт үлдсэн. Асарч харгалзах хүнгүй байгаа энэ байдлыг минь харгалзан үзэж шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Болсон үйл баримт, холбогдсон хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар  миний үйлчлүүлэгч С.Э******* нь  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд огт маргаагүй. Болсон зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлсээр ирсэн.  Хэрэг учрал болсон өдөр С.Э******* амь хохирогч нар  хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тодорхой хэмжээний согтолттой байсан, хохирогч ямар учраас  машины хаалга онгойлгож  гадагш унасан болох нь тухайн тохиолдолд жолооч яаралтай арга хэмжээ авах боломжтой  байсан зэрэг  тогтоох боломжгүй нөхцөл  байдлууд  гэмт хэрэг гарахад  нөлөөлсөн гэж  үзэж болохоор байна. С.Э******* нь цаu алдалгүй  хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэм буруугаа  ойлгож, өнгөрсөн үйл баримтад өөртөө дүгнэлт хийж ухамсарлан ойлгож, шүүхээс оногдуулсан  шийтгэлд хүндэтгэлтэй хандаж байгаа болно.  Гэвч миний үйлчлүүлэгчийн  хүүхэд болох 15 настай Б.Т болон С.Э******* дээр өссөн зээ хүү Э.Б нь нь ахан шатны шийтгэх тогтоол гарснаас хойш 2 лаа амьдарч байгаа сумаас тэдгээрт асран хамгаалалт тогтоогоогүй, хүүхдүүдийн ах гэх 21 настай  залуу байдаг боловч тэр нь архины хамаарал бүхий тул  хүүхдүүдийн эрх ашиг  зөрчигдөж  амьдралын хүнд нөхцөлд хүүхдүүд амьдарч байгаа байдлыг давж заалдах шатны шүүхээс онцгой анхаарч, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.   

 Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан.  Шүүгдэгчийн ** настай хүүхдийн асрамжийн асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлүүлэхээр ******* сумын Засаг даргад үүрэг болгосон хүүхдийн ** настай ахыг архины хамааралтай  гэж өмгөөлөгч тайлбарласан боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй түүнчлэн зээ хүү болох Э.Бын эцэг эх нь  байгаа тул  тухайн хүүхдийн асрамжийг шүүх тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийн оролцогчдын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр С.Э*******т холбогдох эрүүгийн ****************дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

2.Шүүгдэгч С.Э******* нь Сэлэнгэ аймаг, ******* сум, * дугаар баг, “Жалга” гэх газар 2024 оны 08 дугаар сарын 17-ны орой 2,86 хувийн согтолттойгоор “Киа бонго” загварын **-** СЭҮ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож улмаар Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин зорчигч Д.Б тээврийн хэрэгслийн зорчигч талын хаалгаар гадагш унах үед тээврийн хэрэгсэлтэйгээ ухрах үйлдэл хийсний улмаас түүний дээгүүр дайран гарч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 17-ны 22 цагийн үед миний төрсөн дүү найз охин над руу залгаад эгчээ ээж өнгөрсөн гэж хэлсэн... Ээж архи уудаггүй байж байгаад сүүлийн үед архи уудаг болсон юм  шиг байна лээ. Э******* гээд нөхөртэйгөө нийлээд архи уугаад байдаг юм шиг  байна лээ. Тамхи бол татдаггүй. ...Нөхөртэйгөө  хэвийн сайхан харилцаатай байсан. Ээжийг минь зодож цохисон байна гэж би дуулаагүй. Э******* нь эрүүлдээ бол зүгээр үг дуу муутай, хэвийн зүгээр байж байдаг хүн. ...Надад гомдол саналтай зүйл байхгүй. Э******* нь ээжийн ажил явдлын зардлыг гаргасан. Мөн манай ээж, Э******* нар нь миний ** настай хүүг өгсгөсөн бөгөөд одоо хүртэл Э******* ах дээр байгаа юм. Э*******, ээж 2 дундаасаа одоо **, ** настай 2 хүүхэдтэй тэр минь хүртэл Э******* дээр байгаа юм. Хохирол миний хүү, дүү нарын хоолны мөнгөнөөс гарах учир гомдол саналтай нэхээд байх зүйл байхгүй. Гомдолтой гэж нэхэмжлэх мөнгө минь дүү нар, хүүд минь зарцуулагдсан нь дээр шүү дээ. Манай ээж Э******* нар хоёулаа согтуу явж байгаад асуудал гаргасан юм чинь одоо надад гомдол  саналтай зүйл байхгүй. Шүүх Э*******т хуулийн дагуу арга хэмжээ тооцох байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67, 69-р тал/

-Гэрч С. өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 17-ны гэртээ буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын *-р баг, хөдөө хэсэг “Жалга” гэх нэртэй газарт байж байхад манай нутгийн найзууд болох Б, Д, Э******* нар манай гэрт Э*******ын эзэмшлийн улсын дугаарыг нь сайн санахгүй байна, цагаан өнгийн бонго загварын машинтай 18 цагийн үед ирсэн. Тэд нар манай гэрт ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үнэртүүлсэн байдалтай ирсэн. Тэгээд тэд нар өөрсдийн авчирсан 0.75 хэмжээтэй 1 шил архийг задлаад манай нөхөр Жгээс бусад нь хувааж уусан... Тэгээд тэд нар манайд ирээд 30-40 минут орчим байж байгаад Э*******, Б хоёр за бид хоёр гэр лүүгээ харилаа гэж хэлээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77-р тал/

-Гэрч Ц. өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* суманд аймгийн начин Төрболдын мялаалга наадам болж байсан тул наадам үзэж байгаад 18 цагийн орчимд гэртээ тугалаа хаших гээд очсон. Тэгээд тугалаа хашчихаад Жийгээ ахынд ороод хэсэг юм ярьж суусан. Тэр үед тэдний гэрт манай эхнэр Д, Ж, Э*******, талийгч Б болон  Ж ахын эхнэр гэх хүмүүс нэг шилтэй архи хувааж уусан байсан. Би тэгээд ойр зуурын юм ярьчхаад удалгүй 10 минут ч хүрэхгүй цай уучхаад буцаад гэртээ очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80-р тал/

-Гэрч Л.Дгийн өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* сумын төвд гэртээ байхад 18 цагийн үед Б над руу утсаар яриад “Зүрхэн цэцэг өвс түүе” гээд манай гэрээс Э*******, Б хоёр машинтай ирж авсан. Тэгээд бид гурав ******* сумын “Жалга” гэх газарт Ж ахын гэрт очиж нэг шил 0.5 литрийн архи Э*******, Б, бид дөрөв хувааж ууцгаасан. Тэгээд 19 цагийн  орчим Э*******, Б хоёр төв рүү гэр рүүгээ явлаа гээд машинтайгаа явсан. ...Ж ахын гэрт байхад  ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. ...Э*******, Б хоёр Ж ахын гэрээс явахдаа сумын төв рүү харилаа гээд явсан. Өөр айлд очих талаар юм ярьсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-р тал/

-Гэрч Д.Жгийн өгсөн: “... Би 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* сумын * дугаар багийн хөдөө “Жалга” гэх газарт хөдөө гэртээ байж байхад манай ******* сумын төвд байдаг Э*******, Б, Д нар цагаан өнгийн Бонго маркийн машинтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 18 цаг 15 минутын үед  манай гэрт ирсэн... Тэгээд бүгдээрээ манай гэрт ороод цай уугаад сууж байгаад Э******* нэг шил 0.5 литрийн “Хараа” гэсэн нэртэй архи гаргаж ирээд надад өгөхөөр нь би архийг нь задлаад эхнэр Чимэгээд энийг хүмүүст хийгээд өг гээд өгсөн. Нэргүй гэрт орж цай амсчхаад гэр рүүгээ яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-р тал/

-Гэрч М.Эы өгсөн: “... Би 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ээлжийн эмчээр гарч байсан юм.  Тэгээд цайгаа ууж байтал сувилагч над руу 22 цаг 37 минутад залгаад “хүнд хүн ирлээ” гэхээр нь эмнэлэг дээр яваад очиход хүргэгдэн ирсэн 50 орчим насны махлаг эмэгтэй хүн байсан бөгөөд аль хэдийн нас барсан байсан. Тухайн эмэгтэй уруул ам нь хөхөрсөн, өмдөндөө шээсэн, амнаас шүлс ялгарч гарсан байсан. Тэгээд энэ талаар сумын цагдаа ад шууд л мэдэгдсэн. Анх эмэгтэйн цогцсыг харахад хажууд нь нөхөр нь гэх эрэгтэй хүн байсан бөгөөд тэрээр “манай эхнэр бид 2 айлд архи ууж байгаад архи авах гээд төв орж явтал эхнэр нь замдаа зүгээр байж байгаад суудлынхаа урд унасан тэгэхээр нь би яараад явж байгаад замдаа нэг үхэр мөргөөд арай гэж орж ирлээ” гэж хэлсэн. Тэгээд би сувилагчаас болсон асуудлын талаар асуухад хүнд хүн ирлээ гээд орилохоор нь гараад хартал цагаан өнгийн ачаатай тэрэгний зорчигчийн суудлын урд доод хэсэгт толгой нь жолооны хүрд рүү харсан байдал хөл нь үеэрээ нугаларсан махлаг эмэгтэй хүн хэвтэж байсан гэж хэлсэн. Тэгээд авч ирсэн хүнийх нь хамтаар өргөөд дийлэхгүй эмнэлгийн гадаа байсан хүний хамтаар өргөөд машин оруулсан гэж хэлсэн...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94-р тал/

-Шинжээч С.Саруулболдын 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №187 дугаартай: “1.С.Э******* нь жолоо барих эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ “Kia Bongo” маркийн **-** СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн үйлдэж байх үед зорчигч Д.Б нь өөрийн сууж байсан талын хаалгыг онгойлгон машинаас үсрэн буух үед С.Э******* нь тээврийн хэрэгслээ зогсоон ухрах үйлдэл хийх үедээ машинаас үсэрч буугаад газар хэвтэж байсан Д.Бгийн дээгүүр нь гарч яван, амь насыг нь хохироосон үйлдэл нь зам тээврийн  осол мөн.

2.Жолооч С.Э******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д: зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт, 3.4б-д: Жолооч дараах үүргийг хүлээнэ. Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт. 12.3-т: Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт 1.1 ажлын тоормосны идэвхжил нь MNS:4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх, 5.3.гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй бүдэг болсон гэсэн заалтуудыг зөрчсөн байна. С.Э******* нь тээврийн хэрэгсэл жолоодох тохирох ангиллын үнэмлэхгүй. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 26.8-д зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналтгүй эзэнгүй орхихыг хориглоно гэсэн заалт байдаг. Малчин энэ заалтыг зөрчсөн” гэх  дүгнэлт /хх-ийн 103-р тал/

-Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №81 дугаартай дүгнэлтээр: Шүүх эмнэлгийн шинжилгээгээр зулайд шарх, духны баруун тал, баруун мөр, баруун гарын 1-р хуруунд зулгаралт, баруун бугалга, зүүн шилбэ, нуруу, даланд  цус хуралт, баруун хөлийн 4-р хуруу хугарал, баруун талын 2,3,4,5-р хавирга, зүүн талын эгэм, 1,2,3,4-р хавирга, хүзүүний 4,5,6,7-р сээрний 1,2,3,4,5-н нугалмуудын хугарал, уушги хатгагдсан, элэг бяцарсан, нугас дарагдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь талийгаачийг нас барах үед үүссэн байх боломжтой байна. Амь насанд аюултай тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6, 4.1.7, 4.1.8. 4.1.12-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Магадлан шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 1.9 промили спиртийн агууламж илэрсэн байна. Магадлан шинжилгээгээр цээж хэвлийн битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. 2024.08.19-ний 19:44 минутад үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 24-с дээш цаг болсон байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 110-113-р тал/

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №4847 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Д.Б гэж хаягласан цус болон саарал өнгийн футболк нь шинжилгээнд тэнцэнэ. Саарал өнгийн фодволк дээрээс илэрсэн цуснаас нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь Д.Б гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 134-135-р тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

3.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Э*******ын гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

4.Анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан шүүгдэгч С.Э******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан үзэж, хохирол төлбөргүй зэрэг байдлыг  тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаас доош татаж хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

6.Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч С.Э*******ыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар гэж шийтгэх тогтоолын 2 дахь заалтад,  мөн 5 дахь заалтад шүүгдэгчийн асрамжид байсан **** оны ** сарын **-ны өдөр төрсөн ** настай Э Б нь хэдийгээр ** настай ахынхаа асрамжид байгаа боловч түүний төрсөн эцэг эх нь байгаа тул Э.Быг эцэг эхийнх нь асрамжид өгөх, харин шүүгдэгч С.Э*******ын төрсөн хүү болох  **** оны ** сарын **-ны өдөр төрсөн **  настай хүү Б.Тт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг хүүхдийн оршин суугаа газрын буюу ******* сумын засаг даргад үүрэг болгох, 6 дахь заалтад өгүүлбэр найруулга зүйн өөрчлөлтүүдийг тус тус өөрчлөлтүүдийг оруулахаар тогтов. 

7.Иймд  Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолын 2, 5, 6 дахь заалтуудад өөрчлөлт оруулан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б С.Э*******ыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

5 дахь заалтыг:

“ Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.10-т зааснаар шүүгдэгч С.Э*******ын асрамжид байсан  **** оны ***дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай Э Быг  эцэг Д Э, эх Бгийн Б нарын асрамжид өгөх, ****ны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай  хүү Бгийн Тт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргад  тус тус даалгасугай.” гэж,

6 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Э*******т оногдуулсан 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.   

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                            

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                       ШҮҮГЧИД                                   Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

                                                                           Г.ДАВААРЕНЧИН